Агаарын бохирдол 20 хувиар буурсан гэдэг бодит тоо
Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн М.Ганбаттай ярилцлаа.
-Агаарын бохирдлыг бууруулахаар нэлээд ажиллаж байгаа. Таныхаар агаарын бохирдлыг бууруулахын тулд хамгийн түрүүнд анхаарах асуудал юу байна гэж харж байгаа вэ?
-Агаарын бохирдлыг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой.
Шинжлэх ухааны үндэслэл дээр үндэслэж бодлого боловсруулагчид маань үр дүн гарах ёстой. Энэ тал дээр бид дутуу ажиллаж байсан юм шиг байгаа юм.
-Дутуу ажиллаж байсан юм шиг гэхээр юу гэсэн үг вэ. Ингэж хэлж байгаа шалтгаан нь юу юм бэ?
- Ер нь бол эхлээд Улаанбаатар хотын агаарын бохирдол хэр зэрэг байгаа юм бэ гэдгийг маш тодорхой гаргах ёстой. Агаарын бохирдлыг хэмждэг станциудынхаа мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулдаг байх ёстой. Манайд одоо тодорхой хэмжээнд боловсруулж байгаа л даа. Цаг уур, орчны шинжилгээний газар, нийслэлийн Агаарын чанарын алба гээд. Тодорхой хэмжээнд байнгын ажиглалт хийгээд мэдээллээ боловсруулж байгаа. Үүнээс үндэслээд ямар бохирдуулагч бодис нь хэдий хэмжээтэй их байна вэ гэдгийг гаргах ёстой. Өвлийн улиралд агаарын бохирдол ямар хэмжээтэй байна вэ гэдгийг туст нь ялгаж гаргаад агаарын бохирдлын өнөөгийн байдлыг дүгнэж байгаа. Тэгэхгүйгээр зуны улиралтай нь нэгтгээд жилээр нь дундажлахаар агаарын бохирдол бага гарч байгаа юм. Яг галлагааны үед агаарын бохирдол ямар байна гэдгийг гаргаад олон жилийн дундажтай харьцуулахад агаарын бохирдол хэр байна гэдэг нь гарна. Ингэж байж агаарыг бохирдуулагч ямар бодис хэдий хэмжээтэй байна вэ гэдэг нь гарч ирнэ. Агаарыг бохирдуулагч хэдхэн бодис байдаг. Нэгдүгээрт том жижиг ширхэгтэй тоосонцорууд байна. Тоосонцор хүнд үзэгддэг учраас хамгийн их мэдрэгдэж байдаг. Энэ тоосонцор амьсгалын замын өвчнийг ихсэхэд нөлөөлж байдаг хүчин зүйл. Дээр нь SO2, NOX гээд хий байна. SO2 нь нүүрснээс голдуу гардаг. Нүүрсэнд байгаа хүхэр хэр байна тэр хэмжээгээр нүүрс шатаахад гарч байдаг. NOX шаталтын процессоос гарна. Гэхдээ голдуу автомашинаас ялгардаг. Тэгэхээр бид хамгийн түрүүнд аль бохирдуулагч бодисыг нь бууруулах вэ гэдэг зорилт тавих ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдлыг PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцороор хэмждэг. Тэгэхээр үүнд анхаарах ёстой. PM бол шаталтын процессоос гардаг. Нүүрс, мод шатааснаас л гарна. Голдуу гэр хорооллоос гардаг гэж ойлгож болно.
-Тэгэхээр энийг яаж багасгах вэ?
-Хамгийн түрүүнд юутай нь тэмцэх вэ гэдэг асуудал яригдаж байгаа байхгүй юу. Саяхан бид япон яваад ирсэн. Японы туршлагаас харж байхад манай улсын өнөөдрийн энэ агаарын бохирдлын хэмжээ японы 1950, 1960 оны байдалтай адилхан байгаа юм. Япон эхлээд юун дээр илүү анхаарах, юутайгаа тэмцэх ёстой гэдгээ тооцоолж гаргасан байдаг юм. Тэнд бас нүүрсээр дулаанаа шийдэж байсан. Тодорхой арга хэмжээ төлөвлөхдөө энэ арга хэмжээг авсанаар агаарын бохирдол хэр буурах юм бэ. Жишээлбэл тоосонцор хэр буурах юм бэ гэдгийг урьдчилж таамаглах ёстой байдаг. Үүнийг урьдчилж таамаглахын тулд агаарын бохирдлын загварчлал гэдгийг ашигладаг. Бид нар Жайкагийн төслөөр агаарын бохирдлын загварчлалыг Монголд нэвтрүүлээд эхэлж байна. Одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр шийдвэр гаргахдаа эхлээд зорилгоо тодорхойлоод, тухайлбал тоосонцортой нь тэмцэх юмуу эсвэл SО2 -той нь тэмцэх юмуу гэдгээ сонгож авна. Хоёрдугаарт нь нэгэнт л агаарын бохирдлыг бууруулахын тулд үүнтэй эхлээд тэмцэнэ гээд тодорхйолсон бол, жишээлбэл тоосонцортой гэж үзвэл эх үүсвэр нь хаанаас байна гэдгийг тогтооно. Эх үүсвэр нь гэр хороолол юм бол гэр хорооллын утааг яаж бууруулах вэ? Зуухтай нь ноцолдох юмуу, түлштэй нь ноцолдох уу. Автомашины утаатай ажиллах юмуу гэх мэт асуудлууд гарч ирнэ. Энэ мэтчилэн шалтгааныг нь тогтоогоод явдаг. Сая үндсэндээ зуухны асуудлыг шийдчихлээ. Сайжруулсан зуухаар 180 мянган айлыг хангаад байна ш дээ. Одоо түлштэйгээ ноцолдох ёстой. Түүхий нүүрсийг түлж болохгүй. Түүхий нүүрснээс агаарын бохирдуулагч бодис их хэмжээгээр ялгардаг. Түүхий нүүрсийг түлэхээр PM хэр зэрэг гарч байна гэдгийг судлаад зуухандаа төрөл бүрийн сайжруулсан түлшээ шатаагаад, яндангаас нь гарч байгаа ялгарлын хэмжээг нь тогтоох хэрэгтэй . Тэгээд түлш болгоноосоо аль нь илүү тоосонцор бууруулж байна гэдгийг нь тооцож гаргаад нөгөө яриад байгаа загварчлал руугаа оруулаад аль түлшийг нь хэдий хэмжээнд, хаана ингэж тараавал ямар үр дүн гарах нь вэ гэдэг тархацыг нь тооцох хэрэгтэй. Ингэж байж эхний ээлжинд хамгийн онцгой бүс гэж тогтоогоод байгаа тэр хэсгийн айлууддаа хэчнээн хэмжээтэй түлш өгөх үү. Ингэсэн тохиолдолд агаарын бохирдол ямар хэмжээгээр буурах нь уу гэх зэргийг загварчлалаараа тогтоогоод ингээд тодорхой зорилго, зорилт тавиад урьдчилж хараад, энэ арга хэмжээг авсанаараа яаж өөрчлөгдөх үү. Ямар хэмжээний санхүү, хөрөнгө оруулалт шаардагдах нь уу гэдгийг үзэж байж гол шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгээд тодорхой хугацааны дараа агаарын бохирдол тийм хэмжээнд буурсан байна гэдгийг харах ёстой. Агаарын бохирдлыг бууруулна, агаарын бохирдолгүй болно гэдэг маань орчны стандартаас доош орно гэсэн үг. Бохирдуулагч бодис дээр орчны стандарт гэж байдаг юм, үүнийг хэлж байгаа юм л даа. Тэр стандартаас доошооо орж байж агаарын бохирдол байхгүй болно гэсэн үг. PM дээр ярихад л манайх өнөөдөр стандартаас дөрөв, тав дахин их байгаа, сарын дундаж нь. Тэгэхээр үүнийг агаарын бохирдолгүй болтол нь буулгана гэдэг нь РМ-ийг дөрөв, тав дахин бууруулаад стандартын хэмжээнд хүргэнээ л гэсэн үг.
-Эрдэм шинжилгээний хурал дээр агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 70-80 дахин их байна гэж яриад байсан ш дээ. Энэ үнэн юмуу. Судлаачид өөр өөр дүн хэлээд байх юм.
-Худлаа л даа. Агаарын чанарын стандарт өөрөө 24 цагийн дундаж, нэг цагийн дундаж гэх мэтээр өөр өөр байдаг. Эдгээрээсээ хамаараад өөр өөр үр дүн гарна.
Дөнгөж нэг цагийн дундажийг нь аваад 24 цагийн стандарттай харьцуулчихвал худлаа гарах нь тодорхой шүү дээ. Агаарын бохирдлыг хэмжиж байх тухайн үед хэмжилт авч байгаа цэг дээр хажуугийн нөлөөлөл орсон байж болно. Уур амьсгалын нөлөөлөл ч орсон байхыг үгүйсгэхгүй. Агаарын бохирдолд нөлөөлдөг маш олон зүйл байдаг учраас дээд хэмжээ нь хэд ч хүрч болно. Энэ хэмжээг авчихаад стандарттай харьцуулчхаж байна. Ингэж болохгүй л дээ. Нарийн хэмжилт, цаг хугацааны асуудал.
-Манайхны агаарын бохирдолтой тэмцэж байгаа арга маань зөв үү?
-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэр гаргах ёстой гэж би хэлсэн. Ингэхдээ одоо агаарын бохирдол ямар байна. Ийм арга хэмжээ авахад ийм болно. Эхлээд юутайгаа тэмцэх үү гэдэг маш чухал. NOх-тэй тэмцэе гэвэл автомашин ярих ёстой. Гэтэл автомашинаас гарч байгаа агаарын бохирдолд үзүүлж байгаа нөлөөлөл нь хэдэн хувь байна. Агаарын бохирдолд үзүүлж байгаа гол бохирдуулагч бодис нь юу вэ гэдгийг тодорхойлох ёстой.
-Одоо тодорхой биш байгаа гэсэн үг үү?
-Ер нь тодорхой байгаа л даа. Одоо бол бид тоосонцортой тэмцэх ёстой. Тоосонцорыг багасгах ил гал, нүүрс шатаахыг зогсоох тухай асуудлыг л ярих хэрэгтэй. Тэгэхийн тулд сайжруулсан түлш, тэр дундаа хагас коксжсон түлшний асуудлыг авч үзэх ёстой. Дээр нь сайжруулсан түлш дээрээ туршилт хийгээд тоосонцорт гол нөлөө үзүүлж байгаа түлшний стандартад байдаг дэгдэмхий бодис гээд бий. Дэгдэмхий бодисын эзлэх хувь нь тухайн түлшинд хэдэн хувь байна вэ, манай стандарт ямар байна вэ гэдгийг сайн харах ёстой. Японы эрдэмтний хийсэн судалгаа байна лээ. Тухайн сайжруулсан түлшинд дэгдэмхий бодис хэр их байна төдийн чинээ тоосонцор их байна гээд. Тэгэхээр бид түлшний сонголтоо хийхдээ дэгдэмхий бодис хамгийн бага байх тийм түлшийг сонгох хэрэгтэй. Тэгээд нөгөө загварчлалдаа оруулаад тэгээд тоосонцор яаж буурах вэ гэдгийг харах хэрэгтэй. Эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл талаас нь бүгдийг харьцуулж байж нөгөө шийдлээ гаргах ёстой. Бид Япон яваад ирэхдээ энэ талаар бодлогын чанартай шийдвэр гаргахад нөлөөлөх шинжлэх ухааны үндэслэлтэй механизм бий болгох тал дээр анхаарья гээд Агаарын бохирдлын үндсэний хороон дээр энэ асуудлыг тавихаар төлөвлөж байгаа.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг шахая. Зуухтайгаа биш, түлштэйгээ биш гэр хорооллыг шахах тухай яригдаж байсан. Үүнд таны байр суурь, хандлага ямар байгаа вэ?
-Тиймээ, агаарын бохирдолд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол гэр хороолол. Тэгэхдээ шууд гэр хорооллыг хална гэдэг амьдралд хэр нийцтэйг бодох хэрэгтэй. Гэр хорооллыг бүгдийг нь барилгажуулъя гэхээр асар их хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай гээд том том асуудал бий. Би гэр хорооллыг барилгажуулах асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхдээ үүнд бас тав, арван жилийн хугацаа шаардлагатай. Энэ хооронд гэр хороолол байж л байна шүү дээ. Тэгэхээр үүнийг хаячихаж болохгүй. Авах ёстой арга хэмжээгээ авах л ёстой. Үүний хамгийн эхний арга хэмжээ нь сайжруулсан түлш. Цаашдаа түлшийг солиод газжуулах ёстой л гэж боддог.
-Бас цахилгаан халаагуур гэж яригдаад байгаа ш дээ.
-Энэ бас болж байна. Цахилгаан эрчим хүчний хүрэлцээ хэр байгаа билээ, тариф нь ямар байгаа билээ гэдгээ бодолцох хэрэгтэй. Манайд шөнийн цахилгааны нөөц байгаа. Шөнийн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөвчилсөн байна. Бас германд анх гарсан нэг технологи яригдаж байгаа.
-Ямар технологи юм бэ?
-Дулаан хуримтлуулдаг төхөөрөмж байгаа юм. Шөнө нь цахилгаанд залгачихдаг. Шөнө хямд үнэтэй тогоо ашиглаад дулаанаа хуримтлуулчихдаг. Өдөр нь залгаад шөнө хуримтлуулсан дулаанаа ахуйн хэрэглээндээ ашиглаад гэрээ халаачихдаг. Энэ мэтийн олон шийдлүүд байна. Эдгээр шийдлүүдийн аль боломжтойгоор нь шийдээд явах хэрэгтэй. Цахилгаанаар халаах ч хэрэгтэй. Газжуулах ч хэрэгтэй.
-Бололцоотой бүхий л аргаараа агаарын бохирдолтой тэмцэхэд агаарын бохирдол хэзээ буурах боломжтой гэж харж байгаа вэ?
-Юу ч шатаахгүй болсон тэр цагт л агаарын бохирдол буурна. Хэвийн хэмжээнд хүрнэ. Нөгөө талаас тоосонцор бас их байна. Ногоон талбай бага, ил шороо их байгаа. Ил шороо агаарыг бохирдуулагч тоосонцорыг гаргадаг. Гэр хороололд сул шороо маш ихээр бужигнадаг. Тэр тусмаа хавар намрын улиралд. Тэгэхээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгөх ёстой. Зүлэг, ногоо өөрөө тоосонцорыг хөрснөөс шууд дэгдэх боломжийг багасгадаг. Бас нүүрс хүчлийн хийг ч, бусад тоосонцорыг ч өөртөө шингээгээд авдаг. Эсэргээрээ буцаагаад хүчил төрөгч ялгаруулдаг.
-Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой бодлого шаардлагатай байх?
-Ногоон хөгжлийн бодлого дээр маш тодорхой заасан байгаа. Хот төлөвлөлтөө маш зөв хийгээд түүнд эзлэх ногоон байгууламжийн хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь болсон байх ёстой гээд бодлогын зорилт тавьсан. Одоо хот тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулаад ажлын хэсэг ажиллаж байгаа. Аливаа төлөвлөлт хийхэд 20 хувь нь ногоон байгууламж, 10 хувь нь автомашины зогсоол байя гээд яригдаж байгаа.
-Г.Пүрэвдорж гуай хэлж байсан. Цахилгаанаар дулааныг бий болгож болно. Гэхдээ манай монголд цахилгааны нөөц байхгүй. Дор хаяж 1000 эсвэл 2000 мвт нэмж байж цахилгаанаар дулаанаа шийдэх боломжтой гээд.
-Манайд шөнийн нөөц байгаа. Шөнө хүн бүр унтаад цахилгааны хэрэглээ нь эрс буурдаг. Манай цахилгаан станцийн сүлжээ хариуцдаг байгууллагуудад хүндрэл учирчдаг юм билээ.
-Ямар хүндрэл?
-Заримдаа илүү гарсан цахилгаанаа буцаагаад орос руу хямд үнээр өгдөг асуудал гардаг. Нэгэнт үйлдвэрлэсэн цахилгааныг хадгална гэж байхгүй. Тиймээс энэ илүү гарч байгаа цахилгааныг дулаандаа ашиглаж болохоор байгаа юм. Мэдээж эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байгаа. Одоо бол 1000 мвт байгаа. Цаашдаа нэмээд 4-р станц дээр 100 мвт, 3-р станц дээр 50 мвт хүчин чадал нэмэгдэнэ. Үйлдвэрлэл хөгжиж байгаа үед эрчим хүчний хэрэглээ өснө гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бас нөгөө талаас нь харахад хоол унд хийхдээ газ ашиглах хэрэгтэй. Дулааны эрчим хүчийг яаж хэмнэх үү гэхээр дулааны алдагдалтай барилга байшинг дулаалах хэрэгтэй. 7,5 сая метр квадрат талбайг халаах нөөц байна гэж нэг илтгэлд гарч байсан. Хуучны дулаан алддаг барилга байшинг дулаалахад ийм хэмжээний талбайг халаах нөөц гарч ирнэ гэж байсан. Энэ бол маш чухал. Барилга байгууламж манай үйлдвэрлэж байгаа нийт дулааны 40-өөс дээш хувийг ашиглаж байгаа гэсэн тооцоо бий. Нөгөө талаас яригдаж байгаа нэг асуудал бол гэр хорооллын айлууд өөрсдийнхөө боломж бололцоогоор ямар ч стандартгүй барилга барьдаг. Энэ нь асар их дулаан алдагдалтай байр болдог. Нэг айл дор хаяж дөрөв, таван тонн нүүрс түлдэг. Байраа дулаалвал өвөлд зарцуулах нүүрсээ хоёр дахин бууруулах тийм бололцоо байгаа. Яг энэ асуудалд ажиллая гээд хувийн хэвшлийн компани манай яаманд санал дэвшүүлээд байгаа. Санхүүжилтийн механизмийг бий болгоод, дулаалдаг компанийг үүсгээд иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг болохоор ажиллаж байна. Хэрвээ тэгвэл байшингаа халаалахын тулд зарцуулж байсан түлш харьцангуй багасна. Тэр хэмжээгээр нүүрснээс ялгарч байгаа бохирдуулагч бодисууд багасна. Бас энэ хэмжээгээр SО2 багасна гэх жишээтэй гэх мэтээр бүх талаас нь агаарын бохирдолтой тэмцэх хэрэгтэй. Зөвхөн нэг юмыг барихгүйгээр бүх талаас нь л ажиллах хэрэгтэй.
- Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой нэлээд тэмцэж байх шиг байна.
-Ер нь бол зүгээр суугаагүй, шаардлагатай бүх л зүйлийг хийгээд явж байна. Харин авч байгаа арга хэмжээнүүд зарим нь оносон, зарим нь алдсан байх. Одоо бол аль болох алдаа багатайгаар хийх шаардлагатай. Ингэхийн тулд миний өмнө ярьсанчлан шинжлэх ухааны үндэслэлтэй, урьдчилж таамаглаад энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлын хэмжээ төдий хэмжээгээр буурна гэж тооцоолоод арга хэмжээнүүдээ аваад явах ёстой гэж бодож байна.
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт агаарын бохирдлыг өнгөрсөн оныхтой харьцуулбал 20 хувиар буурсан гэж байсан. Энэ ер нь хэр бодитой тоо вэ?
-Бодит тоо. Хэмжилт хийсэн графикт тулгуурласан тоо. Гуравдугаар сар, дөрөвдүгээр сард тоосонцорын хэмээ ихэсдэг нь хэмжилтээс харагддаг. Энэ тоо бол маш олон нарийн зүйлсийг үндэслэн гаргасан тоо. Мэдээж сайжруулсан зуух энэ тэртэй холбоотойгоор агаарын бохирдол буурч байгаа. Одоо бол хамгийн том авах арга хэмжээ бол түлштэйгээ ноцолдох. Агаарын бохирдолыг бууруулах үндэсний хороон дээр ч энэ асуудлыг ярьж байгаа. Нэг юмаа барьж авья гээд. Үнэхээр хагас коксжсон дэгдэмхий бодисын хэмжээ багатай түлш хэрэглэвэл энэ хэмжээ дахиад нэлээд буурна гэсэн тооцоо байгаа.
Агаар дахь том ширхэглэлт тоосонцорын хэмжээгээр нь дэлхийн эхний 20 улсыг 2014 оны үзүүлэлтээр нь жагсаав.
Agarin bohirdol buuragvi bh.ulam l nemegdj bga shd