Эрх мэдлийг гартаа хурааж, нэгэн биед оршиж ядан, хүч чадлаар аархах цагт мэдээж дордос албатууд нь харцнаас нь ч, өөрөөс нь ч түрүүлж бодол санаа, хүсэл зоригийг нь уншиж, түүнийг гүйцэлдүүлэхийн төлөө уралцан уралдаж, хэн түүний эрх мэдлээс хумсалж буй, ирээдүйд хумсалж болох магадлалын талаар асуудал дэвшүүлэн тэрхүү тэрсүүдийг үгүйсгэх шинэ шинэ санаа санаачлагууд гарган ирж ёстой л нэг сансар огторгуйд тухайн хүнийг гүнгэрваанд залж, бодит ертөнцөөс тусгаарлачихдаг
юм билээ.
Энэ нь эрх мэдлийн төвлөрөлийн буюу эцсийн дүндээ эрхэм ерөнхий сайдын маань(С.Баярын) тухай, бас урьд өмнөх ерөнхий сайд Н.Энхбаярын тухай, тэртээдэхээс бол Юмжаагийн хүүгийн тухай асуудлыг л өгүүлэн байна л даа. С.Баяр сайд маань томилогдмогц нутгийнхан нь болох Эрэлийн Эрдэнэбат тэргүүнтэй дархад нутгийн зөвлөлөөс урлаг, спортын ч билүү нилээн л сүр дуулиантайхан арга хэмжээг тухайн нутгийн сургуулийн олон хүүхдүүдийг оролцуулан бөхийн өргөөнөө хийж, түүнд нь ерөнхий сайд маань оролцсон юмдаг. Тэрээр уг арга хэмжээн дээр юунаас ч болоод хэлсэн юм, нутгийн та нар минь “намайг түүхийрчихээс минь өмнө сайн сэвээрэй
” гэсэн санагдана. Магадгүй энэ нь ихээхэн улс төрийн мэдрэмж сайтай, ухаалагийн хувьд урьд өмнөх холын бус хөндлөнгийн ажиглалтын туршлаган дээрээ тулгуурлан эхэнд дурдсан үйл явц нөмөрөөд ирэхээс сэргийлэн дархлаагаа тогтоох оролдлого нь байсан болов уу гэж боддог. Буруу ч байж болно.
Эрт Японд 1603-1868 он хүртэл гурван зуу гаран жил эзэн хааныхаа эрхийг хязгаарлан засгийн эрхийг барьж байсан Бакүфү засгийг үндэслэгч Токүгава овгийн эзэн, Иэясү Шёогүн тархай бутархай фёодалуудыг бут цохин нэгтгэж улстөрийн эрх мэдлийг өөрийн гартаа оруулснаар японд Бакүфү засгийн цэцэглэлтийг эхлүүлсэн гэдэг. Гэвч аливаас цаг хугацаатай байдаг юм болохоор 1800-аад оны дунд үеэс эхлэн өрнөдийн орнуудын колоничлох бодлого, бас бус хүчин зүйлийн улмаас урьдын шёогүнуудын ноёрхол нуран унах, гадныханд эзлэгдэхэд цаг хугацааны л асуудал болсон байдаг. Японы яг энэ ээдрээтэй цаг үед Токүгава Ёшинобү хэдийгээр өөрөө татгалзаад байсан боловч тухайн нийгэм, ард олны хүлээлт, эрх мэдэлтнүүдийн нягт дэмжлэг, бүр Бакүфү засаг, Шёогүнүүдийн түүхэнд байгаагүйгээр Эзэн хааны шууд оролцоо, хүчтэй шахалтаар 15 дугаар сүүлчийн Шёогүноор заларсан юм. Гэхдээ хоёрхон жил болоод тэрээр “шёогүнүүдийн ноёрхолыг цэглэн гурван зууны дараа” засгийн бүх эрх мэдлээ эзэн хаанд эргүүлэн барьж, Шёогүнаасаа буух үед тэр их хүлээлт, дэмжлэг үгүй болсон байсан
гэдэг. Гэвч тэрээр өнөөгийн японд Мэйжигийн шинэчлэлтийг эхлүүлсэн, суурийг тавьсан гавьяатан гэгдэн дурсагдсаар байна. Түүнчлэн тэрээр маш чадварлаг авъяастай удирдагч тухайн цаг хугацааны давтагдашгүй илэрхийлэл болсон хүн байсан гэдэг. Судлаачдын дүгнэснээр бол түүнийг үе дамжсан эзний эрх мэдлээсээ салахгүйгээр хэвээр үлдэх боломжтой байсан боловч, японы хувь заяа эсрэгээр эргэх байсныг харж чадсан чадвартан гэж дүгнэсэн байх нь бий.
Үүнтэй нэгэн адилаар манай энэ цаг үед төстэй тохиол ирж байж магад хэмээн мунхаглаж байна. БНХАУ Дэн Сяо Пиний үед эдийн засгийн реформийн шинэчлэл хийж, одоо гэхэд БНХАУ-ын ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) тэр үетэй харьцуулахад 15 дахин өссөн үзүүлэлт гарсан хэмээн мэдэгдэж, шинэчлэлийнхээ 30 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ ерөнхий том утгаар нь авч үзвэл С.Баяр Японы Мэйжи Тэнно, Хятадын Дэн Сяо Пин нар шиг шинэчлэл, хөгжлийн эцэг хэмээгдэх үү, аль эсхүл өөр агуулга нэрээр дуудагдах уу гэдгээ өөрийнх нь үйлдэл, үйл ажиллагаа гэхээсээ илүүтэйгээр хувь хүнийх нь байр сууриас шууд хамаарах болов уу. Өөрөөр хэлбэл, нам, төрийг хослон баригч МАХН-ны сүүлчийн тэргүүн гэгдэх үү, хөгжингүй чинээлэг, хүчирхэг шинэ монголын дахин амилсан хоёр дахь .... гэгдэх үү? хоёр дахь Шанзав Бадамдорж Баяров гэх үү, өөрөөс нь л хамаарна. Учир нь цаг хугацааны болоод зардлын хүчин зүйлс, хүндрэл бэрхшээл, түүнээс улбаалах таатай боломж бүгд түүний хэр баримжаатай байхаас нь хамаарах биз ээ. Ингэж л би харж байна. Бас хэт хол зөрсөн гэж бодохгүй байгаагаа хэлэх байна.
Хураангуйлвал, Нацагийн Багабанди ерөнхийлөгч 90 –ээд онд Ардчилсан холбоо эвслээс Да.Ганболдыг 7 удаа ерөнхий сайдад зүтгүүлэхэд 7 удаа татгалзаж, харин ч бүр өөрийн таалах ерөнхий сайд болох хүнийхээ нэрийг хэлж, шийдвэрлүүлж байсныг бүгд л санаж байгаа. Шалтгааныг нь Да Шадар сайд байхдаа нөгөө 20 дугаар тогтоол гарган эдийн засгийн мөлхөө эмчилгээ хийсэнтэй холбогдуулан татгалзаа болов уу гэж боддог. Өөр ч байж магад. Гэхдээ л үүн шиг өөрийн шийдвэр дээрээ хатуу зогсч чадах аавын хүү Монголын төрд одоо байна уу?
Бидний эргэн тойронд юу болоод байна вэ?
Учир нь одоо шилжилтийн үе дууссан эсэх талаар маргаж мэтгэлцэх шаардлагагүй бөгөөд хөгжлийн үе нэгэнт эхэлснийг хүлээн зөвшөөрч түүнд нийцэн алхах нь чухал болоод байна. Даяаршлын үед өрсөлдөөн улам ширүүсч, харгис шинжтэй болж
, өчүүхэн хугацааг алдахад л хоцрогдох аюул байгаа бөгөөд улс орны оршин тогтнох эсэхтэй холбоотой болж байна. Нөгөөтэйгүүр Олон улсын харилцааны өнөөгийн байдал нь улс орнууд гадаад бодлогоо чөлөөтэй сонгон явуулах эрх чөлөө нээлттэй болж, дэлхийн шинэ дэг журам төлөвшин тогтох үйл явц явагдаж байна. Зэвсэглэл, түүний дотор цөмийн зэвсэг, цөмийн түүхий эдээр хөөцөлдөх явдал дэлхий нийт, олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтаас гарах магадлал өндөр байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн болох цөмийн зэвсэг бүхий их гүрнүүдээс гадна хойд Солонгос цөмийн туршилт хийж, 6 талт хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй. Бразил, Изриаль, Япон гэх мэт технологи өндөр хөгжсөн орнууд цөмийн зэвсэгтэй байх магадлал өндөр байгаа бөгөөд Израиль цөмийн зэвсэгтэй гэдгээ шууд бус утгаар хэлээд амжсан. Мөн Иран. Олон улсын терроризм болоод дэлхийн олон улс дотооддоо үндэстэн хоорондын болон шашин хоорондын зөрчил хурцдаж тэдгээр нь бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж байна. Энэ бүхэн манайд шууд бус, дам байдлаар нөлөөлдөг байсан үе ард хоцорч, шууд нөлөөлдөг болох магадлал жилээс жилд илүү нэмэгдсээр байна.
Азийн тэр дундаа Зүүн Азийн орнуудын хурдацтай эдийн засгийн хөгжил дэлхийн анхаарлын төвд байна. “Зүүн Азийн эдийн засгийн гайхамшиг” /The East Economic Miracle/ төсөл ч үүнийг нотлож байна. Хэдхэн жилийн өмнө нүүрлээд өнгөрсөн азийн баруудын эдийн засгийн хямрал нь тухайн бүс нутаг, орнуудын улс төрийн диктатурт дэглэмийн урхагтай төрийн хэт оролцоо-зохицуулалт бүхий санхүү, мөнгөний алдаатай стратеги болон өрнөдийн орнуудын санаатайгаар явуулж буй үйлдэл болох нь харагдаж, цаашид нэг их нөлөөлөхгүйгээр өнгөрсөн гэж болох. Өөрөөр хэлбэл Азийг хүн ам 2 тэрбум гаруй хэрэглэгч бүхий асар өргөн зах зээл нь аварсан
гэх нь бий.
Гэтэл одоо АНУ болон өрнөд, цаашилбал нийтээр нүүрлээд байгаа санхүүгийн цочир хямрал нь юунаас шалтгаалсан эсэх талаар бүгд буруутнаа хайж байна. Энэ хүрээнд гэхэд л АНУ нэртэй томоохон аудитын компаниудаа буруутган, бодит бус дүгнэлт хийж байсны улмаас байдал хүндэрсэн гэх хандлагатай байгаа нь харагддаг. Үүнээс шалтгаалаад магадгүй эдийн засгийн онолын номлол хүртэл өөрчлөгдөж магадгүй байна. Үнэн чанартаа энэхүү санхүүгийн том цунами нь төрийн диктатур, оролцоо гэхээс илүүтэйгээр үндэстэн дамнасан корпорациудын өөрсдийн үзэмж, ашиг сонирхолын нөлөөлөл, түүний улс төр дэх төлөөлөл болон олон улсын гэрээ, хэлэлцээр, хамтын нийгэмлэгийн төлөв гэх нэрийн дор жижиг орнуудын зах зээлийг өөрсддөө хүчээр нээх бодлогын үр дагвар нөлөөлсөн гэдэг. Гэхдээ энэ хямрал удаан үргэлжлэхгүй бөгөөд манайд төдийлөн нөлөөлөхгүй байх, харин тариаланчдын атрын аяны хүрээнд банкуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл, сонгуулиар зээлжин тараасан асар их үрлэгэн зардал, түүнийг нөхөх гэж хөөрөгдсөн урт хугацааны баталгаажаагүй зээлжилт, нефтийн үнийн хэт өсөлт, бууралтаас шалтгаалсан хий амлалт, хоосон айдас хүүдсээс үүдэн гарах үр дагаварыг тооцохгүй. Мэдээж улс төр энээ тэрээ, бас бус хүчин зүйлээс үүдэлтэй банк санхүүгийн эрсдэлийг даамжруулж тооцвол байдал хүндрэх л байх.
Одоогоор зүүн хойд Азийн хүн ам дундаж орлоготой өрнөдийнхөнтэй тэнцэх худалдан авах чадвартай хүн амын тоо 130 саяаас давах тооцоо гарч буй тухай Дэлхийн банкнаас дурьдсан нь бас нэгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, эх газрын Хятад, Тайван, Гонконгоос бүрэлдсэн нэг ёсны “Их хятад”-ын эдийн засгийн бүс бүрэлдэж байна
. Мөн БНХАУ-ын санаачлагаар АСЕАН+3 буюу БНХАУ, БНСУ, Японы эдийн засгийн эвсэл-Азийн дэлхийн худалдааны байгууллагын загварыг (механизм) бүрдүүлэхээр төлөвлөж буй сураг ч байдаг. Саяхан 2008 оны 12 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жин Тао, БНСУ-ын ерөнхийлөгч Ле Мюн Бак, Японы Ерөнхий сайд Таро Асо нарын Японд хийсэн уулзалт, хэлэлцсэн асуудлаас үүнийг шууд нотлож болно.
Хятад
Өнөөдөр дэлхий нийтийн (ДНБ) дотоодын нийт бүтээгдэхүүний 23 орчим хувийг АНУ, 16 хувийг Япон эзлэж байгаа боловч энэ зууны эхний хагаст Хятадын эдийн засаг үнэмлэхүй хэмжээгээр дэлхийн хамгийн том болох нь гарцаагүй юм. Сүүлийн арваад жил тэрбум гаруй хүн амтай хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац жилд 10 хувиас давж байна. Гэхдээ энэ талаар Японы Кобэгийн Эдийн засаг, худалдааны Их сургуулийн професор Токухиро Окада сангийн лекцийг сонсож байгаад асуухад тэрээр ихэд инээж байснаа: “Энэ бол bubble economic буюу хөөсөн эдийн засаг, чи савангийн хөөсийг хүүхдүүд хаглахгүйгээр том болтол нь үлээгээд байдгийг мэднэ шүү дээ. Гэтэл хэн нэг нь юм уу, эсхүл өөрийн хэмжээндээ хүрээд тэр хөөс хагарахад дотор нь юу ч байдаггүй биз дээ. Тэр шиг л механикаар, хэрэглэгчдийн чанарт бус тоонд тулгуурладаг эдийн засаг тэсэхгүй” гэсэн юмдаг.
Мэдээж өрсөлдөгч орныхоо талаар худлаа хэлсэн байж болох гэж бодох боловч Хятадын бодит эдийн засгийн өсөлтийн 8 жил тутмын дунджийг харахад эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засаг байгаа нь нотлож байна. Монгол Улс ч ялгаагүй эрчимгүй өсөлт бүхий эдийн засагтай, голланд өвчинд нэрвэгдсэн улс болчихжээ. Одоогоор Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамгийн өндөр хурдацтай байгаа. Жилийн ДНБ-ний хэмжээ 1,2 триллон ам.доллараар саяхан л дэлхийд тав, гадаад худалдааны эргэлт 700 тэрбум доллар, вальютын нөөц 286 тэрбум доллараар гуравдугаар байранд орсон. Өөрөөр хэлбэл БНХАУ дундаж чинээлэг хүмүүсийн нийгэм байгуулах, өөрөөр хэлбэл нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай одоо ярьж байна.
Нөгөө талаас хятадын эдийн засаг бусдын адил бөгөөд тийм ч айхтар өгсөх шугамаар хөгжиж буй биш учраас эрх баригчид нь энэ тухай тун бага ярьж байгаа. Энэ нь 1980-1994 онуудад эдийн засгийн “хэт халалтын” 4 үе шатуудыг үзчихсэн. Үүнийг зохицуулахын тулд Хятадын засгийн газраас зоримог арга хэмжээ авсны дүнд “зөөлөн газардах” бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн ч одоо хөөсөн эдийн засгаа хэрхэн сагааж асгачихлгүй барьж байх, улмаар аажмаар намжааж, бодит түвшинд нь аваачих вэ гэдэгт ажиллаж байна. Үүнийг нь ч энэ зун 5 дугаар сард өргөн хэрэглээний барааны үнийг 17,7 хүртэл хувиар өсгөх шийдвэр гаргаснаас харж болно. Гэсэн хэдий боловч БНХАУ Азийн дөрвөн барын үр шимийг нь үзэж, хэрэгжүүлж чадаагүй “Хөөж гүйцэх” хөгжлийн стратегийг амжилттай хэрэглэж ирсэн ч түүнийгээ халж, өөрийн гэсэн үзэл баримтлалыг боловсруулан эдийн засгийн өсөлтөөс хяналтгүй замбараагүйтэл, огцом саатал, уналт руу шилжихээс сэргийлэх бодлого барьж байна.
Мэдээж энд дорно дахины, өөрөөр хэлбэл эртний хятадын төрийн уламжлалыг бодолцоход ч тэр төрийн бодлогын залгамж чанараа хадгалсаар байх нь ойлгомжтой боловч хамгийн гол нь цаг хугацааны фактор үүнийг эрс үгүйсгэж байна. Учир нь хуучин нээлттэй атлаа хаалттай дэглэмийг номлосон Дэнизмийн үе үзэл суртлаар халхавчлан санхүүгийн ертөнцийг базах, өөрсдийн үзэмжээр чиглүүлэн хөдөлгөх цаг дуусч, харин ч капиталистуудын хүссэнээр бодлого боловсруулдаг
болж байх шиг. Өмчийн хэт ялгаа бүхий, өөр өөр дэглэмийг хүлээн зөвшөөрөхүйц уур амьсгал бүрэлдсэн энэ нийгэмд хуучин удирдагчдын бодлогоор хамаг зүйл ярс хийтэл шийдэгддэг нь үеэ элээж, өнгөн талдаа, дээд давхаргадаа л бүх юм ном, жамын дагуу байгаа мэт боловч дундаас доод шатанд бүх зүйл мөнгөний үнэ цэнээр хэмжигдэн түүндээ хөтлөгдөн захирагдаж байгаа шүү. Иймд энэ эзэнт гүрний доогуур маш том ангал ухагдаж, шүрүүхэн хөдлөхөд л нимгэн өнгөн дээд давхарга нуран унаж, живхэд бэлэн болоод буй нөгөө л эзэнт гүрнүүдийн тавилан хүлээж буйг хэлэх хэрэгтэй. Гэвч хятадын онцлогийг харуулж харин ч өөрийн үзэл суртлаа доорх ангалын байдалтай хэрхэн уялдуулан тэсч үлдэх, эсвэл цоо шинэ гүрний ойлгоц бүрдүүлэх гэсэн хоёр алхам л үлдээд байгаа гэж хэлж болох юм. Үүнээс өөр ямар нэг гарц байгаа эсэхийг олж харахгүй байна.
Дээр өгүүлсэн бүхнээс үүдээд ойрын ирээдүйд хятадын эдийн засгийг юу хүлээж байна вэ гэдэг нь туйлаас чухал. Дахин давтан нуршихад энэ орны бүх зүйлийн хөдөлгөгч хүчин зүйл бол эдийн засаг байсан, байсаар ирсэн, байх ч болно. Өөр юу ч биш. Ер нь статистик үзүүлэлтүүд, судлаач, дипломатчдын өгүүллүүд, жирийн Шинжаан, Дээд, Өвөр Монголын ахуй хязгаарын байдал зэрэг олон зүйлд тулгуурлан ажиглахад хятадын дээд амжилтын үе шувтарч, нийт орныхоо аж ахуйн бүтцийг өөрчилж, дэлхийн зах зээлд зохицуулах удаан хугацааны, ээдрээтэй үе хүлээж байна. Энэ үе “хэт халалт”-ын 4 үе шатыг давсантайгаа адилхан амжилттай өнгөрч нөгөө л “зөөлөн газардах” уу, эсвэл үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ. Эцсийн дүндээ бүхий л талаас нь аваад үзсэн урд хөршийн маань эдийн засгийн хөгжлийн амжилттай байдал манай оронд ашиггүйгээр барахгүй маш их аюултай
! Хятад эдийн засгийн хэт их гүрэн болчихвол биднийг, манай улсыг өнө удаан хугацааны турш Хятадын нөөцийн хавсаргын байранд тавина
. Өөрөөр хэлбэл түүх давтагдах болно. Тухайлбал, манай улс одоо ердөө гуравхан төрлийн стратегийн бүтээгдэхүүн экспортлож байна. Тэдний ихэнх нь урд хөрш рүү. Ашигт малтмалыг эс тооцвол арьс шир, ноос ноолуурын дийлэнх буюу 90 хол гаран хувийг урагшаа, бүр нарийн ярьвал БНХАУ-ын Хэбэй мужид нийлүүлж байна. Хэбэй манай түүхий эдийн төвлөрсөн бэлтгэл бааз байж, дараагийн шатны хуваарлагчийн үүрэгтэй бэлтгэл муж болон “төрийн бодлого”-оор дэмжигдэж байна. Ямартай ч хятадын эдийн засгийн энэ эгзэгтэй байдал тус бүс нутагт, тэр дундаа манай их хөрш Орост яаж нөлөөлөх нь бидний хувьд чухал асуудал.
ОХУ
ЗХУ-ыг бодвол ОХУ Ази номхон далайн орон гэж хэлэх үндэслэлтэй болжээ. ОХУ нь Сибирь, Алс дорнодын байгалийн баялагаас улам бүр хамаарах болж, Бальти, Хар далай хавийн боомтоо алдснаас хойш Номхон далайн боомтуудын ач холбогдол эрс өссөн. Цэргийн хүчний хувьд их гүрэн хэмээгддэг орос гүрэн тус бүс нутгийн эдийн засагт оролцох оролцоогоо өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл Сибирь, Алс дорнодыг хамарсан 1992 онд боловсруулсан “Интергратор 21” төсөлд их найдлага тавьж байгаа. Энэ агуулгаараа ч сүүлийн 5 жилийн өмнөөс манайд анхаарлаа дээд түвшинээс нь хандуулж ирсэн.
Гэвч дэд бүтэц хөгжөөгүй, хууль тогтоомж тодорхой бус, Япон зэрэг бүс нутгийн орнуудтай газар нутгийн маргаантай, Москва болон орон нутгийн эрх үүргийн ялгаа тодорхойгүй, замбараагүй, эрх зүйн шинэтгэл нь жигдэрээгүй байгаа зэргээс шалтгаалан явц удаан байна. Шинэ Оросын удирдлага энэ зүйлд ихээхэн чармайлт тавьсангүй. Хэдийгээр сонгогдсон Ерөнхийлөгч, томилогдсон Засгийн газрын дарга В.В.Путин дэлхий нийт, бүс нутгийн хүрээнд ихээхэн нэр хүнд бүхий байж, үйл ажиллагаа явуулж байгаа боловч энэ нь зөвхөн “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр зөвлөлүүдийн их гүрний хоосон орон зайг үгүйлсэн сэтгэл зүй дээрх чадварлаг, хоромхон зуурын тоглолт гэж хэлж болно.
Сүүлийн дөрвөн жилийн дотор санхүүгийн хувьд чадамжсан гэдэг ч манай л нөгөө голланд өвчинтэйн адилаар байгалийн хий, нефтийн үнийн өсөлтөөс хуримтлуулал бий болгосон. Энэ хуримтлал санхүүгийн цунамид хэр найдвартай далан болж чадах, түүний дараагаас үлдэх хувь нь хэд болохыг тооцоход бэрхтэй болов уу. Гэвч НҮБ-ын байнгын гишүүний хувиар бүс нутгийн аюулгүйн систем боловсруулахад голлох үүрэгтэй оролцдог. Түүнчлэн АСЕАН-ны удирдлагад оролцдог зэрэг нь бүс нутгийн ажиллагаанд оролцох оролцоог бодитой болгож байдаг.
Гэвч дээр болж өнгөрсөн Ирак, АНУ-ын эвслийн хоорондох дайнд тодорхой байр суурь баримтлаж байсан авч Ирак болон тус бүс нутаг дахь өөрийн улсын стратегийн ашиг сонирхолыг хамгаалах талаар шийдвэртэй алхам хийж чадсангүй. Аялдан дагалдагчийн байр сууринаас хандсаар хоцорч, өөрийн ашиг сонирхолоо хангуулах талаар АНУ-аас гуйх л үлдээд байсан. Мөн Хятадын эгзэгтэй байдал буюу эдийн засгийн хувьсал буруу тийш явбал хэт хяналтгүй байдлаас шалтгаалан олон зуун сая хятадууд Орос нутагт хяналтгүйгээр цагаачлан орж одоо бий болоод байгаа Сибирь, Алс дорнодод үүссэн байдлаас илүүтэйгээр үндэснийх нь аюулгүй байдалд хүчтэйгээр нөлөөлөх болзошгүй юм. Энэ нь Сибирь, Алс дорнодод амьдарч буй оросын харьяатын тооноос хятад цагаачдын тоо хэт давсан магадлалтай байгаа болон Якутын зэлүүд тайгаас нилээд олон жилээр ОХУ БНХАУ-д газар нутагаа түрээслэсэн байдал зэрэг нь хоёр хөршийн түүхэндээ байгаагүйгээр ойртон ойлголцож буй таатай үеийг хэр удаан үргэлжлүүлэх вэ гэдэг том фактор нь ч байж магад шүү дээ. Үүнийг Хятадын томоохон стратегичид дүгнэхдээ хоёр хөрш маань хэт ойртон нягтрахаар үр дүнд нь хэн нэг нь хохирч гардаг гэдэг буюу Сталин, Маотай найзласны хөлсөнд Монгол тусгаарласан шүү гэж сануулах нь бий. Эцэст нь хэлэхэд ОХУ Их Оросын хэмжээнд хүрч очиход наад зах нь хагас зуу гаруй шахам жил шаардлагатай гэж үзэж болох байна.
Япон улс
Хэрвээ Орос цэргийн их гүрэн бол Япон эдийн засгийн хэт их гүрэн болох нь тодорхой. Иймд тус бүс нутагт Японы үүрэг роль ямар болох нь илэрхий. Гэхдээ дэлхийн дайнд ялагдсан уг орон одоо болтол Оростой найрамдлын гэрээ байгуулаагүй. Хятад болон зүүн өмнөд ази, далайн орнуудын өмнө нүглээ бүрэн наминчилж дуусаагүй байгаа. Иймд Япон шинэ байр сууриа тодорхойлох болж байна. Тэгээд ч Японы томоохон бизнесмен, нөлөөлөх улс төрчид Японыг азид буцаан авчирах буюу Неонэйшанизм үзэл дэвшүүлэх боллоо.
Энэ онол нь: Япон Ази-Номхон далайн стратегийн тулгын гурван чулуун дээр тогтоно гэсэн утга бүхий юм. Зарим талаараа “Гурван К” -ийн утга ч гэж тайлах нь бий. Энэ нь Гурван К буюу Канша- талархал,Каншин-сонирхол, Китай- найдвар гэсэн гүнзгий агуулга бүхий Японы гүн ухаанжсан яруу найраг хайку маягийн юм уу даа.
Тухайлбал, “Хуучин цөөрөм нам гүм,
мэлхий үсрэв, ус палхийв” гэдэг хайкутай жишиж болох...
Шууд агуулгаараа бол энэ үзэл баримтлал нь:
1. Бүс нутгийн энх тайван байдлыг хангах механизмыг хүчтэй болгох, АНУ-тай цэрэг стратегийн хүрээнд хийсэн гэрээг бататгах;
2. Хуучин социалист орнууд ялангуяа ОХУ, Хятад болон Вьетнамыг бүс нутгийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болгон нэгтгэж авах асуудал.
3. Ялангуяа Япон улс эдийн засгийн аварга, улс төрийн давжаа биетэн хочноосоо салах. Өөрөөр хэлбэл НҮБ-ын байнгын гишүүн болох, дэлхийн энх тайван байдлыг хангахад мөнгө хандивладаг улс байх биш хүн хүчний болоод эрх зүйн оролцоогоо өргөтгөх бодлого баримтлах боллоо.
Хэдийгээр тус улсад эдийн засгийн хямрал сүүлийн 10 жилийн турш үргэлжилж, санхүү, банкны зах зээл нь дэлхийн хэмжээнд байтугай бүсийн хэмжээний цар хүрээгээ алдсаар, хумигдсаар байгаа хэдий боловч тус улсаас буурай хөгжилтэй, ашигт малтмал ихтэй улс орнуудтай түншилж буй операци-шинэ бодлого нь үр дүнд хүргэх нь ойлгомжтой бөгөөд тэдэнд шинэ боломжийг нээж өгч байна.
Тухайлбал, Японы Парламентийн Зөвлөхүүдийн танхимын гишүүн бөгөөд шинэчлэлийн клубын ахлагч Мацушито Шимпей Монголын эрдэс баялаг, тэр дундаа ураны нөөцийн талаарх судалгаа байгаа эсэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөхцөл байдлын болоод эдийн засаг, хүний нөөцийн хөгжил бэлэн эсэх нарийвчилсан судалгааны талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Никай Тошихиро болон Ашигт малтмал, эрчим хүчний худалдааны агентлагийн дарга Ишида, Худалдааны бодлогын газрын дарга Окада нарт асуулга тавьж, мэдээллийг нь 2008 оны 12 дугаар сарын 11-нд Парламентын хуралдаандаа сонссон гэдэг.
Тэрхүү өндөр ач холбогдол өгч байж хийсэн хуралдааны гол гаргалгаа нь Япон, Монгол орны харилцаа, хамтын ажиллагааг “ойрхон бөгөөд ойрхон” улс болгох, “газрын баялагын дипломат харилцааг”хөгжүүлэх гэж маш тодорхой томьёолсон. Нөгөөтэйгүүр Японы улс төр, эдийн засгийн стратегийн том бодлогоо хөгжиж буй, ашигт малтмал ихтэй зарим орнуудтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж буйгаа илтэд зарласан үйлдэл ч байж магад. Энэ нь сүүлийн арав гаруй жил Япон манайхыг асар их туслаж, дэмжиж байсны учир нь ил болж байх шиг. Гэтэл хоёр хөрш маань Наран улс шиг хэт холоос, алгуураар санаагаа илэрхийлэн бодлогоо хэрэгжүүлэх гэдэг зангүй шууд л цөөхөн хэдэн жил бодлого явуулсан болоод тэсвэр алддаг юмуу хаашаа юм, хүний хүчин зүйл, факторт тулгуурлан шууд хүч тулган шийдвэрлэх гэдэг зангаас хэт өөр байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс Хублайн дагуулж чадаагүй цор ганц улсын талаас нь ч бодолцсон, тэднийг нэг бүрчлэн сайн судлах, зангийн нь мэдэх судалгаатай байх хэрэгтэй. Хувь хүний ажиглалтаар бол япончууд хэзээ ч аливаа зүйлд дүгнэлт өгдөггүй юм билээ. Мэдээж бид тэдэнд өгөхийг нь өгөөд, харин оронд нь хөгжил дэвшилд түргэтгэх жор, боломжийг тэднээс авах нь чухал байна. Ямартай ч хөршүүдээс маань лав соёлтой, илүү үнээр авах болов уу. Энэ утгаараа ч дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манайхыг тоочиклоод байдаг биз.
Бусад
Манай орны гадаад харилцаанд гарч буй шинэ зүйл бол АНУ, Япон зэрэг Ази номхон далайд төдийгүй дэлхийд нөлөөлөх орнууд тодорхой үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Үүний үндсэн шалтгаан нь Монголд гарсан ардчилсан өөрчлөлт хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиндаа тусгаж, баталгааг хангах механизмыг бүрдүүлж эхэлсэн явдал юм. Энэ ч үндсэн дээр донор орнууд хоёр хөршид маань ардчилсан тогтолцоонд шилжсэн орон хэрхэн хөгжидөг болохыг жишээ болгон үзүүлэхийг зорьсон бололтой.
Гэвч үнэн чанартаа АНУ Монголыг сонирхон алдан, сонирхон алдан байнд ч биш, банзанд ч биш гэдэг шиг, авч ч болохгүй, хаяж ч болохгүй тууштай бус бодлого явуулж, өрнөдийнхөн болон бусад холбоотноо хамруулан татаад байгаагийн гол гогцоо нь ОХУ-БНХАУ хоёрын хэт ойртолтыг сэрэмжлэх зорилгын үүднээс л хийгдэж буй ажиллагаа
гэж ойлговол зохино. Гэсэн хэдий боловч уг “цус ойртолтыг сэрэмжлэх” стратегийг санаачлагчид одоохондоо амжилттай бус ажиллагаанаасаа болоод Монгол Улс 90-ээд оны өмнөх үеийнх шигээ аль нэг хөршийн давамгайлсан бодлого явуулгад автаж болзошгүй байгааг харсаар байж алдаж байх шиг.
Тухайлбал, 2000 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага анх байгуулагдахад санаачлагчаар оролцохыг мөнхийн хөршүүдээс санал болгоход эелдэгээр татгалзаад, нилээд тэссэн боловч яалт ч үгүй Монгол Улс 2004 онд Ажиглагчийн статусаар элсэн ороод хэдэн жил өнгөрчээ. Харин энэ жилээс тэр байгууллагад манай тэргүүнүүд идэвхтэйгээр анхаарлаа хандуулах болсон бөгөөд энэ 8 дугаар сард болсон төрийн тэргүүдийн Бишкект болсон уулзалтанд Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон бол, 10 дугаар сарын 30-ны Астанагийн засгийн тэргүүдийн уузалтанд Ерөнхий сайд С.Баяр оролцсон нь тухайн байгууллагын лобби үйл ажиллагаанд манай зүгээс идэвхжиж ирсний илрэл байж болох талтай. Магадгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсэн орохыг үгүйсгэхгүй мэт. Эцсийн дүндээ манайх шиг жижиг улс уг хамтын нийгэмлэгт элсснээр хожихоосоо илүү алдах магадлал илүү
байж болох юм.
Харин АНУ болон өрнөдийнхөнд нэгэнт төсөөлөгдчихсөн байгаа манай талаарх таатай бодлогыг өргөжүүлэх, өөрийн ашиг сонирхолоо түүнд уялдуулан шургуулж, хэрэгжүүлэх бололцоог хангахад өөрийн гадаад бодлогынхоо нэг том хэсэг болгон авхаалжтай, хараат бус, эх орончоор ажиллаж чадах эсэх нь манай төр засаг, үндсэндээ ГХЯ-ны том шалгуур байх ёстой. Гэхдээ ийн ажиллах завсартаа тэрхүү гүрнүүдийн эдийн засгийн том ашиг сонирхолыг нутаг дэвсгэртээ зохиомлоор ч атугай бий болгох ёстой. Тухайлбал, хоёр хөршийн бус, гуравдагч хүчирхэг орны, түүний эвслийн бүрэлдэхүүний нөлөөлөлд стратегийн ордуудыг ашиглуулах нь манайд эдийн засгийн гэх талаасаа илүү асар их ач холбогдолтой байх шүү. Энэ нь бат бэх суурь дэвсгэр болж, хөөргөн хөгжингүй орны харцыг татахад нөлөөлж магадгүй болов уу. Түүнээс биш Монгол Улс энэ бүс нутагт өөрийн хүндтэй байраа эзэлтэл нилээн зай бий. Тэр зайг гуравдагч нөлөөлөх орнуудтай хэр ойртсоноор өөрийн дархлаагаа бий болгож, чөлөөтэй амьсгалах бололцоог хэн хэндээ дарамтгүйгээр, амараар олгож болох боломжийг бүү алдаасай. Үнэндээ энэ их шударга, байгаль дэлхийдээ хайр зарлаад ордуудыг ашиглахад саад болоод байдаг төрийн болоод иргэний нийгмийн төлөөлөл гэхүүдийн хэдэн хувь нь ямар нөлөөлөлд байгааг тааварлахад бэрх
байна.
Хэдийгээр үүнд газар зүйн байрлал шууд хамааралтай ч зарим тохиолдолд бас бус хүчин /агаарын тээвэр, транзиттээвэр, нутаг дэвсгэр түрээслэх, энхийг сахиулах хүчин байрлуулах/ зүйл, эдийн засгийн чадавхиа золиослон байж илүү үр дүнтэй харилцаа, хамаарлыг бий болгодог шүү дээ.
Хөгжил дэвшлийн загвар шилжилтийн үе
Гурван зуун жил хаалттай байсан улс хүчтэй юу, тэрхүү гурван зуун жилийг хаалттай байлгах шалтгааныг бүрдүүлсэн гүрэн хүчирхэг үү? гэж Японы Чибагийн Их сургуулийн профессор Макото Курита санаас асууж байсан юм. Үнэндээ бол энэ нь тэртээ 13 зууны үед Хубилай хаан Японы эзэн хаан, Шёогүн нарт нь найрамдалын гэрээ байгуулж, дагаар орохыг шаардсанаас үүдэн Япон улс хэт эрт тэртээгээс хаалттай улс болж, түүнээс шалтгаалан өөрийн асуудлаа өөрөө л зохицуулах философи төлөвшсөн, хүчирхэг эдийн засагтай, цэргийн талаар ч түүхэнд нэрээ үлдээчихсэн улс болсон тухай яриа байсан юм. Тэгэхээр хэн нь хүчтэй, хүчирхэг байж вэ гэдэгт хариулт олдоогүй нээлттэй орхисон юмдаг. Монгол Улсын ардчилал хэдийгээр залуу, бүрэн төгс болох замдаа яваа хэдий ч шилжилт нь нийгэм, улс төрийн өргөн хүрээтэй үймээн самуунд автаагүйгээрээ зүүн европоос ялгаатай.
Шилжилтийн үе нь өмнөх нийгмийн буруу тогтолцоог задлах үйл явцаар тодорхойллогддог бол хөгжил дэвшлийн үе нь шинэ тогтолцоог эмхлэх, нийгмийг найрсалтай болгох үйл явцаар тодорхойлогддог. Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт тааруухан байдаг бол хөгжил дэвшил, нийгмийн найрсал бүрдүүлэх явцад чухамхүү хуулийн чанд хэрэгжилт, шударга ёсонд тулгуурлах ёстой. Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл, хэм хэмжээ зохицуулах учиртай билээ. Гэхдээ энэ нь эдийн засгийн шинэчлэлтийг хууль зүйн салбарын шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас хамаарч байна. Өнөөдөр ерөнхий утгаараа Монгол улс макро эдийн засгийн түвшин эрс сайжирсан, ДНБ-ний өндөр өсөлттэй, инфляцийн ерөнхий түвшин сүүлийн жилүүдэд тогтвортой доогуур байсан атлаа сүүлийн жилд огцом өссөн буюу хэт савалгаатай, экспортынх нь үндсэн бүтэгдэхүүн болох алт, зэсний үнэ өндөр үед зохих хуримтлал бий болгож чадсан, түүнийг дагаад урсгал данс, төсвийн илүүдлийн хэмжээ өргөжсөн, дотоодын мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах нэрлэсэн болон бодит ханш нь эх сурвалжаараа чангарч байгаа эдийн засагтай орон болжээ.
Сүүлийн долоон жилд хамгийн их эргэлт гаргасан салбар бол үйлчилгээний салбар, тэр дундаа нэмүү өртөг нь 2001-2004 онд жилд дунджаар 8 хувь, 2005 онд 9.1 хувь өссөн жижиглэнгийн болон бөөний худалдаа, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээний салбарууд юм. Уул уурхай болон барилгын салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсээр байна. 1996-2007 он хүртэлх хугацаанд ДНБ-д эзлэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 5.2 хувьтай байгаа нь зүүн азийн дундаж хэмжээнээс өндөр, зарим орнуудынхаас гурав дахин өндөр үзүүлэлт байлаа. 1999-2002 онд нэг хүнд ногдох ДНБ ердөө 2 хувиар өсч байсан бол, 2006-2009 он хүртэл ДНБ буюу бодит ДНБ 7 хувиар өссөн гэдэг тооцооноос харж болно. Мөн гадаад зах зээлийн санхүүгийн томоохон эрсдэлтэй байгаа ч Монгол Улсын Засгийн газраас 2009 онд ДНБ-ны бодит өсөлтийг 10,1 хувь, ДНБ-ны нийт хэмжээг 6482,0 тэрбум төгрөг байхаар буюу нэг хүнд ногдох ДНБ-ны хэмжээг 2042,1 ам.долларт хүргэх зорилт тавьж байгаагаас харж болно.
Гэтэл Дэлхийн банкнаас саяхан хийсэн судалгаагаар Монгол Улс 2009 онд эдийн засгийн өсөлт 7.5 хувь болж буурах магадлалтай байгааг гаргасан байна. Энэ нь манай Засгийн газраас тухайн онд дэвшүүлээд байгаа эдийн засгийн бодит өсөлтөөс даруй 3 шахам хувийн бууралттай байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ 12 дугаар сард олон улсын зээлийн үнэлгээний Фитч компани, Стандарт энд Пуурс компани манай улсын санхүүгийн үнэлгээг бууруулж, зээлжих зэрэглэлийг ВВ ангиллаас нь ухрааж, хасах үзүүлэлттэй болгон бууруулсан байна. Үнэндээ бол Монгол Улс экспортын хоёрхон эрдэс баялагт тулгуурласан бодит эдийн засгийн өсөлт нь капитал хэмнэсэн, экстенсив буюу эрчимгүй өсөлт бүхий эдийн засагтай, голланд өвчинд нэрвэгдсэн үйлдвэржсэн бус улс юм. Голланд өвчний онол ёсоор байгалийн нөөцөөс орж ирж буй орлогын өсөлт нь вальютын ханшийг нэмэгдүүлж, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөөнт чадварыг сулруулах замаар улс орны эдийн засгийг аж үйлдвэргүйжүүлдэг хэмээн үздэг онол юм. Тэгэхээр энэ үйл явц одоо давхцаж байна.
Макро эдийн засгийн тогтвортой байдал нь худалдааны нөхцөлийн тогтвортой байдлаас хамаардаг. Монголын дотоодын эдийн засаг зэс, алтны дэлхийн зах зээлийн ямарваа өөрчлөлтөнд маш өртөмтгий байдаг учраас худалдааны нөхцлийн сөрөг цочирол нь санхүүгийн салбарын тогтвортой байдалд аюултай байдаг. Саяхан Олон улсын вальютын сан, түүнчлэн манай зарим нэртэй судлаачдын мэдэгдэж байснаар ДНБ болон сүүлийн 10 жилийн хугацааны дэлхийн зах зээлийн зэсний үнийн корреляци 0.59 байсан, мөн зээлийн эргэн төлөгдөлт зэрэг нь хангалттай бус байгаа нь санхүүгийн салбарын тогтвортой бус байдлыг бий болгож байгаа гэж байна. Харин саяхан манай Хадгаламж зээлийн 50 гаруй хоршоо устаж үгүй болсон нь Монгол Улсын эдийн засгийн хувьд урт хугацаанд эрүүл байх бололцоог бүрдүүлсэн гэж Монгол банк, тэргүүлэх эдийн засагчид хэлж байсан. Гэвч одоо эргээд харахад энэхүү дүгнэлтүүд хэр бодитой байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Үндсэндээ улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдлыг эс тооцвол манай улсын цаг хугацаа тун тааламжтай нөхцөл байдалд саяхныг хүртэл байсаар байлаа. Эрдэс баялагаас хамаарсан хэрэглэгчийн чиг баримжаатай эдийн засаг маань санхүүгийн том хүндрэлүүдээс шалтгаалан хөөсөн эдийн засаг нь хагарч, савнаасаа саган хальж, бодит байдалд буухад нөлөөлөх боломж бүрдэж байх шиг байна. Гэхдээ үүнийг зөв залах эсэх нь дотоод хүчин зүйлээс хамаарах биз ээ. Эдгээр ерөнхий чиг хандлагуудыг гүнзгийрүүлэн авч үзвэл, өнөөгийн энэхүү эдийн засгийн нөхцөл байдалд хүргэхэд нөлөөлсөн зарим нэг өөрчлөлтүүд нь эргээд тус улсын цаашдын өндөр өсөлтийг тогтвортой байлгахад саад тотгор болохуйц байдал ажиглагдаж байна. Алт зэс болон ноолуур гэх мэт цөөн тооны экспортын бүтээгдэхүүнээс хамаарсан Монгол улсын эдийн засаг нь эдгээр бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болон байгалийн гамшиг зэргээс ихээхэн хамааралтай болж эмзэг болж хувирсан. Ажиллах хүчний хувьд залуу, боловсролтой ажиллах хүчинтэй хэдий ч ажил эрхлэх үе давхарга нь ажил эрхлэхээс зайлсхийсэн байдалтай байна. 2008 оны 12 дугаар сарын 24
2-р хэсэг, үргэлжлэлийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл бичих