Нийтлэл 12 сарын 23, 2015

2015 ОНЫ ТОЙМ: Энэ онд батлагдсан 10 чухал хууль

Өнгөрсөн 2014-2015 оны жилд УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдсан хуулиудаас нийгэмд хамгийн том нөлөө үзүүлэх төлөвтэй, томоохон шинэчлэлүүд оруулж ирсэн 10 хуулийг нэрлэж байна. 


1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль

Хуулийг хэрэгжүүлэх явцад 861 тэрбум төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болж, 111 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн. Мөн компаниуд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсон байна. Хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү. 

2. Өршөөлийн хууль 

Шүүхээс хорих ял эдэлж байсан 1252 ялтныг суллаж, насанд хүрээгүй 312 хүүхдийг өршөөн хэлтрүүлж, 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, Эрүүгийн хүнд, хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн 338 хүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуулийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзэж болно. 

3. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 

Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгчид тогны үнийн урамшуулал олгох, шөнийн тогны үнийг хямдруулах зэрэг зоримог зохицуулалтууд хийгдсэн. Хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. 

4. Зөрчлийн тухай хууль

Баривчлах шийтгэлийг зөрчлийн шийтгэлээс хасаж, торгох, эрх хасах гэсэн шийтгэлтэй байхаар заасан. Мөн хохирлын нөхөн төлбөр гаргуулах, нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ зэргийг шинээр тусгасан. Хүн гүтгэхийг энэ хуулиар зохицуулна. Хуулийн талаарх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

5. Захиргааны ерөнхий хууль

Төрийн албаныхан иргэнтэй хуулийн хүрээнд харьцахаар болгосон. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны иргэдтэй харилцах харилцааг журамлаж, үүрэгжүүлэн, иргэдэд эрх олгосон. Хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль

Иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцааж олгоно. Өөрөөр хэлбэл  жишээ нь та 1100 төгрөгөөр худалдаа хийвэл төлбөрт багтсан 100 төгрөгийн татварын 20 хувь буюу 20 төгрөгийг танд буцааж олгоно гэсэн үг. НӨАТ төлөх систем цахимжина. НӨАТ төлөгчийн босго 50 сая төгрөг болно.  Хуулийн талаарх дэлгэрэнгүйг эндээс  үзнэ үү.

7. Эрүүгийн хууль

Эрүүгийн болон Зөрчлийн хууль  батлагдсанаар хуулийн давхардсан стандартууд үгүй болж, гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан хоёрыг хуулиар ялгаж, хүлээлгэх хариуцлага тодорхой болсон. Мөн цаазын ялыг халж, гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгон оруулж ирсэн. Хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс , мөн эндээс үзээрэй.

8. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

2 наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асарч хамгаалж, өсөж хөгжихөд нь туслалцаа үзүүлж, үүнийгээ орлоготой хөдөлмөр болгож тооцуулах боломж бүрдсэн. Ингэснээр цэцэрлэг хүртээмжгүй, ажиллах суралцах боломжгүй байсан аав ээж, асран хамгаалагчид боломж гарч, хүүхдүүд гэртээ ганцаар гэмтэх, хохирох эрдсэл багасна. Хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

9. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого

Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох зэрэг том зорилтууд дэвшүүлсэн. Энд багтсан чөлөөт бүсийн тухай үзэл баримтлалд үндэслэн батлагдсан Халх гол чөлөөт бүсийн тухай тогтоол ихээхэн маргаан дагуулж, ирэх он хүртэл сунжрах төлөвтэй байна. 

10. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг иргэдэд өмнө нь сард 670 төгрөг төлдөг байсныг шинэ хуулиар 3840 төгрөгөөр тогтоосон. Хүүхдийн шимтгэлийг нэг хувиар тогтоосон бөгөөд төр 100 хувь хариуцна. Харин оюутнуудын даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байсныг болиулсан. Хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon