Нийтлэл 11 сарын 17, 2016

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: БИ гэдгээ орхиогүй үед БИД гэж сэтгэж чадахгүй.

Хэдхэн хоногийн өмнө гадаад руу чиглэсэн аяллын үйл ажиллагаа явуулдаг тур оператор компаний төлөөлөгчид болон Солонгос улсын Кён Ги мужийн Аялал жуулчлалын холбооны төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Монгол талын төлөөлөгчдийг сонгохдоо сошиал ертөнц болон бусад мэдээллийн хэрэгслээр цацдаг зар сурталчилгааны байдлыг судалсны үндсэн дээр аутбаунд компаниудыг том жижиг гэж ялгалгүй төлөөлөл ирүүлэх тал дээр анхаарч ажиллажээ. Аялал жуулчлалын маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг баг хамт олон Солонгосын олон сая хүн амтай, голлох байр суурьтай Кён Ги аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд хоёр талын төлөөлөгчдийн илтгэл мэдээлэл чамбай бэлтгэгдсэн байсан нь оролцогсдын талархлыг хүлээсэн.  Энэ арга хэмжээ цаашид Солонгос улсаар хязгаарлагдахгүйгээр өөр улс орнуудтай хамтарсан үйл ажиллагаагаар өргөжиж инбаунд ба аутбаунд тур оператор компаниудын зөвлөлдөх уулзалт, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, худалдааны чиглэлээр үзэсгэлэн худалдаа, сургалт судалгааны ажлуудаар үргэлжлэх юм.  

Монголын аялал жуулчлал нь тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ресторан, аяллын жолооч, аяллын хөтөч, гэст хаус, аяллын тогооч, нислэгийн компани, галт тэрэг, тусгай хамгаалалттай бүс нутаг, соёл урлагийн байгууллага, ноолуур ба бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхэн, аялал жуулчлалын бүс дэх малчин өрхүүд гэх мэт бодит бүрэлдэхүүнүүдийн хүчээр урагшилдаг салбар юм. Өнөөдөр аяллын жолооч, хөтөч нар, зочид буудал, жуулчны баазууд ч бие даан инбаунд тур зохион байгуулахыг хичээж байна. Хэрвээ зочлох үйлчилгээний байгууллага аялал зохион байгуулах гэж байгаа бол тур оператор компаниуд байгаад ямар хэрэгтэй билээ. Салбарт буглаад байгаа асуудлыг эдгээр бүрэлдэхүүн хэсэг хамтдаа ярилцаж шийдвэрлэх ёстой болохоос хэдхэн тур оператор компаний захирал, менежер “Үг хэлээд”, салбараа ойлгож амжаагүй байгаа аялал жуулчлалын ангийн оюутнуудаар “Гар өргүүлээд” шийдчихдэг асуудал биш юм.

 Эцэст нь хэлэхэд

“Би л болж байвал болно, манай компани л ашиг хүртэж байвал болно”

гэдэг энэ сэтгэлгээнээс салж “Бид хамтдаа юу хийж чадах вэ” гэдгийг эрэлхийлж тулгамдсан асуудлаа нэгтгэж чадвал Монголын аялал жуулчлалын салбар төр засгийн дэмжлэгийг авахад төвөггүй болох юм.

 Өмнөх Улсын Их Хуралд оруулсан Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгыг  сайн боловсруулаагүй хэмээх үндэслэлээр буцаасан нь зөв болсон гэж бодож байна. Бүхэл бүтэн улс орны хэмжээний аялал жуулчлалын асуудлыг хамарсан хууль учраас салбарт хамаарах бүхий л субъектын саналыг тусгаж, ойр ойрхон өөрчлөлт оруулаад байхааргүй чамбай хууль болгон батлуулах бодит шаардлага бий. Аялал жуулчлалын салбарынхныг  хамтын шийдэлд хүрэхийн тулд ярилцах, УИХ, Засгийн газар төрийн байгууллагыг салбарын туршлагатай мэргэжилтэн, байгууллагатай гар нийлж ажиллахад уриалж байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon