Нийтлэл 03 сарын 18, 2015

Эрэгтэйчүүдийн боловсролд санал болгох 11 ном

trends.mn эрэгтэйчүүдийн боловсрол, бие хүн, иргэний хөгжлийн талаар идэвхитэй нийтлэх бодлого барьж буй. Энэ удаа эрэгтэйчүүдийн боловсролд санал болгох 11 номыг Интерном номын дэлгүүртэй хамтран танилцуулж байна:

 

  1. ААВУУД БА ОХИДУУД, ААВУУД БА ХӨВГҮҮД

Юуны тухай: Энэ ном бол амьдралынх нь туршид охиндоо, хүүдээ зааж, чиглүүлэх, хайрлахад сургах мэргэн ухааны толь юм. Эцэг эхчүүд үр хүүхдээ өсч өндийхийг зүгээр л хараад суух биш харин зорилготойгоор тодорхой зан чанарыг төлөвшүүлэх үндсэн үүрэгтэй. Үр хүүхэд бол Бурхнаас ирдэг бэлэг, бид тэдний сайн сайхны төлөө юугаа ч хайрлахгүй байхад бэлэн байх хэрэгтэй.

Хэнд санал болгох:  Залуу аав төдийгүй аав болсон хэн бүхэнд, удахгүй аав болох эрчүүдэд

Эшлэл:

Энэ нийгэм соёлын нөлөөнд автагдсан хүүхдүүдийнхээ төлөө бид байгаа бүхнээрээ тэмцэх ёстой. Хэрвээ аавууд идэвхгүй, холбоо харилцаагүй хэвээр байсаар байвал яах вэ?

 Зохиогч: Э. Маккарди

Хэзээ хэвлэгдсэн: 2014

 

 

 

 

 

  1. МОНГОЛ ЭРЭГТЭЙН ГАРЫН НОМ

Юуны тухай: Сэтгүүлч, багш Н.Даариймаагийн орчин үеийн гэр бүлд зориулсан цуврал номын гурав дахь нь болох "Монгол эрэгтэйн гарын ном" та бүхний гар дээр очиж байна. Энэ ном монгол залууст биеэ авч явах, хань ижлээ зөв сонгох эртний уламжлалыг сануулж, айл өрх толгойлж, амьдрал ахуйгаа өөд татах тулхтай зам мөр, гарцыг олоход туслах төдийгүй айл өрхийг толгойлогч, эцэг эхчүүд, нийгмийн асуудал судлаач, сонирхогч хэн бүхэнд гарын авлага болно.

Хэнд санал болгох:  Монголын түүх соёл, ёс уламжлалаа мэдэх хүсэлтэй бүх хүмүүст, түүх сонирхогчдод

Эшлэл:

Монгол хүн бүсээ ороохдоо нар зөв тойруулдаг. Монгол эрчүүд өөрийн гэртээ байсан ч айлд хоносон ч бүсээ туулайн чих болон аман хүзүү зангидаад дэрэн дороо хийж унтдаг ёстой.

 

 

Зохиогч: Найдансүрэнгийн Даариймаа

Хэвлэгдсэн он: 2015

 

 

 

 

 

 

  1. ТЭНГЭРТ БИЧСЭН ДУРДАТГАЛ

Юуны тухай: Монгол улсын гавьяат нисгэгч Т.Сугарын өөрийнх нь бичиж үлдээсэн болон хүмүүсийн дурсамж, сэтгэлээс бүтсэн энэ ном нэгэн үед амьдарч, ид хаваа гайхуулан нисч байсан хувь нисгэгчийн тухай мэт боловч бүхэлдээ Монголын нисдэг тэрэгчдийн түүх мөнөөс мөн тул уншигч танд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулна.

Хэнд санал болгох:  Зэвсэгт хүчин, агаарын спорт, нислэгийн тухай сонирхогчид

Эшлэл:

Монгол Улсын гавьяат нисгэгч Т. Сугарыг мэдэх хүний нэг би мөнөөс мөн... Тэр зураг зурна, шүлэг бичнэ, тэнгэрт ниснэ...чадахгүй юмгүй, цэгц журамтай, авьяас эр зориг, төгөлдөр нэгэн байсан...Загасчин хүн усандаа, нисгэгч хүн тэнгэртэй таалагддаг гэдэг үнэн байх...!!! Эх орон шатаж байх үед гал түймэр мөхөөхөөр яваад олон сайхан эрчүүл амь алдсан. Тэрний нэгэн буюу нисгэгч нь манай Сугар байлаа. Тэр амьд үлдэж чадаагүй ...

(МУ-ын Төрийн шагналт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн)

 Эх бэлтгэсэн: А. Тангад

Хэзээ хэвлэгдсэн: 2014

Хаана хэвлэгдсэн: СЭЛЭНГЭПРЭСС ХХК

 

 

 

 

  1. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЭРТ, ЭДҮҮГЭЭХ 33 БААТАР ЭР

Төрөл: Танин мэдэхүйн түүхэн зохиол

Юуны тухай: Их Монгол улс, улс төрийн бутрал, 20-р зууны эхэн үеийн тусгаар тогтнолын төлөө эрслэн тэмцсэн Богдын хүлэг баатруудаас өгсүүлээд, Халх гол, Чөлөөлөх дайн, Байтаг богдын мөргөлдөөнд оролцсон баатруудаас түүвэрлэн оруулжээ.

Хэнд санал болгох:  Монголын түүх сонирхогч бүх насны хүмүүст, эрдэмтэн судлаачидад

Эшлэл:

“Тэр хүн ерөнхийдөө сайн хүн бол түүнээс бага сага дутагдал илрэн гарах нь ер муу зүйл биш” гэсэн мэргэн үг байдагчлан нилэнхүйд нь авч үзэхэд баатрууд ч гэсэн амьдрал тэмцэлдээ алдсан оносон зүйл байдаг ч тэдний гол онцлог нь зорьсон ариун үйл хэргийнхээ төлөө тууштай тэмцсэнд орших болов уу.

 Зохиогч: Шийрэвдоржийн Насанбат

Хэзээ хэвлэгдсэн: 2013

Хаана хэвлэгдсэн: “Соёмбо принтинг” ХХК

 

 

 

 

 

 

  1.  БҮХ ЮМ ӨӨРИЙН ГЭСЭН ЦАГ ХУГАЦААТАЙ

Юуны тухай: Нам төрийн зүтгэлтэн Михаил Сергеевич Горбачевийн идэр залуу нас болон сэтгэл хөдлөм хайрын түүх бөгөөд агуу гүрнийг удирдах албан тушаалын өндөрлөгт хэрхэн хүрсэн, өөрчлөн байгуулалтыг яаж эхлүүлсэн тухай гайхалтай намтар юм. Хүйтэн дайныг төгсгөх үндсийг тавьсан, Нобелийн Энх тайвны шагналт тэрбээр өнгөрүүлсэн амьдралын чухал үеүдээ, өөрт тохиолдсон хамгийн онцлог үйл явдлуудыг дурссан нь 20-р зууны хамгийн хүчирхэг нэгэн хүнийг бүрэн дүүрэн илэрхийлнэ.

Хэнд санал болгох: Дэлхийн түүх, улс төр, эдийн засаг, суут хүмүүсийн намтар сонирхогчдод, эрдэмтэн судлаачдад

Эшлэл:  

Асуудлыг өргөн хүрээтэй авч үзэж, хувь тавилан намайг хүн төрөлхтний түүхийн хамгийн том эргэлтүүдийн нэгний жирийн нэг оролцогч төдий бус харин шинэчлэлийн үйл явцыг санаачилж, урагш ахиулсан эрхэм болгосон гэдгийг анхааралдаа авах аваас би азтай хүн. Миний бие түүхийн хаалгыг тогшиж, тэр хаалга ч онгойсон бөгөөд чингэхдээ миний санаа тавьж, хүчин зүтгэсэн тэр хүмүүсийн ч бас тусын тулд онгойсон юм. Би эрх мэдэлтэй болох гэж эрх мэдэлд хүрсэнгүй, бас хүсэл зоригоо хүчээр тулган хүлээлгээгүй билээ.

 

Орчуулагч: Чойнзонгийн Баатар

Хэзээ хэвлэгдсэн: 2013

Хаана хэвлэгдсэн: МОНСУДАР Хэвлэлийн Газар

 

 

 

 

  1. ЭРНЭСТО ЧЭ ГЭВАРА

Юуны тухай: Онолч, партизаны дайны тактик боловсруулагч, Фидэл Кастрогийн Кубын хувьсгалын (1956-59) нөлөө бүхий оролцогч, нийгмийн дунд ангиас гаралтай Эрнэсто Чэ Гэварагийн амьдрал, хувьсгал, тэмцлийнх нь үйл явц, хувийн тэмдэглэл, дотнын хүмүүсийнх нь дурсамж яриа зэргээс бүрдсэн.

Хэнд санал болгох: Дэлхийн түүх, хувьсгалын түүх, суут хүмүүсийн намтар, цэрэг дайны тухай сонирхогчид

Эшлэл:  

Миний хүүгийн судсаар Ирландын эрэмгий эрс, Испанийн байлдан дагуулагчид, Аргентины эх орончдын цус гүйж байсныг шууд хэлье! Амарлингуй байдлыг тэвчдэггүй манайхны дээдсийн зарим шинж байдал Чэд удамшсан бололтой. Алсын жуулчлал, аюулт адал явдал, шинэ үзэл бодолд түүнийг түлхдэг ямар нэгэн зүйл зан төрхөд нь байсан.

(Эцэг Эрнэстогийн ярилцлагаас.)

 Зохиогч: И. Лаврецкий “Суут хүмүүсийн амьдрал”

Орчуулагч: С. Лочин

Хэзээ хэвлэгдсэн: 2014 он

Хаана хэвлэгдсэн: NEPKO

 

 

 

 

 

  1. КАПИТАЛИЗМЫГ АЛГАСААГҮЙ ЭРЧҮҮД

Юуны тухай: 18-р зууны сүүлээс эхэлсэн хүний түүхэн дэх эдийн засгийн хамгийн том хувьсгалын гол дүрүүд  Англи, АНУ, европ, Азийн 10 орны 20 гол
энтэрпренёрын намтраар дамжуулан өгүүлсэн олон улсын эдийн засгийн түүх.

Хэнд санал болгох: Мэргэжлээ сонгох оюутан залууст, бизнес , үйлдвэрлэл эрхлэгчдэд, дэлхийн эдийн засгийн түүх сонирхогчдод

 

 

 

 

 

 

 

 

 

Эшлэл:  

“Карнеги, Форд, Хилл нарын корпорацууд бол тусгаар тогтномогц чөлөөт, бүтээлч бизнест ээлтэй орчин бүрдүүлсэн АНУ-ын нийгэмд эргэн ирсэн шагнал байлаа. Бултон, Шибусава, Асано нар ч институцийн харьцангуй таатай орчинд бизнесийн авьяас чадвар,нөөц боломжоо чөлөөтэй хөгжүүлж чадсан бол Тата, Ким, Жан нар бүтцийн хориг саадыг даван гарахад ихээхэн хүч зарцуулж аж үйлдвэрийн зам татацгаасныг, харин Рябушинский хувь хүний хүчин зүтгэлээр даван туулахын аргагүй хамгийн хурцадмал институцийн хоригт өртөж бүтэлгүйтснийг анзаарах вий”. 

 Зохиогч: Б.Болор-Эрдэнэ

Хэзээ хэвлэгдсэн: 2014

Хаана хэвлэгдсэн: Мөнхийн Үсэг

 

 

  1. ЖАНЖИН ЦАДИГ

Юуны тухай: Түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх, ёс уламжлалаа дээдлэх, улмаар ирээдүй хойч үеийнхэндээ түүх соёлоороо бахархах чин сэтгэлийг бий болгох эрхэм зорилготой “Төрт Ёс, Хаадын Сан” түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлаж, шалгарсан бүтээлүүдээ эмхтгэн “Хаан цадиг”, “Хатан цадиг” нэртэйгээр хэвлэн олны хүртээл болгосон билээ. Тэгвэл энэ удаад “Жанжин цадиг” номоо уншигч олондоо толилуулж  байна. С.Пүрэв, До.Цэнджав, Д.Төрбат, С.Оюун, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, С.Батжаргал зэрэг нэр алдартай олон уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг нэгэн дороос олж унших боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Хэнд санал болгох: Монголын түүх сонирхогчид, уран зохиол шимтэн уншигчдад

Эшлэл:  

Эх түүх, Их хаад хийгээд эх оронч баатарлаг замналыг утга зохиолоор илэрхийлсэн цогц бүтээл Монголын түүхийн судалгаа, утга зохиолын уламжлалыг баяжуулж, уншигч Таны билгийн мэлмийг мялааж, оюуны сүвийг нээхээр өмнө тань дэлгэгдэн байна. Таалал орштугай.

(“Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн Д. Гүн-Үйлс)

 

 

 

 Зохиолчид: С.Пүрэв, До.Цэнджав, Д.Төрбат, С.Оюун, Ч.Жанчивдорж, Б.Ойдов, С.Батжаргал

Хэзээ хэвлэгдсэн: 2015

 

 

 

  1. МИНИЙ АМЬДРАЛ БА ГАЙХАМШИГТАЙ ТОГЛООМ

Юуны тухай: Энэ номонд албан ёсны тоглолтуудад өрсөлдөгчийнхөө хаалганд 1250 гаруй бөмбөг оруулсан, дэлхийн гурван удаагийн аварга домогт хөлбөмбөгчин Эдсон Арантис ду Насименту өөрийн хүүхэд насны амьдралын он жилүүд, хөл бөмбөгийн спортод гаргасан амжилтуудынхаа тухай өгүүлж, сэтгэлд нь хоногшин үлдсэн зарим нэгэн тоглолтууд болон хөл бөмбөгийн спортын цаашдын хөгжлийн талаарх санал сэтгэгдлээ уншигч олонтойгоо хуваалцсан байна.   

Хэнд санал болгох: Спорт, хөл бөмбөг сонирхогчдод

Эшлэл:  

Миний эрхэм нандин хүсэл бол бүх дэлхийн хүүхэд залуус энэ номыг минь амтархан уншиж миний амьдралын эрээн бараан, баяр гунигтай танилцаж хөл бөмбөг хэмээх энэхүү гайхамшигтай тоглоом төдийгүй бусад бүх төрлийн спортод баяр баясгалантай хандаасай гэдэгт оршино.

(Эдсон Пеле)

 

 

 

 

 

 

 Орос хэлнээс орчуулсан: П. Батаа

Хэзээ хэвлэгдсэн: 2009

Хаана хэвлэгдсэн: “Миний Монголын Газар Шороо” хөдөлгөөнөөс эрхлэн гаргав.

 

 

 

 10. ЗӨВХӨН ХӨВГҮҮДЭД

Юуны тухай: Өсвөр насны хөвгүүдэд тулгардаг бие, сэтгэл санааны өөрчлөлт, үе тэнгийнхний харилцаа, эрүүл мэнд, охидын тухай гээд бүхий л асуудалд хэрхэн хандах талаар өгүүлсэн зурагт ном.

Хэнд санал болгох: Өсвөр насны хөвгүүдэд, хөвгүүдтэй эцэг эхчүүдэд

Эшлэл:  

Яагаад би гэж?
Яагаад одоо гэж? 
Юу болоод байна аа?
Чиний бие организм дотор үнэхээр юу болоод байгааг мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл өрөөнийхөө хаалгыг хаагаад тухлан суугаад хариултуудыг олоход бэлд.

 

 

 

 

Эмхтгэсэн: Ц.Гэрэлмаа, Ч. Сэлэнгэ

Хэзээ хэвлэгдсэн: 2014

 

 

 

 11. ЭР ХҮНИЙ ӨРӨӨСӨН ТАЛ НЬ ЭМ ХҮН

Юуны тухай: Хятадын орчин цагийн нэрд гарсан зохиолч Жан Сянлян бодит амьдралыг реалист аргаар урнаар дүрслэхийн зэрэгцээ хийсвэрлэн сэтгэх романтизмын арга барилыг өргөн хэмжээгээр ашигласан нь хүний нийгмийн түүхэн сэтгэлгээний гүн ухааныг орчин цагийн онол номлолтой харьцуулан жишиж, харшуулан дүгнэснийг уншигч та энэ бүтээлээс шимтэн үзэх болно.

Хэнд санал болгох:  Уран зохиол сонирхогчид

Эшлэл:

 

Хорвоо ертөнц хосмол чанартай, түүн дотроо хүн хэмээгч бодгалийн эр эмийн эсрэг тэсрэг мэт атлаа, биесээ нөхөн гүйцээгч хосмол цогц, салгаж эс болох нэгдмэл чанарыг хүнд хэцүү хөдөлмөр, хүний харилцааны оюун санааны хувьсал хөгжлийн дунд товойлгон зурж, тодотгон үзүүлсэн энэхүү бүтээл нь өнгөрсөн зууны 80-аад онд Хятадын нийгэм нийтийн анхаарлыг гойд татаж хэдэн арван сая хувиар хэвлэгдэж олны хүртээл болсон юм.

(Ахмад сэтгүүлч, редактор Цэрэнгийн Сүрэнжав)

 

 Зохиолч: Жан Сянлян

Хэзээ хэвлэгдсэн: 2014

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon