Сүүлийн үед энэ хүний талаар нийгмийн сүлжээнд айхтар том онигоо гарч байна. Аргагүй биз дээ. Ам алдвал барьж болдоггүй. Агт алдвал барьж болно гэдэг. Иймэрхүү шуугиан гишүүн бүр дээр гарч хошин урлагийнхан сэдэвтэй болж, иргэд бид амны зугаатай үлддэг. Дараа нь эрхэм гишүүд бүгд дотроо үгээ цэнээд "хийгүй хүмүүс" болох гэж хичээцгээнэ.
Яагаад ам алддаг буюу ам хадуурдаг вэ? Тэд хэний ч зөвлөлгөөг авдаггүй, хажуудаа ТИНК ТАНК(зөвлөгөө судалгааны баг)-гүй. БИ бол төр гэж боддог "задгай цагаан үүл мэт" нөхөд байдаг. Өөрөө унасан хүн уйлдаггүй одоо яая гэхэв...
Гэхдээ Арвин гишүүний энэ үг сэтгэл судлалын хэлээр бол "repression буюу ухамсаргүйд хадгалагдсан нууц айдас болон сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой зүйлсүүд гэнэт санамсаргүйгээр гадагшаа үг үйлдлээр илэрхийлэгддэг" үйлдэл болжээ. Элчин сайдын суудал худалдаж авсан нөхдийг хараад хэний ч уур хүрнэ. Тэгээд тэд МОНГОЛ ХҮН-ий төлөө ажиллахгүй, МОНГОЛ улсын өмнөөс сандал бөглөх гэж байхад нь ийм үйлдлийг эрхэм гишүүн гаргасан байх. Хүнийг шоолж муулж болноо. Гэхдээ цаад утгыг нь сайн ойлгох хэрэгтэй.
Англи, Орос, Хятад, Франц хэлтэй, өндөр боловсролтой, 2 хүүхдийн ээж, нийгэмд хариуцлага хүлээсэн бүсгүй бол МОНГОЛЫН БАЯЛАГ. Зөвхөн Холливуудын найруулагчийн санаанд орж чадах атгаг санаагаар "хүчиндээд, бүх биед нь тэсрэх бодис зүүж" дэлбэлэх гэж байхад кинон дээр бол супермен, 007, спайдермен амийг нь аварчихна. Харин хөөрхий МОНГОЛ бүсгүй тэр үед юу бодож байсан бол? Би МОНГОЛ хүн шүү дээ гэсэн үнэлэмж л түүнд үлдэж, ийш тийшээ бүлтгэнэн харж байсан байх даа. Хэн ч талийгаачийн оронд өөрийгөө орлуулж бодохоор жихүүдэс төрнө. Энэ бол зөвхөн охиноо алдсан Шарийбуу гуайн сэтгэлийн зовлон биш.
Дөнгөж 3-хан сая болж байгаа МОНГОЛ ХҮН бүрийн сэтгэлийн шаналал байх ёстой.
Би үүнийг хичээл дээрээ 8 жил хоолой чичрүүлэн ярихдаа 2002 онд гарч байсан дунд сургуулийн Солонгос 2 охины түүхтэй харьцуулдаг.
Ийм сэтгэлийн шаналгаатай сэдэвтэй холбоотой зүйл ярьж байхдаа нас тогтож яваа эмэгтэй гишүүний маань ухамсрын гүнд ХӨХ ТЭНГЭР гэх ойлголт их нөлөөтэй болохоор тэгж үг алдсан гэж бодож байна.
Сэтгэгдэл бичих