Хүүхэд төрүүлэх нь мөнгөжих арга
Эрх баригчдын санаачлагаар хүүхдийн мөнгө дахин “амилж” байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр ирэх сарын 1-нээс эхлэн хүүхдэд өгөх халамж эхлэх нь. Хүүхдийн мөнгө. Эзэндээ хүрдэг бол сайхан нэртэй мөнгө. Эзэндээ хүрээд, нэмэр болчихоор хэмжээтэй бол туйлын хэрэгтэй мөнгө. Европын олон улсад ийм нэртэй халамжийн хэлбэр байдаг бөгөөд эзэндээ хүрж буй эсэхийг хянадаг тусдаа механизмтай гэдгийг дурьдах илүүц биз. Аль 1935 онд Национал-социалистууд “Ари үндэстний хүүхдийн тусламж” нэртэйгээр эхлүүлсэн түүхтэй
энэхүү халамж нь эхэндээ олон хүүхэдтэй айлд олгогдож байгаад 4,3,2 гэж буурсаар одоо хүүхэдтэй л бол олгодог болжээ. Хүүхдийн мөнгө гэдэг халамж нь хүн амынхаа сөрөг утгатай өсөлтийг зогсоох бодлого гэх боловч үр дүнгээ өгөх нь бүү хэл, цагаачдын бодлоготой уялдаж холбогдоод явж байгаа нь зорилгодоо хүрдэг үү гэдэг асуултыг тавихад хүргэдэг.
Чухамдаа Герман, Бельги, Ирланд, Швейцарын бодлогыг энд шүүмжлэх гэсэн юм биш. Харин Монголд хэрэгжүүлээд үзчихсэн, дахиад сэргээх гэж байгаа халамжийн энэ хэлбэрийг байх нь зөв үү, байх бол ямар хэлбэрээр байх нь зүйтэй вэ гэдэг талаас нь тунгаах ёстой. Ингэхийн тулд энэ замыг туулаад ирчихсэн улсуудын алдаа оноог харахад ер гэмгүй.
Аливаа халамж эерэг сөрөг талтай, эерэг нь сөргөөсөө тоон болон бусад чанараараа давуу байвал зөв зүйтэй гэж үзнэ. Хүүхдийн мөнгөний хэмжээгээр хамгийн их буюу нэг хүүхдэд сард 185 евро өгдөг улс Люксенбург тэргүүлж, 184 евро өгдөг Герман улс удаалж байна. Хамгийн бага хүүхдийн мөнгө өгдөг нь Грек улс. 5 евро гаруйхан. Хүүхдийн тооноос хамаарч мөнгөний дүн өсдөг улс байхад хүүхдийн насаар ялгаж халамж хүртээдэг Голланд, Австри, Дани, Испани гэх мэт улс бий. Итали бол гэр бүлийн орлогоос хамааруулж, бага орлоготой айлд 250 хүртэл еврог сар бүр олгодог. Ирланд улс ихэр хүүхдэд 1.5 дахин, 3 ба түүнээс дээш ихэрт 2 дахин үржүүлж олгодог хуультай. Ингэснээр 3 ихэр хүүхэдтэй айл бол сар бүр 856 евро авах жишээтэй. Энэ нь хэр их мөнгө вэ гэдгийг тооцож үзье. 6 ам бүлтэй дундаж айл долоо хоногийн хүнсний хэрэглээндээ дунджаар 183 евро зарцуулдаг гэсэн тооцоо бий.
Европт байрны үнэ орлогын ихэнхи хэсгийг авч оддог боловч олон хүүхэдтэй айлын байрны мөнгийг төр бас төлөлцдөг учраас олон хүүхэд төрүүлэх нь нэг ёсны мөнгө олох арга болж, ингэхдээ ихэвчлэн цагаачдын “ажил” болж хувирчээ.
Европ хүүхдийн халамжаа шүүмжилж эхэллээ
Нийгмийн дундаж давхрагад багтдаг гэр бүл нь хүүхэдгүй аль эсвэл цөөн хүүхэдтэй байвал нийгмийн бүтээлч хэсэг улам цөөрч тухайн улсын эдийн засгийн, үйлдвэрлэл, боловсролын чадамж муудах нь ойлгомжтой. Хүүхдийн мөнгө гэдэг бодлого нийгмийн дундаж давхрагад сайнаар нөлөөлөхгүйгээр үл барам татвар төлөгч , ажил эрхлэгч, нийгмийн баялаг бүтээгч тэр хэсгийг улам нимгэлсээр ирсэнийг Европын орнуудын зарим улстөрчид ил тод ярьж эхэллээ. Германд Тило Сарацен хэмээх нэр хүндтэй улстөрч эрхэм бий. ХБНГУ-ын Сангийн яам, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Берлин хотын захиргаа, Германы Төв банкны удирдах зөвлөл гэх зэрэг газарт санхүүтэй холбоотой өндөр албан тушаалуудыг олон жил хашсан хүн. Тэрээр “Герман улс өөрийгөө татан буулгаж байна” (Deutschland shafft sich ab, 2010) гэдэг номондоо хүүхдийн мөнгө гэдэг бодлогыг маш хурцаар шүүмжилсэн нь шуугиан тарьсан бөгөөд номын эхний хэвлэлт хоёрхон долоо хоногийн дотор дуусч, дахин 13 удаа хэвлэлтэнд орж, нийтдээ нэг сая гаруй хувиар зарагджээ. Улмаар хүүхдийн мөнгөний талаар олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнөх боллоо. Тило Сарацен номондоо дундаж давхрага юунаас болж нимгэрч, Герман улсын өрсөлдөх чадвар муудаж байгаа, санхүү, халамжийн бодлого, түүнээс улбаатай цагаачлал, ажилгүйдлийн тэтгэмжийн хавтгайрал, нийгмийн баялгийг бүтээгчдээс дээрэмдэж авсан мөнгөөр шимэгчдийг үржүүлж байгаа улстөрийн намуудын бодлогыг шүүмжлээд, хийх ёстой өөрчлөлтүүдийг маш олон судалгаа, статистик , тоо баримтат тулгуурлан дурджээ.
Тило Сарацены хийсэн асуулга судалгаанаас үзвэл, ажилтай орлоготой, оюунлаг давхрагад харъяалагдах иргэнд хүүхдийн мөнгө хэд байх, ер нь байх байхгүй нь чухал биш аж.
Харин хүүхэд гаргах, өсгөн хүмүүжүүлэх эрүүл мэнд, боловсролын орчин, түүнчлэн эргээд ажилдаа орох, хүүхэд асрах үед нэмэлт боловсролд хамрагдах боломж, цаашилбал хүүхдийнхээ ирээдүйн амьдрах орчинд итгэх итгэл л тэдэнд чухал. Тэгвэл ажилгүй, боловсролгүй, орлого багатай иргэнд хүүхдийн мөнгөний хэмжээ, олгох давтамж, бусад халамжтай давхар авах боломж, хүүхдийн тооноос хамаарч өсөх хэмжээ гэх мэтээр цэвэр санхүүгийн асуудал л чухал. Баялаг бүтээгчдээс авсан татварын мөнгөөр тэдний үр хүүхдэд ээлтэй орчинг бий болгох бодлого баримтлахгүй, шууд мөнгөн хэлбэрээр шимэгчдэд тараахаар баялаг бүтээгчид хүүхэд гаргахгүй л болчихож байгаа юм. Төлдөг татвар нь харин тоон утгаараа жилээс жилд багасаад, улмаар үйлдвэр, шинжлэх ухаан, техник технологиос орох орлого ч жилээс жилд буурдаг.
Зохист арга
Хүүхдийн мөнгийг өрхийн орлогоос хамааруулж олгодог төлөв рүү бүх улс явж байна.
Орлоготой нь холбож, авсан татварыг буцааж олгох, татвараас нь хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр хүүхдийн мөнгө олгох нь хамгийн оновчтой шийдэл. Хүүхдийн мөнгөний гол зорилго нь хэрэв үнэхээр хүүхэд юм бол хүүхдэд зориулсан эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн орчинг нь бий болго
х, сайжруулахад зарцуулсан нь дээр.
Бэлнээр олгохоор архинд явчихна, талон хэлбэрээр олговол болно гэж бодож байна уу. Худлаа шүү, тэр талон ваучерыг чинь зараад л архи уучихдаг юм. Дээр нь тийм “шахаасны” хүүхдийн сүү, дэвтэр харандаа, аливаа бараа үйлчилгээ нь сонголтгүй, чанаргүй болчихдог юм. Монголын мянга мянган айл өрх тэр хүүхдийн мөнгөгүй өнөөдрийг хүргэсэн юм чинь цаашаа ч болгож л таарна. Харин тэр мөнгөөрөө ахиухан шиг цэцэрлэг, сургууль эмнэлэг бариад өг, багш эмч нараа олигтойхон бэлдээд өг. Мөнгө тараах чинь хамгийн болхи тэнэг шийдэл.
Хичнээн ажил хөдөлмөр эрхлье гэж чармайсан ч боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настангуудад л халамж гэх ойлголт хэрэглэж, олгомоор
. Бусад аль ч хэлбэрийн халамжийг ажил эрхлэлт, цалин, нийгмийн даатгалтай холбож олгохгүй бол Монгол улс халамжийн улс болоод дуусна
. Төрийн албаныхан огт мэдрээгүй байж болно, хувийн секторынхонд ажиллах хүчин олдохгүй байна. Цалин голно, дуртай үедээ ажлаасаа гарчихна, ажлынхаа байранд мэдлэг чадвар нь тэнцэхгүй. Байдал иймдээ тулчихаад байхад дээрээс нь элдэв намын хөтөлбөр, хөгжлын бодлого, сонгууль нэрийдлээр халамжийн тоог нэмээд байх юм. Газар малтаж гаргасан мөнгөөр хэсэгтээ төсөв бүрдээд явах байх. Гэхдээ тэр мөнгө чинь мөнх биш. Ядахад яр гэгчээр эх орончоо батлах гээд газар малтдаг гадны хэдээ хөөгөөд явуулчихаар мөнгө төгрөг хомсдоно, хомсдож эхлээд байгааг өөрсдөө бол анзаарч л байгаа. Хөөж явуулдаг хэд төрөөс хуссан хэдэн бор юмаа гаргаж өгөхгүй нь тодорхой. Толгойд нь олигтой бодлого шийдэл байхгүй хэдэн нөхөр гадныхан зайл гэдэг популизмээр чадан ядан сонгогдлоо, албан тушаалд хүрлээ, одоо болсон, дуугуй л суух хэрэгтэй.
Үндэстний Тойм сэтгүүлийн 2012 оны 11 сарын дугаарт нийтэлсэн
ЗӨВ ШҮҮ