Нийтлэл 06 сарын 20, 2016

Би яагаад Бат-Үүлийг багаар нь дахиулмааргүй байгаа вэ гэвэл

            Би Улаанбаатар хотод төрж өссөн жирийн л нэг иргэн. Хүүхэд байхын л Туул голын эрэгт байрныхаа найзуудтай очиж усанд сэлж тоглож, наадаж өссөн нэгэн.  Сүүлийн хэдэн жил Туул голыг хэрхэн бохирдуулж байгаа, эко системынх нь баланс хэрхэн алдагдаж байгааг хараад сэтгэл зовниж энэ асуудлыг өөрийн твиттер хуудсаараа иргэдийн, нийгмийн анхаарлын төвд оруулах гэж хэрэндээ л хичээлээ. Бодит үр дүнд хүрч чадахгүй л явна.

            Урд, хойд хоёр хөрш, Солонгос, Европ, АНУ-ын нийслэл болон дагуул хотуудаар явж үзсэн. Бараг бүгд л шахуу том мөрөн, гол түшиглэж сүндэрлэсэн байдаг. Хотынхоо дундуур урсах гол, мөрөнг хамгаалах гэж төрөл бүрийн арга хэмжээ авцгааж байна. Нийтлэг ажиглагдсан нэг зүйл нь нийслэл хотоор нь дамжин урсаж байгаа голоо түшиглэж хүнд болон хөнгөн үйлдвэрүүд барьж ашигладаггүй, гол төлөв аялал, жуулчлал, амралт, цэнгээний бүс болгон хөгжүүлсэн нь их юм билээ.

            Туул голыг бохирдлоос хамгаалах гэж хэрэндээ л үзэлцэх юм. Туул голыг бохирдлоос хамгаалах үүрэгт ажлаа хийгээгүй улс төрийн болон төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах талаар санал, санаачлага гаргахаар өөдөөс тэднийг өмөөрсөн “тавиулууд” нь “Чи өөрөө юу хийсэн юм бэ?!” гэж агсрах юм.  Зарим нэгэнд нь тайлбарлах маягтай энэ зүйлийг бичиж сууна.

            Туул голыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон орон нутгийн байгууллагууд гэвэл Байгаль орчны яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Туул голын сав газрыг захиргаа, Ус суваг ашиглалтын газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар  гэх мэтчилэн ард иргэд бидний татварын мөнгөөр тэжээгдэж байгаа өчнөөн баагийнууд байна. Зөвхөн Туул голын сав газрын захиргаа л гэхэд жилийн 356,0 сая төгрөгийн төсөвтэй.

            Дээр нь “Хатан Туулаа хамгаалая”, “Их уст Туул” гэх мэт төрийн бус байгууллагууд байдаг болтой юм. Үйл ажиллагаа нь бараг мэдрэгддэггүй.

            Зүй нь ийм олон төрийн болон төрийн бус байгууллагуудын бүтэц байхад хотын иргэн би эднүүдийн урдуур орж салбагнах хэрэггүй. Ажлаа хийгээд татвараа төлөөд, энд тэнд үйлчлүүлбэл хотын татвараа нэмж төлөөд л явахад болно.

            Даанч энэ нөхдүүд юу ч хийдэггүй, хийхгүйгээр л үл барам Туул голыг бохирдуулахад харин ч хувь нэмэр оруулдаг гэхэд хилсдэхгүй. Та бүхэн Google сайтаар ороод харвал Индонезын Ситарум, Бангладешын Буриганга, Америкийн Миссисипи, Австралийн Хатан хааны гол зэрэг гол мөрөнгүүд хүмүүс бидний үйл ажиллагааны улмаас, үйлдвэрлэлийн бохирдлын улмаас ямар аймшигтай болдог талаар олж умшиж үзэж болно. Энэ чигээрээ явбал Туул голыг ч мөн ийм хувь заяа хүлээж байна.

 

            Тиймээс би хувийн, хувьсгалын ажлаа хальт хойш тавьж байгаад сошиалмедиа сувгийг ашиглаж энэ сэдвийг босгох гэж үзсэн юм. Юуны түрүүнд өөрийн оршин суудаг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяад хандахад тэрээр асуудлыг судалж “Нээрээ Туул голын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн юм билээ” гэж хүлээн зөвшөөрч арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах тухай 2013 оны 7 дугаар сарын 6-нд баталсан Засгийн газрын 249 дүгээр тогтоолыг шуурхай хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт албан бичиг хүргүүлж байсан юм.

Гэтэл Засгийн газар 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 356 тоот тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой”-д байршуулах шийдвэр гарган өмнөх 249 дүгээр тогтоолыг хүчингүй болгож эрхэм гишүүн С.Одонтуяагийн маань хүсэлтийн яг эсрэг шийдвэр гаргасан нь намайг цэл гайхшруулсан.

 Түүний дараахан нь УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл онцгой санаачлага гарган УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн Байнгын хорооны хуралдаанд Туул голын бохирдлын асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм. Энэ хуралдаанд миний бие УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тусламжтайгаар оролцох завшаан тохиосон билээ. С.Дэмбэрэл, С.Бямбацогт нарт талархаж байгаа. Хуралдаанд тухайн үеийн Байгаль орчны сайд асан С.Оюун Туул голын нөхцөл байдлыг илтгэж яам болон нийслэлийн агентлагуудын дарга нар тайлбараа тавьж байлаа.

            Тэр хуралдаанаас Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны нэг хурган дарга эгчээс Дархан-Уул аймагт арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах Техник-эдийн засгийн үндэслэл хэмээх бичиг баримтыг 650,0 сая төгрөгөөр, татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжүүлэн хийлгэсэн тухай сонссон. Тэр төсөл хаана байна? Хэн нэгэн түшмэлийн ширээний нүдэнд тоосонд дарагдаад л хэвтэж байгаа. Бидний татварт төлсөн мөнгийг ингэж үрэлгэн ашиглаж байгаа нь даанч харамсалтай.

            Тэгсэн тэр хуралдаанд оролцож байсан Хотын мээр Э.Бат-Үүлийн экологи хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ гэгч нөхөр арьс, ширний үйлдвэрүүдийг “Шар хөцийн хоолой руу нүүлгэнэ” гэж ирээд л мэдэмхийрсэн. Өнөөдрийг хүртэл арьс, ширний үйлдвэрүүдийг хаашаа ч нүүлгээгүй хэвээр л байна. Дашрамд дурьдахад манай улсын арьс, ширний үйлдвэрийн бизнес 100,0 гаран сая долларын эргэлттэй байдаг тул тэр хэмжээгээрээ эрх бүхий албан тушаалтнуудад хүчтэй лобби үзүүлдэг болтой. Байнгын хорооны дарга Г.Баярсайхан нь тогтоол гаргана гэж амласан боловч гаргасан ч юм байхгүй тэр чигээрээ дашин шог болсон.

            Миний ширээн дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 9 дүгээр сард “Арьс, шир, ноос, ноолуур, цаас боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тайлан” байна. Дээрх үйлдвэрүүдээс хуульд заасан стандарт, шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд нь нэг, хоёр ширхэг л байна. Үйлдвэрээс гарч байгаа бохироо технологийн дагуу цэвэршүүлж чаддаг үйлдвэр гэж бараг алга. Тэр чигээр нь Туул гол руу урсгадаг юм байна.

            Хотын Ерөнхий менежер Б.Бадрал сарын өмнө нэгэн сайтад “Улаанбаатар хотын бохир усанд дахь тослог элементийн хэмжээ ихээхэн давамгайлсан байдаг бөгөөд туршилтын явцад түүхий лаганд агуулагдсан өөх тосууд их бөөгнөрч байсан. Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд промалин гэдэг тосыг урсгаж байна. Тосны хэмжээ их байгаа учраас төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд хүндрэл учирдаг. Мөн арьс ширийг боловсруулахад байгальд хортой нөлөөтэй бодисууд ихээр хэрэглэдэг. Үндсэндээ ахуйн бохирыг цэвэрлэхэд зориулагдсан байгууламж маань үйлдвэрийн бохирыг хамтад нь хүлээж авч байгаагаас шалтгаалан цэвэрлэгээний түвшин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй цэвэрлэгдсэн усыг гаргаж Балжийн голоор дамжаад Сонгины орчимд Туул голд цутгадаг” хэмээн ярьжээ.

            Зарим нэг мэдэмхий нөхөд Туул голыг бохирдлоос хамгаалахад их мөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж ирээд цэцэрхдэг.

            Туул голын хамгаалалтад хөрөнгө мөнгө зарцуулахгүйгээр зөвхөн хуулийн хэрэгжилтыг хангаж, зарчмын шийдэлтэй ганц хоёр шийдвэрийг эрх бүхий байгууллагууд гаргаад хэрэгжүүлчихэд л Туул гол маань бондойгоод явчихна.  

            Уг нь Монгол Улсын нийт хүн амын тал нь оршин суудаг нийслэл хотын иргэдийн ундны болон бусад хэрэгцээг хангадаг усны эх ундаргын хувьд “Туул голын тухай” бие даасан хууль баталчихаж болно л доо. Гэхдээ улс төрчид үүнийг хийхгүй болтой юм билээ. Тэгвэл ядаж саяхан ирвэс хамгаалагч залууг нас барсан үйл явдалтай холбогдуулан “Тост, Тосон бумбын нурууг улсын хамгаалалтад авах” тогтоолыг УИХ баталсан шиг “Туул гол, түүний ай сав газрыг хамгаалалтад авах” тухай тогтоолыг УИХ баталж болно. Хамгаалалтад авснаар Туул голд ямар нэгэн үйлдвэрлэл явуулахыг хориглож, зөвхөн биеийн тамир, спорт, аялал жуулчлал, амралт цэнгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрч болно. Заавал Сонгины тохойн Туул голын уснаас хүн, мал ууж хордож үхэж байж энэ асуудал шийдэгдэж байх ёсгүй.

            Туул гол руу барилгын хогоо шөнө дөлөөр хулгайгаар асгадаг, Туул гол дагасан мод бургасыг хугалж, тасддаг нөхдөд оногдуулах хуульд заасан ял, шийтгэлийг чангаруулах, тээврийн хэрэгслийг нь хурааж улсын орлого болгох нэмэгдэл ялыг хэрэглэх, хогоо асгахыг захиалсан компаниудад нь өндөр торгууль ногдуулах хуулийн зохицуулалтуудыг зохих хуулиудад нь шигтгэж өгөөд яс хэрэгжүүлэхэд л энэ төрлийн асуудлууд шууд шийдэгдэнэ.

            Би ямар нэгэн нам, эсвэлд огтоос элсэж үзээгүй. Туул голын бохирдлын асуудал шийдэгдэхгүй ингээд яваад байхаар сүүлдээ улстөржвөл шийдэгдэх юм шиг ч санагдаад байх боллоо. Тиймдээ ч би “Бат-Үүлийг багаар нь сонгоё” гэх уриаг дэмжихгүй байгаа. Э.Бат-Үүл даргын хийж бүтээсэн ажлыг үгүйсгэх, харлуулах хүсэл алга. Түүний хүүгийн оффшор компаниудын тухай, асар их хөрөнгөөр нэг наст цэцэг тарьсан, замын нэг бордюрыг 3-4 удаа сольсон тухай бичмээргүй байна.

            Харин Туул голыг хамгаалж чадахгүй байгаа, хамгаалах талаар ямар нэгэн арга хэмжээ авч, шийдвэр гаргахгүй байгаа тухай бичлээ.

            Нам, эвслийн долоогчид намайг “Тэгээд МАН-ыг сонгох юм уу?” гэх юм. Тэр АН-ыгаа ч тэр, МАН-ыгаа ч тэр сонгохоо больчих л доо. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол улстөржилтийн талбар биш. Нийслэлийн сонгууль гэдэг бол тухайн хотод амьдарч байгаа иргэд хэрхэн энэ хотдоо ая тухтай, хүүхдүүддээ эрүүл, саруул орчин бүрдүүлэх талаар чармайн ажиллаж чадах боловсролтой, хотоо гэсэн сэтгэлтэй, магадгүй энэ хотод төрж өссөн хүмүүсийг сонгох сонгууль гэж би ойлгодог. Үүгээрээ ч УИХ-ын сонгуулиас ялгаатай.

            Иймд би НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Уянга, Ө.Мөнхбат, С.Бадмаараг, Б.Өлзийбаяр нарыг, тэдэн шиг хотоо гэсэн сэтгэлтэй нэр дэвшсэн олон олон залуусыг дэмжээсэй гэж та бүхэнд уриалж байна. Тэд надад Туул голыг бохирдлоос хамгаалж чадна гэж амласан юм.  Би залуу хүнд итгэдэг.

 

 

 

arrow icon