Нийтлэл 01 сарын 29, 2015

Бүжиглэх эрхгүй улс

Бид одоо бүгд хуулиа зөрчиж байна. Иргэд, цагдаа нар, УИХ-ын гишүүд нь ч хөгжмийн аянд хөлсөө дуслуулан хөхиүн баяртай хуулиа зөрчин бүжиж байна. Хэн нь ч дагадаггүй хуулийн хэрэг байна уу?! Уул нь монголчууд хуулиа дагавал татвар төлдөг, зөрчвөл торгууль өгдөг нийгэм байгуулсан ч аргагүйн эрхэнд хэн хүнгүй хахууль цутгачихаад л хууль дээр танец гишгэж байна.

ОРГИЛ ЦАГИЙН ӨРСӨЛДӨӨН

Өнгөрсөн долоо хоногт Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Равжаа шөнийн цэнгээний газрууд, ялангуяа Mint club хууль зөрчиж байгаа тухай нийтлэл бичжээ. Одоо үйлчилж буй Архидан согтуурахтай тэмцэх хуулийн мөрөөр явсан нь цаг үеэ ч олж. Харин “хавтгайдаа хууль зөрчдөг” цагаар бараг ганцхан газрыг цохолсон нь тиймхэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар пүрэв, баасан, бямба гаригт шөнийн цэнгээний газруудад 03 цаг хүртэл ажиллах боломж олгосон. Гэвч хуулиараа 00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарах эрхгүй. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Хууль давж захирамж үйлчлэхгүй”. Шөнийн цэнгээний газрууд өнөөг хүртэл ажилласаар байгаа нь ганц Mint club ч бус, бүгд хууль зөрчдгийн энгийн баталгаа. Хуйгаараа цагдаа хахуульдаж “үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг” шөнийн цэнгээний газруудын өрсөлдөөн аль эрт эрүүл саруул зарчмыг давжээ. 

Нэгэн рүүгээ танил цагдаагаа явуулж хаалгахаас авахуулаад дотроос нь “Энд зодоон, хулгай гарлаа” гэдэг худал дуудлага өгөх арга хэдийн хуучирчээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй сурвалж дүүргийнхээ цагдаа дээр менежерээ суулгаж өөрийнх нь клубийн нэрээр хэр олон дуудлага ирж байгааг бүртгүүлэхэд тийм тохиолдол гараагүй боловч “Дуудлага авлаа” гэсээр цагдаа ирээд үйлчлүүлэгч нарыг нь тараасан явдал гарчээ. Хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр ойрд үзэгдэж буй зүйлийг харвал шөнийн цэнгээний газруудын өрсөлдөөн улам ширүүссэн бололтой. Өнөөдөр сонины дээрх нийтлэлээс гадна, iLoft function house-ийн нэрийг заан, үнсэлдсэн залуусын зургийг “садар самуун” гэдэг сүр тайлбартай нийгмийн сүлжээгээр тараасан нь бас нэг ядмаг арга мэт. Шөнийн цэнгээний газар жил тойрон ажилладаг боловч өвөл, зуны оргил цагаар зохих шатны байгууллагууд “шалгах”, хэвлэлүүд “сурвалжлах” нь эрс нэмэгддэг аж.

ООДОРСОН ҮЙЛЧИЛГЭЭ

Өнгөрсөн сарын 26-ны өдөр Өглөөний сонин-д Хуулийг гууль болгосон “Стелла” шөнийн цэнгээний газрынхан үйлчлүүлэгчээ үсдэж зоджээ гэдэг сурвалжлага нийтлэгдэв. Тэнд бичсэнээр тус газраар үйлчлүүлэх гэсэн хааны өргөмжлөлтэй хэрэглэгч Э нохой мэт зодуулаад хөөгдсөн гэнэ. Бүгд хахуулиа өгөөд хаалгаа нээдэг ч Нийслэлийн, Дүүргийн, Эргүүлийн цагдаа гуравт зэрэг мөнгө төлөх бядтай клуб ховор хойно үйлчлүүлэгч сонголтгүй шахам хоцорно. Ингээд бид бүжиглэх хүслээ дагавал такс төлөхөөс гадна “зодуулах” ч хэрэг гарах нь. III, IV хорооллын цэнгээний газруудын такс 3 000-5 000 төгрөг, зэрэглэл доогуур ч 00 цагаас хойш ажилладаг газрын цэс бусдынхаасаа хоёр дахин өндөр үнэтэй байлаа. Нэгэнт “цагдаатайгаа л тохирчихвол” болдог хойно ойрын хэдэн жилд хана, таазаа будсан газар ганц ч таарсангүй. Энэ бизнес хахууль гэдэг ганцхан шалгууртай болохоор дунджаас доогуур зэрэглэлийн газрууд үйлчилгээний соёл, стандарт, хэрэглэгчийн эрх ашиг, аюулгүй байдал, хөгжил дэвшил зэрэг бизнесийн өрсөлдөөний гол шалгууруудыг огт хэрэгсэхээ больжээ.
Өөрсдийгөө “зэрэглэл өндөр” гэж үздэг газруудын орчин нөхцөл ч үүдэн дээр авдаг мөнгөнийхөө хэмжээнд хүрэхгүй. Шоу менежер (Emdc) Н.Батжаргал "хуульд хавчигдаад нууцаар ажиллаж байгаа тохиолдолд дотроо гарсан элдэв зөрчлийг тэнд нь зохицуулах гэж оролдсоноос л зодоон болдог” гэв. Нэгэнт хуулиас гадуур ажилладаг учир гарсан гэмт хэргийг хууль сахиулагчид хэлэлгүй тэрүүхэндээ шийдэх эрмэлзлэлтэй аж. Үүнийг нь мэддэг зарим залуус оодорч, нэгэндээ буу шийдэм тулгаж гайхуулсан тухай яриа бидэнд дуулддаг. “Хуульгүй газар” хаан мэт аашлах нь тэдний хэмжээ юм биз. Өрсөлдөгч нь хөлсний хүн явуулж зодоон үүсгэсэн, нулимс асгаруулах хий цацсаныг мэдлээ ч цагдаа дууддаггүй бололтой. Дижей (DJ) Д.Энх-Амарын хэлснээр “хэд хоног дараалан цагдаа хаагаад хаячихаар хүмүүс танайх ажиллах уу ч гэж асуухаа больчихдог” учир тэгсхийгээд аргалдаг, тэр чинээгээр авлига хүчээ авдаг.   

АВЛИГААР АМЬСГАЛДАГ БИЗНЕС

Хотулаг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэсэн морьтон баатруудын үр удам эдүгээ энэ эрхээ авилгаар олж авч байна. Х.Тэмүүжиний ярьснаар “Бодит эрэлт хэрэгцээг механикаар хорьчихоор тэр хэрэгцээ хорионы завсар зайгаар гарах гэж оролдоно. Тэгээд энэ нь нөгөө талдаа авлига болж хувирдаг” юм. Улс төрд орж ирэхдээ архи, шөнийн цэнгээний бизнестэй гэж адлуулсан Л.Гүндалай “00 цагаас хойш бүх цагдаа орж ирж дарамтална. Хэдийг хэнд өгөхөө мэддэг болчихдог юм. Дүүргийн цагдаа нар ямар нэг тэмцээн уралдаан болохоор ивээн тэтгэ, хандив өг гэж нэхдэг. Дараа нь тэмцээн дуусчихлаа, манай баг түрүүлсэн тэмдэглэнэ гээд ирдэг” гэв. Цагдаа нар шөнийн цэнгээний газруудыг дотроос нь хаалгаад сахиулах ёстой хууль дээрээ ёохор хатирах нь элбэг.
Нэгэнт хөрөнгөө оруулаад бизнес эхлүүлчихсэн бол хуульд заасан цагийг баримталбал дампуурна. Тиймээс хууль зөрчиж ажиллаад олсон мөнгөнөөсөө хахууль өгч байна. Шоу менежер (Emdc) Өлзий “Гэхдээ энд цагдаагийн буруу байхгүй. Шийдвэр гаргасан хүмүүсийн буруу. Тэд нар л буруу шийдвэр гаргасан, харин цагдаа хуулиа сахиулах гэж оролдож байгаа" гэв. Гэлээ ч жам ёсны эсрэг хууль өөрөө хууль сахиулагчаа тонгороод хууль зөрчигч болгож байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Шоу менежер Д.Амартүвшин “Одоогийн хууль зүгээр явсан хүмүүсийг авилгын хэрэгт холбогдуулдаг” гээд “Хэрвээ цагдаа илүү мөнгө авъя гэвэл «Чи надад авлига өгөх гэлээ» гэхэд л бид нар хэрэгт холбогдоно. Манай хуулиар авлига өгсөн, авсан хоёр хоёулаа буруутай шд” гэж байна. Өнөөдөр шөнийн цэнгээний газар гэдэг бизнесийг авч өгч сурсан хүмүүс л эрхэлдэг. Энэ нь нөгөө талдаа хууль ёсоос аваад хүний эрх, эрх чөлөө гээд олон зүйлийг үнэ цэнэгүй болгодог.

ШОРООТОЙ ХУТГАЛДСАН ИННОВАЦИ

Монголчууд “чанга ба сул найруулсан спирт” гэдэг хоёр төрлийн согтууруулах ундаа хэрэглэдэг байхад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталжээ. Улмаар МАН УИХ-д үнэмлэхүй олонх буюу 72:4 харьцаатай ялснаасаа хойш, 2003 онд уг хуульд нэмэлт оруулсан юм. Эрүүл ухаанаас бусад нь хангалттай байсан тус парламент хуулийг “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” хэмээн засварлажээ. Шоу менежерүүд үүнээс хойш манай шөнийн клубын соёл, электродэнс хөгжмийн хөгжил саарсан гэцгээж байлаа. Ivy лоунжийн бартендер С.Одхүү “Архины хэрэглээ бол тухайн хүний өссөн цаг үеэсээ олж авдаг соёл” гээд алкохолын сонголтоор нь хүнийг хэдий үеийн хэрэглэгч вэ гэдгийг тааж болно гэв. Bitter, Mojito house-т ажиллаж өөрийн үйлчлүүлэгчтэй болсон С.Одхүү “юм үзэж, нүд тайлаад хэрэглээний соёлтой болчихсон залуус гадаадад төгсөж ирээд коктейлийн зах зээлийг амь оруулсан” гэж байна.
Одоо ч мартагдаагүй олон шоу зохиож, Засгийн газрын өмнөх Чингисийг босгон үг хэлүүлэх санаагаа төрийн түшээд алдсан Өлзийгийн урам хугарчээ. Тэрбээр 2012 онд далан мянган ам.доллар зарцуулан 3D шоу хийх гэтэл 00 цагт цагдаа орж ирээд хаачихсан гэнэ. Залуус хуулийн цагт хавчигдан бодож сэтгэсэн нь тасалдсан тохиолдол бүрийг сонсоод шогшрохоос өөр гавьяагүйгээ мэдэрч суув. Харин тэд таксаа төлсөн хүмүүсийн ундууцал, тавьсан өрөөсөө илүү бэлтгэсэн хөгжим, бодож олсон шинэ санаа, авчирсан техник технологио гайхуулж чадаагүйдээ сэтгэл гонсгор явдаг юм билээ. Амьдралын салаа мөчир бүхэнд цаг ямагт инноваци нэвтэрч байдаг. Ууж идэж, наргиж цэнгэхэд ч инноваци чухал. Үнэтэй шөнийн клубт дугарсан хөгжим хожуу ч гэлээ III, IV хорооллын клубт сонстдог юм. Яг үүн шиг тансаг ангиллын шөнийн цэнгээний газарт үүссэн зөөлөн алкохолын соёл аажим тархсаар “архин далайд живсэн” гэр хороолол, хөдөө нутгийг ч хамарна. Гэтэл хуульд заасан цагийн харгайгаар шинэ бүхэнд соргог ханддаг залууст цагаан архинаас ондоо сонголт үлдсэнгүй. 

АЙРГААС СҮҮ ХҮРТЭЛ

Н.Багабандиас хойш Монголын улстөрчид, тэр дундаа ерөнхийлөгч нар архийг буруушаасаар иржээ. Пагдгар лонхтой, хямд цагаан архи худалдаанд гарч, хүмүүс “Багабанди” гэж “өхөөрдсөн” нь Архин заводоос ажлын гараагаа эхлэсэн шавилхан биетэй ерөнхийлөгч асанд таалагдаагүй биз. Архитай тэмцэх хууль түүний үед батлагджээ. Спирт найруулж зардаг наймаа цэцэглэж байсан хойно хууль ч зүй ёсны юм. Ямартай ч тэрбээр архитай анх тэмцэгч хэмээх алдрыг өөрийн болгожээ. Харин Монголд найман удаа айлчилсан XVI Далай лам чухам ямар сургаал айлдсаныг захын хүнээс асуувал “Архиа бага ууж, айргаа их уу” гэж бэлээхэн хэлнэ. Монголд архитай тэмцсэн, ядаж түүний эсрэг дугарсан хүн ард олноос хялбархан оноо авдгийг Дээрхийн гэгээн ч анзаарсан бололтой. Удаад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шинэ жилийн мэнд хүргэхдээ сүү өргөдөг боллоо. Буруу юм огт биш. Иргэддээ үлгэрлэж буй түүний сэтгэл нь хаачих вэ.
Гэвч нэгэн зэрэг, бөөнөөрөө гудамжинд хөөгдөж гарсан халамцуу хүмүүст цагдаа нар хяналт тавья гэсэн ч хүч нь хүрэхгүй гэдгийг энд заавал дурьдах ёстой. Харин жаргалын удааныг сонгогч нарт зочид буудлаас өөр орох газар үлдэхгүй. Чухам хуульд өөрчлөлт орсон цагаас л Улаанбаатарт зочид буудлын бизнес хөгжжээ.Энэ хуулийг алагчлалгүй баримталдаг Дархан “зугаа цэнгэлийн хот” болсон нь ч эндээс үүдэлтэй. Зочид буудалд орж, хаалгаа түгжээд авсан байхад хууль хяналт гадаа хоцорно. Тэнд хэмжээгүй архидалт, гэмт хэрэг хоёр хүзүү сээрээ холбодог. Цэнгээний газраас хөөгдөж гарсан нөгөө хэсэг нь гэр рүүгээ явна. Гэвч айлд болж байгаа “найр” хууль сахиулагчаас далд мөртөө хүүхдүүдийн нүдэн дээр бүрэн зохиолоороо тавигдана. Ууртай нэг нь шүүрээд авахад хутаг шөвөг гар дор нь байгаа хойно ахуйн төрлийн гэмт хэрэг ч өсдөг. Хуульд нэмсэн ганцхан заалт монголчуудын бүжиглэх эрхийг боомилох мөртөө сүүгээр дүүргэсэн ерөөлийн дугарааг ч үнэ хүндгүй болгож байна.

ДУГАРААГҮЙ ХОЦОРДОГ ЗОЧИН

Монголын нийслэлд газар газрын, түмэн хэлийн амьтан буцаад цуглаж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үеэс аялал жуулчлалаа хөгжүүлж, хүний хүний “халаас хоослох” гэгээн мөрөөдөл тээж яваа, бид. Одоогоор олж долоосон нь маруухан. Манайд ирдэг жуулчдын насны бүтцийг харвал залуус жин дардаг. Хүний газар ирсэн залуу хүнд Зөвлөлтийн дайчдын хөшөөнөөс илүү хотын шөнийн амьдрал л сонин. Гэтэл мөнгөө төлж ороод, халаасныхаа хэрээр үрье гэсэн ч Улаанбаатарт онгорхой хаалга ховор. Д.Амартүвшин Fashion TV-ийн Мишел Адамыг дагуулан хэдэн газраар оруулах гэтэл өөдтэй нь хуулиараа хааж, онгорхой үлдсэн навсархайгаар нь шагайгаад гарснаа ярьсан юм. Ер нь ийм жишээ олныг хэлж болно. Бас хууль, цагдаагүй газар дагуулж очсон зочныг нь “үндсэрхэг” дээрээ халамцуу монгол шоглочих гээд хэцүү гэнэ.
Урьсан зочиндоо “аяны дугараа барилгүй” үддэг нийслэл маань “Найрсаг Улаанбаатар” уриа дэвшүүлжээ. “Дүүриймаа”-аас өөр найр тавих юмгүй миний хотын Хангарьд элэгсэг болчихсон харагдана билээ. Гэвч 25 жилийн өмнө Ардчиллын дууч С.Цогтсайхан герман найзтайгаа орох газар ололгүй “ганц юм” аваад гэртээ орсон түүх өөрчлөгдсөнгүй, Хотын гудамж дуунд нь мөнхөрчээ. Шөнийн цэнгээний газрынхан, шоу менежерүүд 2012 онд АН ялахад “Одоо л бүхэн юм жам ёсоороо явах нь” гэж баярлацгаасан гэнэ. Удалгүй орон нутгийн сонгуулиар АН Нийслэлийг авч горьдлого нь итгэл болж хувирсан боловч хууль хэвээрээ... АН-ын дараалсан ялалтын түрүүчээр энэ салбарт хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийчихсэн бизнесмэн одоо АН-ынхныг зүхэхээс өөр ажилгүй сууна. Жуулчинд найрсаг хандана гэдэг догшин Хангарьдаа мишээлгэхээс илүү үйлчилгээгээ сайжруулах, төрөл зүйлийг нь баяжуулах тухай яриа юм. Гэтэл эрх мэдлийнхээ хүрээнд захирамж гаргасан Хотын дарга хуульд жулдаж, ирсэн зочдынхоо хамрыг “найрсагаар” тас хавчин хаалгаа хаасаар...

ТОЙРОН ТОЙРОН БҮЖИГЛЭЕ

Шөнийн цэнгээний газрыг 00 цагаас хаах хуулийн заалт УИХ-ын гишүүн асан Н.Болормаагийн хүү шөнийн клубт зодуулснаас үүдэлтэй гэж зарим нь мэтгэсэн ч баримт биш. Харин нэгэн залуу амиа алдсанаас хойш хаалгыг нь дангинтал түгжсэн Токиогийн цэнгээний газруудаа Шинзо Абэ эргүүлэн нээхээр боллоо. Өнгөрсөн хугацаанд Роппонги, Шибуяа дүүргийн шөнийн цэнгээний газруудаас жил бүр олж болох 35 сая иенээ алдсан тооцоо гарсан байна. Эдийн засгаа эрчимжүүлэх “Абэномикс” хөтөлбөрөөр 2020 он гэхэд жилдээ 20 сая жуулчин авахаар төлөвлөсөн Шинзо Абэ жуулчид хаана халаасаа гөвдгийг тооцсон нь гарцаагүй. Харин бид гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаад, ирсэн ганц нэг жуулчны зайлшгүй ордог газрыг хаачихсан атлаа мөнгө хаанаас олох билээ гэж сууна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг ам л ангайвал ярих болсон Архины хяналтын хуулиас гадна Засгийн газраас боловсруулсан өөр нэг хувилбар бий. Төслийг харвал өнөөдрийн олон асуудлыг эрүүлээр шийдсэн, согтууруулах ундааны хэрэглээний соёл, бизнес хоёроо хөхиүлсэн боломжийн эд болжээ. Гар дор бэлэн байгаа боломжийг ашиглах эсэхээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шийдэх биз. Тэгээд ч Ч.Сайханбилэгийн шийдвэр бүхэн 2012 оны сонгуулиар амалснаа гүйцээхэд чиглэх учиртай юм. Тэгж гэмээн гавьяа нь түүнд нялзаж, хаялга нь түмэнд үлдэнэ. Хэдүүлээ хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл бүжиглэцгээе! Монгол хүн байна даа, энэ чинь...    

Эх сурвалж: baabar.mn

Нийтлэлч Д.Батбаяр

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-02

    Za yag yu geh gd bgaag oilgosongui. Arhinii huulia hatuu gargah heregteishde. Ene mongol erchuud arhind jivj bn. Orh tolgoilson emegteichuud mash ih bn. Hamgiin gol ni erdenet huuhed dund ni hohirood bnshde!!!!!! Ter shoniin bujigledeg gazar baihgui bsan ch yadgiin. Yoo yostoi bishee...

arrow icon