Нийтлэл 12 сарын 08, 2015

ОНОСОН, ОНООГҮЙ ХОЁРЫН ЗАВСАР ДАХЬ 'УРТЦАГААН'

Уртцагаан хавь ЖУУЛЧНЫ ГУДАМЖ гэж онож цоллуулсан 2005 оноос хойш эдүгээ бүхэл бүтэн 10 жил өнгөрчээ. Онож цоллуулсан гэж байгаа учир нь түүний ашигтай байршил, харин “оноогүй” нь түүний өнөөгийн дүр төрх.

Уртаас урт энэ цагаан байшин түүхэн ач холбогдлынхоо хувьд “жуулчны гудамж”-ны жинхэнэ цөм нь байх боломжтой. Нийслэл хүрээний Өндөр хоршоо, Баруун дамнуурчин гэх мэт түүхэн газрын орчинд эдүгээ Улсын их дэлгүүр, Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музей, Гандан хийд гээд жуулчдын урсгалын уулзвар цэгт байрлаж байгаа нь давуу тал.  

Харин Нийслэлийн удирдлагууд “Жуулчны гудамж”-ндаа жуулчдыг татах юу ч хийсэнгүй гээд хэлчихэд “эсэргүүцээд” байхгүй биз. Хийсэн зүйл нь гэвэл хэдэн даавуун асар байрлуулж бэлэг дурсгалын худалдааг хөгжүүлэх, гэлээ гээд амжилт олоогүй. 2014 онд 10ш сандал, 15ш хогийн сав шинээр байрлуулж, гудамжны дагуух 6 байшингийн хаягийг монгол англи хэл дээр хөрвүүлэн байрлуулах “ажил” хийжээ.

Нэрэндээ тохироогүй энэ гудамжийг гар дээрээс жижиг сажиг наймаа хийгсдийн ажлын талбар, орон гэрээсээ дайжсан  архичдын үүр оромж, төлбөртэй машины зогсоол гэдгээр нь хүн бүхэн мэддэг учраас дахин давтан шүүмжлэх зорилго үгүй. Харин байшингийн газарт нь шунаад өнөөг хүртэл өнгө зүсийг нь засахгүйгээр хүн бүгдийн нүдэнд засах аргагүй “хогийн сав” шиг харагдуулах бодлого явуулж хожим тохироо нь бүрдэхээр өөрсдийн өмч болгон уут уутаар мөнгө урсгах таатай цагийг хүлээсэн эрх мэдэлтэнгүүдийн гарт “золиос” болсон барилга хэмээн сэм сэм ярилцах нь бий.

Түрээслэгч нарынх нь цөхрөшгүй амьдрал энэ байшингийн салшгүй түүх. Хааш хаашаа 1.5 м.кв талбайд сарын 220 мянган төгрөг төлдөг, 20-иос дээш жил талбай түрээслэн “амралтын өдөргүй” ажиллаж байдаг 1100 гаруй хүний амьдрал буцалдаг газар аж. Дусаал гоожиж чийг үнэртүүлсэн, зундаа агааржуулагчгүй халуун бүгчим, өвөлдөө дулаалгагүй хүйтэн агаар сэнгэнэсэн, хэрээс хэтэрсэн энэ “үнэтэй” байрыг Мэргэжлийн хяналтынхан тоож ирж шалгадаггүй дархлагдсан. Нийслэлийн өмчид хамаарах хэрнээ ХӨМ гэх компаниас эхлэн цааш нь дамжуулан түрээсэлж, түрээслэгч нараа дуртай үгээрээ загнан дарангуйлж халаасаа түнтийлгэж байдаг хэдэн дарга захирлын үгийг сөрж зүрхлэх хэн ч байхгүй гэнэ. Байрныхаа өнгө зүсийг сэргээх санаатай түрээслэгч нар нийлж 1.5 тэрбум төгрөгөөр засвар хийлгэсэн чинь “нийслэлийн өмчийг хувийн хөрөнгөөр засахыг хориглоно” гэдэг шийдвэр гаргаад зогсоочихож.

Үнэхээр өөд нь татаж болохгүй болчихсон “урт цагаан байшин” юм болов уу? ... гэхээр үгүй мэт. Чанарын хувьд энэ байшин шиг чанартай барилга нийслэлд ховор гэнэ. 1962 онд Үйлдвэр хоршооллын төв зөвлөлөөс 126 мянган төгрөг гаргаж хятад барилгачдаар бариулжээ. Барилгын суурь нь 1.5м өргөнтэй цул бетон цутгалт, даацын хана, гол баганууд нь ч мөн адил 100% бетон цутгалтаар хийгджээ. Баригдсан даруйдаа талх, нарийн боовны цех, оёдол эсгүүр, гар урлал, мужаан, алт мөнгөний дархан зэрэг тасгууд ажиллаж 1969 онд Нийтийн үйлчилгээний яам байгуулагдсанаар хүнсний үйлдвэрлэлийг болиулж зөвхөн ахуйн үйлчилгээ нь үлдсэн аж. Зах зээлд шилжсэн 1990-ээд онд яам нь татан буугдаж, тус байшин хотын өмчид шилжсэн байна. Ийм үүх түүхтэй Уртцагааныг жинхэнэ утгаар нь “ЖУУЛЧНЫ ГУДАМЖ” болгох ямар боломж байна вэ. Менежментийг нь хийж чадвал энэ гудамжийг нэр алдартай болгож болох мэт санагдана.

 

Урт бас цагаан жуулчны гудамжтай болох боломж

  • Байшинг нь анхны байдлаар нь сэргээн засварлаж, одоогийн түрээслэгч нарын эрх ашгийг хохироохгүйгээр чиглэл чиглэлээр  нь зохион байгуулах боломж харагдаж байна. Эсгий урлал, арьсан урлал, эртний эдлэл, модон урлал, ясан урлал, алт мөнгөн урлалын урлан бүхий чөлөөт худалдааны цэгүүдийг бий болгож, сонирхож очсон ямар ч хүн амар тайван сонголт хийж үйлчлүүлэх орчинг үүсгэх.
  • Одоогийн байгаа үсчин, гоо сайханы газруудыг тохижуулан англи хэлтэй угтах үйлчилгээний ажилтанг байлгах. Жуулчин ч гэсэн үсээ янзлуулж, сахлаа хэлбэр гаргуулан засуулдаг. Тэд мөн толгойгоо массаж хийлгэн угаалгах дуртай. Педикур, маникур хийлгэдэг жуулчид ч их бий.
  • Тус байшинд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй оёдолчдод тулгуурлан үндэсний хувцасны оёдлын салон байгуулах. Монголын 18 үндэстэн ястны  дээл, хувцас гоёлуудыг үзүүлэн болгосон бичил музейг үүсгэж, оёдлын захиалга авах, дэргэд нь фото студи ажиллуулан зураг авхуулах үйлчилгээ, эртний эдлэлийг худалдаалах орчинг бүрдүүлэх.
  • Бэлэг дурсгалын дэлгүүрүүдийг сэдэвчлэн байрлуулах. Монгол орон, монгол хүнийг төлөөлөх сэдэвтэй, орон нутгийн шинжтэй бэлэг дурсгалын үйлдвэрлэл явуулах. Тухайлбал, Тэрэлж дэх Мэлхий хадны дүрстэй тэмдэг, тор, футболка, наалт, түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт юуг ч бүтээж болно. Зайсан толгой, Хархорины Эрдэнэзуугийн зурагтай ил захидал, бэлэг дурсгал байна уу гэж хайдаг жуулчид ч бий. Энэ бүх үйлдвэрлэлийг Уртцагаанд ажилладаг гар урлалынхан дээр түшиглэн хийх боломжтой.
  • Тус байшингийн гуталчдын ажлын байрыг хадгалж “гутлын салон” тохижуулан, засахаас гадна гутлыг нь өнгөлөөд тослоод өгдөг үйлчилгээтэй байх. Жуулчид ч гэсэн гутлаа засуулна. Мөн “хөл угаах” үйлчилгээг бий болгож болно. Ялангуяа зуны халуунд удаан алхсан хүний хөл их ядардаг, хөлөрдөг. Гадны жуулчин битгий хэл монголчууд өөрсдөө ч энэ үйлчилгээг талархан хүлээн авна.
  • Буузны гуанз, хуушуурын гуанз, баншны кафе, мантууны гуанз, сэвсгэр талхны газар, айраг уушийн газар, сүү тарагны кафе гээд тус тусын чиглэсэн үндэсний гэх хоол цайны газруудыг ярайтал нь байрлуулж ажиллуулах боломжтой. Дэлхийн улс орнуудад зөвхөн хоолоороо татдаг “жуулчны гудамж”-ууд маш олон бий.
  • Туул рестораныг “эргэн дурсахуй” бүжгийн үдэшлэг болдог газар болгочихвол 50-иас дээш насны бүх жуулчинд таалагдах нь лавтай. Орой үдэш хотод юу хийх вэ гэж үзвэр үйлчилгээ хайдаг жуулчид олон бий.
  • “Жуулчны мэдээллийн төв”-ийг байрлуулж үнэгүй интернет орчинг үүсгэж, жуулчид хоорондоо ярьж суух таатай орчинг бий болгох. Тухайн мэдээллийн төвийн ажилтнууд нь утсаар болон биечлэн ирсэн жуулчинд Монгол орон, Монголын аялал жуулчлалын үйлчилгээний тухай цогц мэдээлэл өгөх чадвартай байх ёстой. Англи хэлнээс гадна хөрш зэргэлдээ орны хэл, герман франц хэлийг давхар эзэмшсэн байвал жуулчдад маш таатай санагддаг. Энэ тал дээр миний өөрийн удирддаг компани гэхэд бүтэн 6 жилийн турш өвөл зунгүй ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд мэдээллийн маш өргөн баазтай.  Ажиллуулж чадах компани байгууллагад боломж олгох  хэрэгтэй юм.
  • Жуулчид түүх сонсох дуртай байдаг тул Уртцагааны түүхийг өгүүлэх “бяцхан музей” байгуулж болно. Энэ гудамжны түүхэн үйл явдлууд, ямар алдартнууд төрөв, барилга хэрхэн баригдав гэх мэт...
  • Монгол бичгийн бийрэн бичлэгийн үйлчилгээг нээх. Азийн орнуудад калиграфын урлагийг аялал жуулчлалд ашигладаг туршлагууд бий. Жуулчдад зориулсан номын худалдаа бүхий номын сан байгуулах. Монголын тухай хөтөч номнууд, газрын зурагтай танилцах орчинг бүрдүүлэх.  
  • Аливаа орны жуулчны гудамжинд орчин үеийн автомашин явдаггүй. Лондонд зөвхөн сүйх тэргээр аялах, Япон, Хятадад зөвхөн хүн тэргээр явах зам бүхий гудамжууд бий. Урт цагааны гудамжинд зөвхөн морин тэрэг, эсвэл сарлаг тэрэг, эртний ноёд хатадын монгол сүйхээр аялуулах жим бий болгож болно. Орчин үед тухайн амьтандаа сөрөг нөлөөгүй байхаар идэш тэжээлд нь анхаарч, орчноо бохирдуулахгүй байх технологиуд аль хэдийнэ нэвтэрчихсэн.
  • Сууж тухлах газрууд, монгол имижтэй хөшөө дурсгалууд, цэцэрлэг, ногоон байгууламж, урт сандал, хогийн сав, усан оргилуур, бие засах газар зэрэг нь байх шаардлагатай боловч заавал орчин үеийн тансаг хийцтэй, өндөр өртгөөр бүтэх албагүй бөгөөд цагаан байшингийнхаа дүр төрхөд тохируулан хуучны гэх өнгө аясыг хадгалсан энгийн загвар дизайнаар, бат бөх бүтээн байгуулах.
  • Уртцагааны орчинд эмийн худалдааны 31 цэг байдаг бөгөөд эдгээрт түшиглэн жуулчинд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээг чанартай үзүүлэх цэг байгуулах. Даралтыг нь үзчихдэг, түр амраачихдаг, эмнэлгийн анхны тусламж үзүүлчихдэг орчинг бий болгох.
  • Одоо байгаа банкны салбаруудад түшиглэн “Жуулчин банк”, “Мөнгө солиулах цэг” зэргийг хамгаалалтын орчинтойгоор байгуулах. Тэдгээр цэгийн ажилтнууд нь англи хэлнээс гадна хөрш зэргэлдээ орныхоо хэлээр ярьдаг байх нь чухал. Дашрамд дурдахад, манай оронд “аяллын чек” гэдгийг мэддэггүй банкны ажилтнууд байдаг.
  • Зайсан толгой руу явах, Тэрэлж рүү явах бага оврын автобусны үйлчилгээ, жуулчны такси үйлчилгээг бий болгож, зогсоолыг байгуулах, дэргэд нь тасалбар борлуулах цэг, мэдээллийн самбар байрлуулах.
  • Хэдхэн жилийн өмнө “Дэлхийн Монгол хүн” төслийг “Жуулчны гудамж”-нд хэрэгжүүлэхээр яригдаж энэ хүрээнд лааны тосон баримлын музей байгуулж дэлхийд Монголын нэрийг гаргасан Олимпийн аваргууд, сансрын нисэгч, сумогийн их аваргууд, Эверестэд авирсан уулчид, сонгодог урлагийн мастерууд, дэлхийг донсолгож байсан жанжин хаадууд гээд 20 хүний баримлыг хийнэ хэмээн мэдээлсэн. Төслийн хүрээнд алдартнуудынхаа хэлсэн үг, гарын алганы хээ, стил имижийг илэрхийлсэн зургуудыг байрлуулах бичил төслийг хэрэгжүүлэх тухай ч яригдсан. Эдүгээ Говь дэлгүүрийн байранд байгуулагдсан лааны тосон баримлын музей нь энэхүү төслийн хэрэгжилт гэж ойлгосон бөгөөд жуулчны гудамжинд нүүлгэн шилжүүлж үргэлжлүүлэх хэрэгтэй юм.
  • Азийн орнуудад байдаг шиг “улаан, ягаан дэнлүүний гудамж” байгуулах тухай үе үе яригддаг хэдий ч үүнийг хэрэгжүүлэх шаардлагагүй юм. Хүн ам цөөтэй манай оронд өөгшүүлэх сэдэв биш бөгөөд Азийн олон орон дунд цорын ганц европ соёлтой орон гэдгээ мартах учиргүй.

 

Улс орон бүрийн нийслэл хотод тухайн улсын үндэсний онцлогийг илэрхийлэх “гудамж” хөгжлийнхөө явцад “Жуулчны гудамж” болон хувирдаг ба тэр гудамжинд дуу хуур, хөгжөөн бужигнаан өрнөж байдаг. Дэлхийд алдартай маш олон жуулчны гудамж бий. Тухайлбал, Сан Франциско хотын Ломбард, Нью Йоркийн Бродвей, Туркийн Истиклал, Оросын Арбат, Сөүлийн Мёндун, Токиогийн Асакүса, Сингапурын Орчард Роуд, Барселеоны Ла Рамбла гудамжийг үзэх гэж гадаад дотоодын хэдэн мянган жуулчид зорьдог. Москвагийн Арбат нь 520 жилийн настай “жуулчны гудамж” юм. Тав тухтай үнэтэй ресторан нь байна, цагаа хэмнээд хурдан түргэн хооллох буфет хоолны газар ч байна, гадаа талбайд нь өөрийн хөргөө зуруулчихна, илбэчин хүний илбийг үзчихнэ, сонгодог дөрвөл хөгжимчид, гитартай соло дуучны бяцхан гайхалтай тоглолтыг сонирхчихно, орос үндэсний бэлэг дурсгалын зүйлс худалдаад авчихна, кинотеатр, үзэсгэлэнгийн танхим, музей үзвэрийн газруудаар аялчихна. Өөрөөр хэлбэл, Арбатын гудамж нь гадаад дотоодын жуулчдын түм түжигнэж, бум бужигнаж байдаг газар билээ.

Орчард Роуд, Сингапур

Уул уурхай гэсэн ганцхан тулгууртай Монголын эдийн засгийн бас нэг чухал салаа мөчир нь “аялал жуулчлал” гэдэгтэй хэн ч маргахгүй.  Аялал жуулчлал бол “далд экспорт” бөгөөд энэ ашигтай салбарыг Төрийн бодлогоор дэмжсэн шиг дэмжмээр байна.

Бүхэл бүтэн Манжуур хотыг “Аялал жуулчлалын хүчирхэг хот” болгож болоод байхад манайд нэг жижиг гудамжийг “жуулчны гудамж” болгон хөгжүүлэхэд тийм ч хэцүү биш хэмээн бодож байна.

Эцэст нь, өмнө хэлж байсан саналаа дахин давтахыг хүслээ. Монгол улсын тэргүүлэх салбарын нэг нь Аялал жуулчал мөн юм бол Төрийн бодлогыг жилийн 4 улирлын туршид тасралтгүй хэрэгжүүлэх “хавсарга бус” бие даасан ЯАМ хэрэгтэй.  

 

Сэтгэгдэл бичих

    • Уншигч
    • 2023-11-10

    Бүрэн дэмжиж байна

arrow icon