Нийтлэл 02 сарын 11, 2015

МЕГА ТӨСЛӨӨР ДАМЖУУЛАН МЕГА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ БОЛЪЁ

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чамлах хүмүүс цөөнгүй. Нөгөө талаас хөрөнгийн зах хөгжвөл томоохон үйлдвэрийн газруудад хөрөнгө оруулах таатай санхүүжилтын эх үүсвэр бий болох, иргэд нь ашигт малтмалын ордуудынхаа хувьцааг эзэмшиж баялагийнхаа жинхэнэ эзэн суух, цаашилбал бизнесийн компаниудад учирч буй төрийн хүнд суртал, авилга хээл хахууль тодорхой хэмжээнд буурах эерэг нөлөө ихтэйг учир мэдэх хүмүүс олонтаа ярьдаг. Үүнийг нь ч төрийн өндөр албан тушаалтнууд дэмждэг боллоо.

 Хөрөнгийн захаа хөгжүүлэхийн тулд юунаас эхлэх вэ?

“Гагцхүү ажлаа хаанаас, хэзээ эхлэвэл зах зээлээ харьцангуй богино хугацаанд хөгжүүлж чадах вэ?” гэсэн асуултад оновчтой хариулт олох шаардлага тулгардаг. Энэ асуултад хэд хэдэн хувилбараар  хариулж ирлээ. Арилжааны системээ олон улсын түвшинд хүргэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулалтын сан оруулж ирэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах гэх мэт. Дээр дурьдсан ажлуудыг бид өнгөрсөн хугацаанд багагүй хүч хөдөлмөр, зардал гарган хийсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй хэвээр байна. Энд нэгэн чухал хүчин зүйл дутагдаж байгаа нь сүүлийн үед улам бүр мэдрэгдэх болов. Тэр нь төрийн урт хугацааны тууштай бодлогоор хөрөнгийн захыг хөгжүүлэх. Зах зээлийн жамаараа өсч, хөгжихийг нь хүлээж, жам ёсонд найдан орхивол их цаг хугацаа орох нь гарцаагүй. Магадгүй хэзээ ч хөгжихгүй байж мэднэ. Манай өнөөгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн бүтэц, институцийн орчин, баялагийн хуваарьлалт, хүмүүсийн сэтгэл зүй зэрэг нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

Төрийн бодлогыг хөрөнгийн зах зээлрүү чиглүүлье!

Энэ нь төрийн бодлогоор хөрөнгийн зах зээлд 100 тэрбум эвсэл 1 их наядын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэсэн үг биш.Төрийн эрх мэдэлд байдаг мөнгөнөөс илүү хүчтэй зэвсэг нь “хууль, эрх зүйн орчны зохицуулалт” юм. Зөв ашиглавал улс орныг хөгжүүлдэг, буруу ашиглавал мөхөөх хүчтэй энэхүү зэвсгийг хөрөнгийн захаа хөгжүүлэхэд хэрхэн ашиглах вэ? 

Шинэ засгийн газрын анхаарлаа хандуулж буй нэг сэдэв бол хөрөнгийн зах зээл

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы үеэр өөрийн засгийн газрын төлөвлөгөөг танилцуулахдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэйг хэд хэд онцолж дурдсан. Тэгвэл “МЕГА төслийг хөрөнгийн зах зээлтэй холбож МЕГА хөрөнгийн зах зээл  байгуулъя”.  

 

ТАВАН ТОЛГОЙ МЕГА ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН НИЙГЭМ  НЬ ШУУД ХҮРТДЭГ БАЙЯ.

 Иргэддээ тараасан 1072 ширхэг хувьцаагаа үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын үүрэг гэж хэлж болно. Харин ТӨРИЙН БОДЛОГО ТҮМНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ чиглэх ёстой гэсэн суурь зарчмаа харвалТАВАН ТОЛГОЙ МЕГА ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭР ДАМЖУУЛАН НИЙГЭМ  ШУУД ХҮРТДЭГ БАЙХААР шийдвэрлэх ёстой. Ингэж хууль эрх зүйн орчны зохицуулалт хийснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, цаашлаад улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэх юм.

Учир  нь өнөөгийн байдлаар 1072 хувьцаа эсвэл бэлэн мөнгөө авах хүсэлтэй нийт иргэдийн тоо 2.2 сая орчим байна. Энэ нь 1072 хувьцаа үнэ цэнэтэй болж, арилжаалах боломж бүрдсэн нөхцөлд Монголын нийгэм тэр чигтээ хувьцаа, хөрөнгийн зах зээлийг сонирхоно гэсэн үг юм. Энэ үед нь мэргэжлийн компаниуд иргэдээ мэдээлэл, мэдлэгтэй болгох ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж чадвал хөрөнгийн зах зээл, хувьцааны үр ашиг, өгөөжийг нийгэм даяараа харьцангуй богино хугацаанд ойлгож, мэднэ. Иргэд байгалийн баялагынхаа үр ашгийг жинхэнэ утгаар нь хүртэх боломжийг олж харсанаар хөрөнгийн зах зээл дэхь оролцоо нь өсөн нэмэгдэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ярьсан “олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, мэдлэгийг сайжруулах” асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх таатай орчин бүрдэх юм.

 Хамгийн гол нь Таван Толгойг ордын үр өгөөжийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртэх боломжийг нээж өгснөөр дараа дараагийн стратегийн ордууд, мега төслийг хөрөнгийн зах зээлтэй холбох жишиг тавигдана. Нийгэм өөрөө энэ замаар явахыг хүсч, шаардана. Дараагийн удаад илүү нарийн төлөвлөгөө, судалгаатай ажиллаж ашигт малтмалын ордуудаа хөрөнгийн зах зээлтэй илүү нягт холбож хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, иргэддээ баялагийнхаа эзэн суух боломжийг улам бүр өргөн нээн өгч чадна. Ингэснээр Азидаа тэргүүлэх “МЕГА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ”-ийг байгуулах боломжтой болох юм. Эцсийн үр дүнд, Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдэнэ.

 

1072 ширхэг хувьцааг хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ?

Хувилбар нэг:

Таван толгойн хэлэлцээрийн явцад нүүрсний нөөц ашигласны төлбөр болох роялтийн 40% хувийг Эрдэнэс Таван Толгойд шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг тараах тухай хэлэлцэгдэж байна.Хэрэв гэрээ дээрх байдлаар зурагдвал иргэдийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилжаалах боломж бүрдэнэ. 1072 ширхэг хувьцаанд ямар нэг ногдол ашиг тараагдахаар болсон тохиолдолд мэргэжилтнүүд санхүүгийн онолд тулгуурлан дотоодын бирж дээр хувьцааг арилжаалах боломжтой болгох нь зөвхөн цаг хугацаа, техникийн асуудал юм. Энэ  хувилбарын давуу тал нь хэрэгжихэд хялбархан боловч сул тал нь иргэдийн хүртэж буй өгөөж бага юм.

 Хувилбар хоёр:

Консерциумд багтаж байгаа Энержи Ресурс ХХК-ийн толгой компани болох Mongolian Mining Corporation-ний хувьцааг Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах саналыг гаргаж байна. Одоогоор Хонг Конгийн биржид хувьцаагаа арилжаалж буй уг компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэж, арилжаалах ажлыг 18-24 сарын хугацаанд гүйцэтгэх боломжтой гэж тус компанийхан үзэж байгаа юм. Мөн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Ийгл ТВ-д өгсөн ярилцлагадаа “Бид хувьцаагаа дотоодын биржид арилжаалах тухай байнга бодож ирсэн. Одоо ч гэсэн энэ бодол, хүсэл маань хэвээр байгаа. 2010 онд бид хувьцаагаа Хонг Конгийн биржид гаргаж байхад манай хөрөнгийн зах зээлээс бидний татахыг хүсч байсан хэмжээний хөрөнгө оруулалтыг татахад хүндрэлтэй байсан. Хууль эрх зүйн орчим муу байлаа. Харин одоо бол өөр. Бид хувьцаагаа дотоодын биржид арилжаалах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол таван толгойн ордоос жинхэнэ утгаараа ашиг хүртэх өргөн боломж эндээс бий болох юм. Учир нь таван толгойн гэрээ үзэглэгдэж, төсөл амжилттай хэрэгжвэл уг төслийн гол ашгийг тус компани хүртэнэ. Компанийн ашиг өсөхийн хэрээр хувьцааны ханш өснө. Хувьцааг нь иргэд Монголын биржээс шууд худалдан авах замаар Таван толгойн ордынхоо үр өгөөжийг шууд хүртэх боломж бий болно. Мөн дотоод гадаадын иституциональ хөрөнгө оруулагчид Таван Толгойн ордоос ашиг хүртэх зорилгоор дотоодын зах зээлд орж ирэхийг үгүйсгэхгүй. Сул тал  нь иргэдийн хувьд уг компанийн хувьцааг өөрсдийн мөнгөөр худалдаж авна. Эцсийн шийдвэрийг Mongolian Mining Corporation гаргах бөгөөд МУ-ын ЗГ-ийн зүгээс зөвхөн санал тавих эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Хувилбар гурав:

Нэгдүгээр хувилбарт өөрчлөлт оруулж илүү боловсронгуй болгосон хувилбарыг энд санал болгож байна. Хувилбар нэгийн дагуу иргэд 1072 хувьцаандаа жил бүр ногдол ашиг авах эсвэл ирээдүйд авах ногдол ашгаа өнөөгийн үнэ цэнээр нь биржид арилжаалах боломжтой байхаар санал дэвшүүлсэн. Тэгвэл энэ хувилбарт иргэд ногдол ашиг авахгүй, мөн хувьцаагаа арилжаалах боломжгүй байна. Харин тэрхүү ногдол ашгийн мөнгөөр “Хөрөнгө оруулалтын сан” байгуулж, түүнийг нь хувийн чадварлаг, туршлагатай менежментийн баг удирдах замаар өсгөж үржүүлэх юм. Жишээ нь, жил бүр орж ирэх ногдол ашигийн мөнгөөр Mongolian Mining Corporation /Таван толгойн орд/, Turquoise Hill Resources/Оюу толгойн орд/ гэх зэрэг Монголын ашигт малтмалын ордуудад тулгуурлаж гадаадын биржид хувьцаагаа гаргасан компаниудын хувьцаанд хөрөнгө оруулж болох юм. Ордуудыг эргэлтэнд оруулж компаниуд нь ашигтай ажиллахын хэрээр хувьцааных нь ханш өснө. Үүний хэрээр хувьцаанд хөрөнгө оруулсан    “Хөрөнгө Оруулалтын Сан”-гийн хөрөнгө буюу иргэдийн хөрөнгө өссөөр байна. Мэдээж хэрэг уг сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг нарийвчлан гаргах, хуулийн зохицуулалт, хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох, хувийн менежментийг хэрхэн үр ашигтай ажиллуулах гээд наана нь хийх ёстой олон ажил бий. Энэ хувилбарын сул тал нь хэрэгжихэд төвөгтэй, цаг хугацаа шаардах боловч давуу тал нь урт хугацаандаа иргэдийн хүртэх ашиг нэмэгдэх юм.

 

Эцсийн бүлэгт, тэрбум, тэрбум ам.доллараар хэмжигддэг мега төслийн үр ашгийг цөөн тооны компаниуд хүртдэг бус Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулан нийгэм даяараа шууд хүртдэг байх боломжийг бүрдүүлж чадвал бид эдийн засаг, нийгэмд бугшаад буй олон өвчинөөсөө салахад тустай. Үүний эхлэл нь Тавантолгой гэж үзэж байна. Хэрэв бид таван толгойн ордын үр ашгийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртдэг болвол энэ нь дараа дараагийн ордуудаас нийгэм нь ашиг хүртэх сувгийг нээх эхлэлийн цэг, жишиг болох юм.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-12

    Оюу толгойнхоо 34 хувийг зарах гээд, Таван толгойг монголын бус өртэй компанид өмчлүүлэх гээд төрийн төлөөлөгчид чинь хуйвалдаад яваад байхад жоохон бодит амьдралтай ойр юм бичил дээ.

    • ууган
    • 2015-02-11

    хэнд хэрэггүй юм бичсэн байна.

arrow icon