Нийтлэл 04 сарын 14, 2015

О.Мөнхсайхан: 1992 оны үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль

УИХ-ын хаврын чуулганд хэлэлцэгдэхээр төлөвлөсөн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Энэ асуудлаар нийгмийн дунд янз бүрийн санаа бодол үүсэж, олон нийтийн  сүлжээгээр ч мэдээлэгдэн буй тул Үндсэн хуулийн талаарх онолын мэдлэгийг хүргэхийн тулд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач, О.Мөнхсайхантай ярилцлаа.

Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсон. Үүнээс өмнө Монголд ямар хуулиуд байсан талаар яриагаа эхэлье?

1990 оноос өмнө Монгол Улсад ардчилсан тогтолцоо байгаагүй. 1911 он хүртэл дундад зууны төрт улстай байсан. 1911-1924 онд Богд хаант Монгол Улсын үед үндсэн хуульт хаант засгийн тогтолцоонд шилжих тодорхой алхмуудыг хийж байсан. Тухайлбал, орчин үеийн төрийн зохион байгуулалтын хэлбэр болох яамд бий болсон. Монголын эрдэмтэд, лидерүүд бүр Англи, АНУ, Норвеги, Мейжигийн Япон, Прүссийн Герман зэрэг улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан судалж Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэвч, Коминтерний төлөөлөгч нарт уг төсөл таалагдаагүйн улмаас 1918 оны Оросын Үндсэн хуулийн социалист үзэл баримтлалаар төсөл боловсруулахыг тулгасан. Ингээд Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулийг баталснаар дэлхий дээрх хоёр дахь социалист улс болсон. Социализмын үед Монголчууд де юрэ тусгаар тогтнолоо олж, эрүүл мэнд, боловсрол, ахуйн соёл, хотжилт, аж үйлдвэржилт зэрэгт урьд өмнө байгаагүй дэвшил гаргасан ч ноцтой асуудлууд байсан нь тухайн үеийн дэглэм, түүний үндсийг тогтоосон  Үндсэн хуулиудтай холбоотой байсан. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист тогтолцооны суурь болж байсан.

Социалист Үндсэн хуулиуд ямар онцлогтой байсан бэ?

Ер нь бол үндсэн хуулиудыг хуурмаг үндсэн хууль болон жинхэнэ үндсэн хууль гэж хоёр ангилж болно. Энэ ангиллын үзэл санаа нь ардчилсан үндсэн хуульт ёс үүссэн үеэс эхтэй. 1789 оны Хүний ба иргэний эрхийн Францын тунхгийн 16-р зүйлд “Хүний эрхийг хангаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд Үндсэн хууль оршдоггүй” гэж заасан бөгөөд энэ шалгуураар үндсэн хуулиудыг ялгаж авч үздэг. Тэгэхээр, нэгд хүний эрхийг зүгээр нэг тунхаглаад орхисон уу эсхүл үнэхээр бодитой эрх болгож хамгаалж байна уу, хоёрт төрийн эрх мэдлийг хуваарилж дур зоргоороо аашлах боломжийг хязгаарлаж чадаж байна уу гэсэн хоёр шалгуураар үндсэн хуулиудыг үнэлдэг. Энэ хоёр шалгуураар 1990 оноос өмнөх манай социалист Үндсэн хуулиуд (мөн, Хойд Солонгос, Хятадын одоогийн үндсэн хуулиуд) бол жинхэнэ буюу ардчилсан үндсэн хууль биш байсан юм. Нэгдүгээрт, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг эрх, эрх чөлөөг тунхагласан байсан боловч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй бөгөөд хориглогддог байсан. Жишээлбэл, намын үзэл сурталд харш, эсхүл МАХН-ыг шүүмжилсэн үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс хавчигдан гадуурхагддаг, хэлмэгддэг байсан. Хамгийн ноцтой нь социалист үндсэн хуулиудаар иргэдийгээ жинхэнэ ард ба бусад гэж албан ёсоор ангилж, язгууртан, хөрөнгөтөн, лам нарыг ялгаварлан гадуурхаж, улмаар олон мянган иргэдийг хэлмэгдүүлэхэд хүргэсэн. Хоёрдугаарт, социалист үндсэн хуулиуд жинхэнэ үндсэн хууль биш байсны нэг нотолгоо бол төрийн бүх эрх мэдлийг хуваарилах бус төвлөрүүлэх зарчмыг баримталсан явдал юм. МАХН, ялангуяа намын удирдлагад төрийн эрх мэдлийг төвлөрүүлж, дур зоргоороо авирлах боломж нээсэн байв. Хараат бус шүүхийн тогтолцоо байгаагүй. Товчдоо, хуулийн засаглал бус нэг намын болон намын удирдлагад байсан хүмүүсийн засаглал оршиж байсан.

Тэгвэл хэзээ жинхэнэ Үндсэн хуультай болсон юм бэ, ер нь манайд ийм Үндсэн хууль байна уу?

1992 оны Үндсэн хууль бол дээрх хоёр шалгуурыг хангасан анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль гэдгээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд илүү ач холбогдолтой. Юуны өмнө, энэ Үндсэн хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй иргэд түүнийг баталгаатай эдлэх тогтолцооны үндсийг тавьсан. Иргэд бид бодит амьдрал дээр үндсэн эрх, эрх чөлөөгөө эдэлж байна. Иргэд ямар үзэл бодолтой байхаа шийдэх, үүнийг чөлөөтэй илэрхийлэх, шашны итгэл үнэмшлээ өөрсдөө тодорхойлох, эд хөрөнгө өмчлөх, бусадтайгаа эвлэлдэн нэгдэх, сонгуульд нэр дэвших хийгээд сонгох зэрэг эрхтэй төдийгүй уг эрхээ эдлэх бодит боломжтой байна. Үндсэн эрхээ эдэлж байгаа гэдгийг бид өөрсдөө мэдэрч байгаагаас гадна судалгааны үр дүнгээс харж болно.

Манай Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрх, эрх чөлөөг иргэд баталгаатай эдэлж байгааг нотлох ямар судалгаа байна вэ?

Жишээ нь, Фрийдом Хаус гэдэг хүний эрхийн олон улсын байгууллага бий. Энэ байгууллага нь иргэний болон улс төрийн эрхүүдийн талаарх судалгааг жил болгон явуулж дэлхийн улс орнуудыг 1-7 хүртэлх оноогоор дүгнэж эрх чөлөөтэй, хагас эрх чөлөөтэй, эрх чөлөөгүй гэсэн 3 ангилалд оруулж ардчиллын чанарыг хэмжиж гаргадаг. Аливаа улс 1-2.5 оноо авбал эрх чөлөөтэй, 3-5 оноо авбал хагас эрх чөлөөтэй, 5.5-7 оноо авбал эрх чөлөөгүй гэсэн үг. Энэ судалгаагаар манай улс 1991 оноос хойш эрх чөлөөтэй гэсэн ангилалд орж ирсэн. Фрийдом Хаусын судалгаагаар дэлхийн постсоциалист улсуудаас Төв болон Зүүн Европын Чех, Польш зэрэг улсууд болон Монгол Улс л “эрх чөлөөтэй.” Өөрөөр хэлбэл, Төв болон Зүүн Европоос гадна байгаа постсоциалист улсуудаас ганцхан Монгол “эрх чөлөөтэй” гэсэн ангилалд орж байна. Казакстан, Узбекстан, Туркменистан зэрэг Төв Азийн орнууд болон Хятад, Орос “эрх чөлөөгүй” гэсэн ангилалд ордог. Зүүн хойд Азид зөвхөн Монгол, Япон, Өмнөд Солонгос гэсэн гуравхан улс л “эрх чөлөөтэй”-д тооцогддог. Энэ судалгаа нь Монголд иргэний болон улс төрийн үндсэн эрх бодитойгоор хэрэгжиж байна гэдгийг илэрхийлж байгаа юм.

Өмнө дурдсан жинхэнэ үндсэн хуулийн хоёр дахь шалгуур үзүүлэлтийн тухай тодруулахгүй юу?

Төрийн эрх мэдлийг хуваарилсан байх гэсэн хоёр дахь шалгуурыг 1992 оны Үндсэн хууль мөн давдаг. Төрийн эрх мэдлийг хуваарилна гэдэг нь төрийн чиг үүргийг өөр өөр этгээдээр хэрэгжүүлүүлэхийг хэлж байгаа юм. Нийтийн ашиг сонирхлыг тусгасан бодлогыг хууль болгон баталдаг хууль тогтоох эрх мэдэл, батлагдсан хуулийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх эрх мэдэл, хуулийг зөрчсөн эсэх маргааныг төвийг сахисан байр сууринаас хараат бусаар шийдвэрлэх шүүх эрх мэдэл гэсэн гурван салаанд төрийн эрх мэдлийг хуваарилдаг. Энэ бүх эрх мэдлийг нэг хүн (жишээ нь, ерөнхийлөгч эсхүл хаан) хэрэгжүүлбэл нийтийн ашиг сонирхлыг зөрчих, дур зоргоороо авирлах, өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх, цаазаар авах зэрэг зүй бус үйлдлүүд гардаг гэдгийг хүн төрөлхтний түүх хангалттай нотолсон. Төрийн эрх мэдлийг ерөөсөө нэг этгээдэд атгуулж болохгүй юм байна гэдгийг ойлгосны үр дүнд төрийн эрх мэдэл хуваарилах онол бүрэлдэн хөгжсөн. Энэ онол Францын Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номд орчин үеийн утгаар анх тодорхойлогдож, АНУ-н Үндсэн хууль тэргүүтэй баримт бичигт тусгалаа олсон байдаг.

Монголд төрийн эрх мэдлийг Үндсэн хуульд хэрхэн хуваарилсан байдаг вэ, онолын хувьд хэр зөв хуваарилж чадсан юм бол?

1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хуваарилсан. Тодруулбал, хууль тогтоох эрх мэдлийг ард түмнээс сонгогдсон УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-аас эмхлэн байгуулсан Засгийн газар (болон ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч), мөн шүүх эрх мэдлийг шүүх  хэрэгжүүлнэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Гэхдээ, төрийн эрх мэдлийн гурван салаа нь тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлээд зогсохгүй нэг нэгэндээ хяналт тавьж, харилцан тэнцэлтэй байх ёстой. Жишээ нь, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл харилцан бие биеэ хянах боломжтой. УИХ Засгийн газрыг эмхлэн байгуулж, түүний хэрэгжүүлэх хуулийг баталдаг бол УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн эсхүл бодлогын хувьд алдаатай гэж үзвэл Ерөнхийлөгч хориг тавьж болох ба үүнийг УИХ дийлэнх олонхын саналаараа давж чадсан тохиолдолд л тэр хууль нь хүчин төгөлдөр болдог. Хууль тогтоох болон шүүх эрх мэдэл мөн адил. УИХ шүүхийн бүтцийг тогтоосон хуулийг баталдаг бөгөөд шүүх хуулийг л хэрэглэж хэрэг, маргааныг шийдвэрлэх ёстой. Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх явцдаа хуулийг тайлбарладаг бөгөөд хуулийн тайлбарын талаар маргасан тохиолдолд аль тайлбар хүчин төгөлдөр вэ гэдгийг Улсын дээд шүүх хяналтын журмаар эцэслэн шийдвэрлэдэг. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар шийдвэрээрээ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгодог. Түүнчлэн, шүүх болон гүйцэтгэх эрх мэдэлд хяналт, тэнцэл тодорхой хэмжээнд байдаг. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангадаг бол Захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг шийдвэрлэж хариуцлага хүлээлгэдэг. Мөн, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш учраас эрүүгийн болон иргэний шүүх ч төрийн аливаа албан тушаалтан болон улс төрчид холбогдсон маргааныг төвийг сахиж шийдвэрлэх үүрэгтэй. Үндсэн хуульд энэ мэтээр төрийн эрх мэдлийн гурван салааг харилцан хяналт-тэнцэлтэйгээр хуульчилж өгсөн юм.

Ардчилсан тогтолцооны чанарыг хэмжих нэгэн хэмжүүр нь сонгууль байдаг. Монгол оронд өрнөсөн сонгуулиуд хэр шударга сонгууль болсон гэж үздэг вэ?

Үнэхээр төрийн эрх мэдлийг хуваарилах талаарх ярианд ардчилсан сонгуулийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь, төрийн эрх мэдлийн эх үндэс нь ард түмэн. Ардчилсан нийгэмд иргэд хэн нэгний тогтоосон хуульд бус харин өөрсдийн сонгосон төлөөлөгчдийн баталсан хуульд захирагдаж амьдардаг учраас эрх чөлөөтэй. Ард түмний сонгосон хүмүүс хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрх ардчилсан сонгуулийн дүнгээр л улс төрийн нам, эвслийн хооронд шилжиж байх учиртай. Монголд парламентын сонгуулийг нийт 7 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг нийт 6 удаа амжилттай явуулсан. Энэ бүх сонгуулийн үр дүнгийн дагуу төрийн эрх мэдлийг хүч хэрэглэхгүйгээр шилжүүлж ирсэн. Жишээ нь, 1996 онд МАХН Ардчилсан холбоо эвсэлд, 2000 онд Ардчилсан холбоо эвсэл МАХН-д, 2012 онд МАН Ардчилсан намын бусад нам, эвсэлтэй байгуулсан эвсэлд Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх мэдэл очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс, эрх баригч ямар ч нам байсан сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, үүний дагуу эрх мэдлийг сөрөг хүчинд шилжүүлэн өгдөг болсон нь өнгөрсөн хугацаанд олсон амжилтуудын нэг яах аргагүй мөн. Дээр нь, энэ сонгуулиуд шударга явж ирсэн.

Манайд болсон сонгуулиудыг булхайтай болдог гэсэн олон нийтийн хардалт байдаг, бас зарим судлаачид ч тэгж дүгнэдэг шүү дээ?

Яахав булхайтай явагдсан гэх хардалт, шүүмжлэл гардаг. Ер нь эхнээсээ төгс шударга явдаг сонгууль гэж байхгүй. Дэлхийн бусад ардчилсан орнуудын түүхэнд ч сонгуулийн булхай гарч байсан, харин тэрийгээ аажмаар багасгаад шийдэж ирсэн. Гэхдээ манай сонгуулиуд харьцангуй шударга явж ирсэн. Үүнийг гадны ажиглагч, судлаачид ч хэлдэг. НҮБ-ээс, Япон, АНУ, Европын холбооноос, мөн дэлхийн томоохон хэвлэлийн агентлагуудаас төлөөлөгч нар ирж ажиглалт хийгээд манай сонгуулиуд ноён нуруугаараа шударга явагдсан, иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадсан гэсэн дүгнэлт гаргасан. Фрийдом Хаусын судалгаагаар ч мөн ингэж гардаг. Ардчилсан сонгууль явуулж, түүнийхээ үр дүнгээр төрийн эрх мэдэл улс төрийн нам, хүчнүүдийн хооронд шилждэг нь ардчиллыг шинээр тогтоосон улс орон болгонд байдаг зүйл биш. Жишээлбэл, Бирм буюу одоогийн Мьянмар улсад 1990 онд парламентын сонгууль явагдахад сөрөг хүчин болох Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам 80 орчим хувийн саналаар ялалт байгуулсан. Гэвч, цэргийн эрхтнүүд уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сөрөг хүчний намын дарга Ан Сан Су Чиг гэрийн хорионд оруулж, бусад лидерүүдийг нь хорьж цагдан, улс орноосоо дайжихад хүргэсэн түүх бий.

Манайд ийм зүйл болоогүй нь азтай юмаа...

Тийм, манайд бол 1990 онд дэглэм солигдоход, мөн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаар төрийн эрх мэдлийг шилжүүлэхэд хүчирхийлэл гараагүй нь бидний бахархах ёстой амжилт. Эргээд харахад Монголд төрийн эрх мэдлээ тодорхой хэмжээнд хуваарилж зааглаад өгчихсөн, бие биеэ тодорхой хэмжээнд хянаж, тэнцэж байна, хүний үндсэн эрх, эрх чөлөө боломжийн хэмжээнд хэрэгжиж байна, дээр нь ардчилсан сонгуулиа хийж чадаж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй боловч 1992 оны Үндсэн хууль голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр дундаа Үндсэн хууль тогтоогчдын ухамсартайгаар сонгосон парламентын засаглал нь одоогийн Үндсэн хуулийн амин сүнс юм. Олонх судлаачид Монголыг парламентын засаглалтай гэдэг бол зарим нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай гэж үздэг. Гэхдээ, нэг тодорхой зүйл бол би ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй харин хүчтэй парламент бүхий засаглалын хэлбэрийг сонгосон нь Монгол дарангуйлал руу орчихгүй ардчилсан дэглэмээ хадгалж яваагийн нэг шалтгаан. Мэдээж Монгол ардчилсан дэглэм рүү ороод 25-хан жил болж байгаа учраас хүний эрх, хуулийн засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэлтэй холбоотой зарим тулгамдсан асуудал байгаа. Бид эдгээр асуудлаа шийдээд, үндсэн хуульт ардчиллаа бэхжүүлээд явах ёстой.

Тэгэхээр 1992 оны үндсэн хуулиар парламентын засаглалыг сонгоогүй байсан бол өнөөгийн ардчилсан тогтолцоо хөгжих боломжгүй байсан уу?

Тийм. Үүнийг би ганцаараа хэлж байгаа юм биш, гавьяат хуульч Б.Чимид багш тэргүүтэй үндсэн хууль тогтоогчид төдийгүй дотоод гадаадын судлаачид ч хэлдэг. Жишээлбэл, яагаад адилхан ардчилал руу шилжсэн хэрнээ Төв азийн орнууд болон Орос дарангуйлал руу орчхоод байхад Монголд ардчилал алдаатай оноотой ч гэсэн хөгжөөд байгаагийн учир нь парламентын засаглалыг сонгосонд оршиж байна гэж Стевен Фиш гэж харьцуулсан улс төр судлаач тайлбарласан байдаг. Үндсэн хууль тогтоогчид парламентын засаглал Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болно гэж үзсэн учраас засаглалын энэ хэлбэрийг сонгосон. Түүхээс харахад Монголчууд нэг хүнээр удирдуулж байхдаа тусгаар тогтнолоо алдсан, бусдын эрхшээлд орсон байдаг бөгөөд үүнд тухайн үеийн удирдагчийн шийдвэр голлох нөлөө үзүүлсэн байдаг. Жишээ нь, Өвөр Монгол болон Төв халхын зарим ноёдыг албан тушаал, эд хөрөнгөөр худалдан авсан буюу орчин үеийн хэллэгээр тэдэнд авлига өгсөн нь Монголчууд Манжийн эрхшээлд ороход дотоод хагарлаас дутуугүй нөлөөлсөн. Хуучин ЗХУ-ын үед Монголыг тусгаар улс байлгах, бие даасан бодлого явуулахыг дэмждэг ерөнхий сайдууд, бусад лидерүүд хэлмэгдэж эсхүл тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдаж, эцэст нь Оросын үгэнд ордог, тал засдаг хүмүүсийг намын удирдлагад гаргаж ирэхэд хүрсэн. Социализмын үед бид бодит байдал дээр өөрсдийнхөө хувь заяаг бие даан шийдвэрлэх боломжгүй байсан. Энэ мэт түүхийн сургамжуудаас харахад Монголд нэг хүний засаглал тохиромжгүй бөгөөд парламентын засаглалыг Монголын тусгаар тогтнолын баталгаа гэж тэд үзсэн.

Парламентын засаглал яаж Монголын тусгаар тогтнолын баталгаа болдог вэ?

Парламентын засаглалын давуу тал нь гэвэл ерөнхийлөгчид их эрх мэдэл өгдөггүй, бэлгэдлийн шинжтэй байлгадаг, гол шийдвэрүүдийг парламент нь гаргадаг. УИХ 76 гишүүдээс бүрддэг учраас гадны улс эсхүл бусад этгээдээс УИХ-д нөлөөлөх нөлөөлөл ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайдад нөлөөлөхөөс бага байдаг. Нэг хүнд нөлөөлөх нь 76 хүний олонход нөлөөлөхөөс хамаагүй амархан. Дээр нь, УИХ хууль болон бусад шийдвэрүүдийг нээлттэй хэлэлцэж гаргадаг учраас олон нийт хэвлэлээр дамжуулан хяналт тавих өргөн боломжтой. УИХ-ын гишүүд сонгуулиар гарч ирдэг учраас тэд иргэдийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Үүгээрээ парламентын засаглал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хангагддаг гэж Үндсэн хууль тогтоогчид харсан.

Манай улс парламентын засаглалтай гэлээ. Ер нь ерөнхийлөгчийн засаглал гэж ямар засаглалыг хэлдэг вэ? Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоод ардчиллыг хөгжүүлэх боломжтой юу?

Ардчилсан дэглэмийг урт хугацаанд хадгалж буй 22 орон байдаг. АНУ, Герман, Англи, Япон, хойд болон баруун Европын орнууд байна. Эдгээрээс ерөнхийлөгчийн засаглалтай ганцхан улс байгаа нь АНУ л даа. Бусад нь бол парламентын засаглалтай эсвэл хагас ерөнхийлөгчийн засаглалтай орнууд. Постсоциалист улсуудаас ч гэсэн ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгочхоод ардчилалтай явж байгаа улс ховор. Орос, Узбекистан, Казакстан зэрэг орнуудад ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон ч дарангуй дэглэм рүү орж, ардчиллаа алдсан, хүний эрх, эрх чөлөөний зөрчил газар авсан. Фрийдом Хаусын үнэлгээгээр эдгээр постсоциалист орнууд бүгд эрх чөлөөгүй гэсэн ангилалд ордог гэдгийг түрүүн хэлсэн. Эрх чөлөөтэй гэсэн ангилалд орсон Төв болон зүүн Европын ихэнх улсууд болон Монгол нь парламентын эсхүл хагас ерөнхийлөгчийн засаглалтай.

Яагаад ийм байгаа юм бол?

Тэгэхээр энд нэг юм өгүүлээд байгаа биз. Засгийн газар нь ард түмнээс сонгогдсон парламентаас үүсэн бий болж, парламентын өмнө хариуцлага хүлээж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг тогтолцоог парламентын засаглал гэдэг. Засгийн газар парламентын итгэлийг хүлээхгүй бол огцордог бөгөөд засгийн газрыг ерөнхий сайд толгойлж, төрийн тэргүүнийг хаан эсхүл ерөнхийлөгч хэрэгжүүлдэг. Харин, ерөнхийлөгчийн засаглалтай үед ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх төдийгүй засгийн газрыг толгойлж ажилладаг бөгөөд хууль тогтоох эрх мэдлээр бие даан үйл ажиллаа явуулдаг. Цэрэг цагдаа, мөнгө санхүү гээд бүх чухал эрх мэдлүүд ерөнхийлөгч гэх нэг хүнд төвлөрдөг учраас тэр хүнийг эргээд хянахад их хэцүү болж ирдэг. Ерөнхийлөгчийг огцруулах бараг боломжгүй учраас бүрэн эрхийн хугацаа дуусан дуустал байж л байдаг. Ийм нөхцөлд ерөнхийлөгч нийтийн ашиг сонирхлыг дээдэлсэн шийдвэрээс илүү өөрийн болон тойрон хүрээлэгчдэдээ ашигтай шийдвэр гаргах боломж нээгддэг. Үүгээр зогсохгүй сөрөг хүчнээ гадуурхаж дуу хоолойг нь боймлох, улс төрөөс шахах, өөрийнхөө нам доторх эсэргүүцэгчдийг ч гадуурхах, заримдаа бүр өөрийнхөө нэр дэвшсэн намаа ч хаяад явах боломжтой болдог. Ингээд ерөнхийдөө улс төрийн болоод намын ямар нэг хяналтгүй болж ирдэг. Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хэдийгээр парламенттай адилхан боловч шийдвэрийг ганцаараа гаргадаг утгаараа парламентаас илүү хурдан шийдвэр гаргаж, эрх мэдлээ бэхжүүлэх боломжтой байдаг учраас хяналтаас гарахад их амархан байдаг. Ингээд ирэхээр ардчилсан тогтолцооноос маш хурдан дарангуйллын тогтолцоонд шилжих боломж бүрддэг.

АНУ ерөнхийлөгчийн засаглалтай боловч ардчилсан дэглэмээ хадгалж байгаагийн шалтгаан нь юунд оршиж байна вэ?

Америк яагаад ерөнхийлөгчийн засаглалыг амжилттай хэрэгжүүлээд ардчиллаа хадгалаад байна вэ гэхээр нэгдүгээрт энэ түвшинд хүрэх гэж маш урт хугацааг туулсан. Ингэхдээ олон ерөнхийлөгчид нь улс төрийн аллагаар буудуулж нас барсан, боолчлол, иргэний дайн, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэх мэт олон бэрхшээлийг даван туулж өдий зэрэгтэй хөгжсөн. Ийм хэцүү замыг туулж байж ерөнхийлөгчийн засаглалыг төлөвшүүлсэн. Хэрэв ерөнхийлөгчийн засаглалын дор ардчиллыг хөгжүүлье гэвэл магадгүй ийм замыг туулах болно. Энэ бол тийм хүсэх зүйл яавч биш. Хоёрдугаарт, АНУ байгуулагдахаас ч өмнө тэнд Англиас уламжлан авсан бие даасан шүүхийн тогтолцоо бэхэжсэн байсан нь ерөнхийлөгчийн засаглалыг хамжааргатай болгох нэг гол нөхцөл болсон. Мөн, шүүх нь эрүү, иргэн, захиргааны маргааныг шийдэхээс гадна Конгрессоос баталсан хууль тогтоомж эсхүл Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах эрх мэдлийг анхлан хэрэгжүүлсэн. Гэтэл шинээр ардчилалд шилжсэн орнуудад ийм хараат бус шүүх байхгүй, байгуулах ч хэцүү л дээ. Гуравдугаарт, Америкийн төрийн байгууламжтай холбоотой. АНУ бол холбооны улс учраас хэдийгээр ерөнхийлөгчийн засаглалтай гэгддэг ч бодит байдал дээр холбооны эрх мэдэл хязгаарлагдмал байдаг. АНУ-ыг бий болгосон 13 муж нь анх Английн колони байсан бөгөөд тэд хожим нэгдсэн улсыг байгуулж тусгаар тогтнолоо тунхагласан. Гэсэн хэдий ч мужууд нь боловсрол, эрүүл мэндийн асуудлыг тус тусдаа шийдээд зогсохгүй иргэний болон эрүүгийн эрх зүйн голлох зохицуулалт нь мужийнх байдаг. Энэ мэт маш чухал асуудлуудаа 50 муж улс нь тус тусдаа өөр өөрийн хуулиар шийддэг. Мужийн энэ эрх мэдлийг бүр үндсэн хуулиар хамгаалсан. Тэгэхээр Холбооны засгийн газар болон ерөнхийлөгч бол мужийн шийдээд үлдсэн багахан хэмжээний асуудлууд дээр л эрх мэдэлтэй байдаг. Хэрвээ Ерөнхийлөгч төдийгүй Конгресс мужийн хэрэгт оролцоод шийдвэр гаргаж эхэлбэл шүүх тэрийг нь хүчингүй болгочихдог. Тиймээс, холбооны засгийн газар, ялангуяа ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвтээ түвшинд Конгрессын болон шүүхийн эрх мэдлээр хязгаарлагдаж, босоо түвшинд мужуудын эрх мэдлээр хязгаарлагддаг. Энэ мэт хүчин зүйлс нь АНУ-д ерөнхийлөгчийн засаглал төлөвшиж ардчилал амжилттай хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Харамсалтай нь, ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бусад улсад ийм эерэг нөхцөл бүрдэж байсангүй. Төв болон Өмнөд Америкийн орнууд АНУ-г дагаж ерөнхийлөгчийн засаглалыг авах гэж зөндөө оролдож байсан ч төрийн эргэлт, үймээн самуун байнга гарч тогтворгүй байдал үүсдэг байсан. Зарим нь одоогоос л жаахан гайгүй болж байна.

Парламентын засаглалд итгэх иргэдийн итгэл буурсны улмаас заримдаа ардчилсан ерөнхийлөгчийн засаглал, заримдаа бүр авторитар дэглэм рүү ч шилжих нь зөв, авторитар дэглэмтэй Орос, тоталитар дэглэмтэй Хятад зэрэг улсууд хөгжөөд байна, ер нь улс орон хөгжихөд хатуу гар хэрэгтэй байна гэх үзэл бодол сонсогдох боллоо.  Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Хөгжил гэдэг юмыг эхлээд яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөгжлийг тодорхойлох хүчин зүйлийг манайхан цогцоор нь  авч үзэлгүй ганцхан эдийн засгийн утгаар хөгжлийг тодорхойлж асуудалд хандаад өөрийн чинь хэлсэн тэр хатуу гараар зангидах дэглэмд шилжих хэрэгтэй гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл хөгжил гэдгийг тодорхойлох ахиад 3 хүчин зүйл бий. Тэр нь тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчин гурав юм. Өөрөөр хэлбэл, дараах эрэмбэ бүхий томьёогоор жинхэнэ хөгжил тодорхойлогддог: тусгаар тогтнол + хүний эрх + байгаль орчин + эдийн засаг = хөгжил. Эдгээр дөрвөн элементээр тодорхойлогддог хөгжлийг тогтвортой хөгжил гэж нэрлэж болно. Бусад орны эрхшээлд ороод ч хамгаагүй эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэж бодож буй хүмүүс Өвөр Монголчуудтай нэг яриад үзэх хэрэгтэй. Өвөр Монгол хүн өөрийнхөө төдийгүй өөрсдийнхөө хувь заяаг мэдэхээ больж, бэлчээр нутгаасаа шахагдаж, Монгол хэл, соёл, уламжлалаасаа тасарч, зөвхөн Хятад хэл сурч, Хятад сургуулиар хүмүүжсэн тохиолдолд л сайхан амьдрах боломжтой болсон. Монгол хэл, соёлоо хадгалж, Монгол сургуульд сурсан хүүхдүүд амьдралын боломжоор хамгийн хязгаарлагдмал, ядуу хэсэг нь болдог болсон нь харамсалтай. Түүнчлэн, хүний эрхэм чанарыг хүндэлдэггүй, хүнийг хүний ёсоор хүндэлж эрх, эрх чөлөөг нь эдлүүлдэггүй газар хүн эрхэм амьдралаар амьдрах боломжгүй. Бусдын эрхийг зөрчөөгүй хүрээнд хувь хүн өөрийн үнэт зүйл, амжилтыг өөрөө тодорхойлж, түүнийхээ дагуу амьдралаа төлөвлөх, амьдрах боломжийг бүх хүнд тэгш олгож байдгаараа ардчилал гайхамшигтай. Өөрийн хүссэнээр амьдрах эрх чөлөөгүй бол нэг их баян байгаад яах билээ. Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэдэг байхаа. Нэг их мөнгөтэй хэрнээ сүйрсэн байгаль орчинтой болчихвол тэр их мөнгөний хэрэгцээ гарахгүй, уух ундны уснаас авхуулаад байгалиас үнэгүй авдаг бүхнээ гаднаас өндөр үнэ, өртгөөр худалдаж авахад хүрнэ шүү дээ. Тэгэхээр хөгжил гэдгийг цогцоор нь ойлгож авч үзэх хэрэгтэй.

Авторитар, дарангуй дэглэм тогтвортой хөгжлийг бий болгож чадах уу?

Чадахгүй, тогтвортой хөгжил зөвхөн ардчилсан дэглэмд л хэрэгжих боломжтой бөгөөд дарангуй дэглэмд ийм боломж байхгүй. Харин, тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчноо золиослоод эдийн засгаа хөгжүүлсэн ганц нэг жишээ бий л дээ. Гэхдээ бид эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд заавал ийм их золиос гаргах хэрэг байна уу үгүй юу. Тэрний оронд тогтвортой хөгжлийн дөрвөн хүчин зүйлээ дөрвүүлэнг нь адилхан аваад явах нь дээр үү. Яахав хүмүүс эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд дарангуй дэглэмийг сонгоод амжилтад хүрсэн жишээгээр Өмнөд Солонгос гэх мэт ганц нэг улсыг дурддаг. Өмнөд Солонгос 1990 оноос өмнө дарангуй дэглэмтэй байхдаа байгал орчин, хүний амь нас, эрх, эрх чөлөө зэрэг маш их зүйлийг золиосолсон. Хэд хэдэн ерөнхийлөгчид нь улс төрийн аллагаар алагдсан. Түүнчлэн, дарангуй дэглэмд шилжээд хөгжөөгүй жишээ маш олон байгаа. Туркменистан, Узбекистан, Киргизстан зэрэг байна. Авторитар дэглэмтэй нийт улсуудын маш цөөхөн хувь нь л эдийн засгийн хувьд хөгжөөд, үлдсэн нь маш ядуу тарчиг байна шүү дээ. Тэгэхээр авторитар дэглэмд буюу нэг хүний хүчтэй гарт зангидуулсан засаглалд шилжих нь эдийн засгийн хөгжилд хүргэнэ гэдэг бол маш ташаа ойлголт гэдгийг ухаарах хэрэгтэй. Заримдаа авторитар дэглэм өөрөө задраад улс төрийн тогтворгүй байдал руу шилждэг. Учир нь, дарангуйлагчаас эрх мэдлийг нь шилжүүлэх тогтсон горим байхгүй учраас ихэнхдээ хүчирхийллээр шийдвэрлэдэг бөгөөд заримдаа иргэний дайнд ч хүрдэг. Дарангуйлагч өөр рүү нь хэн ч халдаж магадгүй гэсэн айдастай байдгаас өөрийг нь шүүмжилсэн, хардлага төрүүлэх бүх хүмүүсийг хянадаг, хорьдог, устгадаг.Авторитар дэглэм өөрөө тогтвортой биш, хүчирхийлэл хэзээ ч гарахад бэлэн тийм л дэглэм.

Казакстан улсыг хөгжүүлж байгаа Назарбаев ерөнхийлөгчийн жишээ авторитар дэглэм удаан хугацаанд тогтвортой оршиж засаглаж чадах юм байна гэх итгэл үнэмшил төрүүлдэг. Энэ жишээгээр бол авторитар дэглэм тогтвортой засаглах боломжтой юм биш үү?

Хүмүүс энэ жишээг их ярьдаг л даа. Казакстан яахав эдийн засгийн утгаараа хөгжиж байж болох ч хүний эрх зэрэг тогтвортой хөгжлийн бусад үзүүлэлтээр манайхад дүйж очихгүй. Назарбаевын дэглэм оршин тогтнохын тулд маш их хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт хэрэглэдэг. Нэгэнт хаалттай учраас энэ нь ил тод харагдахгүй л дээ. Яахав Назарбаев ерөнхийлөгчийн амьд байх хугацаанд тэр дэглэм 20-25 жил тогтвортой оршин тогтнож байна, гэтэл Назарбаев мөнх биш шүү дээ. Тэр хүнийг нас барсны дараа хэн гарч ирэх вэ, гарч ирсэн хүн нь Назарбаев шигээ тогтвортой засаглаж чадах уу гэдэг эргэлзээтэй. Засгийн эрхийн төлөө их л өрсөлдөөн явагдах болов уу, магадгүй хүчирхийлэл хэрэглэж ч мэднэ. Ингээд хүчирхийлэл хэрэглээд эхлэхээр гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирэх үүдийг нээдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийг өөрсдөөс нь хамгаалахын тулд гадны улс орж ирнэ гэсэн үг. Аажмаар тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ. Энэ чинь л өөрөө үнэт зүйл, хуулиар бус нэг хүний дур зоргоор удирдуулдаг түр зуурын дэглэмийн уршиг шүү дээ. Ялангуяа Монгол шиг жижиг улсад авторитар дэглэм бол бүр ч аюултай. Монгол дарангуй дэглэмтэй болоод засгийн эрхийн төлөө дотроо бужигнавал Оросууд Украины хэрэгт оролцож байгаагаасаа илүү ихээр бидний асуудалд оролцож “санаа” тавихыг үгүйсгэхгүй.

Хөгжилд хүрэхийг манай улсын иргэн бүр хүсэж байгаа. Хөгжилд хүрэх зам нь улс төрийн дэглэм гэж үзэж байтал та солиод ч хүрэх магадлалгүй гэлээ.  Цаашдаа бид ер нь яах ёстой вэ?

Ардчиллаа бид алдаж болохгүй. Учир нь, ардчилал Монголын тогтвортой хөгжлийн баталгаа юм. Ардчилал бидэнд тусгаар тогтнолоо хадгалах, хүний эрхийг хамгаалах, байгаль орчиндоо санаа тавих, эдийн засгаа хөгжүүлэх боломжийг өгдөг. Харин, Монголын ардчиллын баталгаа бол парламентын засаглал юм. Гэтэл, сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглалтай болж байж Монгол улс хөгжинө гэж ярих улс төрчид, улс төрийн нам бий болсон. Тэдний ярьж байгааг ажиглахад ерөнхийлөгчийн засаглал гэх боловч ачир дээрээ Монголыг дарангуй дэглэмтэй болгохыг санаархаж байгаа мэт санагддаг. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуульд Монголын үндэсний ардчилсан нам Казакстан шиг ерөнхийлөгчийн засаглалтай болж улсаа хөгжүүлье гэж ухуулж байсан. Тэд энэ санаагаа сүүлийн үед ч цухалзуулах болсон. Хоёр сарын өмнө зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал дээр МҮАН-ын дарга М.Энхсайхан хүчтэй ерөнхийлөгч бүхий парламентын засаглал нэрээр халхавчлан дарангуй дэглэмд шилжих хэрэгтэй гэсэн байр сууриа давтан ярьсан байна лээ.

Бид ардчиллыг хөгжүүлээд л байгаа хэрнээ эдийн засгийн хувьд хөгжиж чадахгүй байна шүү дээ?

Миний дээр хэлсэн утгаар тогтвортой хөгжлийг бий болгосон улсууд нь бараг бүгдээрээ ардчилсан улсууд. Эдийн засгийн хувьд хамгийн хөгжсөн улсуудад ч ардчилсан улсууд багтдаг. Япон, Герман, Англи, Австрали, Канад зэрэг бидний мэдэх хамгийн хөгжилтэй орнууд парламентын засаглалтай. Тиймээс, ардчилал, тэр дундаа парламентын засаглал эдийн засгийн хөгжлийг авчрах боломжтой. Парламентын засаглалтай ардчилсан тогтолцоотой хэрнээ бид яагаад хөгжихгүй байна вэ гэдгийн ялгааг гаргах хэрэгтэй.

Тэр ялгаа нь юу вэ?

Энэ ялгааны талаар ярихын тулд 1992 оны Үндсэн хуулийн зохицуулалт эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна уу гэдгийг бусад парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан ярих шаардлагатай. Миний хувьд бусад судлаачидтай хамтран энэ талаар сүүлийн таван сар судалгаа хийсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа одоо үед энэ судалгаагаа танай уншигчидтай дуртайяа хуваалцмаар байна. Гэхдээ, өнөөдрийн ярилцлага нэлээн урт болсон тул ойрын үед дахин нэг ярилцлага өгч судалгааныхаа талаар дэлгэрэнгүй ярилцъя.

Тэгэлгүй яахав, эргээд уулзъя. Цаг үеийн асуудлаар уншигч олонд үнэтэй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Их баярлалаа.

 

 

Ярилцсан сэтгүүлч С.Мөнхгэрэл

Сэтгэгдэл бичих

    • :))
    • 2016-10-15

    Мундаг багшдаа амжилт хүсьеээ

    • :))
    • 2016-10-15

    Мундаг багшдаа амжилт хүсьеэээ

arrow icon