Нийтлэл 03 сарын 19, 2015

НАСААРАА ДУРСАЖ ЯВНА АА...

Яг одоо сэтгэл хоосроод ч байгаа юм шиг, гэхдээ бас эргэн дурсахаар дүүрээд ч байгаа юм шиг л байна. Ойр дотныхоо хүнийг алсын алсад явчихаар, тэр явсан зүг рүү нь хармааргүй, харахаар учиргүй уйлчих гээд болдоггүй шиг, эсвэл тэр хүнээ эргээд дурсахаар сэтгэл дүүрээд, нялхраад, хань нөмөр нөөлөг нь мэдрэгдээд ирдэг шиг л байна.
 
Анх “Марияад өгөх мөнгө” туужийг нь уншчихаад “Ийм итгэл үнэмшилтэй, сэтгэлтэй, тэгээд түүгээрээ гоёдоггүй, зүгээр л энэ дотоод мөн чанараа түшээд зүгээр л амьдарч явдаг хүмүүс бас байдаг байх нь ээ” гэж гайхаж байж билээ. Бас “Энэ амьдралд хүнийг ингэж ойрхон ойлгож таньдаг ийм хүн байдаг аа” гэж биширч байж билээ. Хожим М.Баяртогтох багшийн лекцээс “Хамгийн сайн зохиолч бол хүнийг хамгийн сайн ойлгодог л хүнийг хэлдэг юм” гэж хэлэхийг нь сонсонгуут хамгийн түрүүнд түүний “Марияад өгөх мөнгө” тууж санаанд орж байсансан.

“Дурсаж яваарай” тууж ч мөн л хүний тухай. Хүний гарцаагүй учирсан хайр, мөн гарцаагүй учирсан зовлонгийн тухай өгүүлнэ. Хайр нь байвч, хамтдаа байвч, хахир орчлонгийн зовлонг тэр хайраараа халхалж, хамгаалж чадаагүй тэр нэгэн эр эм хоёрын сэтгэл шимшрэм түүх, бас хөөрхий эцгийн түүх, алс бөглүү Сибирийн эгэл нэгэн тосгон...
“Франц хэлний хичээл” өгүүллэгийг нь манай дунд үеийн томчуулын нэг нь, чухам хэн нь ч билээ, “Ганц энэ нэгхэн өгүүллэгийг жинлүүрийн нэг туухай дээр тавиад нөгөө талд нь би бүх зохиолоо овоолсон ч жинлүүрийг хөдөлгөж чадахгүй, ганц би ч биш, манай үеийнхэн бүгдээрээ хамгаа овоолсон ч энэ ганц өгүүллэгийн жинг даахгүй” гэж байсан гэдэг. Үнэн л үг. Нөгөө талаас тэр зохиолч ах бас үнэнийг харж чадах хараатайнх, ухаантайнх, сэтгэлтэйнх. Түүнээс биш тийм хараа үгүй бол өөрийгөө тийн “доош хийхгүйсэн”.
Түймэр” туужийг нь соц систем нуран унахыг зөгнөсөн, энэ систем доторх яагаад ч аргалж болшгүй зөрчлийг нээн харуулсан гэж судлаачид үздэг юм билээ. Энэ саналыг нь би хувьдаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө. Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан хэлхээ холбоо хичнээн хэврэг, ёс зүйн үүрэг хариуцлага ямар үнэ хүндгүй хуурамч болох нь харагдаж, тас тас үсрэн унана. Чухам үүнийг л “Түймэр” туужид нэвт гаргах билээ. Гэхдээ бас тэр хамтралын агуулахыг бүхэлд нь хайлуулах түймэр дундаас, түүнтэй зэрэгцэн хүн чанарыг зулмалан шарах арчаагүй “зан суртахууны түймэр” дундаас юунд ч хайлахгүй, шатахгүй, хөлдөхгүй жинхэнэ хүн чанарын халуун илч, гэрэл гэгээ нэвт гэрэлтэнэ.
 
Ер нь түүний уран бүтээлд хүн, гэхдээ орчлон ертөнцийн бүхий л зовлон зүдүүрийн дунд, орчин тойрон нь бүгдээр уймран самуурч, хувиа бодож, чихээ бөглөж, харанхуйн хөшиг нөмөрч байхад, өөрийн зовлонг ч, өрөөл бүгдийн мунхаглалыг ч нуруундаа үүрэн, дотоод ертөнцийнхөө, сэтгэл зүрхнийхээ, ухаан мэдрэлийнхээ бүхий л булчин шөрмөсийг чивчиртэл чангалан, тэсэн дэнжигнэн тогтож буй, гэхдээ ихэд итгэлтэй тогтож буй тийм ХҮН-ий тухай өгүүлэх билээ. Яг л газар дэлхийг хамаг амьтадтай нь, тэдний зовлон жаргалтай нь, мунхаглал харанхуйлалтай нь хамтад нуруундаа үүрэн үүрдийн үүрд тэсэн тэвчин зогсохоо мэдэж буй, тэр ачаагаа хэзээ ч шилгээж болохгүй гэдгээ ч мэдэж буй Антей шиг тийм л хүмүүс гарна. Мариягийн нөхөр, хөдөх эгэл эр, хал зовлонг ханатал үзсэн хамтралын дарга, бас Андрей, тосгоныхон нь чимээгүйхэн дурсаж үлдсэн түүний сэтгэлт бүсгүй, бас хөөрхий ээж, түүний шоовдор, бүтэлгүй архичин хүү, бас хамтралын мужаан Иван, бас франц хэлний багш бүсгүй... Чухам тийм л хүмүүсийн нуруун дээр энэ хүмүүний ертөнц нэгмөсөн нурчихалгүй, сүйрч амьд үхдэлүүд болчихолгүй, эсвэл хөлдүү, тооцоотой, бүх зүйл нь програмчлагдчихсан робот болчихолгүй тэсэж байдаг аж. Тэд жинхнээсээ "хугардаггүй ноён нуруу"-нууд байсан аж.
 
Өөрөөр хэлбэл түүний уран бүтээл бол Хүний дуулал, хүн чанарын булаг гэж хэлж болно. Хэний ч билээ, бас л Сибирийн томчуудын нэгнийх нь санагдана, Анатолий Ивановынх ч билүү дээ, нэг туужид “Анна шиг жинхэнэ хүмүүс амьдарч байдаг болохоор л би энэ хорвоод амьд яваа юм. Түүнээс биш энэ солиорсон хорвоог аль эрт орхихсон” гэж хэлж байдаг даа... Заримдаа мунхаг харанхуйн, хувьчхан аминчхан араншингийн ширэнгэн дотор амь давчдан, амьсгаа бөглөрөн явахад тэр үг бодогдох, бас Распутиний тэр эгэл боловч хачин их ачааг үүрч явдаг хүмүүс бодогдох, тэднээс ч илүүгээр тэр өөрөө бодогдох. Ер нь түүн шиг, өөрөөр хэлбэл дээр өгүүлсэнчлэн “Жинхэнэ хүмүүс”-ийг санагдуулах, дурсуулах хүн... Тиймдээ ч амьдралыг утга учиртай болгоном билээ. Ер нь хүйтэн цэвдэг, догшин ширүүн Сибир нутаг бол хүн чанарын жинхэнэ шалгуур болсон газар юм шиг байгаа юм. Яагаад гэвэл чухам л энэ нутгаас хүн чанарыг хамгийн илэрхий харуулдаг зохиолчид, тухайлбал В.Шукшин, В.Астафьев, А.Иванов гэх мэт аваргууд төржээ. Тэдний нэг нь В.Распутин.

Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ...

Би Распутинийг шүтэн бишрэгч фанат нь биш, зүгээр л надад тэр их ойр дотнын минь хүн шиг, учиргүй тус дэм болоод, наалдаж налигнаад, орж гарч гүйгээд байдаггүй ч хааяа гансарч ганцаардсан үедээ ганц шил юм дундаа тавьчихаад, олон долоон юм ярилгүй, зүгээр л гахайн өөхөн даруулгаа хуруугаараа оролдон, тамхиа баагуулж, утааг нь сийгтэл үлээж, бас сэнгэнэтэл санаа алдан суухад юуны тулд тэсч тэвчиж буйгаа мэдрэх тийм л их ойр дотнын минь хүн шиг төсөөлөгддөг...

Тэр хорвоог орхиод явчихжээ. Намайг орхиод явчихаж, бас над шиг боддог хүмүүсийг ч орхиод явчихаж. Гэхдээ тэр .. за яах вэ... Тэр явж, би үлдэж, цаг нь ирэхээр би ч явна, бас нэг нь үлдэнэ. Харин тэр бидэнд нэг л зүйлийг хэлчихээд явжээ.

“НАСААРАА ДУРСАЖ ЯВААРАЙ” гэж... Мэдээж хэрэг өөрийгөө биш шүү дээ.  Зүгээр л хүн шиг хүмүүс нэг нэгнээ насаараа дурсаж яваарай л гэж... Яаж ийгээд амьдар, тэс... Гэхдээ санаж яваарай гэж...

Зөвлөлт-Оросын зохиолч Валентин Григорьевич Распутин 78 насандаа хорвоог орхин одсон байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon