Литерари фикшн зохиолыг анхаарч уншвал зохиолчийн улс төрийн болоод амьдралыг үзэх үзэл нь нэвт харагддаг. Ил шууд бичсэн байж болно. Зүйрлэл, бэлгэдэл, ёжлол ашиглаад бичсэн нь ч бий.
Түүнийг нь анзаарч, эргэцүүлж бодолгүйгээр үйл явдлын шугамаас нь хэтрэлгүй уншвал харамсалтай. Мэдээжээр улс төрийн үзэл харагддаг гэдэг нь үзэл суртал ханхалсан эсвэл бидний сайн мэдэх “социалист магтуу” шиг гэсэн үг ердөө биш.
Монгол хэлнээ орчуулагдсан зохиолуудаас Михайл Булгаков "Нохойн зүрх", Бохумил Храбал "Дөтлөн үзэгдэх галт тэрэг", Хайнрин.фон Клайст "Михайл Коолхаас", И Мүн Ёл "Манай бүдэрсэн баатар" болон Нацүмэ Соосэки "Боччан"зохиолуудын жишээн дээр авч үзье л дээ.
Шударга ёсыг хүсэгч нь түүнийхээ төлөө шударгаар тэмцэх ёстой. “Шударга бус” гэх хуулийг шударга хуулиар л засна. Шүүх засаглалыг шударга болгохоор тэмцэгч өөрөө ч шударга бус үйлдлээ шүүхээр л шийдүүлнэ.
Өнөөгийн нийгэмд хаа, хаанаа ноёлох учиртай энэхүү тоглоомын дүрмийг яруу тод харуулсан зохиол гэвэл Хайнрих фон Клайстын "Михайл Коолхаас”. Хууль ёсыг уландаа гишгэж, өөрийн дураар туйлагч цайзын эзэнд тонуулсан одоогийнхоор бол бизнес эрхлэгч иргэн Михайл Коолхаас бээр эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах ч шүүгч нь мөнөөх цайзын эзний холын садан байж таарах тул шийдвэрээ хамаатныхаа талд гаргана. Ингээд Михайл Коолхаас өөрөө шударга ёсны төлөө тэмцэхээр шийдэж хэдэн хот дамнасан ззвсэгт бослого, үймээн дэгдээх нь тэр. Хичнээн ч хүн, мал, байшин сав энэ тэмцэлд нь өртсөн юм, бүү мэд. Эцэст нь хэрэг хэмжээнээсээ хэтэрч улс даяар шуугиж, эцэст нь нэг цайзын эзнийг Михайл Коолхаст учруулсан хохирлоо нөхөн төлөх, уучлал гуйх шийдвэр шүүхээс гарна. Тэмцэгч санасандаа хүрлээ. Тэмцэлдээ яллаа. Гэвч хэрэг ингээд дууссангүй. Мань эр төчнөөн хүний амь бүрэлгэсэн, эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгтээ цаазын ял авна. Тэр ч ялаа эсэргүүцэлгүй эдэлнэ. Учир нь тэр өөрөө шударга шүүхийн шийдвэр хүсч тэмцсэн шүү дээ. Шударга бус шүүх засаглалын эсрэг тэмцэгч ч шударга бус үйлдлээ шүүхээр л шийдүүлнэ. Шударга ёсыг хүсэгч өөрөө ч шударгаар тэмцэх ёстой. Өөр аргагүй. Энэ зарчмыг анхаарч ойлгож уншихгүй бол “яагаад түүнд цаазын ял оноочихов оо?” гэж бухимдаад л өнгөрөхвий.
“Том ах”-ын эсрэг тэмцэгч манай “баатар” минь бүдэрчихсэн юм биш байгаа? Бид (дарлагдсан бид) өөрсдөө баатраа дэгээдээд унагачихдаг юм биш биз?
Хотын сургуулиас хөдөөгийн буйд тосгонд шилжин очиж буй сурагч хүү “хоцрогдлын шоконд” орно. Энд бүх зүйл хотынхоос өөр. Ангийн даргаа сонгуулиар сонгохгүй. Байгаа ангийн дарга нь биеэр том, насаар ах, ухаан сийрэг тул тэнд хаан сууж, "албат" болох сурагчдаа шулна, дээрэлхэнэ. Соёлт газраас ирсэн тэрбээр энэ дарангуйллын эсрэг тэмцэх гэсэн ч бүтэлгүйтэж гадуурхагдана, ганцаардана, хохирно. Сурагчид “хаан”-аасаа айж, илүүг алдахаас болгоомжилсондоо хүүг дэмжихгүй. Сүүлдээ хүү амьд үлдэхийн тулд “хаан”-ы удаах “ноён” сууж бяцхан эрх мэдэлдээ сэтгэл амар, гар газар, хөл хөсөр байх болж. Манай баатар бүдэрчээ. Баатраа бид бүдрээжээ. Энэ бол И Мүн Ёлын "Манай бүдэрсэн баатар".
Мөн л хотын залуу хөдөөгийн алслагдсан сууринд багшлахаар очлоо. Харанхуй бүдүүлэг, авлига, зусар зулгай, дүр эсгэгчид дунд ганцаардана. Дулдуйдаж зусардан, ая тал засах замаар өөрийн хүссэнээ авч сурсан олны дундаас шударга, чигч санаатанг таних хичнээн хэцүү вэ? Энэ дунд өөрийгөө хэрхэн авч үлдэх вэ? Тэрээр тэмцэнэ. Энэ хорвоод шударга нь ялдаггүй юм бол өөр хэн ялна гэж ! Үүнийг Нацүмэ Соосэки "Боччан" зохиолоороо өгүүлнэ.
Дайн зөвхөн тулааны талбарт өрнөдөггүй.
Дайны хор уршиг зөвхөн сүйдсэн хот, эрсэдсэн амиар хэмжигдэхгүй.
Дэлхийн II дайн гэвэл Герман, ОХУ, еврей гэх хэдэн түлхүүр үгсээс өөрийг мэдэхгүй бүтэн үе байх шиг. Энэ дайн юунаас улбаатай, хэр их, яг ямар хохирол учруулсанг, дайны хүн төрөлхтөн ямар сургамж авч, яаж сэргийлэхээр болсон зэргийг олонх нь үл мэдээч царайлах болжээ.
Гитлерийн фашизмын хөлд зэргэлдээх олон улсууд өртсөний нэг нь Чех. Үүнийг Бохумил Храбал "Дөтлөн үзэгдэх галт тэрэг" зохиолдоо Чехийн жижиг тосгоны амьдрал, тэнд амьдрах хорин хоёрхон настай залуу, тосгонд байрлах төмөр замын өртөөгөөр дамжин өнгөрөх “ачаа” болох зовж зүдэрсэн мал, амьтдаар харуулна. Дайн хот тосгодоос илүү хүний сэтгэл зүрхийг сүйдэлдэг болохыг зохиол мөн ч тодорхой зураглана даа.
Хүн төрөлхтөний нигүүлсэл, үл ялгаварлалынх нь цаана ч гадуурхал, ялгаварлал, эрэмбэ агуулагдаж байдгийг эл фашизмын хөлд үрэгдсэн үндэстэн хийгээд улсуудад хандаж буйгаас харж болдог. Холокост ярихдаа зөвхөн еврейг ярих, дэлхийн II дайны хохирол гэхээр манайхан зөвхөн Зөвлөлт ахан дүүсээ л ярих зэргээр...Энэ дэлхийд үй олон төрлийн холокост, геноцид бий. Еврей үндэстэнг Гитлер, армян үндэстэнг Османы эзэнт гүрний үед, хутси үндэстэнг Руанда улсын эрх баригчид зэргээр.
Цөөхөн хэрнээ монголчууд дотроо бага ястан, их ястан, тэр аймаг, энэ аймаг, цэвэр цустан, эрлийз, хурлийз зэргээр байгалиас өгөгдсөн ялгаа бүхнээрээ толхилцож, фашист өнгө аяс цухалзуулж сүүлдээ төрийн тэргүүнээсээ эхлээд “цэвэрлэнэ, устгана” зэрэг хүчирхийллийн үг ашиглаж суудаг нь ер юунд хүргэнэ гэх вэ?
ЭЦЭСТ нь, Михайл Булгаков “Нохойн зүрх” тууж.
Гудамжны нохойд хүний өнчин тархи суулгаснаар нохой хэрхэн хүн болж буй явцыг харуулна. Гэвч өөдгүй амьтны тархийг суулгачихжээ. Гэмгүй хөөрхий нохой гэмтэй муухай хүн болж хувирна. Ажилчин анги, бүхнийг нийтэд зэрэг элдэв уриаг цээжилж нэг ёсондоо “коммунизмын хэл”-ийг сайтар сурсан мөнөөх нохойн зүрхтэн үнэндээ өөрийн сонирхлыг л гүйцэлдүүлэн туйлж өгнө. Хулгайлна, дээрэлхэнэ, өмч дээрэмдэнэ, шинэхэн тогтож буй коммунист дэглэмийг эсэргүүцэгчдийг засагт матна. Ажил эрхлэх болсон нь тэнэмэл амьтан устгах комисст. Хэдхэн хоногийн өмнө золбин нохой байсан тэрээр золбин муурнуудыг хядаж өгнө дөө. Дуртай дээрээ сурамгай гэж жигтэйхэн.
Уг нохойн зүрхтэний дүрээр зохиолч Ленинг, тэр устгасан муур нь оросын ард түмнийг тус тус бэлгэдсэн ч гэдэг. Зөгнөл нь биелэж “их хэлмэгдүүлэлт” болсон ч гэдэг.
ЖИНХНЭЭСЭЭ эцэст нь бичихэд элдэв онол ном уншимгүй, уйтгартай, хол хөндий, ойлгомжгүй байдаг бол ядаж ном уншаад, цаад санаанаас нь шүүрдэж сууюу л гэж. Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа цаг шүү дээ. Дээрх санаануудыг хэлбэржүүлдэг нь Үндсэн хууль юм даа.
Жич: Зөвхөн нэг өнцгийг нь түүсэн болно. Дээрхээс хамаагүй өргөн агуулгатай, бүгд найруулга зүй, үг хэллэг, ёжлол бэлгэдэл нь тасархай.
Ч.БАТ-УЯНГА
Сэтгэгдэл бичих