Нийтлэл 02 сарын 10, 2015

Ерөнхий сайд Сайханбилэг: -Ирэх 7 хоног гэхэд япон компани оролцсон консорциум тендерт ялах төлөвтэй.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн айлчлалын талаар нийтлэгдсэн НЧК-ийн мэдээг орчуулан хүргэж байна:

Японд айлчлал хийж буй Монгол Улсын ерөнхий сайд Сайханбилэг НЧК-тэй хийсэн тусгай сурвалжлагад Япон Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ EPA-гийн ач холбогдлыг цохон тэмдэглэсний дээр ирэх долоо хоног гэхэд дэлхийн хамгийн том мега төслийн нэгд япон компанийн оролцсон консорциум ялах төлөвтэй гэж ярьлаа.

Өнгөрсөн оны 11 сард томилогдсоноос хойш эхний гадаад айлчлалаа хийж байгаа тэрбээр 9-нд НЧК-ийн тусгай сурвалжлагад ярилцлага өгсөн юм. Ерөнхий сайд Сайханбилэг Монголын хувьд эхнийх болох EPA хийхээр Японтой тохиролцоонд хүрсэн явдлын талаар: “Ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол болоод өндөр хөгжсөн технологи бүхий Японы хооронд харилцан өгөх зүйл их” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Дэлхийд хамгийн томд орох Тавантолгойн ордыг хөгжүүлэх төслийн хувьд гадаадын хөрөнгө оруулагч компани ч оролцож болох олон улсын тендер зарлагдсан ч одоогоор ялагч тодроогүй байгаа. Уг төслийн талаар Сайханбилэг ерөнхий сайд: “Ирэх 7 хоног гэхэд Сүмитомо Худалдааны Корпорац оролцсон консорциум ялагчаар тодрох төлөвтэй” гэсний дээр, EPA байгуулж байгаа завшааныг ашиглан Японы тал хөрөнгө оруулахад хялбар орчин бүрдүүлж, Японтой харилцаагаа улам хөгжүүлэх бодлого барина гэж ярьлаа. Түүнчлэн Япон Монголын харилцааны талаар, монголоос төрсөн ёкозүна Хакүхо өнгөрсөн сард япон сүмод түүхэнд анх удаа 33 дараалан түрүүлсэн талаар мөн дурдаж, “соёл болон спортын талбарт ч иргэд хоорондын харилцааг илүү гүнзгий хөгжүүлэх” бодолтой байгаа тухайгаа илэрхийллээ.

Эх сурвалж: НЧК.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon