Нийтлэл 03 сарын 27, 2015

ТӨРИЙН ӨМЧИЙГ ТҮМЭНД НЬ

Төрийн өмч гэж юу вэ?  

Төрийн өмч гэж юу юм бэ? Төрийн өмчийг/төрийн өмчит компани/ анх бий болгоход хэн хөрөнгө оруулав? Өнөөдрийг хүртэл ажиллуулж ирэхэд хэн санхүүжүүлж байв? Хариулт нь төр. Харин төрийн өмчөө төсвийн мөнгөөр санхүүжүүлж иржээ. Энэ хэний мөнгө вэ? Төсвийг татвар бүрдүүлдэг, татварыг иргэд, аж аж ахуй нэгж төлдөг. Тэгэхээртөрийн өмч гэдэг бол түмний өмч гэсэн логик гарч ирэх нь. Төрийн өмчийн төдийгөөс өдийг хүртэлх хамгийн тэвчээртэй (төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажиллаж байсан ч үл харгалзан санхүүжүүлсээр байдаг), үнэнч, шударга (иргэд, аж ахуй нэгжүүд татвараа төлсөөр л байгаа) хөрөнгө оруулагчид нь түмэн олон, хувийн хэвшил байх нь.

Төр гэж хэн вэ?

Тэгвэл төр гэдэг чинь хэн юм бэ? Төр бол түмэн олны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Тиймээс төрийн аливаа үйлдэл, бодлого нь түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьсан байх ёстой. Нэгтгээд хэлбэл, хэрэв

төр өмчөө хувьчилж байгаа бол тэр нь түмнийхээ сайн сайхны төлөө чиглэсэн байх учиртай. Түмэн олон ч өмчөө эзэмших эрх нь тэгш байх ёстой. Ингэж чадвар төр үүргээ биелүүлж, үйлчилгээгээ сайн үзүүлнэ. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв зам нь “хөрөнгийн бирж”-ээр дамжуулж төрийн өмчийг хувьчлах юм.

Гэвч манай төрд эзэн төлөөллийн бэрхшээл хаа сайгүй. Эзэн төлөөллийн бэрхшээл гэдэг нь таны өмнөөс таны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана гэж амласан атлаа өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг хэлдэг. Ийм ч учраас өнгөрсөн хугацааны төрийн өмчийн хувьчлал түмэн олны эрх ашгийг тийм ч сайн хангаж чадаагүйг түүх бидэнд гэрчилдэг.

Түмний эрх ашиг бус төлөөлөгчийн эрх ашиг нэгт байна уу?

“Энэ эдийн засгийг чинь хувийн хэвшил авч явна. Баялаг бүтээгчид бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхний гол ачааг үүрдэг” гэх үгсийг бид өдөр тутам сонсдог. Мэдээж үнэн.

Зах зээлийн эдийн засаг бол хувийн хэвшил, тэдний бүтээсэн баялагт тулгуурлаж хөгждөг. Ийм ч учраас Монголд ардчилсан хувьсгал ялсны дараахан өмч хувьчлал эхэлж,  төрийн өмчит 475 компанийг хувьчилжээ.

Үүнийг буруу гэх хүн байхгүй болов уу. Харин өмч хувьчлалыг хэрэгжүүлсэн арга нь сонирхол татдаг. Тухайн үед зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн улс орнууд өмч хувьчлалын үндсэн гурван аргыг хэрэглэсэн байдаг.

  • Хурдавчилсан буюу бөөн бөөнөөр худалдах арга: Энэ аргыг Ардчилсан Германд хэрэглэсэн байна.
  • Дундын зуучлах сан байгуулах арга: Үүнийг Польш, Казахстан зэрэг орнууд хэрэглэжээ.
  • Эрхийн бичгээр хувьчлах арга: Энэ аргыг Чех, Молдав, Монгол гэх зэрэг орнууд хэрэглэсэн байна.

Ягаан, цэнхэр тасалбар ямар үнэ цэнэтэй байв?

Өмч хувьчлалыг хэрэгжүүлэхдээ 3,000 төгрөгийн үнэтэй ягаан, 7,000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбар буюу ХОЭБ-ийг үнэ төлбөргүй тараажээ. Ягаанаар  нь худалдаа, үйлчилгээний компаниудын хувьцааг худалдан авах байсан бол цэнхрээр нь үйлдвэрийн газруудын хувьцааг авах байлаа. Харамсалтай нь иргэд энэ талаар бараг мэдээлэлгүй, мэдлэггүй байв. Одоо ч хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар төдийлөн сайн ойлгоогүй хэвээр л байна.

Тухайн үед “Хойд зах”-ын үүдэнд эрхийн бичгээ 100 төгрөгөөр зарж байсан гэдэг. Авдрынхаа буланд хадгалсныг нь ач гуч нар нь 2015 онд олж, фэйсбүүкээр “Энийг яах вэ? Одоо хэрэгтэй юу? Яаж хувьцаагаа авах вэ? ”хэмээн асуусаар.....Ийм тохиолдол их бий. Юу болж, ямар учиртай үйл явдал өрнөсөн тухай олонх өнөөг хүртэл хангалттай мэдээгүй л байна.

Энд би хоёрхон жишээ татъя. Баянгол ЗБ, Улаанбаатар ЗБ-ыг 1991 онд хувьчилжээ. Хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг. 7,000 төгрөгийн эрхийн бичгээрээ 70 ширхэг хувьцаа авах боломж байв. Өнөөгийн байдлаар Баянгол ЗБ-ийн хувьцааны үнэ 53,000 төгрөг. Улаанбаатар ЗБ-ийн үнэ 99,600 төгрөгт хүрчээ.  

    

Хэрэв бид эрхийн бичгийнхээ үнэ цэнийг нь мэддэг байсансан бол 7,000 төгрөг тань 530 дахин, 996 дахин өсөх байв. Үүнээс ч илүү, хэдэн мянга дахин өссөн компаниудын жишээ цөөнгүй бий. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэж энэ байх. Аав ээж, найз нөхөд, ах эгч нарынхаа тасалбарыг хамж аваад хувьцаа болгочихсон бол тэрбумтан болох энүүхэнд. Тодруулж хэлбэл, та тэрбумтан болох боломж тэр үеэс л эхтэй байж. Түмэн олон чинээлэг амьдрах боломж тэр цагаас л эхэлсэн аж. Харамсалтай бид мэдэхгүйгээсээ болж дэндүү ихийг алдчихжээ. 

Бидэнд нэг буруу хандлага байх шиг. Үнэгүй өгсөн зүйлийг уландаа гишгэж, үнэтэй өгсөн зүйлийг толгойдоо залдаг. Гэвч үнэгүй өгсөн зүйлд асар их үнэ цэнэ нуугдаж байдгийг бид өмч хувьчлалын үр дүнгээр харж, сонсож, мэдэрч байна. Тэгэхээр бид юмны үнэ цэнийг мэддэг байя. Мэддэггүй бол мэдэхийн тулд мэрийдэг байя. Эс бөгөөс энэ нийгэмд элбэг хангалуун амьдрана гэдэг тийм ч амар биш бололтой. Мэдэхгүйг нь далимдуулж мэддэг нь мэрдэг нийгэмд бид амьдарч байна. Энэ бүхний эцэст эл бодолд минь нэгэн асуулт зурс хийнэ.

“Хөрөнгийн зах зээлийг мэдэхгүй байх нь хэнд хохиролтой вэ?”. Өмч хувьчлалын үйл явцыг ажиглан суухад, өнөөгийн ашигт малтмалын орд газруудыг дотоодын хөрөнгийн захаараа дамжуулан эргэлдүүлэхгүй байгааг сонирхон лавлахад, мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ төр гэдэг төлөөлөгч түмний нэрийн өмнөөс хаалттай гэрээ байгуулж хамаг л заалтуудаа нууж буйг дүгнэн бодоход “хувьцааны үнэ цэнийг мэдэхгүй байх нь хэнд хохиролтой вэ” гэсэн асуулт улам бүр сэтгэл сэртхийлгэж, дотор давчдуулна. Гэхдээ энэ асуултыг “Хөрөнгийн зах зээлийг мэдүүлэхгүй байх нь хэнд ашигтай вэ?” гэж тавьбал илүү тохиромжтой ч юм шиг.

Болоод өнгөрсөн зүйлийн араас харамсах утгагүй. Гэхдээ алдаанаасаа суралцахгүй орхивол утгагүй харамсалд хүргэж мэднэ. Болох зүйлийг эртнээс харж, бартаат замаа товчлох боломж бидэнд байна. Учир юунд гэвэл өмч хувьчлалын үр дүнд хувьцаат компаниудын ханш өссөн шиг, үүнээс хэдэн зуун дахин том давалгаа биднийг хүлээж байна. Ашигт малтмалын том орд газруудыг ашиглаж эхлээд байна. Ард нь үлдсэн том ордууд ар араасаа жагсаж байна. Ард иргэд бид хэрхэн байгалийн баялгаасаа хүртэх вэ? Хамгийн оновчтой арга бол тухайн ордод ажиллаж буй компанийн хувьцаанд хөрөнгө оруулах. 

Алдаанаасаа сургамж аваагүй бол ахин хийх хэрэггүй

Туулж ирсэн түүхээ эргэн харж суралцаад, туулах ёстой замаа товчилж чадвал энэ хөгжил.  Өнгөрсөн хугацаанд хийгдсэн өмч хувьчлалын түүх дараах сургамжийг өгч байна. Эс бөгөөс төрийн өмчийн хувьчлал түмний сайн сайхны төлөө бус төлөөлөгчдийн  эрх ашгийг хангах хэрэгсэл болох нь.

  1. Үнэ төлбөргүй олгох хэрэггүй. Үнэхээр үнэ төлбөргүй олгох шаардлага тулгарвал үнэ цэнийг нь хангалттай сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Гэвч төр энэ алдаагаа зассангүй. Эрдэнэс Таван Толгойн 1072 ширхэг хувьцааг дахиад л үнэ төлбөргүй өглөө. Үр дүнд нь өнөөдрийн байдал. Үнэ нь хэд вэ? Хэзээ үнэтэй болох вэ? Хэн ямар эрх эдэлж, үүрэг хүлээх вэ? Утга учир нь олдохгүй бантан болгочихсон. Эцсийн бүлэгт иргэн бид л хохирч сууна.
  2. Хэт тараах хор уршиг ихтэй. 1990 оноос хойш өмч хувьчлагдсаны дараа хэтэрхий олон хувьцаа эзэмшигчтэй хэний ч биш компаниуд бий болсон байдаг. Нийт хувьцаат компаниудын 11% нь 100-аас доош, 28% нь 101-500, 24% нь 501-1000, 34% нь 1001-5000, 7,8% нь 50001-20000, 2,7% нь 20001-дээш тус тус хувьцаа эзэмшигчидтэй байсан үе бий. Энэ нь компанийг удирдлагагүй болгож, үйл ажиллагааг нь зогсоход хүргэн үйлдвэрлэл унах, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүн буурах, ард түмний амьжиргааны төвшин доройтох хортой үр дагавруудыг араасаа дагуулж байв. Үүний уршгаар 1995 онд нийт 5 хувьцаат компани шүүхийн шийдвэрээр дампуурч 7880 орчим хувьцаа эзэмшигч 686282 ширхэг хувьцаагаа алдаж хохирчээ. Төр энэ алдаанаасаа бас л сургамж авсангүй. Эрдэнэс Таван Толгой компанийн 20%-ийг иргэн бүрд тарааж 1072 ширхэг хувьцааг өглөө. Дахиад л эзэнгүйдэл. Албан бус тоогоор 2.2 сая хүн энэ хувьцааг эзэмшиж байна. Харамсалтай нь энэ үйлдлээ байгалийн баялгийг иргэддээ хүртээж буй буянтай үйл гэж тухайн үедээ рекламдаж байв. Гэвч зорилго нь зөв атлаа арга нь буруу юм. Талаар нэг тараахын оронд түмний итгэл хүлээсэн төлөөлөгч томилж, түүний удирдлаган дор мэргэжлийн шинжээчдийг ажиллуулж сан байгуулсан бол өнөөгийн нөхцөл байдлаас хавьгүй сайн байх юм.
  3. Хаалттай байж болохгүй. Хаалттай хүрээнд хувьчлагдсан компаниуд араасаа олон асуудал дагуулдаг. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан талаар олныг хамарсан үндэстэй эсэх нь үл мэдэгдэх цуу тардаг. Хаалттай учраас хувьчилсныхаа дараа үйл ажиллагааг нь зогсоож, үр таран хийж болдгийг түүх гэрчилдэг. Иймээс төрийн өмчийн хувьчлал нээлттэй хэлбэрээр буюу хөрөнгийн биржээр дамжсанаар хоосон хардлага, хэл ам, хожмын хохирол үгүй болох юм.

Төрийн өмчийг түмэнд нь

Алдаанаасаа сургамж авч ухаалаг төр болъё гэвэл, түмний хөрөнгө мөнгийг түмэнд нь буцааж өгөн түмэн олныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья гэвэл, төдийгөөс өдий хүртэл олон жилийн турш татвар төлж, түүгээрээ тэвчээртэй, үнэнч шударгаар хөрөнгө оруулалт хийсэн түмэн олон, хувийн хэвшлүүддээ өмчийнхөө эзэн суух боломжийг олгож шударга, тэгш, ёс суртахуунтай хандахыг хүсвэл үлдсэн төрийн өмчит компаниудаа хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжаалах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудыг их, бага, ашигтай, ашиггүйгээр нь үл ялган бүгдийг  нь хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах нь хамгийн ончтой зам. Биржээр нээлттэй хувьчилснаар хэн, хэдэн ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр авч хэдэн хувийг нь эзэмшив гэдэг нь тоотой баримттай, цаг хугацаатайгаа түмний нүдэнд ил тод болно. Ил тод зүйлд иргэд олон итгэж, элдэв асуудал, маргаан үүсэхгүй. Үнэ цэнэ ч бодитоор тогтож үнэгүйдэл, хохирол үүсэхгүй сайн талтай. Хамгийн гол нь иргэд, компаниуд зүй ёсны эрхээ эдэлж хүссэн компанидаа бодит хөрөнгө оруулалт хийж удаан хүлээсэн үр өгөөжөө хүртэнэ. Цөөнх бус олонх ялна. Түмэн олныг төлөөлөгч төр засаг ч өөрийн албаа нэртэй төртэй хаана.

Сэтгэгдэл бичих

    • Иргэн
    • 2019-11-02

    Төр гэж чухам юу юм бэ? Өмч эзэмших субъект болж чадах уу? УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, Шүүх, орон нутгийн засаг захиргаа тэдгээрийн цогцыг төр гэж үзэж болох тэгвэл төрийн өмчийг хэн өмчлөх вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдах бус уу? Байгалын баялаг бол байгаагаараа нөхцөлд хний ч өмч байх боломжгүй. Харин түүнийг ашиглах үед л өмч гэдэг агуулга илэрхийлэх бус уу? Үүнийг зохистойгоор хэрэгжүүлэх асуудалыг баялаг байхад нь өмчлөх замаар бус харин ард түмнийхээ санаа бодлыг сонсож тэднийхэ ашиг тусын тулд хуулиар зохицуулагдах, хуулийн хамгаалалтанд байлгах асуудлыг төрөөр халхавлагдсан эрх мэдэлтнүүд хариуцах учиртай мэт санагдана.

arrow icon