Нийтлэл 03 сарын 31, 2015

Та бурханд итгэдэг үү?

Тэнгэр лүү заагаад “Та бурханд итгэдэг үү?” гэж олон хүн надаас асууж, би өөрөө ч асууж үзлээ. Хариулт нь янз бүр, шууд л итгэдэг гээд бардам хэлэх хүн байхад ер нь бол гэж ирээд дундаа хийх нь байна. Бүр тас үгүй, би бол шашингүй гэж ирээд хүндрэх хандлага ч байна. Эндээс хамгийн ноцтой асуулт урган гарч байгаа нь таны итгээд эсвэл итгэхгүй гээд байгаа тэр бурхан гээч нь хэн/юу юм бэ? Ислам шашинд бол бурханыг төсөөлөх нь гэм нүгэл гэх аж. Учир нь бид өөрт байгаа ойлголтын хүрээнд л төсөөлөх учир бурханыг доромжилсон хэрэг юм. Тэгвэл Христийнхэн бол хүн төрхтэй нэг этгээд болж хувирна. Буддизмд бурхан гэдэг яг үнэндээ гэгээрсэн хүнийг төлөөлүүлэн авч үзнэ. За эртний шашин болох Хинди, Египетийн шашинд бурхан нь ямар нэгэн мутацид орсон хүн байдаг. Өнгө нь өөр, эсвэл толгой нь өөр гэх мэт. Иймд “Та бурханд итгэдэг үү?” гэдэг асуултны өмнө эхлээд бурхан гэж хэн/юу болохыг  нягт тодорхойлох нь зүйтэй. Миний хувьд бурхан гэж хүн төрхтэй гэхдээ биднээс хавьгүй дээд “Entity” байна гэвэл би лав итгэхгүй байна. Түүнийг харь гаригийн хүн гэж нэрлэмээр санагдаж байна. Эсвэл Ислам шашин шиг юу гэдэг нь тодорхойгүй, төсөөлж ч болохгүй гээд мухардаад байдаг сүсэгтэй бол энэ асуултанд хэн/юу гэдэг нь тодорхой болтол хариулж чадахгүй юм байна. Аа харин арай шинжлэх ухаанч байдлаар, шинж чанараар нь хайгаад үзвэл бурхан бурхан байгаа.

 

Бурхан гэдэг хүн төрөлхтний гэгээрлийн тусгал. Бурхан гэдэг ертөнцийг тогтоогч энергийн урсгал мөн. Аль ч талаар нь бодсон бурхан оршин байгаа юм. Бидний бодолд бай хамаагүй, биетээр урсан бай хамаагүй бурхан байгаа. Байдаг болохоор бид түүний тухайн ярьж байна. Хүн мэтээр төлөөлүүлж бичих нь буруу байж болно.

 

Хэрвээ тэр сайн сайхны тусгал, орчлон ертөнцийн хамгийн субъектив ойлголт мөн гэж үзээд, түүнийг 250 мянган жил нэг ч хүн олж хараагүй юм бол бурхан гэдэг хүн бүрийн эерэг, сайны туйл, оюуны төсөөлөл буюу гэгээрлийн тусгал болж таарч байна. Энэ тохиолдолд бурхан оршин байна. Бидний тархинд, 7-н тэрбум тархины, нэг бүрийн 100 тэрбум мэдрэлийн эсэнд цэнэг буюу мэдээлэл болон тасралтгүй бодогдсоор оршин байгаа юм.

 

Хэрвээ бурхан гэдэг ертөнцийг бүтээгч, мөн хүн бүхэнтэй цуг байдаг юм бол тэр гарцаагүй энерги юм. Энерги л бидний молекулыг тогтоож, даян дэлхийг тоос болгочихгүй барьж байна. Энэ тохиолдолд ч бурхан оршин байгаа юм. Оршин байхдаа газар сайгүй, юмс бүхэнд нэвт шингэсэн байна.

 

Би энергинд итгэдэг, Би хүн төрөлхтөнд сайн сайхан оршдог гэдэгт итгэдэг. Хэрвээ энэ бүхнийг бурхан хэмээн нэг үгээр төлөөлүүлж байгаа бол бурханд бас итгэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon