Нийтлэл 01 сарын 29, 2015

С.Дүүриймаа: Хөвгүүдээ өсгөхдөө хөдөлмөр хүүхдийн хүмүүжилд маш чухал гэдгийг олж харсан

Trends.mn “76 ээжийн зөвлөгөө” цуврал ярилцлагаа эхлүүлж байна. Анхны зочноороо Хаппи Веритас” ХХК-ийн ерөнхий захирал С.Дүүриймааг урилаа. Хүнээр хүн хийх хэцүү гэх... Ярилцлагадаа яг энэ асуудлыг хөндөх юм. Дөрвөн тэрсхэн хүү төрүүлж өсгөсөн С.Дүүриймаатай ярилцлаа.

-Та энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

- Би Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул иргэн. Ажил, албаныхаа оргил үеийг хилийн цэрэгт өнгөрөөсөн. Хилчин эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал эрхэлсэн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар арав гаруй жил ажилласан. Одоогийнхоор бол хилчин офицер, ахлагчдын гэр бүл, үр хүүхдийн  нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх түвшинд ажилладаг байлаа. Цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 1993 оноос эхлэн хувийн секторт ажиллаж байна.

(зүүн гар талаас хоёр дахь нь)

-Та ямар мэргэжилтэй билээ. Таныг хүүхэд байхад мэргэжлээ сонгоход хэрхэн ханддаг байв?

-Миний үед ч мэргэжил сонгох асуудал их л бүрхэг, бүүдгэр байж. Миний аав ээж малчин. Намайг чиглүүлнэ гэж юу байхав. Би 10-р ангиа төгсчихөөд технологич болно гэсэн бодолтой байсан. Технологич гэдэг мэргэжлийг тухайн үедээ юу гэж бодож, ойлгож байсан юм бүү мэд. Ямартай ч эмч, багш мэргэжлийг эзэмшихгүй гэдэг байлаа. Тэгээд л хөдөө аж ахуйн дээд сургуулийн таваар судлалын ангид элсэн орж, төгссөн дөө.

-Хоёулаа ярилцлагаа таны гэр бүл рүү тань хандуулъя. Таныг дөрвөн хүүтэй гэж байсан?

-Дөрвөн хүүтэй. Уг нь би тав төрж зургаан хүү гаргасан юм. Тухайн үед жирэмсний хяналт хангалтгүй байснаас болоод хоёр ихэр хүү маань дутуу төрсөн. Уг нь төрөхдөө амьд төрсөн ч хүн болж чадаагүй дээ. Хөгшин бид хоёр дөрвөн хүүгээ нийгэмд хэрэгтэй, олондоо тустай хүн болгон хүмүүжүүлэх юмсан гэж хамаг зав зай , хөдөлмөр, сэтгэлээ зориулсан.

-Та хоёрын маань зорилго биелжээ. Одоо хүүхдүүд тань хаана ямар ажил эрхэлдэг вэ?

- Бүгд л өөр өөрийн гэсэн оюуны бизнес хийхээр, эзэмшсэн мэргэжлээ ажил хэрэг болгохоор хичээж байна. Сурсан эрдэмээ ард түмэндээ зориулах учиртай юм шүүдээ. Хоёрдох хүүг маань хүмүүс сайн таних байх. Эрүүл мэндийн дэд сайд байсан Ж.Амарсанаа. Манай гэр бүлийн барьдаг нэг зарчим бий. Хүүхдүүдийнхээ цэцэрлэгээс эхлээд сургууль хүртэл нь бүх орчинг адилхан байлгах гэсэн зарчмыг барьдаг. Тиймдээ ч манай хүүхдүүд бүгд 23-р сургуулиас гараагаа эхэлсэн. Том хүү маань 8-р ангид байхдаа тооны гүнзгий анги сонирхоод Нэгдүгээр сургуулийн сонгон шалгаруулалтанд орж тэнцээд уг сургуульд суралцах болсон. Тэгээд Японд Токиогийн их сургуульд суралцсан. Хоёр дахь хүү Ж.Амараа маань 6-р ангиасаа Манба Дацан сургуульд суралцсан. Тэндээсээ Токиогийн их сургуульд элсэн орсон. Харин Ж.Мягмарсүрэн, Ж.Сугарсүрэн маань 23-р сургуулиа төгсөөд өөрсдийн сонирхсон мэргэжлээ эзэмшсэн.  

-Таны хөвгүүдийг өндөр боловсролтой, мундаг хувь хүн гэж үнэлэх хүн олон байдаг. Ингэж төлөвшихөд таны нөлөө их байсан байх?

-Манай гэр бүл хэд хэдэн хатуу зарчимтай л даа. Хамгийн түрүүнд хүүхэд цагаа зөв зохистой өнгөрөөх ёстой гэсэн зарчмыг хэрэгжүүлдэг. Дараа нь эцэг эх хүүхэддээ ялгаваргүй хандаж, тэгш боломж олгох гэсэн зарчмыг барьдаг. Нөхөр бид хоёр анхнаасаа гарааных нь шугамыг зэрэг тавьж өгье гэж бодсон. Зарим айлуудад ажиглагдаад байдаг даа, хүүхдүүдээ энэ миний амины хүүхэд, энэ аавын хүү гээд л. Би энэ хандлагыг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Миний барьдаг гол философи эцэг эхийн хувьд хүүхэддээ ялгаваргүй хандах ёстой гэдэгт суурилдаг. Нөгөө талаас хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэх ёстой гэсэн байр сууринаас ханддаг. Хүүхэд бүр оюуны чадамж, хичээл зүтгэл гээд маш олон хүчин зүйлээс шалтгаалаад өөр өөр байх нь бий. Заавал бүгд дээд сургууль төгсөх албагүй шдээ. Хүн бүр дээд сургуульд суралцвал хэн материаллаг баялгийг үйлдвэрлэх юм бэ. Гэхдээ дээд сургуульд сураагүй ч хүн бүр тодорхой мэргэжилтэй байж, түүндээ эзэн байх нь чухал.

-Зөв хүн болгон төлөвшүүлэх гэлээ. Хүнээр зөв хүн хийнэ гэдэг амаргүй гэж олон хүнээс сонсож байсан юм байна?

-Хүн бүр хүн л байх ёстой. Малчин, мужаан, сайд байна уу ялгаагүй хүн л байх ёстой. Энэ хорвоо эргэж хөрвөдөг гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгох учиртай. Өнөөдөр сайн явж байна. Маргааш амьдрал хаашаа ч эргэх юм билээ. Амьдралын үндсэн философийг сайн ойлгуулж өгч чадвал амьдралд жаргал зовлонгийн аль нь ч тохиоход аясаар нь жаргалтай сайхан байна гээд хөөрч хөөрцөглөөд байхгүй, зовлонтой хэцүү байна гээд толгойгоо унжуулаад яваад байхааргүй болдог. Ийм философид суурилаад өссөн хүн би чинь хүн шүү гэсэн бодлоор бүхий л зүйлд ханддаг болно. Хүүхэд таван нас хүртлээ төлөвшдөг гэдэг. Энэ үнэн санагддаг. Хүмүүсийг анзаараад байхад хүүхдээ буруу зөрүү ярихаар жоохон юм гээд тоохгүй өнгөрөөд байдаг. Ээжээ чи гэхээр нь инээж хөөргөөд байх жишээний. Өлгийтэй хүүхэд инээх, уйлахаа мэдэж байна гэдэг толгойд ухамсар бүрэлдэж байна л гэсэн үг ш дээ. Тэгэхээр хүүхдийг жаахан гэлтгүй бурууг нь засч залруулах хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Таван нас хүрчихээд сургуульд суухаар нь хүмүүжүүлнэ гэвэл тэр худлаа. Бага байхад нь амандаа үмхчих гээд л буруу зөвгүй өнхрүүлээд байсан мөртлөө томроод буруу үйлдэл хийхээр нь загнаж, зандраад байж болохгүй. Аав ээж нь нэгэнт л буруу суурь тавьж өгсөн юм чинь хүүхэд буруу л үйлдэл хийнэ шүү дээ. Хүүхдийн суурь хүмүүжил бүр багаас нь тавигддаг. Хүүхдийн хүмүүжлийн суурийг зөв тавьсан бол дараа нь хүүхэд найз нөхөд, хамт олон, гэр бүл дотроо нэр хүндтэй байдаг. Яагаад гэхээр энэ муу сурдаг гэж зайгаа барихгүй. Энэ сурлага сайтай, баян айлын хүүхэд гэж тал засахгүй. Өөрөөр хэлбэл төв үзэлтэй, зөв хүн болно гэсэн үг. Хүн өөрийнхөө орчинг, хүрээллийг өөрөө л бүрдүүлдэг юм чинь хэн нэгнийгээ муу явахад нь бахлаад тавлаад байхгүй, сайн явахад нь нүд нь эргэлдээд байхааргүй тийм л хүн болгох юмсан л гэж хичээдэг.

-Хүүхэд нэг үе зөрүүд болчихдог шүү дээ. Та хүүхдээ зөрж, аашлах үед нь хэрхэн ханддаг байсан бэ?

-Зөнд нь орхидог байсан. Хүүхэд ямар нэгэн байдлаар тэр байдлаасаа гарчихна. Ингэснийх нь дараа л ярилцах хэрэгтэй. Ямар олигтойдоо манай хөгшний ээж намайг манай Дүүриймаа янзын хүүхэд шүү, сохор, дүлий, хэлгүй хүн шиг байх юм гэхэв дээ. Тэрсхэн дөрвөн хүүхдийг зүгээр бай гэхэд 30 секунтээс илүү зүгээр байхгүй шүү дээ. Хүүхэд зөнгөөрөө өсөхөөрөө сэтгэлгээ нь задгай болдог юм болов уу гэсэн бодолтой явдаг.

 -Таны хувьд хүүхдийн хамгийн хэцүү үе нь хэзээ байсан бэ?

-Бага байхдаа юмруу унаж тусчих гээд. 4, 5-р ангид орохоороо сахилгагүйтэх гээд л. 6,7-р ангид орохоороо хаашаа, яаж төлөвших үү гээд л. Би хоёр хүүгээ Токиогийн их сургуульд сурч байхад нь өдөр бүр  яриад байж чаддаггүй байсан. Тэгсэн мөртлөө төгсөөд ирсэн хойно нь бас ийм тийм гэж зааж зөвлөчих гээд байх шинжтэй. Хүүхдүүд харин ээж та одоо санаа зовох хэрэггүй. Бид зөндөө том болчихсон гэх болж. Өрх тэргүүлж яваа, зарим нь хамт олны хувь заяаг шийдэх гээд явж байхад нь би хүүхдээр нь сэтгээд ам нэмчих гээд л байна.

-Хүүхэд ээжийнхээ сэтгэлд үргэлж л нялхаараа гэдэг үнэн юм даа?

-Яг үнэн. Дэргэд байхаар нь л ингэсэн үү, тэгсэн үү гээд байдаг юм. Тэгсэн мөртлөө л арван хэдхэн настай Японруу явуулчихсан. Хүүхдээ дэргэд байхаар нь улам л нялхамсуулаад байдаг нь ээж хүний зан байх.  

-Өөр дээрээ бодсон ч, хүмүүсийг харж байхад ч хүүхдээ болохгүй, болохгүй гэж их хориглоод байх шиг санагддаг. Таны хувьд хөвгүүдээ хэр хориглодог байв?

-Үйлчилгээний байгууллагад болохгүй, мэдэхгүй, чадахгүй гэдгийг хориглодог шүүдээ. Үйлчилгээ авах гээд зогсож байгаа хүн ч хүн. Миний хүүхэд ч бас л хүн биз дээ. Миний хувьд хориглох үгийг маш бага хэрэглэх ёстой гэж боддог. Хэт их хориглох нь хүүхдийн сэтгэл зүйд их нөлөөлдөг. Хориглох тусам л тэр зүйлийг хийж үзэх гээд мэрийгээд байх шиг байдаг. Би ер нь хориглосон үг хэлдэггүй байсан. Харин хориглохын оронд хүүхдийг завгүй байлгах нь зөв. Тодорхой эрхлэх ажилтай байлгах нь чухал гэж боддог. Манайх олон тэрсхэн хүүхэдтэй, ганцаараа тэдний хувцас хунарыг угааж, хоол ундыг нь хийвэл би гэдэг хүн үс нь сэгсийсэн галзуу амьтан болно биз дээ. Тийм болохоор өөрсдийг нь ажилд сургаж, туслуулдаг байсан.

- Дөрвийн дөрвөн эрэгтэй хүүхэд шүүдээ. Яаж ажил хийлгэж сургасан юм бэ?

-Манайх 14 хоногийн хооолны цэстэй байлаа. Өглөө, өдөр, орой хийх хоол гээд гаргачихна. Дөрвөн хүүгээ бага гэлгүй хоол хийх хуваарьт оруулна. Орой ажлаасаа тараад гэртээ ирэхэд хүүхдүүд тухайн өдөр хийх хоолныхоо бэлтгэлийг хангасан байдаг байлаа. Энэ мэтчилэн хүүхдийг хийх ажилтай байлгах нь чухал гэж бодож, энэ зарчмаараа л хөвгүүдээ хүмүүжүүлсэн. Дээрээс нь телевизийг хаадаг байлаа. Манайх одоо болтол DVD тоглуулагч, CD уншигчгүйш дээ. Манай хөгшин та нар энэ телевиз үзэж байгаа цагаа зөв ашиглаж, олигтойхон сурч чадвал өөрсдөө очоод нүдээрээ үзнэ. Хэрэв тэгж чадахгүй бол телевизээ ч худалдаж авч чадахгүй гэдэг байсан юм.

-Ямар их агуулгатай үг вэ. Гэхдээ хаяа телевиз үзүүлнэ биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүддээ тэгш боломж олгож, телевизээр кино үзэх боломж өгдөг байсан. Гэхдээ телевиз үз гээд зүгээр ч нэг үзүүлэхгүй ээ. Хүүхдүүдийнхээ дунд уралдаан зарлаж урамшууллын систем ашигладаг байлаа. Долоо хоногийн сүүлээр уралдааныхаа дүнг гаргаад тухайн долоо хоногтоо дан онц авсан нь дуртай киноныхоо 2-р ангийг үзнэ. Заримдаа хүүхдүүддээ хаалганы завсраар кино үзэх боломжийг олгодог байсан юм байна. Хаалганы завсараар нүд нь гялалзаад л зогсож байдагсан. Тэр үед нь мэдээгүй дүр үзүүлнэ. Одоогийн залууст харгис сонсогдох байх л даа. Гэхдээ би энэ аргыг бас өгөөжөө өгсөн юм болов уу гэж дотроо боддог. Манай хүүхдүүд өдөр бүр 15 минутын хүүхэлдэйн киног л бөөндөө суугаад үздэг байсан. Хөвгүүдээ өсгөх явцдаа хөдөлмөр хүүхдийн хүмүүжилд маш чухал гэдгийг олж харсан. Манай зусланд аньс их урганаа. Жилдээ 60 летр аньс түүгээд талаар нь жимсний чанамал , талаар нь өвөлдөө буцалгаж уух шүүс хийхээр бэлтгээд дарна. Тэр их жимсийг түүхэд хөвгүүдийн маань үүрэг их. Томд нь том шил, жижигд нь жижиг шил өгөөд түүлгэнэ. Нэг хүн хэдэн шилийг түүнэ тэрүүгээр нь уралдуулдаг. Ийм маягаар хүүхдүүдээ ажилд сургаж, завгүй байлгадаг байсан. Манай аавынх малтай. Хүүхдүүд маань өвөөгийндөө хөдөө хийдэг бүх л ажлыг хийж сурсан. Залуу ээж, аавууд маань нэг зүйлийг их сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Ээж хүн өөрөө хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх учиртай. Чи гутлаа тайл гэчихээд өөрөө хивсэн дээр гуталтайгаа гүйгээд байж болохгүй. Өөрөө гэртээ орж ирээд гараа угаадаггүй мөртлөө хүүхдээ гараа угаа гээд амаараа шахаад хүүхэд хэзээ ч сурахгүй. Үүнийг ямагт санаж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан бол өөрөөрөө үлгэрлэх л байсан шүүдээ.

-Хоёр биенээсээ хүүхдээ өмөөрчих гээд байх юм. Таны үед хүүхдээ хажуу айлын хүнд шилбүүрдүүлж байсан ч аав, ээж нь дуугардаггүй байсан гэх юм?

-Эцэг эх хоёр хүүхдээ биенээсээ өмөөрч огт болохгүй. Өөрийнх нь дэргэд хүнээс ч өмөөрч болохгүй. Ингэж өмөөрөх хүүхдийг хамгийн их эвддэг гэж би боддог. Хүүхдийн хажууд эцгийн байр суурийг их өргөж өгөх хэрэгтэй. Ээж хүн бол мухар ямаа шиг санагддаг, харин эр хүн бол том эвэртэй тэрх шиг. Ер нь амьдралд ааваар нь түрий барих үе бас зөндөө гарна. Тийм болохоор аавын нэрийг л хадгалж авч үлдэх нь хамгийн зөв.

-Манай урилгыг хүлээн авч, цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-06

    Сайн байна уу? Анхмаа! Би ач нартаа нэг их цаг зарцуулахыг хүсдэггүй. Учир нь аав ээж нь байгаа шүү дээ Тэгээд ч одоо цагт хүүхдээ асрах чөлөө хуулиар зохицуулагдсан болохоор сайхан болж дээ Дургүй, өөрт хэрэггүй зүйлээ уншиж хариу бичиж сайхан цагаа үрэх шаардлага байсан юм болов уу? гэж бодогдох юм... Гэхдээ миний ярьсан зүйлийг цаг гарган уншсанд их баярлалаа. С.Д

    • anhmaa
    • 2015-01-30

    Hudlaa yadchihiimaa. Ach nartaa hir ih tsag gargadag ve??

arrow icon