Нийтлэл 04 сарын 08, 2015

Нэг эст бактериас “газрын тос” гаргана

Япон улс, Ёкохама дахь биотехнологийн бээнч компани Жинарис еscherichia coli бактери ашиглан шинэ төрлийн бодис гаргах ажилд амжилт олжээ.

Хоолны хордлого үүсэгдэг дайсны талын баатар байсан энэ бактери ганцхан эстэй тул генийн хувиргалт хийж супер бодис гаргаж авах боломж ихтэй. Одоогийн байдлаар энэ бактерийг ашиглаж нэг удаагийн хуванцар сав, үйлдвэрлэлийн зарим материал хийхэд амжилт олоод байна.

Escherichia coli ашиглан гаргаж авсан хуванцар. Эх сурвалж: Никкэи

 

Хуванцар савыг дахин боловсруулж ашигласан ч дотор нь наалдсан юмс, зарим боловсруулагдахгүй хэсэг хаягдал болж үлддэг байна. Жинарисийн гаргасан бодис ийм хогийг цэвэршүүлж, дахин материал бүтээнэ. Уг бээнч компанийг эхлүүлсэн бизнесмэн химийн үйлдвэрт ажиллаж байхдаа энэ бактерийн чадварыг анзаарч, ажлаасаа гараад туршилт эхлүүлжээ. Одоогийн байдлаар үйлдвэрт ашигладаг резин зэрэг материалын ихэнхийг газрын тосоос гаргадаг, энэ чигтээ газрын тос хэрэглэвэл одоогийн мэдэгдэж байгаа нөөц 40-50 жилийн дараа дуусна гэгдэж буй.

Энэ туршилт амжилттай хэрэгжиж практикт нэвтэрвэл газрын тосны хэрэглээ арав дахин багасах тооцоо хийгджээ. Газрын тос, нүүрс хоёр дээр тулгуурладаг дэлхийн энергийн хүчний тэнцвэрт өөрчлөлт авчрах эрчим хүчний шинэ эх үүсвэр, нээлтүүд дэлхий даяар туршигдаж, хөгжсөөр байна.

 

Мөн өөр нэг бээнч компани саяхан аалзны генээс төмрөөс ч бөх оёдлын утас гаргаж авчээ.  Өсөн нэмэгдэх хүний хэрэглээ, хязгаарлагдмал байгалийн баялгийн зөрчлийг шийдэх шинжлэх ухааны ололтууд шил дараалан гарч, үйлдвэрлэл байгалийн баялгийн хамаарлаа багасгах чиглэлд тууштай хөгжиж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon