Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь (1-р хэсэг)
Юуны түрүүнд энэ бичлэг маань сонгууль, нам, улс төртэй огтхон ч хамаагүй бөгөөд миний бие аль ч намын гишүүн бус, төрийн албанд ажиллаж байгаагүй, ямар нэгэн ТББ зэрэг гишүүнчлэлийн байгууллагад хамаардаггүйг дурдах хэрэгтэй болов уу.
Нэлээд хэдэн жилийн өмнө бол OpenMN гэсэн нээлттэй эх бүхий программ хангамж хөгжүүлэгчдийн бүлгэм (FOSS Community)-д сайн дураараа ажиллаж байсан ч, харамсалтай нь өдгөө уг байгууллага хэдийнэ ажиллахаа больсон. Тэгэхээр ардчилсан энэ улсын нэгэн иргэний хувьд хөгжил дэвшлийн талаар мэдээлэл авах эрхтэй, түүнд хүрэх арга зам боломжийн талаар бодож эргэцүүлэн "мөрөөдөх" эрхтэй, түүнийгээ хувийн блогтоо нийтлэх замаар бусдад хуваалцах, түгээх эрхтэй, нөгөө талаар тийм үүрэгтэй гэж боддог учраас олон юм нуршин бичиж, таныг чилээхээр зориглосон юм шүү.
"Нүүх үү, үлдэх үү?" - "Хөгжих үү, хоцрогдож үлдэх үү?"
Хүн амьтныг бүтнээр болон хэсэгчлэн эд эрхтнээр нь хувилан (cloning) бий болгох, өнөөг хүртэл хүн өөрийн бие мах бодиороо хийж ирсэн ажил хөдөлмөрийн үүргээ хиймэл оюун ухаантай робот техникээр орлуулж, дэлхийн бөмбөрцөгөөс цаашлаад Ангараг гаригт аялах, сансар огторгуй, макро ертөнцийн үүсэл, тэдгээрийн зүй тогтлоос физик боломжийн хязгаарт тултал атом нейрон, квант гэсэн бичил огторгуйн дайд хүртлээ хөгжсөн хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг бид дагаж нүүх үү, үлдэх үү?
Нэгэн хүн хэлсэнчлэн, монголчууд бид эртнээс уламжилж ирсэн шигээ тал нутагтаа айргаа уун, адуу хонин мал сүргээ бэлчээн, байгаль дэлхийн ааш занд тохирон хэрэггүй зүйл юу ч үгүй, бас илүүц хог новш юу ч хураалгүй, дөрвөн улиралдаа нүүдэллэн, амгалан тайван, налайн амьдарч суувал мэдээж хамгийн сайхан байлгүй яахав. Гэхдээ одоо үед зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдарч болохгүй цаг ирсэн болохоор бусдын жишигт хүрч хөгжил дэвшил рүү нүүхээс өөр аргагүй. Бүгд биш ч, дийлэнх нь суурин соёл иргэншилд шилжиж, хотжиж, боловсрол мэдлэгт суралцан улс нийгмээ хөгжүүлэх нь үе үеийнхэнд ноогдож ирсэн үүрэг, хариуцлага.
Өдгөө Монгол улс маань хөгжиж чадаагүй ирсэн нь бидний үеийнхний буруу биш, өмнөх үеийнхэний хариуцах асуудал боловч өнөөдрөөс цааш хөгжүүлж, ахиулж чадахгүй үлдвэл бол харин өнөө үеийнхэний буруу гэдэгтэй хувьдаа санал нэг байдаг. Нөгөө "ядуу төрсөн нь чиний буруу биш, харин ядуу хэвээрээ өнгөрвөл чиний өөрийн буруу" гэж Билл Гэйтс хэлсэн шиг л.
ЯАГААД ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?
-Ядуурал
Одоогийн Монгол улс хөгжиж чадахгүй байгаа тухай яриа, жишээнүүд явж явж хүн амын дийлэнх нь ядуу байгаатай холбоотой байна гэдэг. Хамгийн гол нь оюуны ядууралд нэрвэгдсэн нь эмгэнэл. Тухайн хүн ядуурлын олон саад бэрхшээлийг даван гарч дундаж давхаргад орж ирэх нь пуужин дэлхийн татах хүчнээс салахтай адилхан байдаг гэж зүйрлэж. Мөн ядуурлын гол шалтгаан нь боловсрол, мэдлэг, ур чадваргүй байдалтай холбоотой байдаг гэж Ерөнхий сайд асан Амаржаргал гуай аль 11 жилийн өмнө бичиж байсан байна, одоо ч өөрчлөгдсөн зүйл огт алга.
Тэгэхээр, ядуурал огт арилсангүй, шудрага бус байдал, баялагийн тэгш бус хувиарлалт гаарсан хэвээр. Ядуурал, хүчирхийлэл ямар байдалд хүрдэг тухай Бурхадын хот гэх мэт киноноос тодхон харчихаж болно.
-Боловсрол, мэдлэг
Ихэнхи ард иргэд ядуурлаас гарч чадахгүй байгаа хойно боловсрол мэдлэгтэй болох нь хоосон мөрөөдөл л болох биз. Өнөөдөр хэдийгээр суурь боловсролыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой хэдий ч улсын сургуулиудын сургалтын чанар, орчин муу. Үнэгүй гэдэг хэдий ч янз бүрийн төлбөр хураамжийг эцэг эхчүүдээс байнга татна, мөн сайн гэгддэг улсын сургуулиудад элсч орох авилгалын ханш улам өндөр болж байгаа. Энэ жил бол бүүр 3000$ гэсэн тоо сонсогдож байсан.
Үнэхээр хүүхдэдээ сайн боловсрол олгоё гэвэл өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад өгөх хэрэгтэй болдог. Учир нь, эдгээр хувийн сургууль төгсөгчид ихэнхи нь гадаадын их дээд сургууль руу шалгаран явдаг, дотоодын их дээд сургуульд барагтай бол ордоггүй нь статистик тоо баримтаас харагддаг.
Элсэлтийн шалгалтын тест задардаг, мөнгөөр худалддаг, их сургуульд ч бас иймэрхүү үзэгдэл байдаг гээд энэ салбарт сайжруулж, эрс шинэчлэх зүйл мундахгүй. Боловсролын салбарын шинэчлэлийн талаар сайд нь болон мэргэжилтэнүүд ярьж байгааг эндээс үзэж болно. Товчоор хэлэхэд, дэлхийн түвшиний сайн боловсрол, жинхэнэ мэдлэгийг эх хэлээрээ олж авах боломж маш хомс, үүний тулд заавал англи, герман, орос, япон гэх мэт ШУ-нд ойр байдаг гадаад хэл сурч байж олж авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, мэдлэг олж авах боломж нь хүн бүрт хаалттай, хялбар биш байна. Ганцхан жишээ дурдахад, Линукс Юникс үйлдлийн системийн гарын авлага анх удаа, дөнгөж өнгөрсөн онд л эх хэл дээр ганцхан ном хэвлэгдэж гарчээ. Тэгэхэд, 90ээд онд интернэт Монголд орж ирсэнтэй л бараг зэрэгцэн энэ системийн хэрэглээ бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл, интернэт гэдэг их цахим ертөнцийг ажиллуулж буй, бас бидний бүгдийн барьж эхлэсэн ухаалаг утас бүгд энэ л систем дээр ажиллаж байдаг. 2020 он гэхэд 20 гаруй тэрбум IoT төхөөрөмж (жолоочгүй машин, цаг, хөргөгч, унадаг дугуй г.м.) энэ систем дээр ажиллаж байна.
Ингээд үндэсний их дээд сургуулиудаас төгсч гарч ирсэн "чанаргүй" мэргэжилтэнүүдтэй үндэсний компаниуд гадны шилдэг төгсөгчидтэй, шилдэг бүтээгдэхүүнтэй компаниудтай өрсөлдөх нь илт хүч тэнцвэргүй тулаан гэгдэж байгаа.
ХӨГЖИЛ
Тэгэхээр хөгжил гэж юуг хэлэх вэ?, ямар болвол хөгжсөн гэж үзэх вэ? гэдгээс эхлэе. Өөрөөр хэлбэл, математикт теорем батлахын тулд эсрэгээс нь батладаг арга шиг яг юунд, ямар цэг, зорилгод хүрэхээ эхлээд тодорхойлчихвол байгаа нөөц, боломжуудаа ашиглаад хэдий хэр хугацаанд, хэрхэн хүрэх тухай л тооцоолж, төлөвлөнө гэсэн үг. Яг л Декарт анх тооллын системийг бий болгохдоо огторгуйд дурын нэг цэгийг бэхлэж аваад түүнийгээ координатын эх болгосон шиг ирээдүйд хүрэх хөгжлийн цэгээ тодорхойлох гээд үзье. Өөрөөр хэлбэл, үндсэн эх болсон аксиомуудаа олж тодорхойлоод түүн дээр тулгуурлан бодлого чиглэлээ босгочихно гэсэн санаа. Тэгэхээр ирээдүйд, хүрэхээр мөрөөдөж буй хөгжилдөө бид хүрчихжээ гэж төсөөлчихье. 2050 онд гээд үзчихье, тэр үед манай хүн ам 5 сая болсон байя гэе. Норвегийн хүн ам шиг ;-)
Хөгжлийг олон л тоон үзүүлэлт, хэмжигдэхүүнээр хэмжих байх, хамгийн гол гэснээ л дурдая,
-Жинхэнэ ардчилал, эрх чөлөөтэй (үзэл санааны болон эдийн засгийн хувьд)
-Хүн ам нь эрүүл чийрэг, урт насладаг (дундаж наслалт ~100)
-Амьдрах орчин, нөхцөл маш таатай (гадны эрсдэлгүй, утаа, агаар хөрсний бохирдол)
-Аз жаргалын үзүүлэлт нь маш өндөр
-Бүх хүн "жинхэнэ" боловсрол мэдлэгт хүрэх хаалт, саадгүй (өндөр төлбөргүй г.м.)
-Нийгэмд дундаж давхарга нь дийлэнх олонхи. Баян болон ядуу нь маш бага (огт байхгүй)
-Нөөцийн хүртээмж, ашиглалт, оновчлол нь өндөр (оюуны болон биет баялаг, нөөцөө зөв хувиарлан ашигладаг г.м.)
-Нэгдмэл үзэл баримтлал, эв нэгдэлтэй (Одоогийнх шиг 2 нам болж талцаад байдаггүй)
-Мэдлэг боловсролын түвшин маш өндөр (Хүний хөгжлийн индекс өндөр, Их дээд сургуулиуд чансаагаараа топ100-д багтдаг г.м.)
-Хэл соёл, зан заншил, түүх уламжлалаа сайн судлаж, бататгасан нэгдмэл философитой
Ингээд харахаар одоо байгаа нийгэм дээрхийн яг эсрэгээр байгаа нь харагдаж байгаа биз? Тэгэхээр бид үүнийг одооноос засч эхлэх талаар бодож, чиглэж байх хэрэгтэй санагдана. Энэ талаар дараачийн нийтлэл дээр үргэлжлүүлье.
"Engineers turn dreams into reality" by Hayao Miyazaki
Зургийг https://www.facebook.com/berylluss/ хуудаснаас авав.