Аливаа туурга тусгаар улс гүрэн бүрд үндэсний бахархал гэж байдаг. Тэгвэл, эрт үеэс эдүгээг хүртэл нүүдлийн соёл иргэншлээр замнаж, хүн төрөлхтний түүхэнд шинэ содон хуудсыг нээн хөтлүүлсэн монгол угсаатны хувьд тэр бахархал нь юу билээ? Улиран одох түүхийн ээдрээт тавцанд, “Монгол улс” мандан бадрах, бууран доройтохын жам хуулийг даган, адармаа бартаатай зам харгуйг туулж явсаар XXI зуунтай золгох урт хугацааны туршид “монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах” сүр сүлд, бэлгэ тэмдэг нь эзэн богд Чингис хааны суу алдар байлаа. Үүний дээр баттайяа нэмж, “Монгол-Чингис” хэмээх нэрийн хуудастай эгнэгт хамсуулан дурдвал зохих зүйл нь монгол үндэстний маань бичиг соёлын нэгэн оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв-монгол бичиг юм.
Дэлхий даянаар “даяарчлал” хэмээх бэлтэй хүчтэйг нь буйлуулж, бэлгүй доройг нь уйлуулж мэдэх их хуй салхи дэгдэж байна. Даяарчлалд даган баясах зүйл өдий төдий байвч дангааршин үлдэх юм бас бий.
Тэрхүү даяарчлалын салхинд хийсгэлгүй авч үлдэх нэгэн зүйл нь монгол бичиг даруй мөн гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Угтаа хэлээ мартаж, бичгээ гээсэн хүн “Миний судсаар монгол цус гүйж байна. Би монгол хүн.” гэж хэчнээн бархирлаа ч тусыг эс олно. Хувь заяаны эрхээр урд хөршийн бөөрөнд наалдсан бидний мах цусны тасархай өвөрлөгч түмэн маань монгол бичгээ өнөөг хүртэл хэрэглэж, тэдний зохион туурвисан судалгаа шинжилгээний олон арван бүтээл шил шилээ даран гарсаар байна. Үнэндээ энэ талаар тэд биднээс хол түрүүлжээ.
Энд туурвин зохиогчийн хүч хөдөлмөрийн зэрэгцээ бичих түгээх нөхцөлийг нь бүрдүүлж буй их Хятадын төрийн бодлогын нөмөр нөөлөг бий. Тодруулан хэлбэл, монгол бичгийг өвөр монголчууд л хэрэглэж байна гэдгийг илтгэн харуулахын тулд Хятадын төр засаг бүх боломж нөхцөлийг хангаж өгдөг нь ив илэрхий, тов тодорхой хэрэг юм.
Үүнийг Нанхиад гүрний зоос нь илүүдэж, зарцуулах юмаа олж ядсандаа хэрэгцээгүй зүйлд мөнгөө цацаж байгаа хэрэг гэж хэнэггүй монголын хуумгай нүдээр ширвэн орхих бус “Монгол бичиг бол монгол үндэстний бичиг юм. Монгол бичгээр бичдэг үндэстэн манай улсын харьяат юм шүү” гэдгийг дэлхий дахинд чимээгүй зарлаж буй их гүрний эчнээ далд бодлогын нууц гэсэн хэрсүү монголын хурц мэлмийгээр ширтэн ухамсарлах ёстой.
Энэхүү өгүүлэлд, эрдэмтэн судлаачдын урьд хожид мөшгөн шинжилж, цохон тэмдэглэсэн нийгэм санал дүгнэлтийг нэр бүхий бүтээлд нь найдан үлдээж, өргөн дэлгэр хүрээгээр үл өгүүлэхийн сацуу өөрийн үзэл бодлыг дараах хэдэн зүйлээр тоймлон дурдъя. Монгол бичиг-мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр мөн. Монгол бичгийн эх үүдлийн талаар олон орны эрдэмтэд янз бүрийн үзэл санал дэвшүүлсээр ирсэн боловч нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй байна. Өрнөдийн монгол судлаачдын дунд “Юань улсын судар”, “Мэргэн гэгээний Алтан товч” дахь “Тататунга”-гийн домгоор эш үндэс хийж, 13-р зуунд Уйгураас монгол бичгийг зээлдэн авсан хэмээн тайлбарлах чиг хандлага нэгэн үе зонхилж байв.
Уг мэдээг монгол бичгийн гарал ирэлтэй холбон тайлбарлах бус Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон түүхэн үйл явдлын гэрч баримт гэж үзэх нь илүү үнэмшилтэй. Тийм ч учраас, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2004 онд “Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдэглэх тухай” гарсан билээ.
Бас нэгэн зүйл, Саж бандид Гунгаажалцан (1182-1251) монгол бичгийг “хэдэргэ” -ний дүрсээр бэлгэдэн зохиосон гэх зээлдмэл домгоос улбаатай мэдээг уламжлалт хэл шинжлэлийн сурвалжуудад олонтаа дурдсан байдаг. XVIII зууны үед амьдарч асан Алшаагийн равжамба Данзандагвын зохиосон “Зүрхний толтын тайлбар үсгийн эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маани”-д тус домгийг өгүүлсэн буй. Хожим уг хэлзүйн бичгийг тулгуур үндэс болгон бичсэн Агваандандарын “Хэлний чимэг”-т “Ер монгол үсгийг хэн хүн ямар газар аль цагт зохиосон хэмээвээс, Өөлдийн (Монголын Д.З) хан Годаны (Өгөдэй хааны гутгаар хүү Д.З) үед Сажа бандид Гунгаажалцантан Лянь-Жоу хотод дөрөвдүгээр равжунгийн (жарны Д.З) харагчин туулай жил зохиосон буй”, занги Лхамсүрэнгийн “Алтан толь”-д “Анх монгол үсгийг баруун газрын их бандид лам Гунгаажалцаны гэгээнтэн тогтоон зохиосон Зүрхний толт хэмээх судраас эхэлж, үүсгэн журамласан ба хойно мөн газрын монлам ламын (Данзандагва-ыг хэлж буй. Д.З) зохиосон Зүрхний толтын тайлбар огторгуйн маани хэмээх судрыг гол болгож хэрэглэсээр…” гэх зэргээр тэмдэглэжээ. Энэхүү домгийг монгол бичгийн гаралтай холбон тайлбарлах нь үнэнээс хэт холдсон таамаг дүгнэлт болох бөгөөд харин академич Ш.Лувсанвандан, эрдэмтэн Т.Пагва нарын тэмдэглэсэнчлэн одоогоор бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний журамласан хэлзүйн бичиг буюу “Зүрхний толт”-ын зохиогдсон цаг үе, зохиогчийг тодлох баримт юм. Ер нь уламжлалт хэлзүйн бичигт, аливаа үсэг бичгийн эх үүдлийг дурдан өгүүлэхдээ ямар нэгэн домгийг эш үндэс болгодог байжээ. Тонмисамбода багш төвд үсгийг зохиосон ба өмнө өгүүлсэн Саж бандид Гунгаажалцаны монгол үсгийг зохиосон гэх домог хоёр хөл нэгтэй байх боломжийг нягтлан шинжилсэн судлаачийн дүгнэлт уг домгийн учрыг ухахад тус дөхөм болж байна.
Төвд, монгол түүхийн сурвалжуудад буй мэдээ зангийг үндэс болговол, Саж бандид бээр Годан хааны заллагыг хүлээн аваад, 1244 онд бараа бологсдынхоо хамт Төвдийн өндөрлөгийг даван хөдөлж, Хөхнуурын Лянь-Жоу газраа 1247 онд морилон ирсэн ажээ . Тэгэхээр цаг хугацааны хувьд, Гунгаажалцан Монголд залрахаасаа (1243 он Д.З) өмнө монгол үсэг шинээр зохиосон гэх мэдээ занги нь хожмын домог хууч буюу нэмэн найруулсан зүйлээс эх үүдэлтэй үзэл дүгнэлт болно. Ямар ч болов, XIII зууны эхэн хагас гэхэд монгол бичиг өөрийн өнгө төрхөө нэгэнт олж, хэвшин тогтсон хэлзүйн онцлог шинжтэй болсон
нь 1204 буюу 1243 оноос уг үсгийн тогтолцоог боловсруулан хэрэглэсэн гэх түүхэн өөр үйл явдал, домог хуучаас улбаатай баримт мөчид ойлголтыг няцаахын зэрэгцээ түүний үүсэл гарлын цаг хугацааг дурдан буй үеэс урагш улируулан шинжлэх бодтой үндэслэл болж байгаа нь эргэлзээгүй билээ. Нөгөө талаар, түүний гол нуталгаа нь монгол бичгээр уламжлан ирсэн эртний дурсгалын хэлний онцлог болно. Аливаа соёлт угсаатан үсэг бичгийн шинэ тугтам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм. Гэтэл, XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэж байна. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл болохыг хэлшинжлэлтэн нар нэгэнтээ тодорхойлжээ.
Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй хугацааны явдал гэх баримжаа гаргалгааг хийж буй бөгөөд академич Б.Ринчен абугайн онож тэмдэглэснээр “…уйгур улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос бус, уйгурын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл, гээгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй” юм.
Монгол бичиг монгол хэлний түүхэн хөгжлийн баримт хэрэглэгдэхүүн мөн. Монгол бичгийн зөв бичих зүй нь анх хэвшин тогтохдоо түүхэн авиазүйн зарчимд суурилсан бөгөөд харин хэлний түүхэн хөгжлийн явцад үгзүйн зарчим голлох мөрдлөг болсон байна. Авиазүйн зарчмын гол үндэс нь үгийг тухайн үеийн дуудлагын дагуу бичих ёс юм. Монгол бичиг нэгэн зүйл авианы бичиг болохын хувьд анх тулгар үүссэн цагийнхаа аман ярианы хэл буюу авианы онцлогийг шууд тусгах нь тодорхой билээ. Гэвч хэлний түүхэн хөгжлийн явцад бичгийн хэл, ярианы хэлний хоорондох зөрөө нэлээд их болсон учир монгол бичигт одоогийн аман ярианы хэлтэйгээ тохирдог үг цөөнгүй байдаг ч дийлэнх хувийг эзэлж чадахгүй
. Энэ байдал нь “ярианы хэлнээс хэт холдсон, хоцрогдсон” гэх мэтээр ул үндэсгүй, ухамж мөчид хоч нэр зүүгч зарим нэгний бахтай сайхан баримт болдог ч ярьснаараа тэмдэглэдэг бичиг үсэгтэй соёлт улс үндэстнийг энэ дэлхий дээрээс эрээд олно гэхэд үнэнхүү бэрхтэй биз ээ. Тодруулан хэлбэл, аман ярианы хэлний аяыг дагаад бичгийн хэлээ байнга өөрчлөөд байдаг тохиол хуруу дарам цөөн бөгөөд тийм оролдлого хийгээд амжилтад хүрсэн нь бүр өдрийн од шиг бүлгээ.
1648 онд Ойрадын Зая бандид Намхайжамцын зохиосон “Тод үсэг” нь монгол хэлний олон аялгууг үл хайхран, дан гагц ойрад аялгуунд шүтэн дулдуйдаж, дээр дурдсан монгол бичгийн үсэг зүйн гол онцлог болох нэг тэмдэгтээр хэд хэдэн авиаг тэмдэглэх байдлыг тус тусад нь ялган салгаж, өөр өөр тэмдэгт оноох маягаар “шинэчлэн зассан” боловч тэрхүү бичиг нь нийт монгол туургатны дунд түгэн дэлгэрч чадаагүй билээ. Монгол бичгээр уламжилсан судар шастир, намтар түүх, данс хараа, албан бичиг тэргүүтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мөр, туурвиж бүтээсэн оюун ухаан, мандаж буурсан баримт түүхийг танин мэдэх гол түлхүүр бөгөөд монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол хэлний авианы тогтолцоо, үгийн бүтэц хэлбэржилт, үгийн сан, үгийн гарал түүх, өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалт, найруулгын ур маягийг гагцхүү монгол бичгийнхээ сан хөмрөгөөс л тодруулах боломжтой юм. Монгол бичиг-монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл мөн.
Монгол бичгийн өвөрмөц тогтолцоог хөндөн ярихад, юун түрүүнд түүний үсэгзүйн онцлогийг авч үзэх шаардлагатай. Эл бичгийн үсэг зүйн гол зарчим бол нэг тэмдэгтээр хэд хэдэн авиаг тэмдэглэх явдал юм. Тухайлбал: о/у, ө/ү, үгийн тэргүүн үеэс хойш о / у / ө / ү, д/т, з/й, хэ/гэ, ха/га, ц/ч, ж/з гэх мэт. Тэрхүү байдал зарим хүний үздэг шиг хэл шинжлэлийн ул үндэсгүй бүдүүн тойм хандсан зүйл бус харин ч “…аман аялгуунд янз янзаар дууддаг үг авиаг тэр олон салбар аялгуутны монголтой хүн бүр нь нүдээрээ үзэх бичигт өөр өөрийнхөө аялгуугаар дуудан заншсан үг авиаг үзэнгүүт таних арга олох гэж сүрхий шинжилгээ хийж, нэг авиаг янз янзаар дуудаж болох олон салбар авиаг үндсэн гол авианд нь товчлон бодож, тэр үндсэн гол авианд нь нэг үсэглэвэр зохиосон” хэрэг юм. Өмнөх дүгнэлтийг доктор Ц.Шагдарсүрэн улам тодруулж, жишээ баримтаар баяжуулсан бөгөөд эрдэмтэн Баошаан “монгол бичгийн илтгэх чадвар нь маш сайн байдаг, ялангуяа монгол хэл аялгууны үндсэн онцлогийг тусгах талаар гарамгай” хэмээн чухалчлан дурджээ. Мөн академич Ц.Дамдинсүрэн дурдан буй онцлогийг санамсаргүй зүйл биш болох тухай дэлгэрэнгүй тайлбарлаж, нэрт хэлшинжлэлч, академич Ш.Лувсанвандан “хуучин монгол үсгийг анх авч хэрэглэсэн нутгийн аялгуунд о / у, ө / ү, т / д гэх мэтийн авиа хос хосоороо нэг фонемын хоёр хувилбар байсан учир тусгай тусгай үсэг зохиогоогүй байсан байж магадгүй” гэсэн сонирхолтой санааг дэвшүүлсэн билээ. Профессор Т.Дашцэдэн багшийн тэмдэглэсэнчлэн, “энэ бол монгол бичгийн дутагдал биш, эрт цагийн монгол хэл бичгийн эрдэмтдийн ухааны царааг гэрчлэх бөгөөд олон монгол аймгийн хүн ардыг хэл аялгуугаар нь үл ялгаварлан, өөр өөрийн хэлдгээр дуудаж болдог үсэг зохион бүтээсэн тэдний мэргэн оюуны чадварыг бишрэн бахармаар” зүйл юм. Ямар ч болов, нэг тэмдэгтээр хэд хэдэн авиаг тэмдэглэсэн явдал нь хэл шинжлэлийн үүднээс алдаж эндсэн, ухамж мөчид зүйл биш гэдгийг монгол бичгийн хөгжлийн түүх гэрчилж байна.
Өмнө дурдсан монгол бичгийн үсэг зүйн өвөрмөц онцлог нь түүний олон зууныг дамнан орших бат суурьтай тулгуур болохын зэрэгцээ монгол туургатныг бичиг соёлоор нь нэгтгэж байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Монгол бичиг-эрдэм соёлын их өв сан мөн. Монгол туургатан олон зууны турш үндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгүй арвин өв сан бүтээжээ. Цаг цагийн гамшиг, үе үеийн үрэгдлийг тэсч өнгөрөөсөн нь л бидэнд хүрч иржээ
гэж бодоход өдгөө Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад өөрийн эрхгүй бахдан бишрэх сэтгэл төрөх ажээ . Зөвхөн улсын нийтийн номын санд монгол бичгээр туурвисан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна
. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир үлэмж тоотой байдаг бөгөөд Б.Я.Владимирцов, П.Аалто, Л.С.Пучковский, В.Хайссиг, Н.Поппе, Ж.Крюгер, Ч.Бауден, Л.Бэшэ, А.Г.Сазыкин, В.Л.Успенский нар тэдгээрийн гарчгийг хэвлэн нийтлүүлсэн билээ . Ийнхүү монгол бичиг монгол угсаатны олон зуун жилийн судар шастирыг улируулан тээхийн зэрэгцээ өөр бусад улс үндэстний уран зохиолын дурсгалтай танилцуулах гүүр болж байсан бодот баримт өнөөдрийн мэдлэгээр аль тэртээ XIII зууны үед холбогдох билээ. Монгол бичиг нь дөрвөлжин, тод, вагиндра зэрэг монголчуудын зохион хэрэглэж байсан бичиг үсгийн эх үүдэл болоод зогсохгүй зарим улс үндэстний утга соёлд шууд болон дам нөлөөлж, үсэг бичгийнх нь уг сурвалж болж байв. Тухайлбал, Манж нар нэгэн хэсэг монгол бичгийг хэвээр нь хэрэглэж байгаад хожим өөрийн хэлэндээ тохируулан дусал, бинд зэрэг тэмдэгтийг нэмэн өөрчилсөн шинэ үсгийн тогтолцоог боловсруулан зохиожээ. Мөн Солонгосын хангыл үсгийн уг гаралд монгол бичиг бодот сэжмээр холбогдох тухай эрдэмтэн Б.Сумъяабаатар, Ц.Шагдарсүрэн нар эш баримттайгаар бичиж байна . Согд-уйгураас гаралтай, дээрээс доош босоо чиглэлтэй бичдэг өвөрмөц онцлог бүхий энэхүү авианы бичгийг өөрсдийн хэл аялгуундаа тохируулан боловсруулж, өнөөг хүртэл хэрэглэж буй дэлхий дээрх цорын ганц үндэстэн бидний монголчууд болж байгаа нь үнэхээр бахархалтай юм.
Монгол бичиг-тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч мөн. Монгол бичгээ сурах, сургахын учир холбогдол юунд орших вэ? Америкийн нэрт хэлшинжлэлч И.Е.Гельб (I.J.Gelb) “Бичиг үсгийн судалгаа” (A study of Writing, Second edition, Chicago-London, 1963) гэдэг нэрд гарсан бүтээлдээ “…Аливаа үндэстний оршин байх гадаад бэлгэ тэмдэг нь тэдний бичиг хэл хоёр нь бүлгээ. Тийм ч учраас аливаа байлдан дагуулагчидын хувьд аль нэг ард түмнийг устгах зорилгодоо бичгийн үнэт өв сангий нь үгүй хийх явдал эн тэргүүний зорилго нь болдог билээ.
Чухамхүү энэ учир шалтгаанаар 1520 онд Испанийн колончилогч Кортес Мексикийг дайлахдаа уугуул нутгийнхны өнө эртний баатарлаг идэрхэг явдлыг нь өгүүлсэн бүх номыг шатаа! хэмээн тушааж байсан хэрэг… Мөн л ийм шалтгаанаар Нацистууд өөрийнхөө сурталд харшилсан үзэл бодлыг нухчин дарах гэсэндээ эсрэг талынхныхаа ном бичгийг шатааж байсан юм…” гэж онцгойлон тэмдэглэсэн ажээ . Үнэхээр аливаа улс гүрний туурга тусгаар болохын нэн түрүүний үнэлэмж нь оюуны соёлын бодот гэрч болсон үсэг бичиг юм. Өнөөдөр манай улсад кирилл үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа боловч төрийн тэргүүн, ерөнхий сайдаас эхлээд бүх яамдын сайд нарын батламж тамгыг монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүгээр зогсохгүй, Монгол улсын шинэ үндсэн хуулийн анхны эхийг монгол бичгээр буулгаж, төрийн санд нандигнан хадгалж байгаа
билээ. Сүүлийн үед, манай ард түмэн өргөмжлөл хүндэтгэл, бэлэг дурсгал, хувийн тамга дардсын зүйлээ монгол бичгээр үйлдэхийг илүү эрмэлзэх болсон нь уг чанартаа монголчуудын их соёлоо дээдлэх үзлийн нэгэн илрэл юм гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй. Монгол сэтгэлгээтэй хүн бүрийн сэтгэлийн чинадад тээгдэж яваа тэрхүү эрхэм үзлийг урам зоригоор дэвжээхэд эх хэл, их соёл, үндэсний бичиг үсгийн талаарх төр засгийн бодлого хийгээд мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн их дээд сургууль, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг нэн чухал болохыг онцлон дурдмаар байна. Юуны өмнө, ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг энэ ташрамд тэмдэглэе. Монголчууд үндэсний бичгээ сурч эзэмших тухай хуульчилж ирсэн уламжлал буй бөгөөд 1640 оны “Их цааз” хэмээх монгол-ойрадын хуулинд “…Сайдуудын хөвгүүд монголд (монгол бичигт Д.З) эс сэхээрхүнээ (эс сурвал Д.З) эцгээс нь гунан морь аваад хөвүүний нь багшид өгч сурга… Олонд танигдах хүмүүний монголд эс сэхээрхүнээ гунан хонь, олонхи мууг арван таван мөнгө…, хөвүүний нь багшид өгч сургах нь урд мэт. Хөвүүний нас 15 хүртлээ эс сэхээрхүнээ цаазтай…” гэх зэргээр тусгай заалт оруулсан байдгийг эргэн санаж, эргэцүүлэн бодууштай.
Дүгнэж хэлбэл, монгол бичиг бол халх, өвөрлөгч, ойрд, буриад хамаг монгол туургатны хэл аялгууг хамтатган тэмдэглэж чадсан “эвийн өлзий утас”, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ судар шастирын цоморлигийг улираан уламжлуулж ирсэн “соёлын мянган сүлжээ” мөн билээ. “Хүн олны хүсэл мөрөөдлийн алтан утсыг улс үндэстний утга соёлын харилцааны уран сүлжээгээр барилдуулж, гаслан гамшиг үгүй төгс жаргалын олон мэлмий нүдийг гарган зангидсан өлзий утас нь эртний Монголд эв найрыг хичээх, ёс төрийг сахихын ариун бэлгэ, гүн журмын сайхан жишээ болж байсан” -ы нэгэн адил монгол бичиг маань монголчууд бидний эв нэгдэл, эрдэм соёл, тусгаар тогтнол, төрт ёсны эрхмийн нандин гэрч, “эвийн өлзий утас-соёлын мянган сүлжээ” байх учиртай.
Д.Заяабаатар
Эх сурвалж: Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбооны албан ёсны сайт
Сэтгэгдэл бичих