Манай улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль 2004 онд баталснаар хүчирхийлэлд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээлгэх хуулийн орчин бүрдсэн. Гэвч хуулийн хүртээмж, хүч хаанаа ч хүрэхгүй байгааг заазуурдуулсан, хазуулсан, шуудайнд боогдсон, зодуулсан, цаснаар нүцгэн хөөгдсөн хүүхдүүдийн зураг олон нийтэд дохиолох болж, сүүлдээ бүр дөрөвхөн настай зодуулж өнгөрсөн хүүхдийн амиар аюулын харанга дэлдээд, нийгэм бүхэлдээ цочирдож үймж байна.
Загатнасан газар маажих сайхан, загатнахгүй бол бүр сайхан гэнэ. Хүчирхийлэл гарвал хариуцлага тооцох нь зүй, хүчирхийлэл гарахгүй хэмжээнд иргэдээ төлөвшүүлэх нь тэрнээс сайн
гэсэн үг. Гэвч тийм төлөвшсөн иргэнтэй болтол(төр төвшрөхгүй өнөөгийн байдлыг харвал тийм болох өдөр мөдгүй) төлөвшөөгүй өдийг хүрчихсэн хүчирхийлэгчдэд тооцох хариуцлага, авах арга хэмжээгээ зохистой хуульчлахгүй бол ороо бусгаа нийгмийн шоокууд, охин үрээ хайрла гэж уянгалсан нийгмийн золиос болж өссөн монголын зарим хөвгүүд зарим охид эмс, үр хүүхдээ тамлаад дууслаа. Загатнуулахгүй байж чадахгүй юм бол ядаж загатнаад байгаа нөхдийг маажих үүрэгтэй хуулиа батлаач!!!
Өнгөрсөн оны 5 сард өргөн баригдсан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажилласан мэргэжилтнүүд хуулийн зохицуулалтад доголдол байгаа учраас дараах бүдүүвчид үзүүлсэн байдлаар хүчирхийлэл дахин давтагдах нөхцөл бүрдэж байна гэж үзжээ. Хүчирхийлэл гарахад хариуцах байгууллагуудын эрх хэмжээ тодорхойгүй, хоорондын холбоогүй, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах процедур орхигдсон байдалтай гэж дүгнэсэн байна.
Шинэчлэл, шийдлийн засгийн газар нь халж солигдоод 1 сард уг хуулийг багтаасан 9 хуулийн төслийг буцаан татсанаар өргөн баригдсанаас хойш бараг 1 жил тойрох гэж байхад хууль нь гууль болсон оронд бас нэгэн эрхэм амь хүмүүнлэг энэрэнгүй гэх гуншин нь онигоо болох шахсан монголын нийгэмд зодуулаад буцлаа
.
Буцаан татагдсан хуулийн төслийг ухаж үзвэл тал талын судалгаа хийж, холбогдох талуудаас санал цуглуулж их цаг хөдөлмөр зарсан харагдана. Төсөл боловсруулахад 2013 онд АНУ-ын Минессота мужийн “Хүний Эрхийн Өмгөөлөгчид” байгуулага (Minosota Advocates for Human Rights), Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторинг болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, УДШ-ийн судалгааны төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагаас 2005 -2013 оны хооронд хийгдсэн 20 гаруй дүн шинжилгээ, судалгааны материалыг ашигласан аж. Дээрх судалгаанаас гадна НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангаас болон Conrad N.Hilton Сан, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба хөгжил Сангаас тус тус боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай загвар хууль, АНУ, Канад, Албани, Япон, Өмнөд Африк, Вьетнам, Тайвань зэрэг улсуудын хууль, НҮБ-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн Зөвлөмжүүдийг боловсруулалтын ажилд ашигласан гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хуульд тусгагдсан багц өөрчлөлтөөс тоймловол:
- Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болсон: Албан ёсны гэр бүлийн гишүүнээс гадна тодорхой нөхцөл шалтгааны улмаа тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүс зэрэг.
- Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авчүзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолсон.
Ингэснээр гэм буруутай этгээд гарцаагүй хариуцлага хүлээх нөхцөл бүрдэнэ.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг Хууль зүйн сайдаар ахлуулсан Дэд зөвлөл хариуцахаар, мөн Боловсрол, Соёлын болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүргийг илүү нарийвчлан тодорхойлж, харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад даалгасан.
- Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилсөн мэдээлэх үүрэг бүхий этгээдэд багш, эмч, нийгмийн ажилтан, баг хорооны ажилтан, төрийн албан хаагч зэрэг этгээдүүдийг нэмж оруулсан. Мөн мэдээлэгчийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.
- Хохирогчийн аюулгүй байдлыг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлж, хамгаалалтад ажиллах цагдаагийн эрх хэмжээг нэмэх боломж үүсгэсэн.
- Хохирогчид хэн үйлчилгээ үзүүлэх нь тодорхойгүй байсныг өөрчилж, аюулгүй байдал, эмнэлэг, сэтгэлзүй зэрэг 6 төрлийн үйлчилгээг томьёолж, хэн хариуцах, хэрхэн санхүүжүүлэх тухай зохицуулалт тусгасан.
- “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж томъёолсон.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүргийг мэргэжилтнүүдээс гадна иргэдэд хүлээлгэсэн
. - Хуулийн хэрэгжилтэд тавих шаталсан хяналтыг олон нийтийн хяналттай хосолсон байдлаар тусгасан.
Эдгээр өөрчлөлтүүдийг болохгүй гэж үзээд буцаан татсан бол дахин төслийн баг томилж, болохгүйг нь засаад, болохыг нь шингээгээд яаралтай гуулиа хууль болгож, хүчирхийллийн савраас эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, иргэнээ хуулиар хамгаалах үндсэн ажлаа хийж өгөөч Д.Дорлигжав сайд аа!!! Хүний эрх, хүүхдийн амьтай холбоотой асуудлыг шийдэх ажлыг шуурхайлж өгөөч, Тавантолгой, Оюутолгой гэх мэт асуудлаар битүүнээр хүртэл шуурхайлан хуралдаж, ШИЙДЭЛ гаргаж чадаад байгаа УИХ-ын эрхэм гишүүд, ШИЙДЛИЙН засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ерөнхий сайд аа!!!
зарим заалтын хэрэгжилт муу.