Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна:
Х.Тэмүүжингийн өргөн барьсан Гэмт хэргийн тухай хууль болон Д.Дорлигжавын өргөн барьсан Эрүүгийн хуулийн ялгааны тухайд:
1990 оноос шинэ нийгэмд шилжсэн, шинэ нийгмийнхээ үнэт зүйл, суурь зарчмыг хамгаалах хэрэгцээ үүссэн, шинэ төрлийн гэмт хэргүүд ч бий болсон.
Манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт их шоронжсон маягтай, хорих ялыг түлхүү ашигладаг.
Социализмын үед бид шоронд түшиглэж, хүмүүсийг бөөнөөр нь хорих байдлаар үнэгүй ажиллах хүчин бий болгодог байсан.
Ялын бодлогыг зөөлрүүлж, хорихоос бусад ялын төрлүүдийг нэмэгдүүлэх, олон сонголттой болгох хэрэгцээ бий болсон.
Хуулийн хуучин нэр томъёо, эрх зүйн судалгааны хоцрогдлоос болоод хүний эрх, нэр төр хохирох хандлага их байна.
Харамсалтай нь шинэ Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн ухралт гарсан.
Жишээ нь , “зорчих эрхийг хязгаарлах” гэдэг олон хувилбартай ялын зөвхөн “гэрийн хорио” гэдэг хэлбэрийг нь ашиглахаар өөрчилжээ. Энэ нь цахим гав гэх мэт технологийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглах боломжийг үгүйсгэж байна.
Гүтгэхийг гэмт хэрэг биш гэж үзсэн байсныг шинэ засгийн газар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэ бол том ухралт.
Эрх зүйн шинэчлэлийн талаар:
Шинэчлэлийн 30-40 хувийг хийсэн бол ойрын 8-10 жилд иргэний хяналттай, хараат бус шүүхийн тогтолцоо бий болох байлаа.
Орчин үеийн эрэлт хэрэгцээ, нийгмийн үнэт зүйлүүдэд тохирсон механизмыг ойлгож, үнэлдэг хүнгүйгээр энэ шинэчлэл явахгүй нь гэдэг нь харагдаад эхэллээ.
Д.Дорлигжав практик дээр ажиллаж, прокурорын байгууллагыг удирдаж байхдаа ч эсэргүүцэж байсан. Өнөөдөр хуулийн шинэчлэлийн хамгийн гол цэг болсон албан тушаал дээр очсон хойноо ч тэр байр сууриа бэхжүүлж байна.
Монгол Улсын хуулийн салбарын хөгжлийг 10 жилийн турш царцаасан хуучин бодлого дахин амилах дүр зураг л харагдаж байна.
Ирэх сонгуульд АН-ын нүүр бардам ярих ганц ажил нь энэ эрх зүйн шинэчлэл юм шүү. Иргэддээ үйлчилдэг, аюулгүй байдлыг нь хангадаг, хүний эрхийг эрхэмлэдэг хуулийн байгууллагын тогтолцоотой боллоо, хэн ч шударга ёсны процедурт эргэлзэхээргүй дэвшилтэт тогтолцоо руу очлоо гэдэг нь АН-ын нүүрийг тахлах ганц ажил болно шүү.
Хуулийн салбарт хийе гэж бодсон гэрэл гэгээтэй бүхэн Увсын хоёр хүний хавчлагаар зогсох болсонд би хувьдаа харамсч л байна.
Шүүхийн тухай хуулийн тухайд:
Шүүхийн шинэчлэлтэй холбоотой цөөнгүй бодлого Үндсэн хуулийн Цэц дээр уналаа. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэдэг тов тодорхой заалт Үндсэн хуульд байсаар атал иргэдийн оролцоотой шүүхийн шийдвэр гаргах тухай асуудлыг Цэц дээр унагаачихлаа.
Үндсэн хуулийн цэц дээр Дагнасан шүүх байгуулахтай холбоотой асуудлыг унагасан. Үүний цаад эзэн нь Д.Дорлигжав.
Уг нь Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн байдаг
. Гэвч энэ замаа өөрөө баллуурдаж байгаа нь хачирхалтай.
Цагдаагийн албаны тухай хуулийн тухайд:
Цагдаа бол хүчний биш, хууль сахиулах байгууллага байх ёстой. Цэрэгжсэн биш, иргэний зохион байгуулалтад орох ёстой.
Цагдаагийн байгууллагын ажил ил тод, хариуцлагатай, иргэдэд хянагддаг, үйл ажиллагаа нь олон нийтийн дэмжлэгт суурилсан байх ёстой. Энэ л цагдаагийн албаны шинэчлэлийн суурь зарчим байсан.
Орон нутагт цагдаа иргэний зөвлөлтэйгээ хамтарч ажиллаж, иргэддээ улирал тутам тайлан тавьдаг болж. Цагдааг иргэд рүү нь ойртуулсан, айлган сүрдүүлдэг бус нээлттэй, ил тод, хамтарч ажилладаг тогтолцооны үр дүн ийм л байна.
Гомдоллосон хэдэн хурандаагийн үгээр, цэрэг удирдах донтой хэн нэгний сонирхлоор ухралт хийж болохгүй.
Үүнийг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй.
4 сая ам.долларын авлигатай холбоотой баримт, авилгын талаар:
Энэ Засгийн газар авлига өгсөн хүмүүсийг шийтгэх маягаар авсан авлигаа далдалдаг хуулийн механизмыг хэвээр хадгалахыг л хүсч байна.
Хээл хахууль өгсөн талыг өршөөдөг, ял, шийтгэл оногдуулдаггүй зохицуулалтыг бий болгоно. Энэ зохицуулалт орж байж баялаг бүтээгчид айдасгүй, харин авлигачид нь айдастай болно.
Хохирогч нь, дээрэмдүүлэгч нь “Тэр надаас тэдэн төгрөг авлигад авсан” гэдгийг шууд зарладаг болно. Авлига авсан этгээд хариуцлагаа хүлээнэ. Авлигатай ингэж л тэмцэхээс өөр арга байхгүй.
Би уг нь хэн нэгнийг, тэр дундаа Д.Дорлигжавын нэрийг дурдаагүй. Өөрөө л “Юун гуя” гэдэг шиг юм болсон.
АН-ын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэдэг амлалт орсон.
Шинэ ЗГ өршөөлийн хуулийн төслийг алга болгоод оронд нь Татварын өршөөлийн хууль нэртэй хэдхэн заалт оруулж ирсэн.
Шинэ Засгийн газарт авлига өгч байгаа талыг өршөөх хүсэл алга.
Энэ Засгийн газарт авлигатай тэмцэх хүсэл алга.
АН-ын хийсэн ажил, засгийн газруудын тухайд:
Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нэг шалтгаан нь би байсан байж магадгүй.
Ирэх сонгуульд АН-ын нүүр бардам ярих ганц ажил нь эрх зүйн шинэчлэл байх байлаа.
Харамсалтай нь одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт би хувьдаа итгэл алдарч байна.
Ерөнхий сайд дуугүй байгаагаараа буруу өнцгөөс харсан буруу тайлбаруудыг өөгшүүлж байна.
АН-ын Засгийн газар учраас дэмжих ёстой гэж бодож явлаа. Гэвч уучлаарай!
АН өөрсдийгөө дотроосоо хэмлэдэг, хүн дагасан ашиг сонирхолд тулгуурласан фракциасаа хэзээ салах вэ
Би хувьдаа “Фракцигүй АН” гэдэг санаачилгыг дэмжиж байгаа.
Өнгөрсөн 2.5 жилд АН-аас хамгийн чанга дуугаар хашгирч байсан, АН-ыг нурааж байсан хүмүүс өнөөдөр бялуугаа авчихаж.
АН, МАН хоёр урвагчдаараа дамжиж эрх ашгаараа нэгддэг юм биш үү.
АН-ын намын үнэт зүйлийн төлөө дуугарсан хүмүүсээ МАН-тай нийлээд золигт гаргадаг юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийн талаар:
Ерөнхийлөгчийн өөрийнх нь зорьсон, амласан, алсад харж байгаа зүйл нь шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл байсан.
Шударга байцгаая гэдэг үгийн ард байгаа өөрчлөлтийг Ерөнхийлөгч өөрөө эхлүүлсэн
.
Х.Тэмүүжин гэдэг залуугаас илүү 25 жил хамт явсан амин найзууд нь тэр шинэчлэлийг хийчих юм шиг санасан байх. Харамсалтай нь одоо арай өөр дүр зураг харагдаад байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл бичих