Нийтлэл 04 сарын 19, 2015

Хүний хөгжил хаанаас эхэлдэг вэ?

Нэгэн зүйл асуулт: Хүний хөгжил хаанаас эхэлдэг вэ?

Дөрвөн зүйл хариулт:

Нэг. Эртний үе

Эртний хүний хөгжил хийгээд хүн нийгэм үүсэж хөгжсөн цагаас эхлүүлбэл хэтэрхий урт түүх болох юм. Гэхдээ үүнийг дурдахгүйгээр хүний хөгжлийн талаар ярих нь хөлгүй ширээ хийхтэй ижил юм. Бага зэрэг товчлон дурдвал үнэндээ ийм. Хүн бусад амьтны адил үр зулзагатай болж эхэлсэн цагаас хойш анхандаа тэднийг зөвхөн бусад араатан амьтнаас хамгаалах тал дээр санаа тавьж эхэлсэн бол яваандаа хүн нийгэмшиж эхэлсэн цагаас хойш хүүхдэдээ боловсрол мэдлэг олгож эхэлсэн байх гэж би таамаглаж байна. Жишээ нь амиа яаж хамгаалах, ан хэрхэн хийх, хоол хэрхэн хийх, морь унах, мал маллах гэх мэт. Энэ бүхнийг танхимын бус гэрийн аргаар бодитоор нь зааж өгсөн байж таараа. Мэдээж нь энэ нь хөгжин хөгжсөөр өнөөгийн бидний багадаа өсөж өндийсөн сургууль болсон байна. Энд би хэдэн мянган жилийн урт түүхийг хэдхэн өгүүлбэрт багтаан товчилсондоо та бүхнээс хүлцэл өчье. Ухаандаа хүн хүнээ бий болгож ирсэн гэдгийг л аль болох товчхон тайлбарлах гэсэн санаа л даа. Хүний хийгээд хүн төрөлхтний хөгжлийн түүх товчхондоо энэ.

 

Хоёр. Орчин цаг

 Орчин цагийн хүний хөгжил хаанаас эхлээд байна вэ? Дээр дурдсанчлан хүн хүүхдээ аюулаас хамгаалж, дараа нь хэрхэн амьд үлдэх талаар зааж сургаж байсныг дахин сөхвөл эхийн хэвлийд байх үеэс нь аюулаас хамгаалж дараа нь сургадаг байсан нь тодорхой байна. Тэгвэл орчин үед хүн хүнээ нийгмийн аюулаас хамгаалахаас эхлээд ядаж эцэг эх байж сурахаас эхлээд хүнийг хөгжүүлэх тухай ярих нь зүйн хэрэг болоод байна. Орчин цагийн эцэг эхчүүд маань ямар ч хариуцлагагүйгээр хүүхэдтэй болж байна. Зарим нь хаяад явж байна. Зарим нь эхийн хэвлийд нь устгаж байна. Зарим нь төрүүлчхээд зовоож тамлаж байна. Энэ бүх аймшгийн зүйлийг дурдсанаас илүүтэйгээр сайн сайхныг нь дурдах, илүү зөв замын талаар бичих нь хавь дээр биз. Хүний хөгжил эхийн хэвлийд бүрэлдэн бий болох цагаас эхэлдэг. Тиймээс эхийн хэвлийд нэгэнт хүүхэд тогтсон бол түүний хөгжлийн талаар бодож эхлэх хэрэгтэй гэдгийг олон залууст дуулгах хүсэл минь оргилон ундарч байгаа учраас ийн бичиж байна.

 

Гурав. Орчин цагийн эцэг эхчүүд ба тэдний хөгжил, тэдний хүүхдүүдийн хөгжил

Сэтгэл судлалын мэргэжлээр сурч, энэ чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш багагүй хугацаанд олон эцэг эхчүүдтэй уулзаж үзлээ. Нийтлэг алдаа хийгээд оноо их байгаагийн цаад нарийн учгийг тааж хэлэхэд тун бэрх юм. Түүнийг эрхэм уншигч та бүхэн тунгаан бодно биз ээ. Орчин үеийн залуу эцэг эхчүүдийн дунд нийтлэг нэгэн заншил тогтжээ. Хамгийн нэгдүгээрт хүүхдийн хөгжлийн асуудлаас илүүтэйгээр өөрсдийн хөгжлийн асуудал байна.Өөрсдөө хөгжөөгүй, өөрөө ч мэдэлгүй эцэг эх болох үзэгдэл энэ нийгэмд газар авч байна.   Өөрсдөө хөгжөөгүй гэдэг нь: тодорхой эрхэлсэн ажилгүй, эцэг эхийн хамтаар амьдардаг, тогтмол орлогогүй, эзэмшсэн мэргэжил байхгүй, ядаад гадаад хэл мэдэхгүй, нас нь дэндүү жоохон. Ийм нөхцөлд хүүхдүүд хамгийн өрөвдөлтэй байна. Яагаад ийм нуршсан их юмыг энд дурдаад байна вэ гэхээр ийм үзэгдэл нийгэмд нийтлэг байгаад байгаа учраас тэр юм шүү дээ.

 

Дөрөв. Би боддог

Миний хүүтэй ижил насны олон хүүхдүүд ямар орчинд яаж өсөж торниж, ямар хүмүүжилтэй болж байгаа бол гэж, миний хүүтэй үе тэнгийн олон хүүхдүүд юу идэж, юу сурч, ямар хоол идэж байгаа бол гэж, миний хүүгийн найзуудынх нь эцэг эхчүүд нь тэдэнтэй яаж харьцаж байгаа бол гэж. Би өнөөдөр хүүхдээ мянга зөв хүмүүжүүлээд сайн хүн болголоо гэхэд надаас гадна хүүхдэд минь нөлөөлөл олон хүчин зүйлийн талаар боддог. Бодох тусам айдас хүрдэг. Би нэгэнтээ хүүхдээ вахум орчинд өсгөж, вакум орчинд хүн болгохгүйгээс хойш зөвхөн миний хүүхдийн хөгжилөөр бүх юм хязгаарлагдахгүй юм гэдэг нь тодорхой. Энэ зөвхөн таны хүүхдээр ч хязгаарлагдахгүй юм. Хөршийнхөө айлд хүүхэд өдөр бүр уйлж байгааг сонсоод та залхдаг байж болох юм. Тэр хүүхэд яагаад уйлаад байгааг та нэг удаа асууж үзсэн үү? Хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар очиход өдөр бүр нэг жаалын хамраас нус гоожиж байхыг хараад та нэг удаа анхаарал тавьж үзсэн үү? Энгийн хэр нь бид тоохгүй орхидог орхидос болсон жижиг асуудлууд бидний ирээдүйд хэмжээлшгүй их гарз хохирол аюул занал авч ирж болох юм шүү дээ. Бодох л асуудал. Сайн эцэг эх байх гэдэг нь зөвхөн өөрийн хүүхдээ хайрлаж хамгаалахаас гадна өнөөгийн нийгэмд хүүхдийнхээ үе тэнгийнхний, найз нөхдийнх нь сайн ах, эгч байхыг хэлэх болов уу? Өнөөдөр манай нийгэмд хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн уриа лоозон бүхий олон аян өрнөдөг. Хүүхдийн эрх ярьж олон хүн улс төр хийдэг. Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гэж дуу хүртэл дуулдаг Ариунаа гэдэг эгчтэй. Энэ өнцгөөс нь харвал хүүхдийн төлөө их л юм хийдэг юм шиг байгаа юм. Яагаад өнөөдрийг хүртэл их дэлгүүрийн үүдээр, хүүхдийн зуугийн ойр хавиар халтайсан хэдэн жаалууд бохь, тамхи, сонин, машины үнэртүүлэгч зараад гүйгээд байгаа юм? Яагаад одоог хэр нь гэр хорооллын дундах навсгар асрамжийн газар нэртэй байранд дүүрэн өнчин өрөөсөн хүүхдүүд байгаад байгаа юм? Бидний мэдэх хэр нь мэдэхгүй өнгөрч байгаа ирээдүйн нийгэм маань хог дээр, өлтэй өлгүй, ядуу зүдүү, халуунд халж, хүйтэнд хөрч өсөж байна шүү дээ. Таны хүүхэд магадгүй сайхан дулаан байранд гоё цэцэрлэгт өдөр бүр хоолтой ундтай, өглөө бүр сүүтэй, орой бүр ээж аавтайгаа жаргалтай байгаа байх л даа. Гэхдээ хүүхэд чинь том болохын цагт дэргэдэх найз нь өнөөх хог дээр өссөн жаал байхыг та тааж мэдэхгүй шүү дээ... хүүхдийнхээ төлөө л гэж бодож байгаа бол дэргэд нь байгаа, байх тэр хүүхдүүдэд алхам бүртээ анхаарал тавьж байхад илүүдэх зүйл үнэндээ байхгүй. Гудмаар алхаад ажиж байхад хүмүүс хүний хүүхдийг ойшоож харах нь битгий хэл дээгүүр нь дайраад өнгөрөх, харааж зүхээд, жигшин зэвүүцэх  нь олонтаа таарна. Тэгсэн хэр нь өөрийнх нь хүүхэд нь тансаг машинд зайрмаг идэж суугаа. Магадгүй тэр мундаг машинтай хүн хурлын танхимд ороод хүүхдийн эрхийн талаар мундаг том илтгэл тавьж олны танил болж улс төрд зүтгэнэ. Түүнийгээ хүүхдийнхээ төлөө л хийж байгаа ариун явдал хэмээн өөртөө бат итгэнэ. Маргааш нь эсхүл арван жилийн дараа нөгөө гудманд дайруулах шахсан хүү өссөн орчиндоо олгогдсон боловсролоор алуурчин мэргэжилтэй болж аваад өнөөх "мундагийн" хүүхдийг ална. Багахан дүрслэлээр үзүүлбэл: 

 

 

Буруу тойрог эргэж эхэлбэл зогсооход хэцүү л байх болно. Эцэг эхчүүдээ, та бүхэн дахин нэг бодож үзээрэй. Өнөөдөр таны хүүхэдтэй яг нас чацуутнууд хаагуур юу хийж байгаа, яаж амьдарч байгаа нь танд бас таны хүүхдэд ч хамаатай юм шүү. Дээр дурдсан хүний хөгжлийн анхны хэсгийг дахин нэг сануулахад хүн хүүхдээ аюулаас хамгаалж эхэлсэнтэй утга ижил зүйлийг өнөөгийн нийгэм мартсан, эсхүл анзааралгүй орхигдуулаад байгаа юм. Хүүхдээ аюулаас хамгаалмаар байвал дэргэдэх хүүхдийг нь зөв замд нь оруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруул. Орчин цагийн хүний хөгжилд нийгмээс хүүхдээ хамгаалах нь араатан амьтнаас хамгаалахаас илүү их хүч хөдөлмөр, ухаан шаардсан зүйл юм шүү. Дараагийн удаа би энгийн хийгээд хэцүү хэдэн зөвлөгөөг эцэг эхчүүд та бүхэндээ чадан ядан хүргэх болно. Баярлалаа.

 

З.Төгөлдөр

Сэтгэгдэл бичих

arrow icon