Хүмүүжил буюу “хүмүүн болох”-ын дийлэнх хувь сургуулийн өмнөх насанд төлөвшдөг. Манай ард түмэн ч “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээн сургасаар ирсэн. Тэгвэл 21-р зууны “Монгол хүн” ямар байх, бид хэрхэн зөв монгол хүнийг хүмүүжүүлэх вэ гэдэг асуултад хариулах шаардлагатай болно. 2013 онд Монгол Улсын Засгийн Газар баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн зорилгыг
“Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино”
гэж тодорхойлсон. Үүнийг товчлон хэлбэл, даяаршин буй ертөнцөд зохицсон, "дангааршил"-ын суурь болох үндэсний онцлогоо тусгасан монгол хүнийг хүмүүжүүлэх асуудал хэмээн тодорхойлж болох юм. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютертой адилтган өөрийн санаагаа хялбаршуулан тайлбарлая. Гэхдээ энэ нь шууд утгаараа бүрэн хамрах ойлголт биш гэдгийг анхаарна уу.
Зураг 1. Шинэ оюун мэндэллээ.
Хорвоод шинэ хүүхэд мэндэллээ. Өөрөөр хэлбэл Зураг 1-т үзүүлснээр шинэхэн оюун бүрдлээ. Үүнийг ямар ч үйлдлийн систем, програм суулгаагүй шинэхэн компьютертой зүйрлэж болох юм. Хэдийгээр компьютерт үйлдлийн систем, програм хангамж суугаагүй ч микропроцессор нь техник хангамжийн бусад бүрдэлтэй холбогдон ажиллах BIOS буюу оролт гаралтын үндсэн систем суурилагдсан байдаг. Энэ нь хүүхдийн төрөлхийн “доод ухаан”-тай таарах юм. Шинэ компьютерт үйлдлийн систем суулгах шаардлагатай. Гэхдээ улс үндэстний эрх ашгийн хувьд ямар үйлдлийн системийг нийтээр даган мөрдөх хэрэгтэй вэ? (Зураг 3)
Зураг 3. Үйлдлийн системийн төрлүүд, хувилбар
Дараах боломжуудаас аль нь илүү тохиромжтойг тунгааж үзье:
- Хувилбар 1 Ямар нэг үйлдлийн системийг шууд хэрэглэх: хэрэгжүүлэхэд хамгийн амархан хувилбар хэдий ч нийтийн хэрэглээ болоход бэрхшээлтэйгээс гадна мэдээллийн аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй.
- Хувилбар 2 Ямар нэг үйлдлийн системийн нутагшуулсан (localized) хувилбар хэрэглэх. Жишээ нь Монгол хэлээрх виндовс гэх мэт: Эхний хувилбартай харьцуулахад хэрэглэхэд илүү дөхөм хэдий ч монгол хэрэглэгчдийн онцлогийг тусгахгүй ба мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл өндөр хэвээр.
- Хувилбар 3 Ямар нэг нээлттэй үйлдлийн системийн өөртөө тааруулж өөрчилсөн (customized) хувилбар хэрэглэх. Жишээ нь линуксын монгол хувилбар “Соёмбо” гэх мэт: Даяаршсан ертөнцийн системийг үндэсний эрх ашиг, соёл, сэтгэхүйн ялгамжид нийцүүлснээрээ хамгийн оновчтой хувилбар.
- Хувилбар 4: Өөрсдөө шинээр үйлдлийн систем зохиох: Хөгжүүлэх хугацаа, хөрөнгө үлэмж шаардахаас гадна бусад системүүдтэй нийцэмжгүй, сондгойрох эрсдэлтэй.
Дээр дурдсанчлан нээлттэй үйлдлийн системийн өөрсдийн онцлогт тааруулсан хувилбарыг хөгжүүлэн нийтээр хэрэглэснээр аливаа програм хангамж шууд ажиллах боломжгүй юм. Харин тухайн програмын манай үйлдлийн системд зориулсан хувилбар суух болно.Компьютерын үйлдлийн системийг хүний мэдрэмжийн чадвар (soft skills) –тай, програм хангамжийг мэдлэгийн чадвар (hard skills)-тай адилтгаж болох юм. Мэдрэмжийн чадвар нь харилцаа, хариуцлага, ёс суртахуун, бусдыг хүндлэх хайрлах сэтгэл, багаар ажиллах чадвар гэх мэт сэтгэл (emotional)-ийн болон нийгэм (social)-ийн мэдрэмжийг хэлнэ. Мэдрэмжийн чадварыг шууд хэмжихэд хэцүү. Мэдлэгийн чадвар нь унших, бичих чадвараас эхлээд мэргэжлийн ур чадвар, мэдээллийг шуурхай олж авах, боловсруулах, үнэлэх, ангилах чадвар гэх мэт мэдлэгийг хэрэглэх, олж авах чадвар болно. Мэдлэгийн чадварыг үнэлэх боломжтой (Жишээ нь шалгалт авах аргаар). Компьютерийн үйлдлийн системд зориулсан програм хангамжийн хувилбар суудагтай адил аливаа хүний мэдрэмжийн чадвараас хамааран мэдлэгийн чадвар нь төлөвшдөг
. Албан ёсны зөвшөөрөлгүй, буруу аргаар суулгасан үйлдлийн системтэй компьютерт програм хангамжууд бүрэн утгаараа ажилладаггүйтэй адил мэдрэмжийн чадварыг зөв төлөвшүүлээгүй хүнд мэдлэгийн чадвар суулгах нь гэмтэй. Зүйрлэвээс, “Ёс суртахуунгүй хүнд эрдэм заах нь арслан барст алтан шүд зүүхтэй адил”
хэмээх эртний үгтэй дүйх юм.
Програм хангамж сууж хэрэглэхэд бэлэн болсон компьютероор төрөл бүрийн өгөгдөл урсана. Хэрэгтэй сайн өгөгдлийн зэрэгцээ хүсээгүй, хөнөөлт өгөгдөл ч байдаг. Үүнтэй тэмцэх хоёр төрлийн арга буй. Үүнд:
- Файербол (Firewall) буюу галт хана – Хүсээгүй болон хөнөөлт өгөгдөл нэвтрэх бүх нүх сүвийг хаах аргаар хамгаалах
- Антивирус (Antivirus) – Нэгэнт нэвтэрсэн хөнөөлт өгөгдлийг олж устгах
Тэгвэл үүнийг хүний оюунтай дараах зурагт дүрсэлснээр дараах байдлаар адилтгах боломжтой. Үүнд:
- Вирус – Хөнөөлт агуулга
- Трояан – Соёлын болон шашны довтолгоо
- Спам – Ухуулга (Тархи угаах агуулга)
- Галт хана – Мэдээллийг боловсруулах,ангилах, үнэлэх чадвар
- Антивирус – Агуулгад тавигдах стандарт, хянах хууль, дүрэм, журам
Монгол хүүхдийг хүмүүжүүлэхэд буруу агуулгыг хориглохоос гадна Монгол хүнд зориулсан зөв агуулгыг нэмэгдүүлэх хэрэгцээ их байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалтгүй, анги дүүргэлт хэт их байгаагаас телевиз, радио, цахим орчин, ном хэвлэлээр хүргэх агуулгын ач холбогдол, хариуцлага ихсэж байна.
Гэтэл хүүхдүүд маань ямар агуулга үзэж байна вэ? Монгол агуулга хангалттай байна уу? Монгол ардын үлгэр туульсыг одоогийн хүүхдийн сэтгэхүй шууд хүлээн авах боломжтой юу? Эсвэл одоогийн хүүхдүүдэд нийцүүлэн шинэчлэн найруулах шаардлагатай юу? Сүүлийн үед цахим ертөнцөөр өрнөх шүүмжлэлээс харахад хувь хүмүүсийн зохиосон хүүхдэд зориулсан бүтээлийн найруулга, үг хэллэг, өгүүлэмжид стандарт шаардлага тавих шаардлагатай болжээ. 2014 онд Засгийн газрын баталсан “Монгол агуулга” үндэсний хөтөлбөрийн зорилго нь
"Монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар хойч үедээ уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, өв соёлоо хадгалж, хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, дэлхийн зах зээлд үндэсний соёлыг сурталчлах, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино"
хэмээн тодорхойлсон.
Монгол хүүхдэд зориулсан зөв агуулгыг өргөн уудам нутагт тархан суурьшсаны хувьд хэрхэн хүртээмжтэй болгох вэ? Хилийн чинад дахь монголчуудад, тэдний хүүхдүүдэд хэрхэн монгол агуулгыг хүргэх вэ? хэмээх асуудлын шийдлийн талаар саналаа хэлье. “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол улсын нутаг дэвсгэр даяарх мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц хөгжиж онлайн болон цахим сургалтын боломжийг нээсэн. Хамрах хүрээ нь төдийлөн хангалттай биш ч Монголд онлайн болон зайн сургалтын амжилттай эхлэлийг их дээд сургуулиуд болон ТББ-ууд тавьсан. Жишээ болгож өөрсдийн туршлагаасаа дурдвал:
- Монгол Улсын Их Сургууль нь Массачусетсын Технологийн Их Сургуулийн үүсгэсэн edX системийн Нийтэд Нээлттэй Онлайн Хичээл (MOOC-Massive Open Online Course)-ийн лицензийн эрхтэй холимог сургалтыг нэвтрүүлсэн 15 дахь их сургууль болсон.
- Ай Би Эм корпорацийн мэргэжилтэн Э.Жагдагдорж “е-энтерпренёршип ба инноваци” онлайн хичээлийг “Цахим Мэдлэг” ТББ-ийн системийг ашиглан Монгол Улсын Их Сургуульд явуулж байна. Энэ нь хилийн чинадад хөдөлмөрлөж буй Монгол мэргэжилтэн, эрдэмтдийн мэдлэг, туршлагыг хүртээмжтэй болгох сайн жишээ юм.
Нийтэд Нээлттэй Онлайн Хичээл (ННОХ)-ийн платформын open-edХ нээлттэй эх хувилбарыг Массачусетсын Технологийн Их Сургууль болон Станфордын Их Сургууль хамтран хөгжүүлсэн нь бидний хувьд эдгээрийг нэвтрүүлэхэд ихээхэн дөхөм болгосон.
Зураг 5. Нийтэд Нээлттэй Онлайн Хичээлийн боломжууд
Нийтэд Нээлттэй Онлайн Хичээлийн сонгодог болон холимог хувилбарыг нэвтрүүлснээр Зураг 5-д үзүүлсэн дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
- Соён гэгээрүүлэх, насан туршийн боловсролын агуулга бий болно.
- Чанартай зөв агуулгыг нийтэд илүү хүртээмжтэй хүргэнэ.
- Холимог хувилбарыг сургуулиуд хэрэглэснээр орон нутаг болон хотын захын сургуулиудын багшлах боловсон хүчний хомсдлыг шийдвэрлэх нэг боломж бүрдэнэ.
- Хилийн чинадад амьдарч, хөдөлмөрлөж буй монгол мэргэжилтэн, эрдэмтдийн мэдлэг, туршлагаар залуусыг мэргэшүүлэх боломжтой.
- Монгол хэл, түүх, соёлын агуулгаар ННОХ бэлтгэснээр хилийн чинадад төрж өссөн монгол хүүхдүүдийг сургах боломжтой.
Эцэст нь дүгнэн хэлэхэд, даяаршсан ертөнцөд ажиллаж, амьдрах чадварыг төлөвшүүлэхээс гадна өөрийнүндэстний онцлог, сэтгэхүй, соёл, амьдралын хэв шинжийг шингээсэн монгол хүн төлөвшүүлэн хүмүүжүүлэх нь бидний үүрэг юм
. Үүний тулд мэдрэмжийн (soft skills) болон мэдлэгийн чадвар (hard skills)-ыг төлөвшүүлэхээс гадна зөв, хүртээмжтэй монгол агуулга нэн чухал болой.
Ч.Лодойравсал
Сэтгэгдэл бичих