Нийтлэл 04 сарын 08, 2015

Солонгорохоос гадна давхаргажих тухай

Орчин цагийн үйлдвэрт эрин барагцаагаар 5 дахь шатандаа орж ирээд байна. Мануфактур масс үйлдвэрлэл, хими хөнгөн үйлдвэрлэл, компьютер, интернэт, эрүүл мэнд ба дата. Нэг шат шинээр ахихад нөгөө шат халагдаж арилах гэхээсээ шинэ давхарга үүсэж, олон давхарга бүхий эдийн засгийн бүтэц олон улсад тогтоод байна гэж үзэж болно. Түрүүлж хөгжсөн орнууд илүү технологижсон шинэ давхаргын үйлдвэрлэл хөгжүүлэх, өмнөх шатны үйлдвэрийн салбарууд шинэ орнууд руу шилжих,  ахисан түвшний технологийг түрүүлж нүүдэл хийгсдээс худалдаж авах, араас нь нэхэх. Дэлхийн эдийн засгийн түүх энэ циклийг давтаж ирлээ. Одоогоор АНУ биг дата, эрүүл мэндийн, зүйлсийн интернэтийн технологиор олны манлайд, бусад улсад патент, технологи зарах, араас нь Солонгос, Япон, Хятад гэсэн  Азийн орнууд эрчимтэй нэхэх гэсэн өрсөлдөөн өрнөж буй.

 

Саяхан гэхэд манай улсад уул уурхайн төхөөрөмж, машинаар танигдсан Комацү АНУ-аас биг дата менежментийн үйлчилгээ худалдан авах гэрээ хийлээ. Гэрээний механизмыг доорх зураг харуулж байна. Үйлдвэрлэл, олборлолтын явцыг нэгд нэгэнгүй бүртгэх, түүнийгээ дата анализ сайн хийдэг АНУ-ын Женерал Электрик GE-д явуулах, эргээд тайлан авах. Ийм циклээр хаана үр ашиггүй явц байгааг хянаж багадаа олборлолтын зардлыг 13 хувь багасгана.  Жишээ нь 300 трактай том уурхайд түлшний зарцуулалтыг 1 л хувь хэмнэхэд жилд 500 сая иенийн хэмнэлт гардаг байна.

Зургийн эх сурвалж: Никкэи

Ингэснээр зөвхөн машинаа зараад орхихгүй, машиныг нь ашиглаад яавал үр ашигтай ажиллаж болох тухай чиг өгөх “бараа+үйлчилгээ” загвар уул уурхайд ч нэвтэрч байна. Өмнө нь Зүйлсийн интернэтийн шинэ эрин ирж байгаа тухай Google-н инженер Баттулгаас уншигчдад нийтлэл хүргэсэн байгаа. Энэ удаагийн жишээ шиг олборлолтын машин зэрэг “зүйл”-ийг интернэтэд холбох буюу интернэтчлэх технологийг IoT буюу ‘internet of things” гэж буй.  Женерал Электрик бол зүйлсийг илүү ойлгож, удирдах эринийг манлайлж буй корпорацуудын нэг.

 

Олон улсын томхон компаниудын ирээдүй, үхэх сэхэхийг шинэ эринд дата менежмент шийднэ гэгдэж байна. Глобал тоглогчид ч ар араасаа энэ талаас анхаарч, өрсөлдөж эхэллээ.  Өчигдөр Бат инженерээс нүүдэлчдийн цаасгүй төрийн тухай нийтлэл хүргэсэнчлэн бид “ярьдаг”  эринээ дуусгаж, бичиж, илэрхийлж, түүнийгээ архивлаж сурахаас өмнө хүний хүмүүс датагаа үүсгээд, ангилаад, одоо “үүл”-н дээр хурааж, түүнийгээ анализ хийдэг үйлчилгээг зарж чулуу болгож эхэллээ.

 

Олон давхаргат эдийн засаг олон улсад төдийгүй нэг улсад ч үүсэж болно.  Нэг салбараас хэт хамааралтай болчихсондоо тэр үү, хэвтээ тэнхлэгт яаж салбаруудаа нэмэх, солонгоруулах тухай их ярьдаг. Стратегийн цөөн салбар босгож ирж чадвал тийм олон салбар хөгжүүлээд, солонгоруулаад байх  уг нь хэрэгцээгүй мэт. Харин босоо тэнхлэг буюу технологийн хувьд нүүдэлчний аж ахуй, гар урлал, зарим нэг машинт үйлдвэрлэл, дээр нь хэд гурван программ хийж байгаа 19-р зууны эдийн засаг дээрээ дахиад хоёроос гурван 20-21-р зууны  давхарга нэмэх бодлого хэрэгжүүлмээр. Тэр нь олон салбарт байх шаардлагагүй.  Дор хаяж уул уурхайдаа, нэмээд ганцын зэрэг стратегийн салбарт хамгийн өндөр түвшний технологийн давхаргуудыг үүсгэх чиг барьж явахгүй бол уул уурхайд гэхэд түүхий эдийн үнэ эргэж сэхэх гэрэл харагдахгүй, зардал хэмнэх өрсөлдөөн ширүүсэх тал руугаа орж байна.  Технологийн түвшин гон бие зохион бүтээгч, энтэрпренёруудын түвшнээс хальж том корпорацууд, төрийн бодлогын арена болсон тул эдийн засгийн “давхаргажилт”- д төрийн манлайлал зайлшгүй хэрэгтэй.  90-өөд оныг бодвол олон улсад мэдээллийн технологиор монголын охид хөвгүүд нэлээн бэлтгэгдсэн, тэднийгээ бүртгэх, төрөөс удирдлагатай алсын хараатай төсөлд татах бодлого байдаг бол сайн сан.  Дахин хэлэхэд шинэ давхарга нэмэх нь хуучнаа үгүйсгэх, баллуурдах албагүй юм шүү, эх орончдоо.

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon