Нийтлэл 12 сарын 06, 2016

ОРЧУУЛГЫН НИЙГМИЙН ҮҮРЭГ

Орчуулах эрдэм бол үг найруулгыг механикаар хуулбарлан буулгах төдийхөн хэрэг биш харин аливаа нэгэн үндэстний соёлын үнэ цэнэт бүтээлийг нөгөө үндэстний сэтгэхүйд дүйцүүлэн хувиргах бүтээлч үйл ажиллагаа бөлгөө. Тийм ч учраас Америкийн нэгэн нэртэй улс төрч энэ талаар

"Европын ямар улс хамгийн түрүүнд орчуулга түлхүү хийж эхлэвээс тэр улс түрүүлэн хөгжиж байсан зүй тогтлыг олж харахад төвөггүй."

хэмээсэн байдаг.

Саяхан би хятадын хэвлэл дээрээс Германы хятад судлаач Кубингийн ярилцлагыг уншиж байхад нэгэн сонирхолтой тоо баримтыг олж харсан нь юу хэмээвээс

"Тус улсын номын зах зээлийн далан хувийг орчуулгын ном зохиол эзлэдэг."

гэсэн байх юм. Хятад судлаач Кубин "Чонон сүлд" романы зохиолч Зян Рунг фашист үзэл суртлыг дэлгэрүүлэгч хэмээн хэлснийхээ төлөө олон улсад томоохон шуугиан дэгдээгээд авсныг манай зарим уншигчид санаж байгаа буй за. Дээр дурьдсан жишээнээс үзэхэд улсын хөгжил, соёлын үйлдвэрлэлийн төвшин хэр зэрэг өндөрт гарсныг дагалдан орчуулгын бүтээлийн үнэлэмж, орчуулагчдын нийгэмд эзлэх байр суурь дээшилдэг болох нь харагдаж байна.
Соёлын хувьсгалын дараа үзэл суртлын бөх бат хүлээсэнд торлогдсон хятадын нийгмийн сэтгэлгээг чөлөөлөхөд орчуулагч нар хийгээд орчуулгын бүтээлийн оруулсан хувь нэмэр үлэмж их хэмээн үздэг юм.

1945 оны найман сард Америкчууд Японы Хирошима, Нагасаки хоёр хотод атомын бөмбөг хаяхаас өмнө Японы тухайн үеийн ерөнхий сайд Сузуки Ялтын гэрээний талаар

"Одоохондоо албан ёсны үнэлэлт дүгнэлт өгөхөд хараахан эрт байна"

гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь урьд өмнөх байр сууринаасаа хавьгүй зөөлөрсөн хэрэг байж л дээ. Түүний хэлсэн 黙殺 хэмээх хоёрдмол утгатай үгийг япон хэлэнд тааруухан орчуулагч нарийн ухаж чадалгүй бантахдаа Японы засгийн газрын хатуу байр суурь хэвээрээ байгаа мэт бодлого шийдвэр гаргагч нарт ойлгуулснаар нэг л өдрийн дотор хоёр зуун мянган жирийн иргэний амь насыг талаар авч одсон аймшигт хэрэг явдал хүн төрөлхтний түүхэнд гарсан гэдэг. Одоо хэр нь япончууд Сузуки ерөнхий сайд яах гэж тийм хоёрдмол утгатай бөөрөнхий үг хэлэв? Тэр бүтэлгүй орчуулагчийн оронд арай өөр хүн байхгүй яав гэж халаглан харамсдаг юм гэнэ лээ шүү. Энэ бол орчуулагч нар хүн төрөлхтний түүх болон нийгмийн амьдралд хичнээн чухал үүрэгтэй болохыг харуулж байгаа бэлээхэн жишээ юм.

Америкад хятад хэлний мэргэжлийн орчуулагчийн эрхийн үнэмлэхтэй хүн 2000 орчим байдаг бол өдгөө 150 сая хятад хүн англи хэлийг эрчимтэй судлан суралцаж байгаа гэсэн сонирхолтой тоо баримт байдаг. Түүнчлэн дэлхий дээр хятад хэл сонирхон суралцагсдын тоо жилд дунджаар 40 хувиар нэмэгдэж байгаа ажээ. Монгол улсын дотоодод 12 мянган хүн, Хятад, Тайвань, Гонконгод арваад мянган оюутан суралцаж байгаа нь хүн амынхаа тоотой харьцуулах юм бол дэлхийд тэргүүн байранд орох үзүүлэлт хэмээн Хятад улсад өнгөрсөн намар нэг арга хэмжээнд оролцож байхад дурьдагдаж байсан. Хятадад мэргэжлийн орчуулагчийн үнэмлэхтэй 650 мянган хүн байдгаас жинхэнэ шаардлагын түвшинд хүрэхээр сайн орчуулагч гэвэл зуугийн дотор яригдах байх гэж Хятадын орчуулагчдын эвлэлийн дэд дарга хэлснээс үзэхэд "Сайн орчуулагч" болох босго хаа газар ихэд өндөр байдаг бололтой.

Манай өвөг дээдэс аливаад адтай улс байсан шиг. Лигдэн хааны үед олон газраас 700 гүүш нарыг нэгэн дор цуглуулж "Ганжуур", "Данжуур" хөлгөн судруудыг гүйцээн орчуулуулж байснаас үзэхэд орчуулах эрдмийг эртнээс нааш ихэд дээдлэдэг байсан нь тодорхой харагддаг. "Алтан ганжуур", Хубилай хааны үед цутгасан босоо хүний хэрийн өндөртэй "Махгал Бурхан" хийгээд эзэн Чингисээс уламжилж ирсэн "Хасбуу" тамга гурвыг төрийн гурван эрдэнэ хэмээн нандигнан шүтэж байсныг энд цухас дурдсу.

"Хөгжил бол хатуу ёс" хэмээсэн Дэн Сяопингийн хэлсэн алдартай үг байдаг. Энэ нь цаагуураа улс гэрийн бүтээн байгуулалт гэдэг гял цал болсон хэдэн байшин сав барьсан төдийхөн хэрэг биш. Хэлний бодлого, соёлын бүтээн байгуулалт, тэр дундаа орчуулгын бодлого гээд олон чухал хүчин зүйлсээс бүрэлдэнэ гэдгийг хэлсэн байж таарна. Сүүлийн үед манайд ч бас орчуулгын бүтээлүүд олон арваараа гарч байна аа. Гэхдээ чанар, агуулгын сонголт талдаа ямархуу байдаг бол? Тэр тусмаа энэ тал дээр төр засгийн бодлого дэмжлэг хэр зэрэг оновчтой тусаж байгаа вэ гэдэг дээр хаа хаанаа сайтар анхаармаар санагдана.

arrow icon