Хөгжил гэж юу вэ? Эерэг өөрчлөлтүүдийн нийлбэрээс сөрөг үр дагавруудын нийлбэрийг хасаад цаана нь юм үлдэж байвал хөгжил гэнэ
э гэж насаараа шахуу зах дээр зогсож буй найз маань энгийн бөгөөд товч тодорхойлж билээ. Биологич найз маань үүн дээр нэмж хэлэхдээхөгжил бол байнгын тасралтгүй процесс бөгөөд сөрөг утгатай болбол мөхөл гэж нэрлэдэг
гэв. Физикч найз надад байхгүй, гэхдээ байсан бол аливаа системийн потенциал энерги нь систем доторх элементүүдийн потенциал болон кинетик энергийн нийлбэртэй тэнцүү гэж хэлэх байсан байх. Зураач найз маань юу ч хэлэх байсан юм, ямартай ч хүн болгоны нүд, оюун ухаанд хөгжил гэдэг нь өөр өөрөөр тусдаг нь ойлгомжтой. Тийм учраас Хөгжил гэдэг зүйлийг хэмжиж болдог нэгжтэй зүйлээр илэрхийлье гэж санал тавиад байгаа юм. Жишээ нь
10000 хүнд ногдох эмч, багш, цагдаа, сургуулийн анги танхимын тоо, цалин, тэрнээс хоол хүнсэнд зарцуулагдах хэмжээ, гэрээсээ ажил хүрэх замын урт, цаг хугацаа, төрийн байгууллагын тоо, ажилтан гэх мэт тоогоор илэрхийлдэг бол хар шилтэй цамхаг гоё, үгүй ногоон шилтэй нь илүү хөгжил гэж маргалдахгүй болно. Тэр тоогоор илэрхийлсэн зорилтуудад хүрэх арга зам нь ч тодорхой болно. Аль нам засаг барьж байгаагаас үл шалтгаалан зорилтууд тодорхой болчихвол сонгогч олныг эд зүйлс, элдэв халамж амлаж хуурах ч хэрэггүй- засаг аваад хийх ажил нь тодорхой юм чинь.
Хөгжлийг тоон утгаар илэрхийлж, зорилт болгох ажлыг зохион байгуулснаар хөгжил ирэхгүй. Учир нь хөгжил гэдэгт хүн бүр итгэх, бас зүтгэх учиртай
. Харин энэ ажлыг зөвхөн үндэстний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч , удирдагч зохион байгуулж, залж явах учиртай.
Үсрэнгүй хөгжсөн улсууд, үндэстнүүдийг харвал нэг зүй тогтол ажиглагдана. Тэд нам,үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс үл харгалзан нэгэн зүг зүтгэсэн байдаг. Зовлон зүдүүр туулсан учраас тэдэнд улс үндэстний хувьд нэгдмэл ашиг сонирхол, зорилго байдаг бөгөөд тэнийг нь байнга сануулж, тэр зүгийг нь тодорхойлж зааж чиглүүлсэн манлайлагчтай байдаг.
Аливаа манлайлагчийг тодорхойлох олон тодорхойлолт байж болно. Элдэв зүйл нуршилгүй, тухайн хувь хүний хувьд хүн амын аль ч хүрээнд тодорхой ойлголттой, нэг бол эерэг бөгөөд тууштай дэмждэг, нөгөө бол сөрөг бөгөөд эрс эсэргүүцдэг ийм л дүр төрхтэй улс төрч хүнийг манлайлагч гэж би хувьдаа үздэг . Яг энэ шалгуураар нэн шинэ түүх буюу
шинэ Үндсэн хуулиас хойш Монголын улс төрд хэдэн манлайлагч төрсөн бэ гээд он цагийн дарааллаар жагсаавал Очирбат, Жасрай, Бат-Үүл, Баабар, Бямбасүрэн, Энхсайхан,Зориг, Багабанди,Элбэгдорж, Энхбаяр, Нямдорж, Хүрэлсүх, Энхболд, Баяр,Баттулга гэх нэрс төвөггүй бууж байна. Эдгээрээс зарим нь манлайлагч болох зурлагатай төрсөн бол зарим нь зүгээр л албан тушаал , он цагийн эрхээр энэ жагсаалтад багтсан байх магадлалтай.Өөрийн нэрийг жагсаалтаас хайгаад олоогүй нэг нь гутрах хэрэггүй, өөр хүний жагсаалтад байж байгаа биз.
Эерэг гэхээсээ илүү сөрөг дүр төрх бүрдүүлсэн хүмүүсийг энд зориуд дурдаагүйг минь хүлцэнэ үү. Сүүлийн 2 жил Алтанхуяг манлайлагч төрхөө бараг л олчих гээд л явна, арай л олоогүй байх шиг байна.Түүнд аливаа зүйлийг томоор харах чадвар суувал аж ахуйч зан хангалттай бий.
Монголчууд социализм гэж зүтгэж байхдаа хүн бүр тодорхой хэмжээнд ухамсартай, хариуцлагатай, хийсвэр ч гэсэн бүгд эрмэлзэх том зорилготой байсан . Тиймдээ ч 70 жил дотор 7 зууныг товчилсон байх. Одоо харин бидэнд нэг зүгт харах шаардлага байна. Нэг зүгт харж, нэг зүгт зүтгэж баймааж нь ажилтанд хүрэх олны хүч бүрэлдэнэ.
Тэр хүчийг зөв зүгт чиглүүлбээс ёстой л мэдэхгүй чадахгүй арилж цэнгэлийн манлайд хүрэх нь тодорхой. Яг
өнөөдрийн байдлаар монголчууд өнөөх л тархай бутархай, дор бүрнээ хувиа хичээсэн, өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, гаднынхныг бүү хэл багынхаа андыг хулхиддаг өөдгүй өнөөдрөөрөө амьдарч байна. Маргааш магад нар мандана, нөгөөдөр ч сар гэрэлтэнэ гэдгийг эрхбиш мэддэг ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэсээр байж уушгиханаар л аргацааж байна.
Брауны хөдөлгөөнд байгаа олон монголчуудыг эрэмбэтэй болгох САНАА хэрэгтэй байна. Уул уурхай хөгжлийн гарц гэж хэсэг нь үзэж байхад нөгөөх хэсэг нь хүн өөрөө Монголын баялаг л гэнэ, гуравдах нь үйлдвэржилт л гэлцэнэ. Чухам яг аль нь юм бэ, гурван моринд зэрэг мордохгүйтэй ижил нэгэнд нь мордоод хоёрыг нь хөтлөөд давхих ёстой бус уу? Хандах зүгийг цөөн хэдэн мэргэд гаргаж том үсгээр бичих Удирдагч л тэр зүгт олныг чиглүүлнэ. Харин бидэнд тэр Удирдагч байна уу?
Олонхи ихэвчлэн буруу байдаг ч буруудсан хойно нь шүүн хэлэлцэх боломжгүй тул олонхын саналаар шийдвэрлэж явдаг.Тэрийгээ хүн төрөлхтөн Ардчилал гэж нэрлэсэн бөгөөд одоогоор засаглалын хамгийн сайн хэлбэр гэж үзэх нь элбэг. Цөөнхөд нэг боломж бий. Өөрсдийн саналыг олонхын санал гэдэгт итгүүлэх. Чухам тийм цөөнх, Удирдагч хоёр байвал Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ хөгжлийн гайхамшиг болж дуурсагдана.
Цөөнх гэхээр МАН гэж ойлгоод явчив, нам яриагүй шүү энд.
Удирдагч цөөнх 2 нэг хүн байх боломжгүй юм. Учир нь Удирдагч бол цөөнхийн гаргасан санаа, зүг чигийг зөв гэдэгт туйлын итгэсэн манлайлагч, уран илтгэгч байх ёстой бөгөөд өөрийнхөө бодсон зүйлийг зөв гэж итгэх аваас дарангуйлагч болох зам руу халтирна. Ихэнх хөгжсөн орнуудад цөөнхийн үүргийг гаднынхан гүйцэтгэж ирсэн нь үнэн. Хоёрхон хөрштэй Монгол харин өөрсдийн цөөнхтэй , тэр цөөнх нь хаа холын гүрэнд тулгуурлаж биш, хоёр хөрштэйгөө эв дүйтэй харилцан ашигтай хөгжлийн гарцыг гаргах чухал байна.
Цөөнх олонход таалагдахгүй боловч бүгдийн эрх ашгийн төлөө, урт хугацаанд олонход ашигтай юм санаачилдаг учраас үүнийг ойлгодоггүй олонх цөөнхдөө дургуй. (Дашрамд дурьдхад популистууд цөөнхийн шийдлүүдийг муулж олонхыг ойлгохоос өмнө өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлж амждаг.) Тэгэхээр энэ цөөнхийн санааг олонход зөв гэж итгүүлээд бүгдийг нэг зүгт харуулах Удирдагч нь өөрийн гэсэн дэмжигчид дээр зөв зүйтэй санаагаар өөрийн эсэргүүцэгчдийг нэмэх замаар улс үндэстнийг нэг зүгт харуулах соронз, олонх цөөнхийн дундах гүүр болдог учиртай. Удирдагчид нэг давуу тал бий. Удирдагч хэзээд олон янзын цөөнхөөс зөв цөөнхийг сонгох боломжтой байдаг. Ойр хавьд нь зөв цөөнх байхгүй бол Удирдагч хийхээ больчих ч боломжтой байдаг. Одоо харин дээр нэрлэсэн хүмүүсээс үндэстний Удирдагч болчих хүн байна уу? Нөхцөл байдал шинээр төрүүлэх үү, байгаагаас нь нэгнийг сонгоод гаргах болов уу? Цөөн хэдэн мэргэд нь хаана юу хийж явна вэ? Бүх монголчуудыг нэг зүгт харуулах САНАА хэнд явна вэ? Шальдир бульдар популизмыг өөгшүүлэгч бус, илчлэгч үндэстний Удирдагч яг одоо бидний дунд байна уу?
/Үндэстний тойм сэтгүүлийн 2014 оны 1-р сарын 20-ны дугаарт хэвлэгдсэн./
Нэгэн зүгт
Нэгэн зүгт
Нэгэн зүгт
Нэгэн зүгт