Мянга мянган жил хүн төрөлхтнийг маргалдуулаагүй ч хэцүү сэдэв учраас түүх сөхвөл уншигч авхай өөрөө хотын соёл гэж юу вэ гэдгийг тунгаах биз.
Монгол нутагт цэлмэг тэнгэр дор салхи исгэрч, халуун хүйтэн харшилдан тэмцэлдэх тал хээр нутгийн бэлчээр усыг булаалдан хэчнээн ч үндэстэн, ястан нэг нэгнийгээ элдэн хөөж эзэн сууж үлдсэнийг гагц нар сар л гэрчлэх буй заа. Энэ мэт уянгын халил хотын соёлд байхгүй. Учир нь түм түжигнэж, бум бужигнасан гудманд цаг нартай уралдан бие биеэсээ өрсөн байж идэх хоол, өмсөх хувцсаа залгуулах тул хорвоогийн эрээн барааныг гайхаж зогсох зав үгүй. Нүүдэлчин амьдралаас суурин амьдралын хэв маягт шилжсэн нь монголчуудын хувьд тун саяхан. Түүхийн олон гэрчтэй анхны суурин нийслэл маань Хархорин
. Эзний голын Хар хотоос Хархорин орох замын тухай Марко Поло “Хархорин орох замд төөрнө гэж үгүй. Хааны зарлигаар 3 алд тутамд мод тарьж ургуулсан замаар явахад энд тэнд нарсан ой тааралдана...” гэж тэмдэглэн үлдээжээ. Нэг бол тэр үед говьд нарс ургахаар чийгтэй байж, үгүй бол Марко Поло андуурсан байж болох. Ямартай ч нүүдэлчин монголчуудын нийслэл суурин үүсгэж, зам тавьж, замын хажуугаар мод тарьж ургуулсан гэдэг нь нүүдэллэдэг нийслэлээс суурин нийслэл рүү шилжсэн анхны баримт. Харамсалтай нь түүхийн нугачаанд Бээжин хүртэл Монголын нийслэл болж явсан түүхтэй учраас нийслэлийн түүхийг Ширээ цагаан нуурын эрэг дээрх Өргөөгөөс эхлүүлж бичдэг. Хэд хэд нүүсээр одоогийн байгаа газарт 1778 онд нүүж иржээ. Төр үймж, дайн дажин болоогүй учраас дахиж нүүх шаардлага гараагүй боловч хот гэхээсээ илүү хорооллосон гэр, хашаа байсан нь гэрэл зургуудад хадгалагдан үлдсэн. Хотын соёлыг Хүрээнээс эхэлж ярих нь зүйтэй.
Хүрээнд төрж өссөн хүмүүс хөдөөнөөс мөргөл залбирал бас бус ажлаар ирсэн хүмүүсээс ялгарч, “Хүрээ соёл” гэж нэрлэгдэх болсон хувцаслалт, дэг жаяг, давхрага үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь голцуу чинээлэг баян хэсэгт хүчтэй илэрч байв. Энэ хүрээлэл нь ном судартай багаасаа харьцах эдийн засгийн боломжтой тул дорно дахины хэл соёлд нэвтэрхий, урлаг уран сайхнаар хичээллэснээр голдуу хөгжмийн зэмсэг, дуу бүжигт гаргуун , Хүрээнд ирсэн Орос, Америк, Герман зэрэг гадаадын жуулчин, наймаачин, аялагчидтай харьцдаг учраас барууны соёлыг шимтэн сонирхогч, даган дууриагч байжээ. Сайнаас гадна саарыг нь ч сурч, хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтогсод мөн л энэ хүрээ соёлтонгуудаас төрж байсан байна.
Богд хаантан 1914 онд архи уух, хараал хэлэх, тэвэг, хөзөр, даалуу тоглох, лам хувраг охид эмсэд шунахыг цээрлэ хэмээн зарлиг буулгаж байсныг бодоход муу юм нь хэмжээнээсээ хэтэрч хааны сонорт хүрч байсныг гэрчлэнэ.
Хөрөнгө чинээгээр ялгарч байсан Хүрээ соёлтонгууд хувьсгал ялснаар анир чимээгүй даруу даржин хэлбэрт орж халааг нь Бошгыг халах залуучуудын эвлэл, Орос клуб, цэрэг цагдаагийн дэгжин дарга нар авчээ. Энэ хэсэгт Франц, Германд бага боловч сурч амьдарсан Монголын сэхээтнүүд, Орост сургууль дүүргэж , орос эхнэр авч ирсэн дарга нар онцгой байр суурь эзэлж, тэднийг даган дууриах нь соёлтой байхын туйлд тооцогдов. Ихэвчлэн Орост хэвлэсэн пянз сонсож байсан болов уу. Хаа очиж тэр үеийнхэн маань маш ухамсартай , нэг нэгэндээ шаардлагатай, хүлээцтэй, шинэ соргог юманд сурцтай, эрмэлзэлтэй байж...
1950-аад оноос хотын төв барилгажиж, энд төрж өссөн хүүхдүүд өөрсдийгөө 40, 50 мянгатыхан гэж ялган таньж хүрээлэл, дэг жаяг, онцгой хэллэгээр ялгарч Bee Gees, Beatles, Louis Armstrong , Александр Градскийг нууцхан сонсож өссөн. Залгуулаад паалантай суултуур, паартай байранд төрөгсдийн хоёр дахь давалгаа 1970-аад онд Сансар, Төмөр замд, гурав дахь давалгаа нь 80-аад онд гурав дөрөв, нэгдүгээр хороололд таарсан.
Ялангуяа 80-аад онд барилгажилт маш эрчимтэй явагдаж, гурав дөрөвдүгээр хороололд байшинд амьдардаг хэрнээ орцондоо хүндэрдэг “хотынхон” бий болж байсан цаг. Байрны даргад баригдсан хүн “тэр жорлон чинь яг гал зуухны дэргэд юм, ерөөсөө тухтай бие засаж болдоггүй ээ” гэх тайлбар тавьсан удаатай тул дараачийн байрнуудын 00-ын өрөөг гал зуухнаас нь холдуулж барьж эхэлсэн гэдэг. Хөгжмийн хувьд социалист нийгмийн чанга хатуу цензурийг давсан гадаад дотоодын хамтлагуудыг (Соёл эрдэнэ, Мөнгөн харандаа, Баян монгол, Хөх тэнгэр, Харанга) сонсож, социалист улсуудад хийсэн олон ангит киног үзэж өссөн. Орос хэлтэй, хэлгүй шинэ жилээр өглөө болтол зурагт шагайж Главлитын хяналтыг давсан гадаад хамтлаг үзээд ,тэрийгээ жил тойрон ярьдаг байв. Мандарины үнэр шинэ жилийн бэлгэ тэмдэг болсон он жилүүд. Хотынхны аль ч үе нь орцонд гитар балбаж хөөгдөн, дүү нараар гэрээс нь ус зөөлгөөд, охид нь черта, резин тоглож, хөвгүүд нь лапта мааткаар нааддаг байж. Чулуугаар байлдах, бариа хийх атаман хулигаан, нийтийн бүжиг, малгай шүүрэх, дугуйны хийг гаргах, архи уух бас л хотын соёлын бараан хэсэгт бичигдэх л байх. Тэр үед гудманд машин байхгүй шахуу, орой 18 цагаас хойш албаны тэрэг ч явдаггүй байсан болохоор өнөөдрийнх шиг түгжрэл уур бухимдал байсангүй.Харин зун болохоор зуслангийн унаа гэж өглөө оройдоо олимпын бэлтгэл шахуу юмыг уур уцааргүй хийнэ. 90-ээд оны онцлог картын бараа, шагийн архи,найруулдаг ундаа, Сега тоглоом, тохиролцооны дэлгүүр, ганзагын наймаа. Michael Jackson, Backstreet boys, Whitney Houston, Камертон, Шигтгээ, Номин талст, Эмоушн гэхээр тэр үе санаанд илхэн. Харин хүүхдүүд гадаа тоглох нь багасаж, компьютер шагайж суух нь ихэслээ. Сагс, хөл бөмбөг моодноос гарч Сега тоглоом донтуулсан үе.
Хот хөдөөгөөрөө дуудалцаж талцаж маргаад амьдралд нэмэргүй. Хотынх мөртлөө ямар ч соёлгүй нэгэн байхад хөдөөнийх мөртлөө соёлтой нэгэн байж л байдаг
. Хайгаад байгаа хотын соёл маань хувь хүний соёл юм биш байгаа? Хот газар нэг нэгэндээ саад болохгүй ажил амьдралаа бүтээгээд явах нэг чухал, ганцаар хичээгээд бүтээж чадахгүй зүйл дээр нэгдээд бүтээх сэтгэлтэй байх нь мөн чухал. Энэ чинь л хот газрын соёл биш үү.
Сэтгэгдэл бичих