“АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хүргүүлсэн шаардлагыг цэвэр улс төрийн өнцгөөс, улс төрийн зохион байгуулалттай хийж байгаа мэдэгдэл, байр суурь” хэмээн үзэж буйгаа МАН илэрхийлэв. Тухайн үед Их хурал хуулиа баталж, Засгийн газар нь тогтоол батлан, шүүх нь тогтоолоо гарган АН-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт 11 тэрбум төгрөгийг МАН-д гаргаж өгсөн байдаг учраас ийн үзэж байгаа аж.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос гаргасан шаардлагын агуулга:
“Тусгаар тогтнолын ордон”-г барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг гаргасан. Уг мөнгийг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэхэд УИХ, Засгийн газар авч хэлэлцэхийг шаардаж байна. “МАН-ын барьж, одоо ашиглаж байгаа “Тусгаар тогтнолын ордон”-г ард түмнийх нь мэдэлд шилжүүлэхийг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-г барихад төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт нь буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд оролцуулахгүй” гэжээ.
Уг шаардлагын гол үндэслэл нь: “2008 оны долдугаар сарын нэгний үймээнээр Монгол Ардын нам төв байраа шатаалгаж, 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан...” явдал хэмээн тайлбарлаж байгаа юм.
АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар шаардлагынхаа талаар тайлбарлахдаа:
“Тухайн үед С.Баяр намын дарга байхдаа 11 тэрбум төгрөгийг төсвөөс гаргуулсан нь хууль бус.
Өнөөдөр улс төрийн нам тансаг байранд суух нь чухал биш. Иргэдэд цэцэрлэг, сургууль, номын сан хэрэгтэй байна. 2008 оны долдугаар сарын 1-нд таван халуун амь үрэгдсэн. Хэргийн гол эздийг одоо болтол олж илрүүлээгүй. Энэ үймээний талаар улс төрийн албан ёсны дүгнэлт ч гаргаагүй. Гэтэл МАН хохирсон гэх нэрийдлээр төсвөөс мөнгө гаргуулсанд иргэд дургүйцэж байгаа.“Тусгаар тогтнолын ордон”-г МАН ашиг орлого олох хэрэгсэл болгож ашиглаж байна.
Нам ашгийн төлөө байгууллага биш. Бусад намууд түрээсийн байранд ажлаа явуулаад болоод л байна. Аль ч улс орны намууд ийм л байдаг. МАН үнэхээр ард түмний нам юм бол энэ байраа ард түмнийхээ мэдэлд өгөх ёстой” хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдөр /2015,03,12/ МАН-ын удирдлагууд энэ асуудалд мэдээлэлд хийлээ. Тодруулбал:
- 2009 онд МУ-ын ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдон “Өршөөлийн тухай хууль”-ийг санаачилж, эл хууль 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан байдаг. Тухайн үед АН, МАН, монгол улсын ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн институт хуралдан “Өршөөлийн тухай хууль” гаргаж энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөе. Үймээнд эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн хохирлыг барагдуулья хэмээн МУ-ын их хурал 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр “Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль”-ийг баталсан байдаг. Энэ үед МАН дангаараа парламентийг бүрдүүлж байгаагүй, хамтарсан засгийн газартай байсан учраас “Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль”-ийг АН дэмжиж баталсан.
- Уг хуулийн дагуу 2009 оны есдүгээр сарын 23-ны өдөр Хохирогчид нөхөн олговор олгох журам батлах тухай МУ-ын Засгийн газрын 291-р тогтоол гарсан байдаг. Энэ үед ч хамтарсан засгийн газарт ардчилсан нам багтаж байсан.
- 2010 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс 216-р тоот шийдвэр гаргаж МАН-ын хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг гэж тогтоосон байдаг.
- 2010 оны гуравдугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Нөхөн олговор олгосон асуудал бол МУ-ын их хурлаар батлагдан, Засгийн газрын тогтоол гарч, шүүхийн тогтоолоор хэрэгжсэн үйл явдал.
- Монгол улсад өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Улс төрийн намын тухай хууль”-ийн 16.1-д “Аливаа улс төрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байна”, уг хуулийн 16.2.6-д “Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслүүлж ашиглуулсан орлогоо тухайн улс төрийн нам үйл ажиллагаандаа зарцуулах эрхтэй” гэж заасан байдаг. МАН энэ дагуу “Тусгаар тогтнолын ордон”- оо түрээслэдэг гэв.
Сэтгэгдэл бичих