МАНын тухай бичих гэхээр нэгд мэдээлэл хомс, олдсон мэдээлэл нь нэг эсгүүртэй яв цав, хоёрт намынхаа тухай гишүүд нь л санаа тавьж, шүүмжилж дэмжих нь зарчмын хувьд зөв зүйтэй гэж боддог хүний хувьд МАН ийм тийм гэхээс зайлсхийж, гарчиг нь МАН-ын тухай ,хачир нь МАХН-ы тухай, гол нь өнөөх л АН-ын тухай бичсү.
Нам гэдэг үгний гарал үүсэл ч гэж хаа байлаа утга учир ч гэж юу байлаа гэх үеээс өдийг хүртэл данхайж томорсон МАН 87 жил засаг барьж, барилцаж явсан намын хувьд сөрөг хүчин болох завшаан хоёронтоо тохиожээ. Нэр төдий л сөрөг хүчин байсны шалтгаан нь их энгийн. Засаг барьж буй АН нь сөрөг хүчин байх боломж өгөлгүй өөр хоорондоо дайтаж, нэгнийгээ татаж чангаасаар
олдсон дөрвөн жилээ зугаатай өнгөрүүлээд дараачийн хэдэн жилд нь гудманд жагсаж явахдаа, одоо л нэг итгэл үзүүлчих, ёстой ажлыг умалзуулаад, улсыг хөгжүүлээд өгнө л гэдэг. Байж байж нэг итгээд үзье гэхээр нь фракц бүлэглэлээрээ зодолдоод сандал ширээгээ булаацалдаад нэгнийгээ тагнаж мөрдөөд заримыгаа суулгаж шалгаад дээр доороо орж байгаагаа бид нээлттэй нам учраас ингэдэг гэж тайлбарлана. Нидэр дээрээ хал үзэж хашир суугаагүй сонгуулийн туслахуудаа аль олигтой гэсэн албанд зүтгүүлж нөгөөдүүл нь нам намайг аврана, би ардчилсан хүн, хууль хэнд хамаатай юм гэж аашилж аяглаж байж баригдхаараа миний нам намайг намналаа гэж гоншигноно.
Угтаа хууль гэдэг нь бүх монголчуудын ёс зүйн дундажыг дэлхийн хүн амын ёс зүйн дундажтай харилцан уялдуулж цаасан дээр буулгасан хэм хэмжээ. Тэр хэм хэмжээ нь аль нам засаг барьж байгаагаас үл шалтгаалах учиртай ч хууль сахиулах, хянан шалгаж шийдвэрлэх байгууллагууд нь намаас хамааралтай найгаж гуйвдаг учраас дарга даамалд хууль нь гууль болчихоод байдаг гэмтэй.
Хаа очиж муу нэртэй луу данстай МАН-ынхан идэж уухдаа хамжааргатай, хууль зөрчилгүй цэвэрхэн шомбодож сурсан , түүнчлэн нам намайг аврана гэдэг сэтгэлгээнээс илүү дарга мэдвэл ална гэдэг айдас нь юм болгоныг болгоомжтой удаан хийлгэдэг бололтой. Харин хамгийн том дарга болон түүний ойр дотныхон жаахан АН-ыхан шиг зан гаргасныхаа горыг бага сага амсаж эхэлж байна. Одоогийн Засагт хачиг ч юм уу, хачир ч юм уу болж орсон нь дарга даамлуудаа өргөст торноос аварч үлдэх зорилготой байсан ч олон хүний хорхойтой араанд зуугдсан МАХН-ын даргад 2,6 жилийн ялыг хэвтрийн дэглэмтэй оноож, 2 толгойтой эвслийн нэг толгой нь нөгөө толгойдоо шүлэг бичиж явснаа мартагнаад, ял авсан даруйд нь шүүхийн буруу гэж үзэхгүй байна гэж мэдэгдэж байв.Гэхдээ тэр толгой нэгэн цагт өөр хүзүүн дээр ургаж явсны учир АНыг олонхи суудалтай цөөнх болгохоос аварч үйлдсэн гавьяатан ч юм шиг. МАН засаг барих үедээ олон том жижиг дарганцруудынхаа амбийц, шунал тачаалыг нэг газраас зангидаж , ашиг сонирхолуудыг нь зохицуулдаг тулдаа нэг нэгнийгээ барьж хорьж халж сэлгэлгүй ногдсон ажлаа хийдэг.
Гэхдээ сүүлийн үед МАН нь АН-жаад АН нь МАН-жаад байгаа тухай дээр дооргүй шаагилдаад , залуус нь бидний цаг 2016 он гэж байхад хөгшчүүл нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр, одоо эвсчий, эсвэл МАХНыг хошгируулаад Засгаас гаргаад, зөрөөд орьё гэсэн санаанууд тэнэж яваа сурагтай. АН дотроосоо өтөж Засгаа огцруулах нь цаг хугацааны асуудал гэж харж суусаар 2 жилийн нүүр үзлээ. Алтанхуягийг намын даргаас зайлуулж, шинэ тутам дарга сонгон, шинэ засаг байгуулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байвч ҮЗХ дээр дийлэхгүй болчихоод УИХ-аар нь унагадггүй юм бол намынхан хурлаар намнана, намар ҮЗХ хуралдана гэж сөрөг хүчний ажлыг булаагаад л сууж байна.
МАН нь ч МАН, нөгөө эсрэг жагсаал хийлгэдэг зангаа тавихгүй , ЭЗЭН 100 гэсэн хөтөлбөрт АРД 100 гэдэг хөтөлбөр сөргүүлж байх жишээтэй. 100 хоногт эдийн засаг нь битгий сэргээсэй, долларын ханш битгий буугаасай, нүүрс битгий зарагдаасай гэхээр сөрөг нам болдоггүй юм
.Яагаад ч юм, Монгол улсын иргэд гэдгээ мартаад, улс эх оронд хэрэгтэй юм хийх гэхээр өөр нам, манай юм биш гэх мэтээр улс төржүүлж гацаадаг зан аль ч намд байдаг л араншин. МАН сөрөг хүчин болсондоо итгэж өгөхгүй 2 жил шоконд байж байгаад саявтархан дуу шуу орж байна бил ээ. Сөрөх тавилангүй намын зовлон ганц- Ийм нам засаг барьж байхад сөрөг намаар ч яахав дээ.
Үндэсний тойм сэтгүүлийн 2014 оны 8-р сарын 18-ны дугаарт хэвлэгдсэн.
Сэтгэгдэл бичих