Гарын үсэг цуглуулахын тулд

Шаардлага үүсгэснийхээ дараа тэмцлээ олон нийтэд таниулж, дэмжлэг олохын тулд олон гарын үсэг цуглуулах ёстой. Тэгэхээр олон үсэг цуглуулах хамгийн сайн арга юу вэ? Өөрчлөлтийг авчрахад шаардлагатай тооны гарын үсэг цуглуулахын тулд шаардлага нийгмийн сүлжээгээр түгээж, өөртэйгөө ижил зорилготой хүмүүст хүргэх шалгарсан аргуудыг бид доор жагсаав:

Сошиал медиагаар хуваалцах

Шаардлага үүсгэсний дараа манай trends.mn/action-ы сошиал медиагаар хуваалцах хэрэгслүүдийг ашиглаж хормын төдийд Фэйсбүүк болон Твиттер дээр шаардлагаa хуваалцаж болно.

Ингэхийн тулд шаардлага рyyгaa ороод зүүн талд нь байрлах “Энэ шаардлагыг хуваалцах” гэсэн товчийг дарна. Твиттер дээр жиргэх үү эсвэл Фэйсбүүк дээр нийтлэх үү гэдгээ сонгоход таны шаардлага автоматаар Фэйсбүүк дахь таны найзуудад эсвэл Твиттер дэх таны дагагчдад харагдах болно.

Шаардлагаa Фэйсбүүк болон Твиттер дээр хамгийн олон хүнд хүргэхийн тулд энэхүү хэрэгслийг нэгээс олон удаа ашиглахыг зөвлөж байна. Дахин нийтлэх бол шаардлага рyyгaa нэвтрээд “Энэ шаардлагыг хуваалцах” гэсэн товчийг дарахад хангалттай. Дагагчдадаа шинэ мэдээлэл өгөх зорилгоор нэмэлт тайлбартайгаар шаардлагаa хуваалцаж болно.

Шаардлагаa өөрийн сошиал медиагийн профайлууд дээр хуваалцахаас гадна:

  • Шаардлагын тань сэдэв эсвэл газар оронтой холбоотой Фэйсбүүкийн бүлгэмүүдэд элсээд шаардлагаa тэнд хуваалцаж болно.
  • Шаардлагын тань сэдэв эсвэл газар оронтой холбоотой онлайн мессеж самбаруудад нэгдээд шаардлагаa тэнд хуваалцаж болно.
  • Шаардлагынхaa сэтгэгдэл бичих хэсэгт нь холбогдох мэдээ мэдээллийг оруулж болно.
  • Олон дагагчтай хүнд хандаж жиргээд retweet хийж өгөхийг хүсэж болно.

Сошиал медиагийн хэлэлцүүлгүүдэд оролцох

Танай шийдвэр гаргагч онлайн хэлэлцүүлэг зохиож байгаа юу? Эсвэл таны хөндсөн асуудлын талаар тусгай чагтан шошго (hashtag) ашигласан Твиттерийн хэлэлцүүлэг өрнөж байгаа юу? Кампанит ажлаа олны анхааралд өртүүлэхийн тулд мэдээ мэдээлэл оруулах бүрдээ чагтан шошго ашиглаарай. Таны шаардлагад гарын үсэг зурж, дэмжих хүмүүс таны шаардлагын талаар олон сувгаар олж мэдэх боломжтой хэдий ч олон нийтэд сурталгаа явуулсан байхад бүр илүү үр дүнтэй байх болно. Юуны түрүүнд Google, Overture болон бусад хайлтын системийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ танд сурталчилгаанд зарцуулах мөнгө байхгүй бол шаардлагынхaa цахим холбоосыг түүнтэй холбогдох онлайн хэлэлцүүлгийн бүлгүүд болон блогууд дээр нийтлэн үлдээснээр шаардлагаa олон нийтэд сурталчилж болно.

Кампанит ажилдаа зориулж чагтан шошго зохиох

Та олон хувь хүн, нийгмийн бүлгийн анхааралд өртөж, твиттерт нь бичигдэх урт хугацааны кампанит ажил өрнүүлж байгаа юу? Тийм бол кампанит ажилдаа чагтан шошго үүсгэх хэрэгтэй. Тэгснээр таны дэмжигчид кампанит ажлын явц, сүүлийн үеийн мэдээг цаг алдалгүй үзэж, сошиал медиагаар дамжуулан нэг нэгэнтэйгээ ярилцах боломжтой болно.

Арга хэмжээ болон үйл ажиллагааны хувьд чагтан шошго нь аль болох богино байх ёстой. Мөн кампанит ажил эхлэхээс өмнө олон нийтэд түгэн дэлгэрсэн байх хэрэгтэй. Чагтан шошгонд товчилсон болон хураангуйлсан үгийг ашиглаж болно (Тухайлбал Утааны эсрэг ээж аавууд бүлэг #БоожҮхлээ гэсэн шошго хэрэглэсэн). Кампанит ажлынхаа нэрийг давхар таниулах шаардлагатай үед чагтан шошго нь бүтэн үг агуулсан, бага зэрэг урт байж болно. Шийдвэр гаргагчийн нэрийг агуулсан байж бас болно.

Хэвлэлийнхний дуранд өртөх

Сурталчилгаа болон түргэн түгэх маркетинг бол олон нийтийг татах хоёр сайн арга мөн. Үүнээс гадна амжилтад хүрсэн шаардлагyyд хэвлэлийнхний анхаарлыг тодорхой хэмжээнд татаж чадсан байдаг. Энэ нь таны шаардлага заавал Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдэх ёстой гэсэн үг биш. Харин орон нутгийнхаа FM радио төдийгүй бүр жижиг Интернет мэдээний сайтуудын анхааралд өртөж чадвал хамгийн амжилттай болж чадна.

Оффлайн хүчин зүтгэлээр хүчээ нэмэх

Та онлайн шаардлага үүсгэсэн учраас оффлайн ертөнцийг ор тас мартаж мэдэх юм. Гэвч танд гэртээ, ажил дээрээ, мөн өөр олон газарт гарын үсэг цуглуулах боломж тохиолууд бий гэдгийг санаарай. Тухайлбал орон нутгийнхаа төрөл бүрийн мэдээллийн самбар дээр (номын сангийн мэдээллийн самбар гэх мэт) зар наах, бүр ажил дээрээ амнаас ам дамжсан маркетинг хийх зэрэг нь асар үр дүнтэй байдаг. Хамгийн гол нь хүмүүс таны шаардлагын талаар олж мэдэх нь чухал юм.

Шаардлагынxaa талаар шинэ тутмын мэдээ нийтлэх

Манай Шаардлага Шинэчлэх хэрэгсэл бол илүү олон гарын үсэг цуглуулахаас гадна дэмжигчидтэйгээ шинэ тутмын мэдээ мэдээллээ хуваалцаж, кампанит ажлыг тань ялалтад хүргэх үйл ажиллагаанд уриалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Шаардлага Шинэчлэх хэрэгслийг ашиглаж шаардлагадaa ялахад тань туслах шалгарсан гурван зөвлөмж

  1. Кампанит ажлын тань хүрээнд шинэ зүйл болох бүрд дэмжигчдэдээ мэдээлэх

    Хүмүүс таны шаардлагыг үнэхээр дэмжиж байгаа учраас гарын үсэг зурсан гэдгийг санагтун. Иймд таны дэмжигчид шаардлага үүсгэснээс хойш юу юу өрнөхийг мэдэхийг хүсэж байгаа. Танд хуваалцвал зохих үнэ цэнэтэй зүйл байгаа бол өдөр бүр байсан ч хамаагүй нийтлээд л байх хэрэгтэй. Юутай ч долоо хоног бүр дор хаяж нэг мэдээ нийтэлж байвал зохино.

  2. Шинэ тутмын мэдээ нийтлэх олон арга бий. Дараах арга бүрийг кампанит ажилдаа ашиглаж үзээрэй:
    • Кампанит ажилтай холбогдох нийтлэл, өгүүлэл, мэдээ мэдээллийг хуваалцах
    • Шаардлагыг ялалтад хүргэхэд туслах зөвлөмж эсвэл харилцаа холбоог дэмжигчдээсээ хүсэх
    • Шийдвэр Гаргагчтай холбогдсон тухайгаа дэмжигчдэдээ мэдээлэх
    • Кампанит ажлыг тань ялалтад хүргэхэд олон нийтийн санхүүжилт босгох, шийдвэр гаргагчийн Фэйсбүүк хуудас дээр нийтлэл бичих, Твиттер хаягт нь хандаж жиргэх гэх мэт өөр бусад арга хэлбэрээр туслахыг дэмжигчдээсээ хүсэх
  3. Шинэ тутмын мэдээ нийтлэх бүрдээ дэмжигчдээсээ шаардлагыг тань дэмжиж ямар нэгэн зүйл хийж өгөхийг хүсдэг байх. Тухайлбал:
    • “Энэ мэдээг уншаад кампанит ажлынхаа талаар олон хүнд дуулгахын тулд цааш нь түгээнэ үү”
    • “Шаардлагаa ялалтад хүргэхийн тулд юу хийх талаар санаа оноогоо сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү”
    • “Шийдвэр гаргагчийн Твиттер хаягт хандаж жиргэнэ үү”

Шаардлагаa цахим шуудангаар түгээх

Шаардлагаa сошиал медиагаар хуваалцахаас гадна найз нөхөд, төрөл садан руугаа гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан цахим шуудан илгээх нь шаардлагадaa дэмжлэг үүсгэх, гарын үсгээ өсгөх маш сайн арга юм.

Найз нөхөд болон төрөл садангаасаа гарын үсэг зурж, цааш нь түгээж өгөхийг хүсэх нь шаардлагынхaa эрчийг нэмэгдүүлэх баталгаатай сайн арга юм. Тэд таныг мэддэг, дэмждэг гэдгээ гарын үсэг зурж баталгаажуулснаараа танд болоод нийгэмд уг кампанит ажил хэчнээн чухал болохыг илэрхийлж чадна.

Цахим шуудангийн жишээ:

Сайн уу,
Би саяхан “Манай охин Алимааг аврахад туслаарай” гэдэг шаардлагад гарын үсэг зурж, нэгдлээ. Чи ч бас энэ шаардлагад нэрээ нэмж, туслах болов уу гэж бодсон юм.
Бид 500,000 гарын үсэг цуглуулах зорилготой байгаа учраас дэмжлэг их хэрэгтэй байна. Энэ шаардлагын талаар доорх цахим холбоосоор орж, дэлгэрэнгүй танилцаж болно:
https://www.trends.mn/action....
Баярлалаа!