1930-аад оны үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд малчин ард Л.Дэмбэрэл нь эхнэр 4-23 насны 11 хүүхдийн хамт аж төрөн амьдардаг байв. Тэрбээр ард гаралтай, ядуу зүдүү амьдралтай хүн байсан тул залуу наснаасаа хар бор ажилд зүтгэх, баян айлын мал хариулах зэргээр үнэнч шударгаар хөдөлмөрлөж насны эцэст олон малтай чинээлэг айл болсон юм. Мал хариулахын хажуугаар босоо монгол бичигт нэвтэрхий суралцсан, төр нийгэмдээ үнэнч, түмэн олноо хүндэтгэдэг, олны тусын тулд их үйл бүтээдэг тусч зан чанартай, маш хичээнгүй хүн байжээ.
Өнөө үед ийм хүн ийм хөдөлмөрч хүн байсан бол Улсын Тэргүүний сайн малчин-Хөдөлмөрийн баатар болох байсан биз ээ... Зуны халуунд нар мандахаас өмнө босч, малаа бэлчээж, бог малд тохирсон өвс, ус тэгш газар орой болтол малаа хариулдаг байсан төдийгүй, аргамжсан мориныхоо аргамжааг шөнө босч өвстэй газар зоодог байжээ. Бас 11 хүүхдэдээ ариун цагаанаар хөдөлмөрлөж аж төрөхийн гайхамшгийг өөрийн биеэрээ үлгэрлэн үзүүлсэн хүн байв. Хүүхдүүд нь ч мал маллах арга ухаанд суралцсан, гэр орны ажилд чамбай ханддаг болж өсчээ. Тухайн үед тэднийх 300 гаруй адуутай, 180 орчим үхэртэй, хонь ямаа нийлсэн 800-аад богтой айл байлаа.
Хоёр том хүүг нь цэрэгт алба хааж байх үед буюу 1938 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Л.Дэмбэрэлийг эсэргүү П.Гэндэнгийн хамсаатан гэж хилс хэрэгт унаган баривчилжээ.Түүнийг баривчлахад гэрт нь хамгийн том нь 15 настай охин байсан бөгөөд тэрбээр охиндоо хандан ийн хэлжээ: “Би ардын төрд хийсэн буруу хэрэг, хэлсэн хортой үг байхгүй. Би ардын коммун байгуулахад 100 хонь, 100 адуу, улсад азроплон худалдан авахад 100 бод өгсөн, суманд сургууль байгуулахад 50 бод, нэг гэртэй өгсөн. Надад буруу юм гэвэл хөлс хүчээ барж өсгөсөн хэдэн мал л байна. Зөв бурууг ялгах цаг ирдэг бол энэ зүйлийг охин минь хэлээрэй”. Энэ бол түүний эцсийн үг байлаа.
Түүнийг баривчилсны дараа бүх мал, гэр орных нь бүх эд хогшлыг хурааж 11 хүүхэдтэй эхэд дан бүрээстэй гэр, 25 бод л үлдээсэн юм.
/Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивт бүртгэгдсэнээр Л.Дэмбэрэлийг баривчилах үед хураан авсан эд зүйлийн дотор: Бог мал 800, үхэр 180, адуу 300, гэр 2, эсгий арьс, нэхий ноос зэрэг хөдөөний хүний хэрэгцээтэй зүйл ачсан ачаа тэрэг 16, эрэгтэй хүүхдэд бэлтгэсэн мөнгөн хэт хутга 6, мөнгөн тоногтой эмээл хазаар 6, хаш соруултай гаанс, хөөрөг, эхнэр хүний мөнгөн эд хэрэглэл, толгойн гоёл, олон тооны мөнгөн аяга, эмэгтэй хүний хэд хэдэн алтан бөгж, гоёлын хурган дотортой дээл 13, тавиас зуутын дэвсгэртээс бүрдсэн хааш хаашаа төө зузаан боодолтой цаасан төгрөг, хоёр кг гурил багтах хэмжээний хүүдий дүүрэн мөнгөн төгрөг зэрэг тэр айлын өнгөтэй, өөдтэй эд хэрэглэл бүхнийг улс хураан авчээ.../
Л.Дэмбэрэлийг 66 насанд нь 1938 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, ерөнхий сайдын I орлогч нарын хамтарсан онц их хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 26 дугаар тогтоолоор, шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэжээ.
Түүнийг хилсээр хороогдсоны дараа гэр бүлийнхэн нь амар заяа үзэлгүй байцаагдан, “эсэргүүний гэр бүл” гэж нэр хоч зүүн өөд нар харалгүй хүнд хэцүү амьдралаар амьдран, 11 хүүхэдтэй үлдсэн эхнэр нь сэтгэл санааны гүн хямралд орсоор ид хийж бүтээх 42 насандаа өөд болсон.
Ард үлдсэн хүүхдүүд нь ажиллаж амьдрах, сурч боловсрох эрхээ эдэлж чадалгүй хоолтой, хоолгүй, ядуу зүдүү амьдралаар хагас зуу гаруй жил амьдарч нэр төр, хувь заяагаараа хохирсон. Өнгөрсөн хагас зуу гаруй жил үр хүүхдүүд нь мөрдөн хавчигдахаас айж, ажилд орохдоо хүртэл “эцэг эх, ах дүү, төрөл садангаас баригдсан хүн бий юу гэхэд байхгүй” гэж хариулдаг байжээ.
Түүний хүүхдүүд дотроос 1978 онд эцгийн юу болсныг асууж, хийсэн хэрэг байхгүй нь лав тул түүний ариун нэрийг сэргээн цагаатгаж өгөхийг хүсч өргөдөл гаргахад хэсэг хугацаа өнгөрсний дараа сум, аймгийн хэлтэс эрх баригчдаас “Хэрэг хэлэлцэх нь байтугай Л.Дэмбэрэл нэртэй хүн баригдсан тухай мэдээ хаана ч байхгүй” гэсэн хариу өгчээ. Тэр үед үр хүүхдүүд нь “Хүний амь, бүхэл бүтэн айлын амьдрал одоогийн нэгдлийн нэг ишигний ч үнэ цэнэгүй гэж үү” хэмээн ихэд халаглан, төр засагтаа гомдож байв.
Монголчууд Төрийн минь сүлд өршөө гэж төрийн сүлдэндээ залбирч, эртнээс төр улсаа дээдэлж ирсэн ард түмэн. Гэтэл дээдлэн биширдэг төр нь ард түмэн рүүгээ буу шагайн амь насанд нь халдан эрхийг нь зөрчсөн билээ. “Ард түмэн зэрлэг балмад араатан амьтан шиг болсон төр засагтаа алуулахын тулд оршдоггүй”. Тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Намын төв удирдлага нь Х.Чойбалсангийн шууд удирдлага дор ба нөгөө талаас шууд И.Сталины шахалтан дор олон арван мянган гэмгүй Монголчуудыг бөөнөөр нь аймаглан устгах коммунист яргаллыг энэ хэлмэгдүүлэлтээр үйлдсэн. Улс төрийн эрх мэдэл бүхий бүлэг этгээд улс төрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалах, бататгахын тулд төрийн хүчийг ашиглан нийгмийн гишүүд, зарим давхаргаа улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан хууль бусаар шийтгэх, устгах, хохироох явдал байж болохгүй.
Шинэ нийгмийг байгуулах нэрийн дор өөрийн нэр төр, өндөр албан тушаалаа хамгаалж гэм буруугүй иргэдийг хилсээр гүтгэн цээрлүүлж, албан тушаалтнуудын ард түмний эсрэг өдүүлсэн гэмт хэргийг нь шүүн тунгааж, дуудах нэргүй ор сураггүй болсон үй түмэн хүний ариун нэрийг үр хүүхэд, ач гуч нарт нь албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм, тэр үед...
Бүүр сүүлд Л.Дэмбэрэлийн хэргийг БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн комиссын 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 68-р магадлалаар холбогдолгүй болгон цагаатгажээ. 1990 онд Хэлмэгдсэн хүмүүсийн ахуй байдлыг харгалзан, дэмжлэг туслалцаа үзүүлэх АИХ-ын тэргүүлэгчдийн сүүлчийн зарлигийн дагуу Л.Дэмбэрэлийг баривчилах үед хураасан их хөрөнгөний үнийн заримыг нь буюу 11 хүүхдээс үлдсэн 2 хүүхдийнх нь аж амьдралд хүрэх хэмжээний л хөрөнгийг буцаан олгох, Л.Дэмбэрэлийн олон түмэндээ нэр хүндтэй, улс эх орноо гэсэн сайхан чанар, малч хичээнгүй зүтгэл, тусч шударга сайн сайхан чанарыг нь мөнхжүүлэн төрсөн нутагт нь дурсгалын хөшөө самбар босгох хэрэгтэй гэсэн өргөдлийн хариуд Монгол Улс ганцхан сая төгрөг буцаан олгосон байна.
Өдгөө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн түүхэнд Л.Дэмбэрэлийн нэр мөнх бичээстэй байдаг бөгөөд тус суманд анх сургууль байгуулагдахад нь хувиасаа хөрөнгө гарган, сэтгэлийн дэмжлэг өргөж байжээ.
1938 онд Л.Дэмбэрэлийг хилсээр хороогдох үед түүний хамгийн бага 4 настай үлдсэн хүүхэд нь миний аавын төрсөн ээж Д.Цэрэн байсан юм. Хүнд хэцүү амьдралыг сөрөн гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдралын төлөө насаараа зүтгэж явсаар 1976 онд хүнд өвчиний улмаас таалал төгссөн билээ.
Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг хамаг Монголчууд бүү мартагтун.
Улс төрийн Их хэлмэгдүүлэлт зөвхөн “хэлмэгдүүлэлт” байгаагүй юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт нэрийн дор олон арван мянган хүний алтан амийг тасалж, халуун цусыг урсгасан “коммунист аллага” байлаа. Миний бичсэн энэ түүх бол хэлмэгдүүлэлт нэрийн дор амь, амьдралаа “хядуулсан” олон мянган хүний нэгийх нь л түүх. Яг ийм түүх, эмгэнэлт хувь заяаг туулсан маш олон хүн байгаа. Тус “коммунист аллага”-аар 45-55 мянган хүн хөнөөгдсөн гэсэн тоо байдаг ч хамгийн ихдээ 100 мянган хүн байдаг гэсэн тооцоо бий. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос хэлмэгдэгсдийн ар гэрийхэнд нөхөн олговор олгох ажлыг үе шаттай зохион байгуулан заримд нь ганц сая төгрөг, заримд нь ганц өрөө байр олгосон ч тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимсыг юугаар ч нөхөж олгож чадахгүй юм.
Монголчууд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ийг Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж, цэцэг өргөсөөр 22 дахь жилээ угтах гэж байна. Энэ өдөр төрийн удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зогсож царайгаа бараалган, албаны үгээ хэлж “матрын нулимс” унагахаас хэтэрдэггүй. Харин энэ өдөр улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хэдэн мянган хүмүүсийн сүнс хэдэнтээ хургаж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй юм. Улс төрийн хэлмэгдэлтэд аавыгаа, өвөөгөө, ахаа алдан хагас зуу гаруй жил нэр төр, нэгэн насны амьдралаараа хохирсон санчиг буурал хөгшид ертөнцийн мөнх бусыг үзүүлээд одсон ч үлдэж байгаа үр хүүхэд бид энэ хар дарсан жилүүдийг нийгэмтэй нь, түүхтэй нь, үнэнтэй нь хамт мартах ёсгүй. Үүрд санаж явах ёстой.
Хэдэн үеэр мартамгүй хэлмэгдлийн сүүдэр бүдгэрэх нь үгүй...
1930-аад оны аймшигт хэлмэгдүүлэлт бүдгэрээгүй байхад дараа дараагийн аймшигт хэлмэгдүүлэлт биднийг тоссоор байгаа бус уу. Нэг ч гэсэн хүний ирээдүйг харлуулахгүй, нэг ч гэсэн хүүхдийн нулимсыг гарздахгүй байхын төлөө бид ардчилсан нийгмийг сонгосон. Та бидний сонгосон энэ нийгмээс, хэдий олон түмний нүдэн дээр биш ч гэсэн авлигал хээл хахууль, эрх мэдлийн төлөө хүн төрөлхтөн нэг нэгнээ айлгаж байсан хуучин цагийн үнэр үнэртээд л байх шиг. Түнэр харанхуйд айдсын хүлээсэнд дахин баглуулахвий гэсэн болгоомжлол бас л бүдгэрэхгүй байна.
2008 оны 7 дугаар сарын нэгэнд Монголчуудыг айдаст автуулсан үймээн самууны учиг тайлагдаагүй, тасарсан таван халуун амины нэхэл татраагүй л байна... Олон хүнийг хэлмэгдүүлсэн аймшигт үймээн самууны дараа цагдаагийн газрынхан үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон гэж баримтад үлджээ.
Түүнчлэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн буруутнуудыг шүүхээс яллахад Монголчууд нүд, чих тавин анхааралтай ажиглаж хэрэг илрэв үү, хэлмэгдүүлэлт эхлэв үү гэсэн байдалтай хандаж байлаа. Тухайн үед хэрэг гарсны дараа С.Зориг агсны ээж үнэхээр цөхрөнгөө барсан байдалтай зурагтаар гарч байсан нь хүмүүсийн ой тоонд тодхон үлджээ. Энгийн ард иргэдийн нүдээр харахад энэ хэргийн тайлал нь нэг нэгний "зохиомол сценар", "тавилттай жүжиг" мэт санагдаж байхад С.Зориг агсны ар гэрийнхэнд юу бодогдож, ямар байсныг төсөөлхөд үнэхээрийн хүнд билээ. Хүний амины нэхэл хэзээ ч тасардаггүй гэдэг. Арван долоон жил үргэлжилсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч энэ хугацаанд хэргийг шалгаж байсан үе үеийн ажлын хэсгийнхэн олон хүнийг хэрэгт сэжиглэн байцааж, улмаар аминд нь ч хүрсэн ноцтой хэлмэгдүүлэлт хийж байсныг Монголчууд сайн мэднэ. Монголын төр энэ хүмүүсээс хэзээ уучлал гуйх вэ?
Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг тухайн нийгмийн тогтолцооноос бус хүний буруу бодлого, шийдвэрээс угтай болох нь олон зүйлээс харагддаг. Зэрлэг балмад этгээд хүний амь насыг бүрэлгэх бол арай өөр асуудал. Улс төрийн эрх мэдэлтнүүд улс төрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалах, бататгахын тулд төрийн хүчийг ашиглан хүнийг улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан хууль бусаар шийтгэж, устгаж, хохироож байгаа нь л маш том асуудал.
Монголд Хэлмэгдэгсдийг дурсах өдөр байхаас хэлмэгдэх өдөр гэж дахин байх ёсгүй. Тэрхүү хар бараан хэлмэгдүүлэлт, эмгэнэлт хувь заяаг Монгол хүн дахин үүрэх ёсгүй. "Монголын төр Монгол хүндээ Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг нь эдлүүлэх ёстой". Ардчилсан нийгэмд хүний олон нь хүнээ барьж идэхгүй шүү.
sn bnu