Өнгөрсөн хагас сайнд Чингисийн талбай болон Бурхантай хөшөөний дэргэд иргэд цуглаж, инээж наадаж явах балчир насандаа дэндүү харамсалтайгаар хэрцгий нэгний гарт амиа алдсан бяцхан охины араас зул өргөж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн. Харин монгол орны өөр нэг өнцөгт мориноос унасан монгол хүүхдийн амь бие учир мэдэхгүй адгуусны хөлд гишгэгдэж буй дараах зураг болон видео зулын гэрэл унтарч амжаагүй байхад олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Энэ удаа жагсаалтай зэрэг шахуу өвлийн морин уралдаан зохион байгуулагдсан нь эсрэг тэсрэг дүр зураг үүсгэж, өвлийн уралдаанд үрэгдсэн амь, үрэгдэж болзошгүй амины үнэ цэнийг сануулж, хариуцлага нэхэх тохироо бүрдэв.
Хүний амь, хүний эрхэм чанарт эрэмбэ, ялгаа байхгүй (human dignity, хүний эрхэм чанарын тухай Мөнхсайхан докторын нийтлэлийг эндээс уншина уу). Амь нэг бүр ижилхэн үнэ цэнэтэй, эрхэм тиймээс эрхээ хөндүүлж өнгөрсөн амь бүр ижил тэнцүү эмгэнэлтэй. Зодуулж өнгөрсөн амь мориноос унаж өнгөрсөн амьнаас илүү юм уу дутуу эмгэнэлтэй байх учиргүй. Аль нь ч ижилхэн гашуудал дагуулах эрдэнэт хүмүүн, эрхэм амьдрал, эмгэнэлт төгсгөл. Гэхдээ амь бүхний араас зул барьж жагсах боломж олон нийтэд байхгүй. 4 настай бяцхан охин зурагаар нийтэд мэссэж илгээж чадсан тулдаа хүчирхийллийн эсрэг нэг том давалгаа үүсгэсэн. Хүнд зодуулж биш юм гэхэд хүнээс зохион байгуулалттай давхиулж буй адгуусны хөлд гишгүүлж, дам байдлаар хүнд алуулж буй хүүхдүүдийн зураг, тоо саяных шиг байдлаар ил болвол мянган үгтэй тэнцэх мэссэж нийтэд илгээж, олны эмоцыг хөндөх нь нь лавтай. Гэвч адгуусны уралдаанд автаж, аархсан гол дүрүүд жилээс жилд торгон дээлээ өмсөж том жийпэндээ суугаад учир мэдэхгүй адгуусыг улам хөөргөдөн давхисаар байна. “Монголын морин спорт уяачдын холбоо”-ны ганган цахим хуудсанд олон нийтийн сүлжээгээр хааяа тарж түүх өчдөг унасан бэртсэн хүүхдүүүдийн зурагнаас хайгаад олсонгүй. Үнэхээр л morinerdene.mn URL нэр шигээ гол эрдэнэ нь морь ажээ.
+5 хэмийн дулаанд 500 метр зайнд дугуй унаж үзсэн хүн бол мэднэ. Хүйтэнд задгай унаанд суугаад хөлийн хурдаас илүү хурдан хөдөлгөөн хийхэд хацар нүүр, гар даарч ямар болдгийг. Дааруулахгүй гээд гар нүүр, цээжийг нь бэгнээд тавихаар адуугаа уян налархай залах боломж нь муудаж, унаж бэртэх эрсдэл нэмэгддэг байж таараа. Энэ талаар тоймтой судалгаа, туршилт ч хийсэн юмгүй, ослын даатгал гэж халтуурны ганцхан зүйл хуулийн заалтаар хааж, уяачийн эцэг эх, унасан морины эздийн хоорондын гэрээнд даатгадаг. Энэ жилийн 2-р сарын 26-нд Засгийн Газрын Мэдээ сонинд хэвлэгдсэн УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ-г харъя. Журмын заалтын 3-ын 2-ийг харвал унавал унаг гээд уралдуулах шийдвэрийн тогтоол засгийн газраас гарч байж уралддаг байх нь. Гарын үсэг зурсан ерөнхий сайд нь хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг
нь Чеховын бичсэн өгүүллэг үү гэлтэй, хоржоонтой.
УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ:
Асран хамгааллын хувьд хүүхэд өөрөө зөвшөөрсөн бол уяач эцэг эхтэй нь гэрээ байгуулах нь байна. Бүх талын хариуцлага, гэм хохирлыг хэн хариуцах нь хуулийн зохицуулалтгүй. Ердөө л энэ гэрээнд даатгаад орхисныг харж болно. Журамд амь нас гэх үг ганц ч байхгүй нь айхаараа алгаараа нүдээ таглаад харагдахгүй болгож буй мэт хулгануур, ичгүүргүй
.
УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЖУРАМ:
Угаасаа хууль эрх зүйн хувьд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг “улсын их наадмаар уралдах хүүхэд ослын даатгал хийлгэнэ” гэсэн ганцхан өгүүлбэрт даатгачихсан орон. Хүүхдийн төлөө үндэсний газраас 2013 оны 3-р сард хийсэн судалгааны дүнд өвөл, хаврын уралдаанд хүүхдүүд дуртай биш дүн гарсан гэж мэдээлэл хийсэн байдаг. Гэтэл томчуудын гэрээ (хийдэг ч юм уу үгүй ч юм уу, тэрийг хянах хуулийн зохицуулалт байхгүй) багацуудын бяцхан амь биеийг хахир өвлийн хатуу уралдаанд сойсоор байна. Зөвхөн 2013 оны хавар эрт болсон хурдан морины 30 гаруй уралдааны мэдээллээс 70 хүүхэд мориноос унаж, 15 хүүхэд хүнд бэртэл авч, Ховд, Дорноговь аймагт 2 хүүхдийн амь эрсэдсэн байдаг. Дундговь, Завхан аймагт хүүхэд нас барсан 2 тохиолдол нь морины бэлтгэл ажлын үеэр тохиосон байгааг харвал зөвхөн уралдаан төдийгүй бэлтгэл эхлэхээс эхлээд хамгаалалт, аюулгүй байдалд анхаарах хэрэгтэйг харуулж байна.
Засгийн газрын мэдээ сонинд хэвлэгдсэн уралдааны хуваарийг харвал ийм эрсдэлтэй өвлийн уралдаан Дүнжингараваар дуусах байтугай эхлэх ажээ.
2013 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 635 уралдаанд 57038 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 958 хүүхэд уралдааны замд мориноос ойчиж, 916 хүүхэд хөнгөн, 34 хүүхэд хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн бөгөөд 6 хүүхэд эндсэн
байна. Аливаа бурууг чимээгүй хүлцэж байгаа тал үйлдэж байгаа талтай адилхан гэм буруутай гэдэг. Зөвхөн 2013 онд сая зодуулж өнгөрдөг охинтой ав адилхан 6 үнэт амь, аав ээжийн эрдэнэ адгуусны хөлд үргэдсэн байгаад тэгэхээр хэн буруутай болох вэ? Хэн зул барьж, жагсаал хийх вэ? Ухамсарт сонголт хийх чадваргүй адуу бол биш. Хүүхэд бүр ч биш.
Нэн түрүүнд, өөрийнх нь удирдаж буй спортын хэлбэр өдий олон хүүхдийн аминд хүрсээр байхад улам өөгшүүлэн “хөгжүүлж” буй холбооны ерөнхийлөгч М.Энхболд буруутай. Хайран амь гэж нэг санаад, шинэчлэл хийе гэж ганц дуу ган хийхгүй хамт уралдуулан баясаж ирсэн уяачид, салбарынхан бүгд буруутай. Шийдвэр, тогтоол гаргахгүй байх боломж, эрх байсаар байхад гарын үсэг зурж, төрийн шийдвэрээр баталгаажуулж буй ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй засгийн аппаратынхан цөм буруутай.
Удирдаж байгаа улс орныхоо үр хүүхдүүдийн амийг өөрийн хүүхэд мэт эрхэмлэж чадахгүй, ганц мөр хуулийн заалтад даатгаад Гацуурт Толгойтуудыг бол уургын морь мэт хэлэлцэгч УИХ-ын гишүүд бүгд буруутай. Төсвөөс хөрөнгөтэй, төрийн нэртэй хүүхэд хариуцсан алба атал халтуурны журам гаргаж, хамгаалсан болж суугаа Хүүхдийн Төлөө Үндэсний Газар буруутай. Өдий төдий эмгэнэлт жишээ гарсаар атал үхлийн эрсдэлтэй спортод үр хүүхдээ дайгаад явуулдаг эцэг эх асран хамгаалагчид хамгаас их буруутай. Угтаа төр, уралдаанчид, уяачид, эцэг эхчүүдийн хариуцлага хэдий ч ийм хоцрогдол, адгууслаг зугааг уламжлал нэрийн дор үргэлжлэхийг хүлцэж буй олон нийт, иргэд бид ч буруутай болох нь. Зогсоох боломж, эрх мэдэл хэний гарт байна, тэрний хариуцлага их. Хуулиар тодорхойлсон хариуцлага биш юм аа гэхэд, хүний амь зольсон нүгэл үүрнэ. Дор бүрнээ нүглээ нимгэлэхгүй гэхэд, цаашид нэмэхгүйн тулд өөрсдийн чадах болох хэмжээнд хариуцлага нэхэж, хянаж шаардъя! Өвлийн уралдааныг зогсоох, эс бол насанд хүрсэн хүн унадаг болгоё! Хүүхдийн амь биеийг хэн хариуцах хэм хэмжээг хуулиар зохицуулж өгье, сэтгэлээрээ зохицуулж чаддаггүй юм бол! Эрх мэдэлтнүүд, их уяачид хөдлөхгүй бол уржигдар жагссан үеийн уур хилэн, гуниг гашуудлаа марталгүй хүүхдийн эрхий төлөө дуу хоолойг чанга байлгая гэж иргэний нийгэмд уриалж байна. Талийгч Оюун-Эрдэнэ охины амьтай тэв тэнцүү амь, ав адилхан бүлтгэр үрс адуун дүрстэй аймар уламжлалын дээр мордоод биднээс алсран давхиж байна!
Өмнөх жилийн өвлийн уралдааны зурагуудаас. Эх сурвалж: vip76.mn, facebook.com
Сэтгэгдэл бичих