Өнгөрсөн
250 орчим жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улсыг удирдаж байсан Ерөнхийлөгчдийг хоёр төрөлд хуваадаг аж: Цаг үеэ шинээр тодорхойлсон нэг төрөл, цаг үеэ дагаж хариу үйлдэл хийсээр бүрэн эрхээ дуусгадаг хоёр дахь төрөл. Улсаа нэг алхам урагшлуулж түүхэнд үлдсэн нь бүгд нэгдүгээр төрлийн удирдагчид.
Харин Монгол Улсын 30 жилийн залуу ардчиллын түүхэнд 13 хүн энэ улсын Ерөнхий сайдын албанд сууж. Энэ хугацаанд өөрийн амьдарч буй цаг үе, нийгмээ тодорхойлж, өөрчилж чадсан хүмүүс байхад, нийгэмд болж байгаа өөрчлөлтүүдэд хариу үзүүлсээр нийтийн санамжаас мартагдсан хүмүүс ч байх аж.
Тухайлбал, 2000 оны Энхбаярын Засгийн Газар магадгүй монгол төрийн албанд очиж мөнгө хийж болдог юм байна гэдгийг дараагийн үеүүддээ системтэйгээр ойлгуулж, хэрэгжүүлж эхэлсэн эхний засаг. Харин 2007 оны Баярын Засгийн Газар 2010-аад оны туршид үргэлжилсэн Монгол Улсын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьсан. Өнөөдрийн Улаанбаатарын гудамжаар дүүрэн холхих Ланд 200 машинууд, 40 жилийн туршид босгосон Хороолол 3-4 хэмжээтэй тэнцэх барилгажилтыг аравхан жилийн дотор босгосон зэрэг нь энэхүү үсрэнгүй хөгжлийн ногдол ашиг нь яах аргагүй мөн билээ.
Нэг хүн бүгдийг хийж чадахгүй учир асуудлууд урган гарав. Баян ядуугийн ялгаа улам нэмэгдэж, орлогын тэгш бус байдлыг илтгэх дэлхийн хэмжээний тансаг барилга, үйлчилгээнүүд бий болохын зэрэгцээ, бага орлоготой, ядуу иргэдийн тоо өөрчлөлтгүй байсаар. Харамсалтай нь дараагийн аль ч Засаг бий болсон орлогын тэгш бус байдлыг арилгаж, энэрэнгүй, эрх тэгш нийгмийг цогцлоох суурийг тавьж чадалгүй өдийг хүрлээ.
2017 онд нам дотроо жижигхэн хувьсгал хийж, шударга ёсыг тогтоох амлалт өгснөөр Хүрэлсүх орчин үеийн Монголын 13 дахь Ерөнхий сайд боллоо. Цөөн үгтэй, цэрэг стиллтэй тэрээр Монголын ард түмний эмх цэгц, шударга ёсыг хүсэх хүсэл эрмэлзлийн хариу байсан гэмээр. Ерөнхий сайд болсныхоо дараахан хэд хэдэн шийдэмгий шийдвэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулж, нефт боловсруулах төсөл, төмөр зам гэх мэт томоохон төслүүдийг эхлүүлэх улс төрийн нөхцлийг бий болгов.
Монголын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2018 оноос сэргэж, үүнийг дагаад Монголын эдийн засаг өндийж эхэлсэн нь түүний эхний аз байсан бол, 2019 оны намар Үндсэн хуулийн шинэчлэлээр Засгийн тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлж, Парламентын тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслүүд батлагдсан нь түүний хоёрдахь аз нь. Сөрөг хүчин нь авилгад идэгдэж, олон нийтийн ямар ч дэмжлэг авах боломжгүй эрүүгийн этгээдээр удирдуулж байсан нь түүний гуравдахь аз байж.
Монголын ард түмэн азтай хүмүүст дуртай. Түүний азыг Их Хуралд 62 суудалтай үнэмлэхүй ялалтаар мялаалаа. Нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн хүрээнд нам доторх жижиг улс төрөөс ангид, өөрийн үзэмжийн технократ Засгийн газар байгуулах боломж түүнд бүрдэв. Олон нийтийн нэр хүнд, Их хуралд авсан мандат, шинэ Үндсэн хуулийн заалтуудаар тэрээр яах аргагүй ардчилсан Монгол улсын түүхэнд хамгийн хүчирхэг Ерөнхий сайд болох нь тэр.
Их хүчийг дагаж их хариуцлага ирнэ. Сонгуулийн дараа тэрээр жинхэнэ “технократ” Засгийн Газраа байгуулав. Хүлээлт ёсоор урьд өмнө хэзээ ч харагдаж үзэгдээгүй хүмүүс Засагт орж, бас хүлээлтээс гадна ЖДҮ-д нэр холбогдсон найзыгаа ч Шадар сайдаар томилох нь тэр. Наполеоны алдарт үг байдаг “Азгүй хүмүүсээс хол яв, учир нь тэд азгүйдэл авчирдаг”.
Одоо
2020 оны 11 дүгээр Сарын эхний долоо хоногт Монгол улс Корона вирусын анхны дотоод тохиолдлоо бүртгэв. 10 сарын туршид хилээ хааж, бизнесүүдээ хязгаарлаж, иргэдээ гадаадад түгжих зэрэг балмад аргуудаар тогтоож байсан дотоодын хяналт ийнхүү үгүй болох нь тэр. Пандемикийн онц ноцтой байдал ганц зүйлийг тод томруун харуулсан нь түүний бүрдүүлсэн мэргэжлийн гэх Засгийн газар ур чадваргүйн цуглуулга болж таарлаа.
Түүний засаг, онцгой комиссын гишүүд бүгд даргын аз шовойход найдаад өдийг хүрсэн мэт. Бэлтгэл ажил хангалтгүй, шийдвэр гаргалт амьдрал дээр буух уялдаагүй, гүйцэтгэгч нар хоорондоо холбоогүй.
2020 оны 4 сард Хүрэлсүхийн кабинет сонгууль угтсан аливаа эрсдэлээс хаширлаж төсөв сангийн боломжуудаа бараг бүгдийг нь гаргасан байв. Татварын хөнгөлөлтүүд, хүүхдийн мөнгийг 100 мянга болгож өсгөсөн, ханшаа алдаж буй дотоодын мөнгөн дэвсгэртийг хүчээр үнэтэй байлгах гэж 500 орчим сая долларыг үрсэн зэрэг маш өндөр үнэтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв.
Хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь ч бай-гаа олсон шинж бас байхгүй. 2020 онд нэгдсэн байдлаар эдийн засаг 10% орчмоор агшиж, үй олон нийгмийн халамжийн бодлого санхүүжүүлснээр Засгийн Газрын дотоод өр түүхэн дээд хэмжээнд хүрэв. 2020-2021 онд төлөх байсан өрнүүдээ ахин санхүүжүүлсэн тулгадаад өр ч буурсангүй.
Толгой эргэм ялалтын амтыг мэдрүүлсэн 2020 он дуусаа ч үгүй байхад түүний дараагийн 4 жилийн төсвийн боломжууд хумигдаж байх шиг байна.
Аливаа Засгийн газруудын өмнөө барих дуртай мега төсөл эхлүүлэх санхүүгийн эх үүсвэр хорогдохын зэрэгцээ эдийн засгийн үр ашиг муутай соёл, аялал жуулчлалын цогцолбор, барилгын ажлуудаа тэрээр дуусгах шаардлагатай. Мөн халамжийн бэлэн мөнгөнд донтуулсан энэ ард түмнийхээ ханашгүй хэрэгцээг үргэлжлүүлэн хангах хэрэгтэй болно,
тэр хэрэгцээг нь ч 21 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлүүлэн тэтгэх мөнгө, санхүүг нь шийдэж байгаа бололтой (хямдруулсан шахмал түлш, хүүхдийн мөнгө).
21 оны төсвөө пандемикийн эхний долоо хоногт яаран баталсан тэрээр жижиг дунд бизнесүүдэд төсвийн дэмжлэг үзүүлээч гэсэн олон нийтийн шахалтыг хүлээж авсангүй. Авахгүй байгаа шалтгаан нь эрх баригч намын суурийг бүрдүүлдэг намтай нөхөрлөдөг бизнес бүлгэмүүдийн хяналтаас гарч чадахгүй байгааг илтгэх мэт. Бидэнд мөнгө байхгүй хэмээн зурагтаар гомдоллох нь өр цуглуулагч нарт сүүлийн цаасаа өгөөд мөнгөгүй үлдсэн хүний чин сэтгэлийн өчил мэт.
Хумигдаж байгаа боломж, таагүй эдийн засгийн гадаад ба дотоод орчин, азгүй хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн орчин үеийн Монголын хамгийн хүчирхэг Ерөнхий сайд Хүрэлсүхийн түүхэнд үлдээх өв нь юу байх вэ? Дараагийн 10 жилийн нийгэм, соёл, эдийн засгийн чигийг тодорхойлж чадсан Ерөнхий сайд болох уу, аль эсвэл ар араасаа цуврах дотоод, гадаад хямралуудтай сэлэмдэж хүчээ тарамдсаар түүхийн хуудаснаа мартагдах уу?
Ирээдүй
Өнгөрсөн 20 жилийн хөгжлийн замналыг анзаараад байхад бидний хамгийн том сул тал хангалттай бэхжээгүй ардчиллын инститүцүүд, баялгийн шударга бус хуваарилалтууд, ганхаж буй мэргэжлийн төрийн алба, хот хөдөөгийн материаллаг ялгаанууд аж. Ийм суурин дээр хоёрдахь Оюу Толгойг нээсэн ч хэдийнээ түүний үр шим олонхид бус, цөөнхид л наалдах нийгэм эдийн засгийн бүтэцтэй болжээ, монголчууд бид.
Ийм нөхцөлд сан хөмрөг хорогдлоо хэмээн халаглан суух бус, харин Монголын нийгмийн сэтгэлгээ, бүтцийг сууриар нь өөрчлөх түүхэн боломж энэ Ерөнхий сайдад байна
. Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх бус тархаан тараасан, татварын бодлогыг газар зүйн үйл ажиллагаатай холбосон, хөдөө орон нутгийг халамжийн сав бус хөгжлийн түшиц болгох их ажилд гол анхаарлаа төвлөрүүлэх боломжыг айсуй хямрал бий болгож байна.
Амаргүй энэ өөрчлөлтүүдийг хийх нь Монголын залуу ардчиллыг бэхжүүлэх том дэмжлэг болохоос гадна улсын эдийн засгийг ганц уул уурхайн орлогоос хамаарах байдлыг бууруулах ач тустай. Дээрхи шинэчлэлтийг гүйцэлдүүлж чадвал энэ нь Хүрэлсүхийн хойч үедээ үлдээх хамгийн том өв, нээлтэнд очиж кноп дардаг ээлжит нэг үйлдвэрээс ч хамаагүй том баялаг. Харин чадахгүй бол Хүрэлсүхийн засаглал Монгол Улсын хувьд алдагдсан он жилүүд болж үлдэнэ.
Холбоотой нийтлэл: Ерөнхий сайд Хүрэлсүхийн анхаарал хандуулвал зохих 3 гол ажил
Aaay, ene ard tumniihee. Hariin ornoos hariin hun bichsen ym shig bn shuu.
Chuhal untsug baina
surjigneh duvchugnuh
AIDS tembuu Surye owluulj bna, ireedui ueihen maani edgerch eruul saruul bolno gej itgej bna,