Нийтлэл 03 сарын 12, 2015

Фэисбүүк трэнд - Монгол хүн бол жинхэнэ глобал боловсон хүчин

Өнөөдөр фэисбүүкт "Монгол хүн бол жинхэнэ глобал боловсон хүчин" гарчигтай ярилцлага идэвхитэй түгээгдэж байна. Гаднын нүдээр харсан монгол оюутнууд, монгол боловсон хүчний тухай, мөн олон улсын компаниудын хүний нөөцийн бодлогын цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл болгох үүднээс олон улсын хүний нөөцийн талаарх опинион лидер, Рицүмэикан их сургуулийн багш Камикүбо Масато-той японы гол бизнес медиа Никкэи Бизнесээс хийсэн уг ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна:

 

Эм үйлдвэрлэлийн Такэда корпорац ерөнхийлөгч болоод бусад удирдах захирлын албан тушаалтнуудаа гадаад хүнээр солилоо. Тоёта  гэх мэт япон компаниуд ч дэд захирлаасаа авахуулаад гадаад хүн авч ажиллуулж байна. Ямар учраас ийм өөрчлөлтүүд гарч байгаа юм бол?

Камикүбо: Япон компаниуд дэлхийн компани болохын тулд гадаадаас боловсон хүчин авч ажиллуулах шаардлагатай байна. Япон дэлхийн хэмжээний хүний нөөцийн тал дээр дутагдалтай. Японд их сургуульд сурсныхаа дараа гадаадад ажиллаж буй хүмүүсийн тоо дэлхийд дээгүүр жагсдаг сургуулиудаа харсан ч 1%-д ч хүрэхгүй байна. Ганц биеэрээ хил давж, АНУ юм уу Англид  ажиллаж байгаа хүмүүс бизнес ертөнцөд маш бага. Японд ажлын байр дутагдалтай байхад Такэда гэх мэт том компаниуд гадаадын боловсон хүчин идэвхитэй авч байгаа нь аюул, тэр байтугай төв оффис гадаадад байршдаг болвол япончууд хэрэгцээгүй болж ч мэднэ.

 

Олон улсын боловсон хүчин Японоос төрөн гарах тийм амар биш гэж байна. Яагаад?

Камикүбо: Нэг шалтгаан нь дэлхийн боловсон хүчин гэж хэн юм бэ гэдэг талаар ойлголт бүрэн хэвшээгүй байна.  Гадаадад очоод юм борлуулж чадах хүнийг  дэлхийн боловсон хүчин гэж хараад байна. Токиод төв нь байдаг,  японоос бараагаа экспортолдог энэ хэв загвар үргэлжилсээр байна. 20 жилийн өмнө намайг худалдааны компанид ажиллах байх үеийнхээс өөрчлөгдсөн юм байхгүй.  Энэ хооронд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал маш их хөдөлгөөнтэй болж, улам л хувиран өөрчлөгдсөөр байна. Төв оффис эндээ байдаг загвараар гадаадад очсон ч олигтой уусаж, шингэж чадахгүй байна. Очоод очсон газраа өөрсдөө нэгдээд, тэрэндээ сэтгэл ханаж байна. Ийм байдалтай глобалчлалын хурдыг гүйцэхгүй ээ. 

 

Тэгэхээр дэлхийн боловсон хүчин гэж ямар хүмүүс байх вэ?

Глобал хүний нөөц бол улс, үндэс угсаа, компани гэх мэт элдэв хайрцагт баригддаггүй хүмүүс. Жишээ Африк, дундад Ази гэх мэт эх оронд нь боломж муу орны хүмүүс тэндээ ажиллаж чадахгүй болохоор АНУ, Англид гарч сургуульд сураад дэлхийд тэнцэх карьер хөөдөг. Олон улсын боловсрол, глобал карьер туршлагаа давуу тал болгоод хаана ч очсон өрсөлдөх чадвартай, тэд л глобал ажиллах хүч. Мэдрэмж нь шал өөр байх л даа, япон хүнд аз, адал явдал хайж дэлхийд гарах шаардлагагүй хэмжээнд амар тайван, хөгжилтэй эх орондоо нэг компанид насаараа ажилладаг соёлдоо амар тайван суугаад бол глобал боловсон хүчин болохгүй. “Би япон хүн” гэдэг бранд үйлчлэхгүйг мэдрэх хэмжээний туршлага хурааж байж глобал хүн гэж хэн байх ёстойг харах байх. “Япон хүн” гэх хайрцгаа эвдэж хаяхгүй бол болохгүй байж мэднэ.

 

Глобал боловсон хүчин олж ажиллуулж, хадгалахын тулд яах ёстой вэ?

Камикүбо: Гадаадад тэндээ бизнес хийж чадах хүнийг улс үндэстэн ялгалгүй ажилд авах хэрэгтэй. Япон, гадаад гэх мэтийг хоёрдугаарт тавих хэрэгтэй. Глобал ажиллах хүчин чинь дэлхийгээр хэрэн хэсэж явдаг, яаж тэднийг барьж авч өөртөө татах уу гэдэг дээр компаниуд ялгарна. Компанид үнэнч байх энэ тэр үйлчлэхгүй, тодорхой зорилго тавиад түүнд хэдийг төлөх вэ нь илүү чухал.

 

Таны хэлж буй глобал боловсон хүчнийг хамгийн олноор төрүүлэн гаргаж буй орноос нэрлээч?

Камикүбо: Би ойрд монгол хүн л жинхэнэ глобал хүний нөөц юм гэж боддог болоод байна. Орос, Хятад гэсэн хоёр орны дунд байдаг жижиг эдийн засаг боловч, гадаадад гармагц асар хүчирхэг, чадварлаг ажилтан болдог хүн олон. Монгол хүн ямар нэг юманд баригдахгүй, цэвэр өөрийн тоглолт хийдэг, магадгүй нүүдэлчин удамтай нь холбоотой байж магадгүй юм. Сумо бөхчүүд ч тэр японд олноороо ирж гайхалтай амжилт үзүүлж байна шүү дээ. Рицүмэикан их сургуульд ч олон монгол оюутан бий, бүгд маш мундаг. Дэлхийн хэмжээнд сэтгэх талаасаа ч их өндөр потенциалтай санагддаг. Манайхыг төгсөөд АНУ-руу сургуульд явчихдаг оюутан ч олон. АНУ-д Цахиурын Хөндий гэх мэт халуун цэгт ч цаашдаа Монголчууд нэмэгдэх байх. Япон компани тийм хүмүүсийг хурдхан уургалж авах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

arrow icon