Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын сүүлээр Олон Улсын Валютын Сан(ОУВС)-тай эдийн засгийн бодлого дээр хамтран ажиллах хүсэлт явуулсан. Ерөнхий сайд хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлагадаа дурдсанаар ОУВС болон Дэлхийн Банктай хамтарч ажиллах 4-5 хувилбар бий гэж байгаа ч багаас дундаж орлоготой орны хувьд ОУВС-ын stand-by буюу “бэлдэх горим” хөтөлбөрийг ашиглах магадлалтай. Энгийнээр хэлвэл мөнгө санхүү нь болохоо больсон оронд бодлогын нөхцөл тулгаж зээл олгоод, ОУВС өөрөө хэрэгжилтийн явцыг хянадаг
хөтөлбөр юм.
Манай талын хүсэлтийн дагуу энэ 7 хоногт ОУВС-аас шинжээчид ирж ажиллаж байна. Энэ удаа хөтөлбөрийн тухай ерөнхий мэдээллийг хүргэж байна. Цаашид манай улсад олгож ирсэн ОУВС-ын болзолт зээл, түүний үр дүнгийн талаар нийтлэл хүргэнэ.
Stand-by гэрээний тухай:
Stand-By гэрээ буюу SBA нь 1952 онд үүссэнээс хойш төлбөрийн тэнцлийн хямралтай улсуудад авах шуурхай арга хэрэгсэл болон хэрэглэгдэж ирсэн. Олон улсын зах зээл дээрх хамгийн боломжийн хүүтэй санхүүгийн нөөцийн хамт хямралыг даван туулах хөтөлбөр нэвтрүүлдэг. Олон орны янз бүрийн хэрэгцээнд зохицуулах зорилгоор 2009 онд шинэчлэгдэж, нөөцийн эх үүсвэр илүү сонголттой, аргачлалын хувьд илүү хялбар, энгийн болсон гэж ОУВС тайлбарлаж буй.
- Хэрэглэх орны шалгуур: Голдуу дундаж орлоготой орнууд хэрэглэдэг. Бага орлоготой орнуудад зориулсан өөр хөтөлбөр байдаг.
- Хэрэгжих хугацаа: Хэрэгжих хугацаа уян хатан, 36 сараас илүүгүй байна. Голдуу 12-24 сар хэрэгжүүлдэг.
- Зээлийн төрөл: Зээлийг зээлдэгч орны санхүүгийн хэрэгцээ, эргэн төлөх чадвар, зээлийн түүхийг харгалзсан удирдамж хөтөлбөр дагалдана.
Энгийн зээл: ОУВС-аас улс орон бүрийн эдийн засаг, төлбөрийн чадварыг харгалзан тогтоосон зээлийн нормын 200 хувь хүртэлх дүнг 12 сарын хугацаанд зээлнэ. Нийт хөтөлбөрийн хугацаанд 600 хувь хүртэл нэмж авах боломжтой.
Тусгай зээл: Тусгай зээлийн бодлогын хүрээнд ОУВС дээрх нормоос давсан дүнтэй зээл олгох тохиолдол байна. ОУВС удирдах хорооны нарийн чанд шинжилгээ дор олгогддог.
Урдчилсан зээл: Улс бүрийн санхүүгийн бодлого, хэрэгцээнд нийцүүлсэн SBA-гийн шинэ хөтөлбөр.
Түргэвчилсэн зээл: ОУВС-ын яаралтай зээлийн механизм ашиглан авдаг зээл. Ойрд хэд хэдэн оронд хэрэглэгдсэн.
Сэрэмжлүүлэг зээл: Шинээр үүссэн хөтөлбөр. Яваандаа шаардлагатай болж магадгүй их хэмжээний эх үүсвэрийг хэрэгцээтэй болсон тохиолдолд хэрэглэхээр бэлдэх хувилбар.
Зээлийн нөхцөл:
Аль ч төрлийн зээлийг зээл авахад хүргэсэн хүчин зүйлсийг арилгах зорилготой эдийн засгийн бодлогын багц нөхцөл(амлалт) дагалддаг. Зээл авах улс “зорилгын тухай бичиг” маягийн ОУВС-д хандсан амлалт, нөхцлүүдийг нэгтгэсэн бичиг баримт бэлдэнэ.
- Тоон нөхцлүүд: Зээлдэгч улсын бодлогын явцыг гадаад валютын нөөц, төсвийн алдагдал, өрийн үлдэгдэл зэрэг зорилтот тоон үзүүлэлтэд үндэслэн хянана. Санхүүжилт үргэлжлэх эсэх нь эдгээр тоон нөхцлийг биелүүлж байгаа эсэхээс хамаарна. Болзол биелэгдэж байгаа эсэхийг ОУВС тодорхой хугацааны давтамжтай хянаж шалгана.
- Эргэн төлөх хугацаа: 3 жил 3 сарын дараанаас төлж эхэлнэ. 5 жилийн дараа төлж дуусна. Энэ хугацаанд 8 удаа төлбөр хийнэ.
- Зээлийн хүү: ОУВС-ийн зээлийн тусгай сангийн нөөц, валютын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан ОУВС-аас 7 хоног бүр зарладаг хүүд үндэслэн тогтооно.
- Хариуцлагын төлбөр: Зээлийн нормоос 2 дахин их зээлийн гэрээ хийж эх үүсвэр бэлдүүлсэн бол 0,15%, 2-10 дахин их зээл авсан бол 0,3%, 10 дахин үржсэнээс их зээл авсан бол 0,6% хариуцлагын төлбөр бодогддог. Хэрвээ гэрээний дагуу зээлийн эх үүсвэрээ зээлвэл хүү бодогдох тул хариуцлагын төлбөрийг буцааж олгоно. Гэрээний дагуу бүх зээлээ зээлвэл хариуцлагын төлбөр төлөхгүй гэсэн үг.
- Үйлчилгээний төлбөр: Зээлийн дүнд 0,5 хувийн үйлчилгээний төлбөр нэмж бодогдоно.
Сэтгэгдэл бичих