Нийтлэл 03 сарын 30, 2015

Мяньмар гадаадын хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж байна

 Японы 6 том худалдааны хаусын нэг Мицүбиши корпорац Мяньмарын гурилан бүтээгдэхүүн, кофены үйлдвэрийн 30 хувийг худалдан авч хөрөнгө оруулахаар болжээ. 3 жилийн туршид 2,5 тэрбумын иен хөрөнгө оруулж, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон тээврийн ложистикийн систем бүрдүүлнэ. Мяньмарын хүнсний үйлдвэрлэлд гадаадаас ийм том хөрөнгө оруулалт орж байгаа анхны тохиолдол боллоо. Мяньмар гадаадын хөрөнгө оруулалт татах эдийн засгийн загвар бодлого хэрэгжүүлж буй нь өгөөжөө өгч, Япон  талтай хийх  түншлэлийн нэг томхон загвар ийнхүү үүслээ.


Мяньмарын Капитал Даиэмонд Стар групп 70, Мицүбиши 30%-ийг хийсэн хамтарсан компани гурилан бүтээгдэхүүн, талх, гоймон зэргийг үйлдвэрлэх, эрхзүйн орчин бүрдвэл будаа, буурцаг зэргийг ч үйлдвэрлэх зорилготой байна. Мяньмарын хувьд Мицүбиши хэмээх аварга айлын хүчийг ашиглаад технологи, тээвэр, худалдааны томхон сүлжээ үүсгэж, суралцаж санаатай байгаа аж.

Мицүбиши корпорац 2020 он гэхэд байгалийн баялгийн бус борлуулалтаа 2012 оны 180 тэрбум иенээс хоёр дахин нугалж өсгөх урт хугацааны төлөвлөгөөний нэг үзүүрт Индонезийн дараагаар Оросыг,  Хятадыг, Монголыг биш гадаадын хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгыг дэс дараатай хэрэгжүүлж буй, ажиллах хүчин нь ажилсаг, ёс зүйтэй гэгдэх Мяньмарыг сонголоо. Хүнсний зах зээлийн хувьд 2018 он гэхэд өнгөрсөн оноос 75% өсөх том боломж гэгдэж буй.  Мяньмарт Мицүбишигээс гадна бас нэг том худалдааны хаус Мицүи Бүссан будаа, тэжээл тариалах тээвэрлэх үйлдвэрлэлийн систем босгохоор төлөвлөж байна.

Мицүбиши корпорац 150 жилийн түүхтэй, манай эдийн засгийг 20 нугалах хэмжээний борлуулалт хийдэг глобал бизнес  гүрэн. Улаанбаатарт салбар оффисоо 2009 онд нээсэн ч ашгийн бус төлөөлөгчийн оффис маягаар ажиллаж, уран, нисэх онгоцны буудал зэрэг байгалийн баялаг, дэд бүтцийн салбарт илүү төвлөрч ирсэн.   

Манай улсын хувьд хойд хөрш баруунтай худалдааны харилцаа нь муудаж, өмнөд хөршийн органик хүнсний эрэлт, хэрэгцээ жил тутам хоёр оронтой тоогоор өсөж, Японтой өөртэй нь чөлөөт худалдааны гэрээ хийгдсэн ийм үед Мяньмарын жишгээр Мицүбиши шиг том айлтай өрсөлдөх чадвартай хүнс боловсруулах салбарт хамтарч чадвал технологи, чанар, тээвэр, эдийн засгийн маш том нөлөө үүсгэх боломжтой. Даанч хувь хувьсгал, гаднын хөрөнгө оруулагчид ялгаагүй хамаг анхаарал газрын баялаг, уул уурхайд төвлөрсөн  эрин үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon