Сүүлийн үед ажлын өрөөгөөр маань “Жуулчны мэдээллийн төв” байгуулах гэсэн юм, хэрхэн яаж байгуулах талаар зөвлөгөө өгөөч гэсээр хүмүүс мэр сэр ирэх боллоо. Хамгийн сүүлд Хархорин сумын Gaaya’s ger guest house ажиллуулдаг бүсгүй зөвхөн энэ асуудлаар зорьж ирэв. 6 жил “Жуулчны мэдээллийн төв” ажиллуулсан туршлагаасаа бага боловч хуваалцахыг хүслээ.
Хил дамнасан “үүргэвчтэй явган аялагч” нарын тоо сүүлийн жилүүдэд эрс өсөж, тэдгээрийг дагасан хямд, хувийн үйлчилгээнүүд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсэд эрс нэмэгджээ. Тэдгээр жуулчин ба үйлчилгээг холбох зорилготой, Монгол орны талаар өргөн мэдээлэл өгөх “Жуулчны мэдээллийн төв” зайлшгүй шаардагдах болсон билээ. Гэвч “үүргэвчтэн” гэх энэ жуулчинг хэрхэн яаж дэмжих, тэдний ямар үйлдлийг таслан зогсоох вэ гэдэг дээр манай салбарын яамны аялал жуулчлалын газрынхан хийж байгаа зүйл алга, барьж байгаа бодлого ч алга.
Энэ талаар дараагийн сэдэв болгон нийтлэх болно.
Жуулчны мэдээллийн төвийн ашиг тустай тал нь юу вэ?
- Монгол оронд анх удаа ирж байгаа жуулчдад энгийн иргэдээс илүү мэргэжлийн чиглэлийн мэдлэг мэдээллийг өгдөг давуу талтай.
Аюулгүй, эрсдэлгүй аялах зөвлөмжийг өгч, тэдний эрүүл мэнд амь насыг хамгаалахад тусалдаг.
- Монгол оронд “үнэгүй” аялж болдог гэсэн буруу ойлголтыг залруулах, орон нутгийн иргэдийн шууд орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
- Жуулчдын цагийг хэмнэж, аялах цаг хугацааг нь үнэ цэнэтэй болгож өгдөг.
- Аялал жуулчлалын орчин, Монгол орны бүхий л салбарын талаар үнэн зөв мэдээллийг хүргэдэг.
- Жуулчдад банк, цагдаа, эмнэлгийн тусламж гэх мэт зарим шаардлагатай үйлчилгээний газруудын мэдээллийг өгөх, холбож өгөх зэргээр тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.
- Орон нутаг дахь малчин иргэд, орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэд, орон нутаг дахь үйлчилгээний байгууллагын шууд орлогыг дэмждэг.
- Жуулчны мэдээллийн төвд хандаж үйлчилгээ авсан жуулчин буцах хаяг, буух эзэнтэй үйлчилгээ буюу өөрөөр хэлбэл “баталгаатай” үйлчилгээ авах боломжтой байдаг.
- Үйлчлүүлсэн жуулчдын хүсэлт хандлагыг судалж, Монголын аялал жуулчлалаас юуг хүсдэг, салбарын цаашдын бодлогыг тодорхойлоход “Жуулчны мэдээллийн төв” чухал үүрэгтэй.
Жуулчны мэдээллийн төвд ямар жуулчид ихэвчлэн ирдэг вэ?
Хамгийн хямд үнээр аялахыг хүссэн жуулчин
- Өөрийнхөө хүссэнээр аялахыг зорьсон жуулчин
- Эрсдэлээс шантардаггүй, зоримог зантай, адал явдалд дуртай жуулчин
- Насны хувьд харьцангуй залуу жуулчин
- Орос – Монгол – Хятад дамнасан олон хоногоор аялж буй жуулчин
- Гэр бүлээрээ, хосоороо аялж буй жуулчин
- Сонссон дуулсан бүхнээ нэг дор бүгдийг нь үзэхийг хүсдэг жуулчин
- Аяллын зардлыг сайтар тооцоолдог жуулчин
- Өчүүхэн алдаа гаргахад асуудал үүсгэж, аяллын төлбөрөө буцааж авахыг хүсдэг жуулчин зэрэг нийтлэг шинж бүхий хүмүүс байдаг.
Үүргэвчтэй аялагч нар мэдээллийн төв болон аяллын компани, байгууллагад хандалгүйгээр өөрсдийн бодсоноор аялах юм бол зарим тохиолдолд эрсдэл үүсэх магадлал бий. Жишээ нь, тааралдсан таксиндаа сууж мөнгөө алдах, хэд дахин илүү төлөх, ачаа тээшээ мартсан бол буцааж олоход бэрх, хэлний бэрхшээлтэй тулгарснаас болж илүү их санхүүгийн эрсдэл хүлээх зэрэг сөрөг нөлөөлөлд автах нь их байдаг. Хөдөө орон нутагт очоод тааралдсан малчин айлынхаа морь, тэмээг унаж болно гэдэг ойлголт маш буруу болно. Хөдөөний малчин айл болгонд номхон морь тэмээ байгаад байдаггүй.
Мэдээллийн төв бусад оронд ямар байдаг вэ?
- Аливаа улсын жуулчны мэдээллийн төвийг төрөөс санхүүжүүлж байгуулдаг.
- Хувийн хэвшлийн болон жирийн ард иргэдийнхээ амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, олон жуулчинг өөрийн эх орондоо татах зорилготой байдаг.
- Мэдээллийн төвийн байр тэр чигээрээ жуулчдад мэдээлэл өгөхөд зориулагдсан байдаг ба тараах материал нь жуулчдад үнэгүй байдаг.
- Мэдээллийн төрөлжүүлэлт маш сайн байхаас гадна ямар ч жуулчин орж ирээд өөрийн хайсан мэдээллийг заавал тухайн төвийн ажилтнаас асуухгүйгээр авах боломжийг бүрдүүлсэн байдаг.
- Интернет мэдээллийн сан хангалттай байдаг ба олон жуулчин давхардсан үед ажилтнуудыг орлон хариулт өгч чадах сайтуудтай байдаг.
- Тухайн орны хотууд, томоохон гудамжинд байрлах бүхий л газруудыг тусгасан байрзүйн зураг, амрах цэг, 00 зэргийг заасан газрын зураг, гарын авлагуудыг үнэгүй түгээдэг.
- Зарим шаардлагатай газрын зургийг (road map, tourist map) хананд байрлуулан гэрэлтүүлэг хийж, жуулчинд хайсан газрынх нь байршлыг ойлгомжтойгоор зааж өгдөг.
- Аялал жуулчлалын үйлчилгээний эрхтэй жолооч, хөтөч орчуулагч нарын мэдээллийн санг бүрдүүлсэн байдаг.
- Аяллын маршрут танилцуулсан сурталчилгааг байрлуулсан байх ба холбоо барих утас, хаяг бичээстэй байдаг.
- Мэдээллийн төвөөр зөвхөн гадаадын бус дотоодын орон нутгийн аялагчид нь өргөнөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгийн хүн Өмнөговиор аялах юм уу, Дорнодын нутгаар аялах гэж байгаатай адил гэсэн үг юм.
Орон нутагт “Жуулчны мэдээллийн төв” ямар байвал болох вэ?
Юуны түрүүнд тухайн “Жуулчны мэдээллийн төв”-ийн баримтлах зарчим гэж байх ёстой. Тухайлбал,
- Ямар мэдээллүүдийг үнэгүй өгөх вэ гэдгийг тогтоох.
- Төлбөрт үйлчилгээ болох аяллын машин зуучлах, гэст хаус, малчин айлд морь унуулах, малчин айлд хооллох ба хоноглох, орон нутгийн хөтчийн үйлчилгээгээр хангах зэргийн үнэ ханшийг тогтоохдоо бусад аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын жишиг үнийг барьдаг байх.
- Зарим нэг амьжиргааны өртөг доогуур, хэцүү амьдралтай айлд шууд туслах зорилгоор жуулчны орлогыг хандуулж ажиллах буюу нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ)-ыг дэмжиж ажиллахыг эрмэлзэх.
Жуулчны мэдээллийг төвийг орон нутагт байгуулахын тулд хамгийн түрүүнд ямар нөхцөлийг бүрдүүлж, ямар шаардлагыг хангах талаар Хэнтий аймгийн жишээн дээр ярилцъя.
Мэдээлэл судалгаа цуглуулах чиглэл:
Орон нутагт мөрдөгдөх хууль тогтоомж, хураамж төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл.
- Хэнтийн нурууны салбар уулсаар аялж болох маршрут, анхаарах зүйлс.
- Чингис хааны түүхэнд холбогдох дурсгалт газрууд, түүх домог, эртний хөшөө, булш бунхан зэрэг соёлын өв дурсгалуудын байршил болон тайлбар
- Буриад түмний аж амьдралын онцлог, зан заншил, буриад айлд зочлох ёсны тухай.
- Хэрлэн ба Онон гол, тэдгээрийн салаа цутгал голуудын орчин, тэнд хийж болох завины аялал, загасчлах аялал, Ононгийн халуун рашаанд орох талаарх мэдээлэл, тэдгээрийн үнэ тариф, цаг хугацааны тухай.
- Хэнтийн бүсэд зохион байгуулагдах event арга хэмжээнүүдийн тухай.
- Ой тайгад төөрөх тохиолдолд авч болох арга хэмжээ, аюулгүй байдлын шаардлага
- Хулгай дээрэмд өртсөн тохиолдолд хандах газар.
Өвдсөн тохиолдолд хандаж болох эрүүл мэндийн газар.
- Өндөрхаан хотын бүхий л үйлчилгээний байгууллага буюу зочид буудал, гэст хаус, жуулчны бааз, музей, зоогийн газар, халуун ус, үсчин, худалдааны төв гэх мэт үйлчилгээний байгууллагын цагийн хуваарь, байршил, мэдээлэл.
- Морь тэмээ унуулах, хоноглох боломжтой айл, орон нутгийн хөтчийн судалгаа
- Тээврийн хэрэгслийн түрээс, тухайн машин тэрэгний тухай дэлгэрэнгүй мэдээлэл
- Богино аяллын маршрутууд бэлдэх. Тухайлбал, Өндөрхаан хоттой танилцах хагас өдрийн аялал, буриад айлд зочлох хөтөлбөр, 1-2 хоногийн морин аялал гэх мэтийг зохиож жуулчдад санал болговол орон нутагт аялал жуулчлалыг зохион байгуулалттай, илүү ашиг орлоготой хөгжүүлэхэд тустай юм.
Тохижилтын чиглэл:
- Мэдээллийн төв нь зуны улиралд 20:00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
- Ажилтан нь англи хэлний сайн мэдлэгтэй, форм хувцастай, энгэрийн тэмдэгтэй байх.
- Ажилтантай яаралтай үед холбоо барих утас, хаяг бүхий нэрийн хуудастай байх.
- Интернет, факс, телефон утас зэргийг ашиглах боломжтойгоор байршуулах.
- Орон нутгийн том масштабын газрын зургийг байрлуулах, тайлбарлах чадвартай байх.
- Жуулчин тухалж суугаад аливаа сонголт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх.
- Жуулчинд зориулсан орон нутгийн сонин, газрын зураг, хөтөч ном зэргийг бэлдэх.
- Санхүүжих эх үүсвэр нь “бэлэг дурсгалын тасаг” байх ба аль болох Хэнтий аймгийн бэлгэдэл болсон зүйлс тухайлбал, буга хандгай, тул загас, буриад зоны аж амьдрал, Бурхан Халдун гэх мэт Чингис хааны түүхэн дурсгалт газрууд зэргийг харуулсан ил захидал, түлхүүрийн оосор, марк, хуанли, тор уут сав гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг байлгавал жинхэнэ орон нутгийн онцлог харагдана.
https://www.facebook.com/notes/bayarsaikhan-luvsandorj-mongol/%D0%B8%D0%B7%D1%80%D0%B0%D0%B9%D0%BB-%D0%B6%D1%83%D1%83%D0%BB%D1%87%D0%B8%D0%BD/781498391863601