Нийтлэл 03 сарын 08, 2015

Г.Цогзолмаа: Би залуудаа ханийгаа 'миний найз аа, та' гэж дууддаг байсан

6 хүүхдээ өв тэгш өсгөж хүмүүжүүлсэн ахмад ээж, боловсролын тэргүүний ажилтан Гармаагийн Цогзолмаа гуайтай ярилцлаа. Түүнтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн одонтой ээжүүдээ хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр уулзсан юм. Хүүхэд хэн болох нь уг үндсээ дагадаг гэх сайхан ээж гурван хүү, гурван охин төрүүлэн зөв хүн болгон өсгөсөн нь өнөөдөр сэтгэл амар амьдрах үндэс боллоо хэмээн, үр хүүхдээрээ бахархан сууна: 

-Танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Манай дүүргээс одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлж байгаа юм. Арга хэмжээндээ оролцоод бас ярилцлага өгөх болсондоо баяртай байна. Энэ боломжоо ашиглаад Монголынхоо бүх ээжүүддээ, эмэгтэйчүүддээ хамгийн сайн сайхныг хүсье.

-Та хувь хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг юу гэж ойлгодог вэ?

-Эх хүн, эмэгтэй хүн бүр гэр орныхоо, үр хүүхдийнхээ өнгө зүс нь байдаг учраас эмэгтэйчүүдийг баярлуулж байгаа нь сайхан. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв гэж боддог.  

-Манай Монголд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ямар төвшинд байна, таныхаар?

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд нэлээд ач холбогдол өгч, энэ талд олон зүйл хийж байна гэж харж байгаа.  Дэлхийд нэртэй монгол эмэгтэй олон байна. Монгол тамирчид, урлагийнхан гээд дэлхийд данстай эмэгтэйчүүд олон. Эмэгтэйчүүдийн  манлайлал салбар бүрт өсч байгаа.

-Ер нь эмэгтэй хүн, ээж хүн ямар байх ёстой юм бэ?

-Ээж хүн эелдэг зөөлөн сэтгэлтэй, хүнлэг чанартай байх нь хамгийн чухал. Тэгээд хүнийг хүндэлдэг, үр хүүхэд, гэр бүлээ хайрладаг, эх орноо хайрладаг байвал болоо доо. Эмэгтэй хүн бүр ээж болно, тийм болохоор охин үрээ их хайрлаж өсгөх хэрэгтэй.  

-Энгэрт тань ардын боловсролын тэргүүний ажилтны тэмдэг гялалзаж байна. Та хаана, ямар ажил хийж байсан тухайгаа хуучлаач?

-Би Увс аймгийн Түргэн сумын уугуул хүн. 1970 онд цэцэрлэгийн багш мэргэжлээр сургууль төгсөөд төрсөн нутагтаа цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон очсон. Түргэн сумынхаа цэцэрлэгт жил гаран ажиллаад хань З.Амангэлтэйгээ гэр бүр болж аймгийн төврүү шилжин, тэндээ цэцэрлэгт насаараа ажиллаад, гавьяаныхаа амралтыг авсан.

-Хүүхдүүдээ танилцуулаач. Хаана юу хийцгээж байна?

-Манай том хүүг А.Баянмөнх гэдэг. Одоо “Номандик Хаус” компанийн дэд захирал. Охин А.Туул Монгол банканд хяналтын хэлтэст захирал хийж байна. Гурав дахь хүү А.Батгэрэл маань “Номандик Хаус” компанийн ерөнхий захирал. Хүү А.Пүрэвсүрэн МУИС-ийг төгсөөд Их хурлын тамгын газар референтээр ажиллаж байгаа Сингапурт Элчин сайдын яаманд Консулын дарга хийж байгаад одоо Монголдоо ирээд байгаа. Охин Тамир МУИС-иас Солонгост сурах эрх авч суралцаад доктор болоод ирлээ. Одоо Шинжлэх ухааны паркт ажиллаж байна. Хамгийн бага маань Хөх хотод экологийн чиглэлээр их сургууль төгсөөд Сингапурт мастер хамгаалж ирлээ. Одоо нялх хүүхэдтэй гэртээ байна. Манайх гэдэг айл төрүүлсэн зургаан хүүхэд, хүргэн бэрүүд, ач зээ нийлээд 26-лаа болсон. Өнөр овгийнхон маань өнөр бүл болж байна даа.

-Танайх Өнөр гэдэг овогтой юмуу?

-Манай хөгшний аав Зул гэж хүн Өнөр овогтой байсан юм. Нутагтаа Өнөр бүлийнхэн гэгддэг байсан юм. Энэ овог маань өгөөжөө өгч, бид өнөр өтгөн болж байна.

-Ингэхэд та эхээс хэдүүлээ билээ?

-Би арван хүүхэдтэй айлын том нь. Ээж маань таван охин, таван хүү төрүүлсэн сайхан хөгшин бий. Одоо ная нэлээд гарсан ануухан хөгшин бий.  

-Ямар сайхан юм бэ. Өдий насандаа ээжтэйгээ амьдарна гэдэг ямар их хувь бэ?

-Тэгэлгүй яахав. Бид арвуулаа ээжээрээ бахархдаг. Ээж, аавынхаа сайн, сайхан үлгэр дуурайлаар бүгд зөв хүн болон хүмүүжиж, өнөөдөр үр хүүхэд маань сайн сайхан ажиллаж, амьдарч байна. Хүн ямар болох нь уг, үндсээ л дагадаг юм ш дээ. Ярилцлагаараа дамжуулаад ээждээ мэнд хүргэж болно биз дээ.

-Тэгэлгүй яахав, бололгүй яах билээ?

-Ээждээ хайртай гэдгээ тэр бүр хэлээд байдаггүй юм байна шүү. Ээждээ урт наслаарай, үр биднийхээ дэргэд илүү олон жил байж, асарч хайрлах боломж өгөөрэй . Хайртай шүү гэж хэлье.   

-Ямар сайхан юм бэ. Та буянтай, сайхан хүн юмаа.  

-Хүүхдүүдийнхээ, төр засгийнхаа буянаар сайхан амьдарч байна.

-Та хүүхдүүдийнхээ бага байх үеийг дурсаач?

-Хөгшин бид хоёр орон нутагт ажиллаж байсан учраас их завгүй байж дээ. Манай хүүхдүүд том нь багаа халамжлаад өсгөчихсөн. Хүүхдүүд маань одоо ч нэг нэгнээ гэсэн нягт сэтгэлтэй, нэгнийхээ төлөө сэтгэл гаргадаг. Бид ийм хүмүүжил олгож чадсан юм шиг байгаа юм. Эхний гурван хүүхэд маань хоёр хоёр жилийн зайтай төрсөн. Тухайн үед төрөөд 45 хоноод л хүүхдээ яслид өгөөд ажлаа хийдэг байсан. Тэгээд 30 минут болоод л ясли орж хүүхдээ хөхүүлдэг байлаа. Ясли, цэцэрлэг, сургуулиар дамжуулаад л хүүхдүүдээ өсгөсөн. Ер нь эхний нэг, хоёр хүүхдээ нь зөв хүмүүжүүлж чадвал дүү нараа аваад явчихдаг юм билээ. Том нь ямар болно, дүү нар нь тэгж л өсдөг. Хүүхдүүд маань нэг их асаргаа шаардаж байгаагүй. Зөнгөөрөө л хүн болсон доо. Би ажил, хүүхдүүддээ нээх түүртдэггүй байсан. Одоогийн хүүхдүүд цөөхөн хүүхэдтэй ч хүүхэддээ түүртээд хоёр, гурван жил ажил хийхгүй юм. Бидний үе өнгөрчээ. Би хатуу цаг, нийгэмд ажиллаж амьдарч байж. Орчноо, нийгмээ дагаад хүн чанга амьдардаг юм билээ.

-Хүүхдүүддээ юуг хамгийн их захиж хэлдэг вэ?

-Ахмадаа хүндлэх тухай захидаг. Манай хүүхдүүд ахмад хүнийг маш их хүндэлдэг. Хүний мэнд асуухгүй өнгөрдөггүй. Танихгүй ч гэсэн ахмад хүнтэй мэндэлдэг тийм заншилд бид сургасан. Гурван хүүдээ эр хүний хийх ёстой бүхий л зүйлийг сургасан. Мал төхөөрч янзлахаас эхлээд. Гурван охин маань дээл хувцсаа өөрөө урлачихдаг. Хүүхдүүдээ амьдралын ухаанаар зөв хүмүүжүүлсэн л гэж бодож явдаг.

-Насаараа цэцэрлэгийн эрхлэгч хийсэн гэсэн. Хүүхэдтэй ажилласан хүн уургүй болчихдог гэсэн, үнэн үү?

- Манай хүн намайг тайван, ээжийгээ дуурайсан гэж хэлдэг ш дээ. Манай ээж хүүхдүүдээ загнадаггүй хүн байдаг. Би бас хүүхдүүдээ аашилж загнаад байдаггүй. Хүмүүс намайг уур уцааргүй гэхийг олон сонссон. Багшилж байхдаа ч ард түмний хүүхдийг өөрийн хүүхдээс илүү бодож зөв хүмүүжүүлэх сэтгэлээр ханддаг байсан. Би хүүхдэд их хайртай хүн.

-Таны мэргэжил хүүхдүүдээ өсгөхөд тань нэлээд ойр байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Сурган хүмүүжүүлэх ухааныг судалсан болохоор хүүхдүүдээ зөв залахад их ойрхон байсан. Миний мэргэжил хүүхдийг багаас нь яаж зөв хүн болгон өсгөх үү. Хүүхдийн сэтгэл санааг яаж зөв өргөх үү гээд их нарийн зүйлсэд дэм болсон.

-Залуу ээжүүдэд маань зөвлөгөө өгөөч?

-Хүүхдийг багаас нь төлөвшүүлэхийн тулд зодож, загнаж болохгүй. Хүүхэд юу сонирхож байна, тэр сонирхлыг нь хаагдуулж боогдуулахгүйгээр чөлөөтэй хөгжүүлэх хэрэгтэй. Зөв зүйл хийсэн үед нь чиний зөв, миний хүү сайн зүйл хийлээ гэж магтаж, сайшаах хэрэгтэй. Магтаалын үг хүүхдэд  их хэрэгтэй. Хүүхдээ үглэж болохгүй. Үлгэр жишээ болох ойр орчинд байгаа ах эгч нарыг нь дагуулаад миний хүү ийм болоорой гээд хүүхдэд магтаалын үг их хайр болдог. Хайрлахын хажуугаар магтаж сайшаан, дэмжих хэрэгтэй.  

-Хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод оролцсон уу?

- Хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэхийн тулд юунд сонирхолтойг нь л ажиглах хэрэгтэй. Тэр зүйлийг нь зүгшрүүлж өгөх нь мэргэжлээ сонгоход нь тус болдог юм байна гэдгийг мэдэрлээ. Манай хүүхдүүд бүгд л сонирхлоороо сонгосон мэргэжлээрээ сураад, ажиллаж байна. Би өөрөө доктор дүүтэй. Миний эмэгтэй дүү Ташкентад усжуулалтын чиглэлээр их сургууль төгсөөд Солонгост мастер, доктор хамгаалаад ирсэн. Одоо Туул голын ай савыг хамгаалах газар захирал хийж байна. Хүүхдүүд ер нь уг, удмаа дуурайдаг юм билээ.

-Хүүхдийн хүмүүжилд юу хамгийн муугаар нөлөөлдөг вэ?

-Муу үлгэр дуурайлыг хүүхдэд харуулж болохгүй. Эргэн тойрон байгаа муу зуршилтай хүн, хүүхдийг тэр тийм муухай байна гэж хэлж огт болохгүй. Миний хүү зөв байвал гээд алдар гавьяатай хүмүүсээ дурсаад өсгөвөл багаасаа л сэтгэл дээшээ өснө. Хүүхэд аав ээж, ах эгчээ л дуурайдаг юм.Гэр бүлийн хоёр хүн яаж харьцаж байна гэдгээс хүүхдийн хүмүүжил их шалтгаалдаг. Хүүхдийнхээ хажууд болох, болохгүй үг ярьж болохгүй. Хүнийг муулж болохгүй. Манай нутагт эхнэр, нөхөр нэгнээ та гэж хүндэлж харьцдаг. Манай ээж аавыг та гэдэг байсан. Би бас өвгөнийгөө чи гэдэггүй, та гэж харьцдаг.

-Залуудаа хөгшнийгөө юу гэж дууддаг байсан бэ?

 -Залуу байхдаа миний найзаа та гэж дууддаг байсан. Өрхийн тэргүүнээ  хүндлэх ёстой. Энэ хүмүүжлээр хүүхдүүдээ сургасан. Хүний мэнд асуухаас эхлээд ахмад хүнтэй сайхан сэтгэлээр инээж харьцахаас эхлээд  хүүхдийн төлөвшил тогтоно. Хамгийн товчхоноор хэлбэл ээж аав бидний харилцаанаас хүүхдийн хүмүүжил эхэлнэ. Манайд бэр болж ирсэн, хүргэн болж ирсэн хүүхдүүд маань ч энэ л зарчмаар үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж байна.

-Зав гаргаж, энэ баярт өдрийн цагаасаа хумслан байж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд болоод, өөрийг тань төрүүлж өсгөсөн ээжид тань, охидуудад нь олон олон уншигчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ аз жаргал хүсье.

-Баярлалаа. Монголын маань үрс маань маш олон болог.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon