Нийтлэл 03 сарын 18, 2015

МИНИЙ ААВ ИЙМ Л ХҮН

“Хүүхэд насанд аавын түшиг эрэлхийлэх хүслээс илүү хүчтэй хүсэл өөр байдаг гэж би бодохгүй байна”. З.Фройд

Аав хүн гэж хэн бэ? Аав хүн бол үр хүүхдийнхээ хувьд үгээр илэрхийлж, үзгээр зурагдахгүй том ертөнц.  Энэ том ертөнцийг элдэв онол баримтлал, зарчим хариуцлагын үүднээс биш бодит хүмүүс, бодит амьдралын өнцгөөс нэг харъя уу хэмээн Mommy Central фэисбүүк группийн  ээжүүдээс аавынх нь тухай асуусан юм. Ингээд редакцын зүгээс олныг эс өгүүлж,  ээжүүдээс  ирсэн сэтгэгдлүүдээс сонирхуулъя:

 

Luvsan Munjuu

Аавынхаа тухай ярих үнэхээр сайхан шүү. Миний аав найман хүүхдээ хүний дайтай болгох гэж ээжийг бурхан болсноос хойш их зүтгэсэн. “Ээжээс илүү аав хаана ч байхгүй” гэж танил маань хэлж байсан. Харин би “Надад баргийн ээжээс илүү ААВ байсан юм шүү” гэмээр байна. Аав минь бага ангийн боловсролтой ч хоёр хүүхдээ гэртээ эх барьж авч байсан. Нэг нь бүр буруу байрлалтай байсан ч эндүүлэлгүй эх барьж авсан хүн. Ээжийг минь яг л хүүхэд шиг эрхлүүлдэг байсан. “Ээжийн чинь хоол шүү гээд л” тусад нь хоол хийж өгнө. Хүүхдүүдийнхээ эвдэрсэн тоглоомыг засаж сэлбэнэ, ойрын зуурын модон эдлэлээ өөрөө л хийчихдэг байлаа. Зураг зурна, шүлэг зохионо, сийлбэр баримал хийнэ. Их гоё бичигтэй. Хоол ч сайхан хийнэ. Ухаантай, уран сэцэн үгтэй, хурц ааштай, хурдан шалмаг хөдөлдөг. Бусдыг манлайлан удирдаж чаддаг, өөрөө үлгэрлэдэг сайхан хүн байсаан, аав минь. Биднийг багад аав минь өвөл амралтын өдрүүдэд уул руу авч яваад гулгадаг байсан. Өөрөө хус модоор жижигхэн цана, чарга хийгээд өгчихсөн. Бас ажлаа тарж ирээд мотоцикль дээрээ багтах чинээгээр нь биднийг суулгаад гудамж тойрно. Бид нартай хамт тоглож байгаа хүүхдүүдийг ч хамт суулгаад л гудамжийг бүтэн тойрно. Тэр сургаар хүүхдүүд шуугилдаад л гүйгээд ирнэ. Тэр бүрт төвөгшөөхгүй бүгдийг нь суулгана. Бас баярт их ач холбогдол өгнө. Шинэ жилээр өөрөө өвлийн өвгөн болно. Цаасан ууттай бэлэг өгнө. Цасан уутан дотор нь заавал алим жүрж байдаг. Уулнаас мориор гацуур авчирч засаж өгөөд, орж ирсэн хүмүүс мөнгө тавиад л... Тэр мөнгөө цуглуулаад хиймэл гацуур, үлдсэнээр нь хөнгөн цагаан чарга авч байж билээ. Бүүр аавыгаа саначихлаа. Уйлмаар ч болчихлоо.

Сарангоо Малина 

Миний аав төрсөн эцэг минь биш ч төрснөөс илүү намайг хайрлаж хүмүүжүүлсэн хүн. Хатуу үг хэлэх нь байтугай дуугаа өндөрсгөж ч үзээгүй. Хоолоо хийж, гэрээ цэвэрлэн, ээж бид хоёрыг гэр орны ажилд гар хүргэдэггүй байлаа. Хүмүүс төрсөн эцгээ мэдэхсэн гэж ярьдаг бол төрсөн биш өсгөсөн аав минь л миний жинхэнэ аав гэсэн бодол төрдөг. Намайг амаржихад өвөө боллоо гээд баярлаад уйлсан. Ийм хөөрхөн бас мундаг ааваараа бахархдаг шүү.

Zaya Batbayar 

Хэрэг тарих бүртээ “Ээжийг аргалаарай” гээд л ааваараа өмгөөлүүлдэг байсан. Бие жаахан тавгүйрхлээ гэвэл аав заавал дагуулж яваад эмчид үзүүлнэ, шинжилгээ өгүүлнэ. Надад дэндүү хайртай байж дээ. Бүр бага байхаас л надтай оройжин хамт тоглодог, амралтын өдрүүдээр заавал гэр бүлээрээ үзвэр үзэх юм уу салхинд гарч гэр бүлийн зугаалга зохион байгуулдаг байлаа. Их л санах юм даа. Аавыгаа санаад бүр уйлчихлаа.

Enkhbayar Gerel 

Миний аав намайг 15 настай байхад үүрд орхин одсон юм. Дэндүү сайхан хүн байсан болохоор бурхан хүртэл хажуудаа байлгах гэсэндээ авч явсан байх даа. Ухаан орсон цагаасаа аавынхаа хүзүүнээс зүүгдэж, мөөмийг нь хөхөж, ажлын газрыг нь цэцэрлэг болгож, аавдаа эрхэлж өсөөн дөө. Аав минь цэргийн офицер, барилгын инженер эгэл жирийн хүн байсан ч миний хувьд эгэлгүй хүн байсан. Архи ууж, ээжтэй минь маргаж, гурван хүүхдээ зэмлэж загнаж байгаагүй их дөлгөөн хүн байсан сан. Ажилсаг, цэвэрч, хоол сайхан хийдэг, уул хаданд алхах дуртай, бас их цайсаг хүн байлаа. Өсөж том болтлоо аавынхаа төлөө юу ч хийж, ааваасаа авахаас биш юу ч өгч үзэлгүй явуулснаа бодохоор их харамсах юм. Одоо охин нь сайхан амьдарч, зөв явж, сайн ээж байж тандаа хэлэх зүйлтэй очно оо. Аав минь хичээлдээ их сайн. Дээд сургуулиа улаан дипломтой төгссөн, зураг сайн зурдаг гээд тал талын авьяастай байсан. Хөл бөмбөгийн шигшээд тоглодог болохоор долоо хоног бүр бэлтгэлдээ дагуулаад явна. Би бол аавынхаа үргэлжлэл. Миний нөхөр ч бас сайн хань, сайн аав. Охид минь том болоод аавыгаа бас л ингээд магтана гэдэгт итгэлтэй байна. Миний аавын өөрийнхөө оронд надад явуулсан бэлэг нь миний хань гэж бодогддог юм.

С. Баяржаргал 

Миний аав шүхрийн 1000 гаран буулттай цэргийн хошууч хүн байсан юм. Хүний урманд охидоо загнах нь битгий хэл муухай ч харж үзээгүй дээ. Аавыгаа заримдаа юм бодоод дуугаа хураагаад суухаар нь сандардаг байж билээ. Хүнд өвчнөөр өвдөөд шаналж байсан ч нэг ч удаа ёолж үзээгүй дээ аав минь. Одоогоос 13 жилийн өмнө өвчтэй байхдаа шүхрээр бууж байгаа хүмүүсийг харна гэж байгаад чадаагүй бурхан болсон доо. Хааяа ч гэсэн охиноо загнадаг байсан бол охин нь ингэж их санахгүй араас нь шаналахгүй байсан болов уу. Юу юунаас илүү аав минь байсан бол гэдэг бодол охиных нь толгойноос огт гардаггүй. Өнөөдөр аав минь байсан бол хүүг минь газар тавихгүй эрхлүүлэх байсан байх даа. Ингээд бичсэн чинь аавыгаа үгээр хэлэхийн аргагүй маш их санаж байна.

Энхбаатар Сони 

Миний аав бол жинхэнэ Superman. Хамгийн энгийн жишээ гэхэд л анхны зээгээ өлгийдаж аваад, өвөө болсондоо баярлаад уйлсан. Одоо охиныг минь бараг надаас илүү харж халамжилдаг. Дунд сургуульд байхад минь охиноо айчихна гээд хүргэж өгдөг байсан гээд л маш олон сайхан дурсамжууд бий. Жинхэнэ алсын бодолтой, уужим ухаантай, уул шиг нөмөртэй аавдаа зөндөө их хайртай.

Otgonzul Bold 

Миний аав насаараа удирдах ажил хийж байсан гавьяат багш хүн. Аавтай минь тааралдсан хэн ч хаана ч байсан хүндэлнэ, магтана. Аавын минь тухай муу үг хэлж байхыг сонсоогүй. Өөрөө ч эвсэг, бусдын хүндлэлийг өөрийн эрхгүй татдаг, бусдыг удирдаж чаддаг манлайлагч хүн дээ. Одоо нас 70 хол гарсан. Би дарга байсан гэж ихэрхдэггүй ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хийнэ. Гэртээ ээжийг маань эрхлүүлдэг ажилтай. Бас биднийг очихоор миний охин ямар хоол идмээр байна гээд л хийж өгнө. “Энд хэвтчих, ажлаар нь сонин сайхан юутай?” гээд л биднийг бас эрхлүүлнэ. Буу халаад суухад маш их зүйлийг ааваасаа сурдаг. Ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцана. Мэддэггүй зүйл гэж ер нь байхгүй дээ. Хүүхдийнхээ даалгаврыг ч ааваасаа асууна. Ийш тийшээ хэд хоногоор явахад нь бараг ээжээс илүүтэй аавыг үгүйлнэ шүү дээ. Би бол аавын охин. Ааваараа би дэндүү бахархдаг. Би ч ер нь их азтай л хүн дээ. Ийм сайхан аавтай. Бас аминаасаа илүү намайг хайрладаг ханьтай.

Virgo Yu 

 Их сургуулиа төгссөний дараа дахиад сурч байна. Одоо болтол аав минь намайг сургууль руу хүргэж өгдөг хэвээрээ. Оройн анги юм л даа. Өглөөний 09.00 цагт үүрэг мэт хүргэж өгнө. Орой 21.00 цагт бас заавал авна. Муу зан сурчихаж дээ. Ганцаараа орой харихдаа сүүдрээсээ айх шахуу л болох юм.

Өвөө минь бас их сайхан хүн байсан. Гаднаас нь харахад сүрдмээр том дарга боловч үр хүүхэд бидэндээ үеийн юм шиг зэрэгцэж тоглоно. Морь болж янцгаагаад гэр дотуураа давхина. Өвөөтэйгөө хоёулаа резинэн чихэр дундаа тавьж байгаад сүмо үзэнгээ чихрээ “машиндаж” өгнө шүү дээ. Тээр жил нэг бор дээлийнхээ гадуур Санта Клаусын хувцас өмсөөд бид нар бэлэг өгч байтал эмээ нөгөө өрөөнөөс “Миний хөгшөөн, утас чинь дуугараад байна” гээд ирлээ. Тэгтэл өнөө Санта Клаус маань “Өө за хөгшөөн аваад ир” гэж билээ. Тэгээд л дүү нар маань өвөөгөө таньсан даа.  

 

Аавын эрх охидууд, одоо хүний ээж болсон бүсгүйчүүд аавынхаа тухай ийн өгүүлж байна. Монголын аав бүхэн үр хүүхдийнхээ дэргэд дүнхийх амьд ахуй цагтаа ч, цагийн эрхээр тэднийгээ орхин одсон хойноо ч хайр хүндлэлийн дээдийг хүртэж, сайн сайхнаар дурсагдах аавууд байх болтугай. 

 

Сэтгэгдэл бичих

    • энхзул
    • 2024-09-22

    Аав бол амьдралын шүтээн. Агуу эрдэнэ юм.

    • Ганболдын Мөнхжин
    • 2024-03-23

    Хорвоогийн хүмүүс эхийн хайрыг яриахаас биш эцгийн хайрыг хаяаахан л яриаг. Айж цочихдоо хүртэл ээж ээ гэж уулга алдхаас биш аав аа гэж барагтай хэлдэггүй.Гэтэл энэ хорвоод аллаж,онож гишгэхэд минь аавын минь тус, нөмөр нөөлөг хэзээд хэрэгтэй.Миний аавыг Цэвээний Ганболд гэдэг.Тэр 4 нь хүүхдээ өсгөж,хүмүүжүүлж эцэг хэмээх хүндтэй нэрийг сэвтээхгүй авч яваа нэгэнт Миний хувьд аав минь үгээр илэрхийлж үзгээр зурагдхааргүй том ертөнц

    • Баярцэцэг
    • 2023-09-27

    Аав гэдэг хүн миний амьдралд баяр баясал,гэрэл гэгээ,аз жаргал,гуниг зовлон бүхнийг надад өгч чадах тийм л агуу хүн.Энэ дэлхийд дахиж төрх аз завшаан тохиовол дахин аавын охин болж төрхийг юу юунаас илүү их хүсэж байна.Миний хамгийн сайн найз,сэтгэл зүйч,урам зориг өгдөг хүн бол ганцхан миний аав юм.Хааяаа хэлсэн хатуу үг нь сургааль болон дотор минь үлдэнэ.❤️

    • Миний аав
    • 2022-12-08

    Миний мэдэх аав. Ааваасаа багаасаа хол байжээ. Аав одоо тэнгэрт эсвэл өөр хүний биед л байгаа байх. Аав минь хэр амьдарсан бол сүүлд бодоход ямартайч эдэд шунаж, хүнд муу юм хийж өөрийн амьдралыг сайхан болгох гэж бодоогүй мөрөөрөө амьдарсан шиг харагддаг юм. Багадаа хэсэг хамт байсан тэр үеийн зарим бүдэг бадаг зүйл санаанд тодроод байдаг. Бид 2 хангай модны зах дээр мод үүрдэг байсан, би ч бараг үүрэхгүйдээ, модны үнэр сайхан, модоо зөөсөн л бол мөнгөө бэлнээр авна. Бид 2 хуушуур авч иднэ. Аав бас автобусны кондуктар хийж байсан. Чиглэл нь Баянхошуу хойгуураа явдаг, цэнхэр цагаан Япон байхаа автобус байсан. Би хамгийн урд жолоочийн хажууд 1 жижиг сандал байдаг. Аав намайг тэнд суулгаад хойшоо явж мөнгөө хураан буцаж ирдэг байлаа бахархмаар байсан. Тэр үед хүн ч их байждээ. Аав бас дээрх 2-оос өмнө санагдаж байна. Сүүний үйлдвэр зайрмаг хийдэг газар нь ажиллаж байсан байх. 1 өдөр сав дүүрэн зайрмаг болон өрмөнцөр нь холилдсон хоолоор бол хуурга авчирч бид ч идэж ханасан юм. Тэрний амт одоо байхгүй ч, дахин амтагдахгүй гэдгийг мэдээд байдаг юм. Аав намайг хүлээсэн болов уу, би ааваас тасарсан ганц мөчир. Аавын сүүлийн цагаан сар, тэрнээс өмнө аавтайгаа 20-иод жил уулзаагүй би гэнэт л уулзмаар, бүр аавдаа машин авч өгвөл аав минь баярлах болов уу гэж бодож байсан. Даанч би зориглож олж, уулзаж чадаагүй айсан. Өөрөө ч аав ч яаж хүлээж авах бол гэж айсан. Одоо бодохоор хүү нь ухаан суугаад юм уу, миний аавыг бурхан дуудах гээд байсын болов уу, эзэн татсан болтой юм. Тэнэг байх нь өөрөө оройтдог юм байна. Аавын муу, сайныг дэнсэлэх бол сайн нь давсан байх. Тэр нь хамаагүй аав бол аав, шүүх хүн нь хүүхэд нь биш байх. Аавдаа очоорой хүмүүсээ.

    • Munhu
    • 2018-06-07

    Aav gdg huniig aldaj bolohgui amin erdene . yostoi l avahaa avj uguhuu mededgui bsn mangar humuusdee bid

    • Зочин
    • 2018-01-28

    Аав минь эм дутахгүй хүн . Аав минь сайн хүн

    • Зочин
    • 2018-01-28

    Миний аав хамгийн мундаг . Би аавдаа хайртай

    • С. Нарантэнгис
    • 2018-01-28

    Миний аав их мундаг хүн. Би гурван охины хамгийн том. Ээж намайг 5 настай байхад ааваас салсан. Ганцаараа гурван охин өсгөсөн. Надтай илүү дотно би хааяа худлаа уурлаад даврах болгонд жоохон ширүүн яриахаараа дараа нь гэмшинэ. Миний аав энэ дэлхийн хамгийн мундаг ухаантай хүн. Хүний эрх чөлөөг их эрхэмлэн. Хоол хийх их чадвартай. Зохиол бичих чадвартай. Хөгжилтэй хүн. Надтай чөлөөтэй харилцах дуртай. Аавдаа энэ дэлхийн хэн бүхнээс илүү их хайртай шүү

    • амин эрдэнэ
    • 2018-01-20

    би аавдаа хайртай

    • амин эрдэнэ
    • 2018-01-20

    би аавдаа бүхнээс илүү хайртай

    • А.Тэмүжин
    • 2017-09-27

    Аавын тухай гоё шүлэг эх үүд байн

arrow icon