Шийдье гэж шийддэг гоё шийдэмгий төрийн удирдлага моод болжийшт.
Төслөө шийдэх үү, шийдье ээ гээ л найман настай балчраас авахуулаад мэссэж бичицгээсэн. Одоо 2013 оноос ярьсан усан цахилгаан станцаа барих уу, барья аа гээд Засгийн газрын гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар шийдээд өглөө. Гэхдээ бас энэ удаа ахицтай, “усан цахилгаан станцаа шийдье” гэх төдий биш. “Усан цахилгаан станцаа БНХАУ-аас зээл авч хийе гэж шийдье” гэсэн байгаа. Тэр байтугай 827 сая доллар гээд бодит тоотой. “Төслөө шийдье” гэчихээр эсэргүүцээд байх агуулгагүй хэцүү байсан, одоо бол ийм сайхан ахицтай, тодорхой тоотой шийдвэр гаргаад өгөнгүүт нь эсэргүүцмээр болжийно. Эсэргүүцээд зогсохгүй болдог бол усан цахилгаан станцаа шийдэмгий удирдлагуудынхаа хоёр чихээр барьмаар байна. 2013-2015 онд бондын зээлийн хөрөнгөөр эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд томхон өргөтгөл хийж, өнгөрсөн онд импортлосон 1,4 тэрбум киловатт цахилгааны 40-50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон. Дахиад 600 сая киловаттын боломж нэмэгдвэл импортын хамаарлаас бүрэн гарчих гээд чихэнд сонсголонтой. Гэхдээ хамаарлаас гарах мөрөөдлийн өмнө хармаа түрийвчээ дарж үзье.
2015 оны улсын төсөв 1,159 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Үүний 359 тэрбумыг засгийн газрын бонд, 777 тэрбумыг засгийн газрын зээлээр санхүүжүүлнэ гэсэн.
Өнгөрсөн онд Хөгжлийн банкин дээр байсан төсвөөс тусдаа өрийг тооцоход л төсвийн тухай хууль зөрчигдчихсөн байсан орон. Энэ жил тэрийг төсөвтөө нэгтгэж тооцоод, дээр нь өдий хэмжээний нэмж зээл авахаас өөр аргагүйд болсон тул чаддагаар нь хуулиа өөрчлөөд тавьсан. 2015 онд улсын өр ДНБ-ийн 58,3 хувь, төсвийн алдагдал 5 хувь байж болно гээд. Нэмээд 827 сая доллар авъя гэдэг нь батлагдаад 2 сар болж байгаа хуулиа зөрчье, тэгээд зөрчсөн болохгүйн тулд өөрчлье гэсэн үг.
6.1.4.Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх.
гэснийг
Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд одоо байгаа түвшинд нь буюу 58.3 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна.
гэдэг зүйлээр засал хийгээд удаагүй байна. Монголын засгийн газрын нийт өрийн хэмжээ 10 их наяд давж, жил тутам хүүгийн төлбөрт 700 тэрбум төгрөг зарж буй. 700 тэрбум. Өргүй байсансан бол өөрсдөө цахилгаан станц барьчих хөрөнгө жил тутам мөнгө санхүүгээ зөв зарцуулж, манайд зээлээд хүүгийн төлбөрөө идсэн шиг хөрөнгөжиж байгаа орнууд руу урсаж байна.
Улмаар хоёр том бондын төлбөр 2022 он хүртэл хүлээгдэж буй. Энэ бол валютын асар том гадагшаа чиглэсэн урсгал. Үүнийг давах мөнгөн урсгал үүсэхгүй бол өдийд 2000 хүрээд байгаа манай валют хог дээр үсэрч төлбөрт биш дотоод гадаадын мөнгөн урсгалын хичээлд хэрэглэгддэг кэйс материал болно. Аль хэдийн зарим сургуулийн кэйст орж, сая бүр цалин тавихгүй хүүхдийн сүүний мөнгө чи бидээ хүрсэн атал хурдан эргэх хөрвөх чадваргүй суурь бүтээн байгуулалтад 827 сая доллар яг валютын урсгал гадагш чиглэсэн 6-7 жилээр түгжинэ гэдэг урдаас нь том бөмбөг өнхөрч явахад өөдөөс нь өөр бөмбөг хөөгөөд гүйж орж байгаагаас ялгаа алга.
Манай энэ байдал энгийндээ иймэрхүү. Нэг айл хоол хийхдээ хааяа хажуу айлын пилеткийг зээлдэг. Тэрнийхээ түрээсэнд жилд 25 төгрөг төлдөг. Бас 100,000 төгрөгний өртэй. Тэрэндээ жил тутам 700 төгрөгний хүү төлдөг. Нэмж 8000 төгрөгний зээл авч пилетка худалдаж аваад жил тутам 40 төгрөг өгье гэх гэж байна. Одоохондоо энэ айл 25-аар пилетка түр түрээслээд, жил тутмын 700, бас үндсэн төлбөр 100,000 төгрөгөө нэр нүүрээ баасдаж дампууралгүй шиг төлөхөө бодоод 5 жилийг үдэх нь дээр. Хэд гурван төгрөг олдвол 25-ыг жил тутам зардаг түрээсийн пилеткийг халахад яарахаас илүү жил тутам 100-г өгдөг ямар нэг тахиа гахайнд хийж тэрийгөө өсгөж тордвол хүүгийн урсгал зардлаас гадна үндсэн төлбөрөө нэр төртэй шиг дараад гарахад тустай. Тэгэхээр дараагийн 5 жил, үгүй ядахад 3 жил жил тутам 60-70-ыг төлж яваад, эсвэл ямар нэг дотогш чиглэсэн мөнгө үүсгэх саалийн үнээтэй болж байж тэрбум доллар 6 жилээр түгжих төсөл эхлэх нь дээр бус уу? Өнгөрсөн онд 130 сая доллараар авсан эрчим хүч ТЭЦ-4-ийг өргөтгөл тооцоход энэ жил 60-70 сая орчим болж буурах байх. Тэгээд өргүй юм уу, үнээтэй тахиа гахайтай болсон хойно өөрийн хөрөнгөөр, үгүй ядахад валютын урсгалын дарамт багатай үедээ сайхан шүгэлдэж байгаад шинэ зуухаа барьвал.
Тэрбум хагасыг аваад тэрэн дээрээ алаан болж, төрийн тэмдэгт нь нэг долларт 2000-той дүйцэх болсон. Нэмж бараг тэрбумыг аваад урт хугацаат төсөлд түгжиж, төрийн данс улайхад хүрвэл хэн чихээ огтолж өгөх вэ? Төрд чих байхгүй, төрийн удирдлагууд чихээ бүр өгөхгүй, төлбөр авах тал бол уг суурь нь баялаг сайхан монголоос мөнгө биш ямар нэг юм олж салгаад салж чадна. Том бөмбөгний өөдөөс бүтээн байгуулалт хийх, импортын хамаарлаас гарах халуун сэтгэлээр гүйж орох гээд байна уу, хятадын санхүүжилтээр магадгүй зарим ажлыг хятад гүйцэтгэгч гүйцэтгэх ажлыг хэзээ ч хамаагүй эхлүүлэх өөр ашиг сонирхол байна уу, баримтгүй тул хий хардахаас цаашгүй.
Шийдье гэж шийддэг төрийн удирдлагын хэв маяг бол Жорж Орвелл ч сэтгэж дийлэхгүй гоё юмор. Ийм юмор гарах болгонд олон нийт болоод төр засгийн тэргүүнүүд өөрсдийнх нь дунд хэрүүл үүсдэг. Аргагүй шт, асар сонирхолтой байгаа юм чинь. Одоо би аягүй гоё усан цахилгаан станц барих шийдвэрийг нь эсэргүүцээд биччихлээ, эх оронч биш гэх вий дээ. Уг нь ус нь тунгалаг, тэнгэр нь цэнхэр тайван сайхан монгол оронд хайртай. Төгрөгөө хайрлах, төр түмний чихийг хайрлах чинь станц хайрлахаас ялгаагүй адилхан л эх оронч үзэл мөн. Төгрөгийн үнэ цэнэ, дотоод гадаад мөнгөн урсгалаа бодоод хэдэн жилдээ хөрвөх чадвар хөөцөлдье гэж уриалмаар байна.
Сэтгэгдэл бичих