Нийтлэл 03 сарын 04, 2015

2015 оны хавар - Загварын трэнд

        Милан, Нью-Йорк, Парисын загварын 7 хоног, ValentinoDries Van Noten,  ChanelLouis VuittonChloé​, Saint Laurent зэрэг дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдийн загварын шоу мөн том хотуудад зохиогддог загварлаг хүмүүсийн цуглардаг, гудамжны загварын (street style) наадам зэргээс олон улсад энэ хаврын хувцас загварын трэнд ямархуу байх нь тодорхой болж байна. 2015 хаврын улирлын чиг хандлагад 1970-аад оны эхэн үеийг эргэн дурссан мэт загварууд зонхилж байна. Энэ хаврын загваруудын илэрхийлж буй санаа нь  “Дайн биш энх тайван, хайрыг бүтээ” (make love, not war) гэсэн агуулгатай байх аж.  Ингээд голлох чиг хандлагуудыг Vogue, Harper's Bazaar, Allure, Elle  загварын гол сэтгүүлүүдээс түүвэрлэн танилцуулж байна:  

  1. Томдсон салхи, шуурганы юүдэнтэй цув

Загварлаг хэрнээ өмсөхөд хялбар, хөнгөмсөг салхи шуурганы юүдэнтэй цув хаврын салхи, шуурга, бороо, шорооноос хамгаалаад зогсохгүй нарлаг өдрүүдэд ч мөн өмсөхөд тун тохиромжтой, сэрүүн байх болно. Юбка болон даашинзын гадуур донжтой тохируулан өмссөн ч болно.     

  1. Эмэгтэй хослол

Уламжлалт нүсэр даашинзын тухай мартаж, эрхэмсэг шинжийг илтгэсэн шинэ эмэгтэй костюмууд энэ хавар чухалд тооцогдож байна.

  1. Илгэн материал

Мөн ирэх хавар илгэн материалыг улаан, ногоон, хөх гээд олон өнгөнд оруулан хийсэн төрөл бүрийн хувцас загварын чиг хандлагад зонхилж байна. Загвар зохион бүтээгчид өнгө өнгийн илгэн материалаар ихэвчлэн 1970 оныг санагдуулсан хуучны загварыг урлаж байгаа нь тун зохимжтой харагдаж байгаа юм.

  1. Цацаг

Энэ хавар бүхэлдээ хөдөлгөөнийг илэрхийлж байгаа учраас намирч, савласан цацагтай хувцас трэнд болох нь загварын шоунууд болон гудамжны загварын хэв маягаас (street style) тодорхой боллоо. 

  1. Дөрвөлжин хээтэй даавуун хувцас

Богино даашинзаас авахуулаад гадуур өмсөх хүрмээ хүртэл дөрвөлжин хээгээр бүрэх цаг ирж байна. Францын алдартай дуучин, жүжигчин, загвар өмсөгч Брижитт Бардот (Brigitte Bardot) хуриман дээрээ ягаан дөрвөлжин хээтэй даашинз өмссөнөөс хойш солбицсон дөрвөлжин хээтэй загвар трэнд болж байсан юм. Харин энэ хандлага 2015 оны хаврын загварын чиг хандлагад дахин орж ирлээ.

  1. Жийнс

Жийнс ирэх хаврын загварын трэндэд орж ирж байгаа нь тийм ч шинэ, содон зүйл биш боловч  энэ удаад даавууны оруулгууд жийнсэнд чимэг оруулсан байна. Энэ нь илүү орчин үеийн мэдрэмжийг сэргээн дуудахын тулд сонгодог материалуудыг яаж ч өөрчлөх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

 

  1. Хар ба цагаан өнгөний сонирхолтой хослол

Хар ба цагаан өнгө хэзээд, хаана ч байж л байдаг. Гэхдээ энэ улирал загвар зохион бүтээгчид сонгодог хар, цагаан өнгөний хослол бүхий олон төрлийн сонирхолтой хээ, дүрсийг бүтээж байна.

  1. Шар өнгө

“Надад лав тохирох өнгө биш” гэж хэлэхээсээ өмнө цайвар шар, хувны шар өнгөнөөс эхлүүлээд улбар ба алтан шар өнгөнүүдээс өөртөө аль зохимжтойг энэ хавар сонгоод үзээрэй.

  1. Далайчин

Милан, Нью – Йорк, Парисын 7 хоногуудаас харахад далайчны дүрэмт хувцас мэт гадуур хүрэм ирэх хаврын энгийн хэрнээ дэгжин хувцаснуудын тоонд орох хандлагатай байна.

    10. Холимог материал

Дизайнерууд өнгө өнгийн даавуу, сүлжмэл, холимог материалуудыг ашиглан гайхалтай хувцаснууд урлаж эхэллээ. Тэгэхээр энэ хавар дан ганц шар, гүн улаан болон хар цагаан өнгөний хослолоос гадна санаанд оромгүй өнгөлөг хувцаснууд трэнд болох хандлагатай байна.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon