Нийтлэл 03 сарын 19, 2015

Дипломат гарц: Монгол улс


“the Diplomat” сэтгүүлээс Ази-Номхон далайн орнуудын элчин сайд нартай хийх цуврал ярилцлагыг эхлүүлжээ. Уг цуврал ярилцлагаараа улс бүрийн эдийн засгийн төлөв, аюулгүй байдлын чиг хандлагыг харуулахыг зорьж байгаа юм.

Цуврал ярилцлагын анхны улсаар тэд Монгол улсыг сонгожээ. АНУ-д суугаа Монголын элчин сайд Б.Алтэнгэрэлтэй Ази-Номхон далайн бүс нутагт Монгол улсын гүйцэтгэх үүрэг болон цаашдын бодлогын тухай ярилцсан байна:

The Diplomat: Монгол улсын хувьд бүс нутгийн аюулгүй байдалд занал хийлж буй хамгийн том аюул юу  вэ?

Б.Алтангэрэл: Зүүн Хойд Азийн бүс нутаг олон талаараа их ач холбогдолтой. Нутаг дэвсгэрийн маргаантай байдал, цөмийн зэвсэг, хуваагдсан улсуудын асуудлууд тус бүс нутагт хүйтэн дайны үеэс байсаар ирсэн. Мөн аюулгүй байдлын асуудал, хүчирхийлэл, терроризм, хүрээлэн буй орчны доройтол, ядуурал зэрэг нь бүс нутгийн томоохон асуудал болж байна. Эдгээрийг тухай бүрт нь шийдвэрлэж байхгүй бол аюулгүй байдлын жинхэнэ дайсан болдог.

Эдгээр асуудлдуудыг шийдвэрлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

Дээрх дурдсан асуудлуудыг удирдаж, засч болдог. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид өөртөө итгэх итгэлийг бий болгож, ил тод байх хэрэгтэй. Түүнчлэн асуудлыг нухацтай авч үзэн, олон улсын хэм хэмжээг дагах нь зөв. Томоохон үйл ажиллагааны оронд нээлттэй, нийтийг хамарсан хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага гээд бүх л шатанд шийдвэрлэх арга замын тухай ярилцах ёстой юм. Бидний хийж буй нэг оролдого бол “Улаанбаатр” хэлэлцүүлэг.

Бүс нутгийн хамтын ажиллагаанд Улаанбаатар хэлэлцүүлэг ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан. Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаатай холбоотой асуудлаар бүсийн болоод бүсийн бус улс орнуудтай санал бодлоо солилцож, харилцах зорилготой уг хэлэлцүүлэг нь ихэд сайшаагдаж байгаа. Бүс нутгийн өөртөө итгэх итгэлийг бий болгож буй нэг арга юм.  Энэ санаачлагыг эхлүүлснээс хойш Монгол улс 2013 онд Зүүн хойд Азийн эмэгтэй улс төрчдийн уулзалт , 2014 онд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулсан. Мөн 2014 оны зургадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх хоёр замт олон улсын хурлыг Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Голланд, Герман, Их Британи зэрэг орнуудаас ирсэн эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгуулсан. Солонгосын хойгийн асуудал болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг олон талаас нь авч үзэн, хэлэлцсэн энэ хурал маш их сайшаагдаж, үнэлэгдсэн.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн маргаантай асуудал гэх мэт бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Монгол улс яаж туслах вэ ?

Монгол улс Зүүн хойд Азийн улсуудтай нөхөрсөг, сайхан харилцаатай байхыг зорьсоор ирсэн. Манай улс Хойд Солонгостой дээд хэмжээний уулзалт, айлчлал хэрэгжүүлэхээс гадна эрдэмтэн, оюутан залуусын дунд боловсрол, судалгаа, урлаг спортын солилцооны хөтөлбөрийг явуулдаг. Манай улс хоёр хөрштэйгөө хилийн маргаан болоод бусад талаараа ч зөрчилдөөнтэй асуудалгүй. Бид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэггүй статустай. Бүс нутгийн асуудлуудыг шийдэхэд манай улсын эдгээр статус их дөхөм болдог.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудал энэ бүс нутгийн хамгийн хүнд асуудал. Монгол улс цөмийн зэвсэггүй байх, зэвсэг үл дэлгэрүүлэх зарчмыг дэмждэг. Манай гадаад бодлого төдийгүй, үндсэн хуульд ийнхүү тусгагдсан байдаг. 1992 онд Монгол улс газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласан дэлхийн анхны улс болсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн 2012 онд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох чармайлт болон зургаан талт хэлэлцээрт  тууштай оролцож, дэмжиж байгаа.

Ерөнхийлөгч Обамагийн Азийг тэнцвэржүүлэх стратеги”-ийн хүрээнд танай улс АНУ-тай хамтын ажиллагаагаа хэрхэн явуулж байна вэ?

Манай хоёр улс дээд хэмжээний уулзалт болон айлчлалыг тогтмол хийдэг. Монголчууд АНУ-ыг хамгийн чухал гуравдагч хөрш хэмээн үздэг. Мөн нийтлэг үнэт зүйлс болон стратегийг ашиг сонирхол дээрээ тулгуурлан иж бүрэн түншлэлийн зарчмаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэж хичээж байна. АНУ манай улсыг бүх талаар уйгагүй дэмждэгт нь бид талархаж явдаг. Бид дэлхийн хүн амын эрх, ардчилал, эрх чөлөөг дэмжиж, хамгаалах үйлсд хамтран ажилладаг. Манай цэргүүд Иракт бүх талаар тусалж ажиллсан. Одоо Афганистан болон Африкийн орнуудын зөрчилтэй хэсэгт манай энхийг сахиулагчид таран ажиллаж байгаа.

2004 онд Монгол, АНУ худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын гэрээнд гарын үсэг зурж, 2014 онд хоёр улсын ил тод байдлын гэрээг баталсан. Эдгээр хууль, эрхзүйн үндэс нь АНУ-аас асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх маш том боломж болсон. Өнөөдрийн байдлаар, АНУ манай дөрөв дэх том худалдааны түнш бөгөөд худалдаанд нийт хагас тэрбум ам.долларыг эзэлдэг. Харин 300 сая ам.долаарын шууд хөрөнгө оруулалтаараа манай 8 дахь том хөрөнгө оруулагч болдог. Энэ дүнг нэмэгдүүлснээр бид стратегийн идэвхтэй бүс болох юм. Түүнчлэн Транс-Номхон далайн орнуудын хамтын ажиллагаанд оролцож, ашиг сонирхлоо илэрхийлэх нь Монголд АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах сайхан боломж болно.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт хэлэлцээрт танай улс ямар зорилготой оролцож байгаа вэ ?

Манай гадаад бодлогод хоёр хөрштэйгөө найрсаг, тэнцвэртэй харилцааг хадгалах, гурав дахь хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Ази номхон далайн орнуудтай ойр ажиллаж, олон улсын тавцанд идэвхтэй үүрэгтэй оролцох тэргүүлэх чиглэлүүд байдаг. Монгол улс Орос, Хятад улстай түүхэн, уламжлалт, цогц стратегийн харилцаагаа хадгалж үлдэх ёстой.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Орос, Хятадын хооронд гурван талт хэлэлцээр зохион байгуулахыг анх удаа санал болгосон. Ингэснээр 2014 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 14-р дээд хэмжээний уулзалтын үеэр Душанбед зохион байгуулагдсан. Орос, Хятад бол хоёулаа манай худалдааны том хамтрагчид. Мөн Монгол улсын далайд гарцгүй байршил Орос, Хятадыг холбох таатай боломж гэж бид харж байгаа. Тэдний зах зээлд Монголын худалдаа, үйлчилгээг гаргахад геополитикийн ойр байдал томоохон давуу тал болно.

АПЕК-т элсэх асуудал хэрхэх төлөвтэй байна. АПЕК-т элссэнээр Монголын эдийн засгийн хувьд ямар нөлөөтэй вэ?

Өсөлттэй эдийн засагтай, Ази Номхон далайн улс гэдгээрээ АПЕК-н гишүүн болох хүсэл эрмэлзэл бидэнд бий. Ази номхон далайн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд АПЕК Монголын эдийн засагт үлэмж нөлөөтэй. Хэдэн тоо эш татая: Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 90 хувийг АПЕК эзэлдэг бол Хятад, Канад, ОХУ Монгол улсын экспортын 96.4 хувийг бүрдүүлдэг. Харин Орос, Хятад, АНУ, Япон, БНСУ Монгол улсын импортын 76.8 хувийг эзэлж байна.

Орос, Хятад бол далайд гарах цор ганц боломж. АПЕК-ийн эдийн засаг Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтад давамгай байр суурь эзэлдэг. Жишээ нь Хятад, Сингапур, Канад, БНСУ, АНУ, ОХУ, Хонг Конг, Австрали, Япон улс бол манай шилдэг 12 хөрөнгө оруулагч улс. АПЕК-н гишүүн байх нь тариф болон бусад саад тотгорыг багасгаж, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх маш том боломж, давуу тал болно. Харин АПЕК-н хувьд ардчилсан засаглалтай, өсөлтөд эдийн засагтай, байгалийн арвин нөөц баялагтай, стратегийн хувьд чухал байршилтай улсаар гишүүнчлэлээ өргөтгөх боломж болох юм. 

Эх сурвалж: www.thediplomat.com

Сэтгэгдэл бичих

arrow icon