Нийтлэл 02 сарын 24, 2015

Х.Тэмүүжин: Намайг өөрөөсөө болж унасан л гэдэг юм, би харамсдаггүй - Онцлох эшлэлүүд

 Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна:

 

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар:

Зөрчлийн болон Эрүүгийн хууль  хоёр хууль харилцааны хувьд нэг шугаман дээр харилцан уялдаатай байна гэдэг нь хуулийн салбарын шинэтгэлийн суурь.

Ял, шийтгэл оногдуулах  хуулиуд өөр хоорондоо зөрчилдсөн байх нь хууль сахиулах байгууллагын хүмүүст хувийн үзэмжээр асуудлыг шийдэх боломжийг олгодог.

Ийм зөрчил, давхардлыг өөрчлөх гол шинэтгэл  нь Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай гэсэн хоёр хууль юм.

Шинэчилсэн найруулга буюу Эрүүгийн хуулинд Гэмт хэргийн тухай хуулийн үндсэн концепц хадгалагдсан байгаа ч “албадлагын арга хэмжээ” болон “ял”-ыг адилхан “эрүүгийн хариуцлага” гэж нэрлэх зэргээр ухарсан зүйлс байна.

Ялаас бол чөлөөлж болно. Харин албадлагын арга хэмжээнээс чөлөөлж болохгүй.

Жишээ нь, хулгай хийсэн 16 настай хүүхдийг насанд хүрээгүй гэдгээр ялаас чөлөөлж болох ч албадлагын арга хэмжээнээс чөлөөлж болохгүй.

 Хүүхдийг гэмт хэрэгт уруу татаад байгаа хүмүүс, гэмт хэрэг үйлдэхэд хүргээд байгаа орчноос нь холдуулах, сургалтад хамруулах гэх мэт ажлаа төр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байна гэх нэрийн дор хийхгүй орхиж болохгүй.

Ял шийтгүүлээгүй мөртлөө албадлагын арга хэмжээ авагдсан хүн “эрүүгийн хариуцлага” хүлээсэн гэх мэт ерөнхий энэ ойлголтоос болж энгийн амьдралдаа сөрөг нөлөөлөх хар толботой үлдээд байгаа.  Монгол Улсын маш олон хуульд ийм байгаа.

Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс сая оруулж ирдэг Эрүүгийн хуулийн төсөл гурав дахин нимгэн.

Хүний эрхийг хохироосон, дордуулсан шинжтэй хэрэглэгддэг зохицуулалтыг өөрчлөхийн тулд дагаж өөрчлөхөөр санал болгосон хуулиуд нь тийм зузаан байсан.

 

Гүтгэх нь гэмт хэрэг мөн эсэх талаар:

Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулах биш, зөрчлийн хэмжээнд үнэлж торгууль ногдуулдаг байхаар оруулсан байсан. Сая шинээр өргөн барьсан Эрүүгийн хуульд гүтгэхийг гэмт хэрэгт тооцохоор ороод ирсэн байна лээ.

Гүтгэхийг гэмт хэрэг гэж үзэх нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шүүмжлэх, мэдэх эрхийг үгүйсгэдэг, албан тушаалтнуудын иргэнийхээ эсрэг тэмцдэг, хэвлэлийн эрх чөлөөг боомилдог хууль ёсны арга хэрэгсэл нь болоод байна.

Шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй.

 Гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх бол харин шүүхэд худал мэдүүлэх гэх зүйл заалтаараа хариуцлага хүлээж шийдвэрлэдэг байх ёстой.

АН өөрийн сонгуулийн амлалт, өнгөрсөн 25 жил хамгаалж ирсэн үнэт зүйлээсээ ухарч болохгүй.

Бид үг хэлэх эрх чөлөөг үнэт зүйлээ болгоод, үүний төлөө зүтгэнэ гэж хэлчихээд яг үйл хэрэг дээрээ бодлогоо алдаад, өөр зүйл хийгээд байж болохгүй.

 

Засгийн газар, эдийн засгийн бодлогын талаар:

Мөнгө олдог том төслүүдээ явуулж, эдийн засгийнхаа хүрдийг хөдөлгөхийн тулд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт л хэрэгтэй.

 Талцаж хэрэлдсээр байгаад сүүлдээ Орос, Хятадын талыг баримтлагчид гэх хэмжээнд дайсагнах дээрээ туллаа. Шашны, хэл соёлын ялгаа, зөрчил бараг байхгүй нэг үндэстнийг ийм хэмжээнд хүртэл хагаралдуулдаг бас л муйхар улс төр, мунхаг харалган бодол.

 Асуудал намдаа ч биш хувь хүмүүс, том албан тушаалтнууддаа л байна.

Наашаа хөрөнгө оруулаач ээ гээд байгаа мөртлөө эндээ барьж, шийтгээд, хөрөнгө оруулалтыг нь тонож дээрэмдээд, хийрхэж улс төржөөд байх юм уу.

 Хэн ч сайн дураараа дээрэмдүүлэхийн тулд мөнгөө бариад ирэхгүй.

2016 оны сонгуулиа бодоод хүмүүст таалагдах гэж жүжиг тоглох ч хэрэггүй. Жүжиг тоглоод байгаа театр чинь шатаад дуусах нь.

Монгол мөнгөтэй байж л тусгаар улс байна. Мөнгөтэй байж боловсрол, эрүүл мэнд рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадна.

Хамгийн түрүүнд бид мөнгө олох ёстой. Харин мөнгө олох арга дээрээ ойлголцох, нэгдэх хэрэгтэй.

Бид ний нуугүй хэлэхэд улс төргүйгээр яг ажил хийж болох байсан 1.5 жилийг улстөржсөөр байгаад алдчихсан.

Мөнгө олох уу. Олохгүй. Гэхдээ байгаа мөнгөө утга учиргүй үрнэ. Ийм уралдаан сонгууль дөхөхөөр улам бүр гаардаг.

АН улс төрийнхөө нөхцөл байдал дээр зөв удирдлага, зохион байгуулалт хийж чадаагүйгээс боломжоо алдаад, өнөөдөр “та нар засаглаж чаддаггүй” гэдгээрээ хэлүүлээд сууж байна.

 

Өршөөлийн хуулийн талаар:

Өршөөлийн хуульд улс төрчтэй холбоотой заалт, авлига, албан тушаалын хэрэг өршөөгдөхөөр орж ирээгүй.

Эдийн засгийн өршөөл бол захиргааны хариуцлага болон торгууль алдангиас нь өршөөж байгаа юм. Эрүүгийн өршөөл нь ялаас өршөөж байгаа. Энэ хоёр цугтаа л явна.

Торгууль, алдангийг нь чөлөөлж, захиргааны хариуцлагаас өршөөсөн мөртлөө ялаас чөлөөлөхгүй бол ямар ч тэнэг компанийн захирал тайлан тооцоогоо гаргаж өгөхгүй.

Би хувь хүнийхээ хувьд, энэ чуулганаар биш юм гэхэд ирэх хаврын чуулганаар “том” Өршөөлийн хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа.

Хуулийг хэн санаачилсан нь чухал биш. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр мөнгөгүй, танилгүй, залуу хүмүүс л шоронд ихэвчлэн сууж байгаа.

 

АН-ын зөрчил, Засаглалын тухайд:

АН бодлого зорилтоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр дотроо зөрчилдөөд, зөрчлөөсөө болоод засгаа унагасан

Фракцуудын зөрчил гэхээсээ хувь лидерүүдийн зөрчил их байх шиг байна.

Би хувьдаа, хувь хүмүүсийн хэрүүлээс илүү хуулийн салбарын шинэчлэл яваасай гэж бодсон.

Тэмүүжин ямар нэгэн албан тушаал дээр байх бол зорилго биш. Засгийн газар өөрчлөгдсөн ч хуулийн салбарын шинэтгэл үргэлжилнэ гэж найдсан.

Хуулийн шинэтгэлийг хүний эрх, шударга ёс, хариуцлагын тогтолцооны шинэчлэл гэж харахаасаа илүүтэйгээр хүч, эрх мэдэл, дараа дараагийн зорилтод хүрэх арга хэрэгсэл гэж хардаг хэсэг байна. Тийм хэсгийнхэнд энэ салбарт Х.Тэмүүжин байх нь таатай байгаагүй бололтой.

Увсын хоёр хүний голд бодлогоо хавчуулж, хуучинсаг арга барилд цаг хугацаа алдаж байгаад харамсах юм. Хуулийн салбарт нутгийн фактор нөлөөтэй байж болохгүй гэж би үздэг.

Хуулийн салбарт манлайлж, ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол халуун чулуу л барина.

Нямдорж гэдэг хүн эрийн сайнд Хууль зүйн сайдыг ийм удаан хугацаанд хийгээгүй. Түүний ард арай гайгүй сахилга баттай нам л байсан болов уу даа гэж харж байна.

 Халуун чулуу барьж байгаа тэр хүмүүсийнхээ ард АН нягтарч хамт байж чадаагүй, харин ч эсрэгээрээ нам дотроосоо нэг хэсэг нь тэднийгээ балбадаг.

АН засаглаж байх үед МАН-ын PR-ын зардал багасдаг” гэж онигоо бодит байдал боллоо. Энэ л бидний сул тал, бидний алдаа.

АН-ын зөв, дэвшилттэй явсан олон ажил, үйл ажиллагаа бидний дотоод зөрчил, зодоонд дарагдаж үр дүн нь өөр хэн нэгэнд хаяглагддаг.

Бодлогоо цогцоор нь харж, хэрэгжүүлэхээс илүүтэй салбараа хувьчилж авахыг улс төрийн хожил гэж боддог хэсэг байна.

Салбаруудыг фракцуудад, төрийн институцүүдийг улс төрийн лидерүүдэд хувааж өгөх нь хамгийн буруу бодлого, улсын хувьд том аюул.

Сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-аас салгаж, Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал болгох зарчим хэрэгтэй.

Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч мэдээд байгаа юм уу, Ерөнхий сайд мэдээд байгаа юм уу, сүүлдээ УИХ-ын дарга ч мэдээд байгаа юм уу, мэдэхгүй.

Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон.

 

Судалгаа ба практик туршлагын талаар:

Хуулийн төслүүд дээр олон удаа хэлэлцүүлэг  өрнүүлж, санал бодлыг нь авч байхад нэг ч үг, өгүүлбэр нэмэрлээгүй, бүтээлч санал ирүүлээгүй хүмүүс хэвлэлээр шүүмжлээд байсан.

Энэ ёстой болохгүй хууль байна” гэж ярьдаг хүнтэй уулзаад “За яг аль нь болохгүй байна. Та хэл л дээ” гэхээр тоймтой юм юу ч хэлдэггүй. өөрчлөх үү гэхээр таг болчихдог.

Би улстөрчөөс гадна судлаач хүн. Судлаач хүний нэг давуу тал нь ерөнхий шүүмжлэл хэлдэггүй. Энэ ийм учраас байх ёстой зүйл, ийм учраас болохгүй байна гэхдээ ийм үндэслэлтэй гэж шүүмжилдэг, бодитой санал дэвшүүлдэг. “”

 

Салбарын шинэтгэлийн талаар:

Хууль зүйн салбарын шинэтгэл үнэхээр том дүр зурагтай байсан. Шинэтгэлийн зарим ажил  90 хувьтай байхад зарим нь 50, 40, 10 хувьтай  явж байсан. Жишээ нь, Процессын хууль 80 хувьтай байсан.

 Галт тэргийг хөдөлгөх нь хөдөлгөчихсөн. Гэхдээ бас галт тэргийг зогсоож болдог гэдгийг бид харж байна. Хуулиудыг татаж авч болж байна.

Ийм том зургаар өрөгдсөн газрын зургийг дээрээс харж чадах хүн энэ бүхнийг үргэлжлүүлээсэй.

Ний нуугүй хэлэхэд эдгээр хуулийг боловсруулахад оролцсон шүүгч, прокуроруудад, хуульч, судлаачдад нэг ч төгрөг өгч чадаагүй.

Бид гаднын төслийн мөнгө биш төсвийн жаахан мөнгөөрөө Монголын амьдралд гарч байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх тэр зүйлүүдийг л хийсэн.

Хийх ёстой алхмаа л би хийсэн. Болсон үйл явдал ердөө л тэр. Би үүндээ харамсдаггүй.

 Маш олон хүн “Ний нуугүй хэлэхэд чи өөрөөсөө болж унасан шүү” гэж хэлдэг юм. Тэднийхээр бол би тал засах хүндээ тал засаад, хадаг барих хүндээ хадаг бариад явах ёстой байсан л гэдэг юм.

 Хамгийн гол нь би 2012 оны сонгуулиар сонгогчиддоо юу гэж ярилаа. Түүнийхээ төлөө л явах ёстой.

 

Эх сурвалж: itoim.mn 

Сэтгэгдэл бичих

arrow icon