Нийтлэл 06 сарын 18, 2021

ХУРГАНЫ ҮНЭН БУЮУ ПОСТ-МОДЕРНИЗМ

Төрийн ордны өмнө сүндэрлэх Bly Sky цамхаг, “Хаан ширээний тоглоом” кино, Францын философич Мишель Фуко нар хоорондоо ямар хамааралтай вэ? Тийм ч хамааралтай санагдахгүй байж мэднэ. Гэхдээ тэд бүгд пост-модернизмын сонгодог жишээ юм. Эндээс л пост-модернизмыг тодорхойлох амаргүй болох нь харагдана. Пост-модернизм гэдэг нь 1960-аад оноос урлаг, утга уран зохиол, архитектур философийн салбарт нөлөөллөө тогтоосон хөдөлгөөн билээ.

Энэхүү нийтлэлд пост-модерн архитектур, пост-модерт утга уран зохиолын талаар бус пост-модернизм хэмээх философийн агуулгыг танд хамгийн энгийнээр хүргэхээр зорилоо.

Пост-модернизм нь хамгийн энгийнээр 1) философийн “хундаам”-ыг (foundationalism) үгүйсгэсэн, нөгөө талаар 2) үнэний нэг эх сурвалж байдаг гэдгийг үгүйсгэсэн философийн хөдөлгөөн юм.

Иймээс пост-модернизмыг ойлгохын тулд эхлээд философийн “хундаам” гэж юу болох талаар ойлгох нь чухал.

Хундаам

Гэхдээ Жанцанноров гуайн хэлснээр яагаад “суурь” биш гэж?

“Хундаам” гэдэг үг бол хамгийн пост-модерн үг юм. Энэ бол пост-модернистуудын бүтээхийг мөрөөдөж, өнөөг хүртэл тэмцэж байгаа тэр л ноён оргил. Яагаад гэвэл пост-модернистуудын хувьд үнэн гэдэг бол нэг хүний тодорхойлж өгдөг, бусад нь харанхуйгаар дагадаг зүйл биш бөгөөд хүн бүр өөр өөрийн гэсэн “үнэн”-тэй байдаг аж. 

Философийн хундаамыг (foundationalism) пост-модернистууд, тэр дундаа хэл шинжлэлийн хувьсгалчид Ричард Рорти, Жак Деррида, Витгенштейн нар деконструкцийн (deconstruction) аргаараа нураасан юм.

Бидний амьдарч буй нийгэмд (цаашлаад дэлхий дахинд) Европын, цагаан арьстай, баян эрэгтэйн харах өнцөг ноёлох байр суурьтай байгаа бөгөөд уг харах өнцөг соён гэгээрлийн үеэс хойш өнөөг хүртэл хүч нөлөөллийг тогтоодог зэмсэг болсон хэмээн шүүмжилдэг. Энэхүү санааг Мишель Фукогийн бүтээлүүдээс бэлхнээ харж болно (Мишель Фуко: Хүч нөлөөлөл ба шорон).

Философийн “хундаам” гэж нэрлэдэг үзэл санаа нь бусад үзэл санааны анхдагч суурь үндэс нь болж байдаг, нийгэмд ноёлох байр суурьтай, нийтээр хүлээн зөвшөөрсөн, эсвэл хүлээн зөвшөөрөх ёстой тэрхүү санаа юм. Тухайлбал дундад зууны үед Европт католик шашинтай хүмүүс ноёлох байр суурьтай байсан бөгөөд Деррида үүнийг “төв үзэл” (central) хэмээн нэрлэжээ.

Жак Деррида, Жан-Франсуа Лиотард зэрэг пост-модернистууд: “пост-модерн нийгэмд нэг хэл, нэг өгүүлэмж (мета-өгүүлэл) ноёлдоггүй, харин олон хүмүүсийн микро-өгүүлэмжүүд чихэлдэн оршдог, өгүүлэмжүүдийн багт наадам” хэмээн тодорхойлсон юм.

Пост-модернистуудын хувьд төв үзэл (Деррида) нь бусдыг ялгаварлах, гадуурхах шалтгаан болж хүч нөлөөлөл багатай нийгмийн бүлгийг дарангуйлах, зайлуулах шалтгаан болдог хэмээн шүүмжилдэг.

Пост-модернизмын үндсийг тавьсан Ницше хэлэхдээ “соёл болтлоо хэвшсэн аливаа дадал зуршил цаг хугацаа өнгөрөх тусам илүү логиктой, үнэн болж эхэлдэг” хэмээсэн юм. Ийнхүү пост-модернистууд “хундаам” (Foundation)-ыг үгүйсгэж, хэл шинжлэлийн салбарт төв үзлийн эсрэг хувьсгал хийжээ.

УИХ-аас бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон нь пост-модернистуудын хувьд төв үзэл, хундаам бөгөөд бусад шашны дагагчид бол ялгаварлагдсан, хүч нөлөөлөл багатай цөөнх болно.  Пост-модернизм үүнийг л эсэргүүцдэг. Пост-модернистуудын хувьд нэгдмэл үнэн гэж үгүй, зөвхөн өөр өөрийн харах өнцөг гэж бий бөгөөд тэд бүгд тэгш үнэн юм. Энэ утгаараа пост-модернизм бол аливаа соёлын ноёрхлыг хүчтэй эсэргүүцэж, нийгэмд олон хандлага, харах өнцөг тэгш орших ёстой тухай хөдөлгөөн юм.

Үнэний тухай

Тэгвэл үнэний тухай пост-модернистууд юу гэж үздэг вэ?

“Хэрэв үнэнийг бүсгүй хүн гэж үзвэл бүх философичид хэтэрхий хүмүүнлэг (all-too-human) алдаа дутагдлаасаа болж түүнийг өөрийн болгож чадаагүй юм” хэмээн Ницше “Сайн ба муугийн ойлголтоос цааш лавшруулах нь” (Beyond Good and Evil) хэмээх номоо эхлүүлсэн байдаг. Хүн төрөлхтөн үнэнийг дааж чадахгүй, бяц даруулах учраас амьд үлдэхийн тулд худал хуурмагтай нөхөрлөж байдаг хэмээн тэрээр тодорхойлжээ. Гэхдээ хүн төрөлхтөн объектив үнэнийг мэдэх боломжгүй гэж үү?

Ницшегийн үзэж буйгаар  “хүний мэдрэхүй, оюун тархи нь хоол хүнсээ олоход хүрэлцэхүйц хэмжээгээр л хөгждөг”. Иймээс хүний оюун тархи биологийн өгөгдлөөрөө хязгаарлагдаж байдаг учраас амьд үлдэхэд л хүрэлцэхүйц хэмжээгээр хөгжих боломжтой. Хүний нүд арслан барыг зугтаж чадах зайнаас олж хардаг ба түүнээс цааш хардаггүй. Могой, мод хоёрыг ялгаж чадах хэмжээнд ялгаж хардаг бөгөөд ургамлын эд эс, од эрхсийг харах чадамжгүй. 

Иймд үнэнийг мэдэх нь хүний оюун тархинд хэтэрхий ахадсан даалгавар юм гэжээ. Гэтэл Ницше үүгээр зогсохгүй, объектив үнэн гэж огт байдаггүй гэжээ. “Үнэн гэдэг бол амьд организмын амьд үлдэхийн тулд зохион бүтээсэн алдаа” юм гэжээ. Ницшегийн энэ санааг пост-модернист хэл шинжлэлийн ухааны доктор Фердинанд де Сосюр цааш нь хөгжүүлж “үнэн гэдэг бол зөвхөн хэлэнд л орших зүйл бөгөөд бодит байдлаас хийсвэрлэсэн ойлголт юм” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл дэлхий ертөнц өөрийн гэсэн бүтэц үгүй, харин хүн л аливаа бүтцийг хэлээр дамжуулан оноож байдаг байна. Ингэснээр хэл шинжлэлийн профессорууд үнэнийг мэдэж чадах тухай хуучны мөрөөдөлд цэг тавьснаар пост-модернизмыг хөгжлийн гараа эхэлжээ. Хүн төрөлхтөн өөрсдийн амьд үлдэх хэрэгцээндээ тохируулж хэл яриаг хөгжүүлдэг байна.

Хэл шинжээч Ноам Хомский тодорхой бүлэг хүмүүсийг “эх орончид” эсвэл “террорист” гэж нэрлэх нь объектив үнэнтэй хамааралгүй, зөвхөн тухайн бүлэглэлийн хэрэгцээг хангахуйц хэллэгийн хэлбэр юм гэсэн санааг дэвшүүлсэнд гайхах зүйлгүй. Үнэндээ л газын зурваст амиа егүүтгэн байж бөмбөг тэсэлдэг Палестины уугуул иргэд харах өнцгөөс хамаарч “террорист” эсвэл “эх оронч” байхаас, хоёул байх боломжгүй.

Энэ л утгаар Ницше “Үнэн гэдэг бол амьд организмын амьд үлдэхийн тулд зохион бүтээсэн алдаа” гэдэг.

Ницше “Ёс суртахууны угшил” хэмээх номдоо нэгэн зүйрлэлийг бичжээ:

Тэрээр “хургануудын хуралдаанаар бүгд нэгэн дуугаар “махчин шувуу муу” гэсэн үнэнийг тогтоож, эсрэгээрээ “хурганууд сайн” хэмээн дүгнэхэд, түүнийг сонссон махчин шувуу учиргүй инээд алдаж, “гэхдээ л би хурганы маханд дуртай” хэмээн хариулсан тухай өгүүлдэг.

Энэхүү зүйрлэлийн цаад санаа нь хургануудын хувьд үнэн гэж үзэж байгаа зүйл нь махчин шувууны үнэнтэй адилгүй. Иймээс үнэн гэдэг нь нэг бөгөөд цорын ганц байх боломжгүй. Үнэнийг өгүүлэх гэсэн олон философичид харилцан зөрчилддөггүй гэж үү? хэмээн тэрээр асуудаг. Энэ бол пост-модернизмын үнэний талаарх хандлага, баримтлал юм.

Түүх гэдэг бол үнэнүүд хоорондоо эцсээ хүртэл алалдан тэмцэлдэх тулааны талбар ажээ.

1960-аад оноос Пост-модернист хөдөлгөөн соёлын ноёрхлыг хүчтэй эсэргүүцэж, Европын, цагаан арьстай, баян эрэгтэйн харах өнцөг нийгэмд, цаашлаад дэлхийд ноёлох байр суурьтай байгааг шүүмжилснээр, философийн хүрээний сэхээтнүүдийн дунд “бусад”, “идентити” (ялгарал) зэрэг үгс моодонд оржээ.

Өдгөө бид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, ижил хүйстнүүдийн эрхийг ярьдаг болсон нь пост-модернистуудын нөлөө юм. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг нь аливаа асуудлыг хардаг “эмэгтэй” байр суурь, “эмэгтэй” үзэл бодол байдаг гэсэн санааны тусгал. Үүний нэгэн адилаар үнэний талаарх африк үзэл, үнэний талаарх эмэгтэй үзэл, үнэний талаарх ижил хүйстний үзэл байх боломжтой гэсэн үг. Иймээс УИХ-ын дарга Занданшатар: одоо бид халамжийн бодлогын талаарх эмэгтэй байр суурийг сонсоцгооё, эсвэл халамжийн бодлогын талаарх ижил хүйстний байр суурийг сонсоцгооё, эсвэл халамжийн бодлогын талаарх муслим шашинтны байр суурийг сонсоцгооё хэмээн микрофоныг нээх үед пост-модернистууд Монгол улсад сая нөлөөллөө тогтоолоо хэмээн үзэж болно.  

Түүхийн хичээл дээр нэгэн оюутан “миний бодлоор...” гэж хариулахад багш нь ихэд уурсаж, “чиний бодлоор болдог түүх гэж юу юм” хэмээн зандарсан тухай явган яриа байдаг. Харин пост-модерн нийгэмд энэ мэт төв үзэл үгүй болох ба өрсөлдөж буй аргументууд нь хэн олон дагагчтай гэдгээрээ ялгарах боловч аль нь үнэнд илүү ойр вэ гэдгээр ялгарах үгүй. Энэ бол бидний бүтээсэн пост-модерн нийгэм бөгөөд энэ нь нэг талаар ардчиллыг чимж, нөгөө талаараа доройтуулж байгаа “үзэгдэл” юм. Учир нь ардчилсан нийгэмд хургануудын нэгэн адил “үнэнийг олонхын саналаараа тогтоодог” билээ.  

arrow icon