Манай нийгэмд бичигдээгүй дүрэм шиг болоод хэвшчихсэн нэг үзэгдэл бий. Нэг нам төрийн эрх барихад нөгөө намынхаа ажилчдыг цомхтгол нэрийн дор хоморголон халдаг. Зөвхөн намын харьяаллаар ажлаасаа халагдаж байгаа хэдэн зуун төрийн албан хаагчид тэдний цаана хэдэн мянган хүн хоногийн хоолноосоо хагацаж байгааг тооцоход хэцүү. Тэрнээс гадна нам төдийгүй төрийн албаны толгой дахь хүн солигдоход нам солигдоогүй ч нэг яаманд хэдэн арваар нь халах явдал гарч байгаа бололтой.
Үүний нэг жишээ бол Гадаад хэргийн яам. Сайд Л.Пүрэвсүрэн оны өмнөхөн шинэ жилийн баяраар 43 дипломат ажилтныг халсан аж. Энэ үеэр иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг, хилийн чанадад суугаа монголчуудын асуудлыг зохицуулдаг Консулын газрын захирлыг албан тушаалтнуудтай нь хамт халж гуравхан хүнийг үлдээжээ
. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эл хууль бус үйлдэл нь төрийн албыг удаашрах, доголдоход хүргээд байгаа аж. Угтаа дипломат албаны тухай хуульдаа бол Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэж Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилно хэмээн заасан байдаг.
Энэ бол төрийн албаны ажилчдыг ажлаас халсан ганц тохиолдол биш. Шинэ сайд, дарга нар яам, тамгын газартаа очингуутаа халаа сэлгээ хийдэг тогтсон дүрэм орон нутагт ч мөн адилхан
гэгддэг. Хуучин сайдтай нь хамтран ажилладаг байсан гэдэг утгаар тангараг өргөсөн төрийн албан хаагчид бүр цаашлаад дипломат ажилчид хүртэл улс төрийн халаа сэлгээнд өртөх болжээ.
Ямартай ч гадаад хэргийн яаманд бол төрийн албаны мэргэшсэн байх зарчим алдагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн бололтой. Төрийн мэргэшил, туршлагыг нам юм уу хувь хүний байр суурь дийлдэг, нэг үгээр төрийн дээр нам, хүн зайдалдаг байдал хэзээ дуусах вэ?
Сэтгэгдэл бичих