2-р хэсэг
Бид яах ёстой вэ?
Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан А.Мөнхбат нэгэнтээ өгч байсан ярилцлагандаа банк, санхүүгийн шинэчлэл, менежментийн талаар сонирхолтой зүйл хэлсэн байсныг санаж байна. Тэрээр санхүүгийн тогтвортой, найдвартай, удаан хугацааны үр ашиг бүхий бодлого, төлөвлөгөөг авч хэрэгжүүлэхэд тухайн менежер, менежментийн багийн хэтийн төлөвлөгөө, сэтгэл чухал гээд, тухайлбал, ямар нэг банкыг ямар ч үнээр хамаагүй ашигтай ажиллуулах хүсэлтэй гол хөрөнгө оруулагч нь гүйцэтгэх удирдлагаа өөрчилж, богино хугацаанд ашиг дивидент өгч чадах чадалтай боловсон хүчнийг хайдаг.
Гэтэл баруунд энэ чиглэлээр мэргэшсэн боловсрол өндөртэй банкирууд эхэлж ажилд орохдоо хамгийн дээд тал нь 2-3 жилийн хугацаатай л гэрээ байгуулдаг. Тэгээд тэд энэ хугацаанд хуучин үндэсний банкирын хийж байсан урт хугацаанд ашигаа өгөх, судалгаа, эрсдэл, санхүү, өрсөлдөөний, маркетингийн иж бүрдэл судалгаа, санхүүжилтийг тооцон авч үзэлгүйгээр шууд л зардлын хэмнэлтийг хайр гамгүй хийж эхэлдэг. Энэ нь үр дүнгээ өгч дараагийн жил гэхэд л хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэд ашигаа өгч эхэлдэг бөгөөд түүн шиг шилдэг менежер байхгүй гэдэгтээ бүгд санал нэгдсэн байдаг. Гэвч тэр шинэ банкир өөрийнхөө амжилтын оргил үедээ гэрээгээ сунгалгүй цуцалдаг. Харин дараа нь ирсэн захирал нөгөө алдартай банкирын урт хугацаанд тогтвортой ажиллах стратегийг бусниулсан лайг үүрч удалгүй банк нь ч дампуурч, хувь хүнийх нь салбарын карерь нь дуусдаг тухай ярьсан байдаг.
Энэ жишээ одоо манай улстөр, санхүүгийн салбарт нүүрлээд байгаа юм биш байгаа?
Монгол Улсын ядуурлын хамралтын хүрээг тодорхойлоход нийт хүн амын 36.1 хувь нь ядуу байгаа ба ядуурлын гүнзгийрэлтийн индекс 11.0 хувь, ядуурлын мэдрэмжийн индекс нь 4.7 хувь байна. Иймээс Монгол Улсын Засгийн газраас төсвийн зарцуулалт, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээ болон зээлжих стратегийг тодорхойлохдоо боломжит хувилбаруудыг ашигламаар байх юм. Өөрөөрхэлбэл, Өсөлтийг оношлох шинжилгээ нь ДНБ-ийн дээд зэргийн өсөлтийг хангах, эдийн засгийн боломж бололцоог чөлөөлөх, түүний хажуугаар өсөлтийг хангах бусад хүчин зүйлүүд болох экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зэрэг богино хугацаанд амжилт олохуйц бодлогын шинэчлэл хийх хэрэгтэйг тодорхойлох хэрэгтэй байна.
Өнөөгийн байдлаар судлаачдын тодорхойлсноор эдийн засгийг ороосон хүндрэлүүд нь:
- Тээврийн өндөр хэт үрэлгэн зардал, ложистик, зохион байгуулалтын хүндрэлтэй ажиллагаа,
- Тодорхой бус татварын орчин, тухайлбал, татварын өөрчлөлтүүд, гааль, худалдааны өөрчлөлт нь Монгол бизнес эрхлэх зардлыг гарцаагүй өсгөсөн. Татварын бааз хумигдмал хомс, улсын ТОП-100 татвар төлөгчид л улсын төсвийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг гаж тогтолцоо нь монголд аж ахуйн нэгжүүдийг албан бусаар бизнес эрхлэх буюу далд эдийн засагт түлэхчээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр стратегийн ач холбогдол бүхий салбарын татварын дарамтын асуудал ойлгомжгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нь зөвхөн өнөөдрийн уушгийг хараад зулгааж буй бэлэн бус хоол байлаа. Учир нь бидний тэр гэнэтийн ашгаас олсон хөрөнгө шууд л үрэгдээд алга боллоо. Ядаж тэр мөнгөөр ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтанд зарцуулагдалгүй дуусаж байна. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоодын луйварчдын завшсан мөнгө, ямааны ямбаны мөнгө, гэнэт гэрлэсний мөнгө, хүүхдийн мөнгө, үдийн цай, хоолны мөнгө, одоо дампуурч магадгүй банкнуудын хадгаламжийн мөнгө гээд л дуусч байх шив дээ. Хөөрхийс... Үнэндээ бол тэр мөнгийг олж авахаас илүүтэйгээр макро эдийн засгийн ашигт цаг хугацааг ашиглаад зөв бодлого явуулсан бол эцсийн дүндээ Монгол Улс л хожих байлаа. Магадгүй бид хөгжлийн хувьд даруй 4 жилийн хугацааг алдаж хоцорсон гэж үзэж буй санаанууд ч үнэний ортой биз.
- Түүхий ноолуурын экспортын татвар нь тухайн салбарт үйлдвэрлэл эрхлэгчид малчдаас чанараас нь үл хамааран адил хэмжээний үнэ санал болгох боломжийг олгосон бөгөөд энэ нь хятад руу сайн чанартай нь гарч, муу нь манай үйлдвэрлэгчдэд ноогдох болгож байгаа. Энэ нь саяхан л хятад руу экспортлоход Тайландын одос үхэрийн сүүл амьд үхрээс илүү маш их үнэд орж байсантай холбогдуулан тайландын тариачид хамаг үхрээ нядлаж дууссан үед нөгөө үхрийн сүүл сохор зоосны үнэгүй болж, харин тайланд улс цагаан будаагаа хятадаас маш өндөр үнээр импортлож авдаг болсон гэдэгтэй адил байна. Болж байна ч гэж дээ, болоод өнгөрсөн шүү. Нөгөө үхэр, адууны шир, хонины нэхий, ноосыг үнэтэйгээр хятадууд авч байсан цагт манай хэдэн үйлдвэрүүд хаалгаа барьсан, ажилчид нь ядуучуудын эгнээнд шилжиж, том утгаараа манайх хэрэглэгч улс болж хувирсан. Гэтэл одоо яалаа! Тэр зүйлс үнэтэй бил үү. Үгүй.
- Хууль тогтоомж, эрх зүйн актуудын хоорондын уялдаа, зохицол байхгүй, тогтвортой бус буюу Эрх зүйн шинэтгэл үр дүнгүй, товчхондоо хийж чадахгүй байна. Зарим нэг эрдэмтэд, бизнесийн томчуудын хэлдэгээр эрх зүйн бодлого, зохицуулалтаар дэмжиж чадахгүй байж, бүр дордуулаад, боомилоод, шударга, зөв өрсөлдөөнт зах зээлийг булингартуулаад, авлигын хэлбэрийг нэмэхээ зогсоо гэдэг үнэн шүү. Мөн хөрш орнуудтайгаа хийх худалдаа болон ложистикийн зохицуулалтыг сайжруулах нь өсөлтийг хангахад нэн шаардлагатай. Дэд бүтэц дэх ухаалаг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнд үйлдвэржилтийн нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөхөд чиглэх шаардлагатай.
- Төрийн ил тод ба хариуцлагтай байдал хангалтгүй байгаа нь тэгш бус байдлыг үүсгэх гаж тогтолцоо болж байна. Энэ нь албан бус үнэ буюу авилгалд 40 хувь өсгөсөн өртөг шингэж байгаа байж болзошгүй байна. Тухайлбал, салбараас нь хамаараад авилгалд 26, 15, 23 хувийн нэмэгдэл төлдөг гэх нь бий.
- Шүүхийн гаж тогтолцоо: Монгол Улсын шүүхийн системээр бизнес эрхлэгчид хэрэг маргаанаа шийдүүлэхээр болоход асар их цаг хугацаа алддаг, нэхэмжлэгч, хариуцагч аль аль талууд хохирдог, шат шатны шүүхийн шийдвэрүүд өөр өөр гардаг, ойлгомжгүй тодорхойгүй, шийдвэрлэж дуусахад асар их цаг хугацаа зарцуулдаг, дуусдаггүй, нөлөөнд оромтгой гэх зэрэг нь монголд зөв бизнес эрхлэхэд ихээхэн саад тотгор болж байна. Үүнтэй бизнес эрхлэгчид санаа нийлнэ гэдэгт итгэж байна. Засах, залуурлах, системийнх нь хүрээнд бүрэн шинэчлэх хэрэгтэй байгаа. Учир нь улс орны эдийн засгийн болон хөгжлийн хурдасгуурт хууль, шүүхийн шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд байгаа гол шалтгаан нь шүү.
- Хөрөнгийн эх үүсвэрийн өртөг нь сүүлийн 5 жилд буурч байснаа энэ жилээс эхлэн санхүүгийн зуучлалын салбарын хөгжлийн хоцрогдолоос шалтгаалан өндөр байна. Өөрөөрхэлбэл, манай компани, банкуудад хангалттай хөрөнгийн эх үүсвэр байхгүйтэй холбоотой. Учир нь манай банкны салбарт хадаглагдаж байгаа нийт хадгаламжийн 40 илүү хувь нь манай монголчуудын хадгаламж биш, хаа нэгтэйгээс орж ирсэн эх сурвалж тодорхойгүй том мөнгө байгаа гэдэг. Үндсэндээ манай банкны салбарт иргэдийн 1.2 триллон төгрөг хадагладдаг.
- Манай улсын саяхнаас нэрвэгдээд байгаа Голланд өвчнийг эрт оношлон, тэмцэх стратегийг боловсруулж хэрэгжүүлэх
зэрэг юм.
Эдгээр ороосон хүндрэлүүдийг бууруулахад аж ахуйн нэгжүүд шинэ бүтээгдэхүүн боловсруулах, шинэ зах зээлд гарах боломжийг олгох болон өртөг нь нэмсэн бүтээгдэхүүн бий болгох зэрэг хүлээгдэж буй үр дүнг авчирна.
Гарц юу байж болох вэ?
Нэг сонин зүйлийг хөндлөнгөөс ажиглахад дэлхийн 2-р дугаар дайн нь хүн төрлөхтөний түүхэн дэх анх удаагийн аварга том механикжуулсан дайн болсон. Тэр үед Гитлерийн Герман ч тэр, дайны эхэнд бут цохигдсон ЗХУ ч тэр асар богино хугацаанд зэвсэглэлийн аж үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж, шатахууныхаа хэрэгцээг хангах нефть нэрэх үйлдвэрүүдийг маш хурдан байгуулж хэрэгцээгээ хангаж байсан байдаг.
Гэтэл Монгол Улс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох тухай ярьсаар бараг жар шахам жилийг үдэж байна. Энэ их хугацаанд ганц ч гэсэн ийм үйлдвэр барих байтугай, төрөлжсөн лабортори ч байгаагүй. Нэг хоёр жилийн өмнө хэсэг залуус Дарханд нефть нэрэх жижиг үйлдвэр барьж байгаа, Тамсагаас гарч буй түүхий нефтиэс хэсгийг туршилтанд илүүчлээч хэмээн Ерөнхий сайдаасаа гуйж байснаас өөр оролдого ч байсныг мэдэхгүй юм.
Тэгэхээр энэ нефть боловсруулах үйлдвэрийг барихад тийм хэцүү, технологийн болоод санхүүгийн хувьд боломжгүй асуудал уу гэхээр тийм биш юм шиг байгаа юм. Бага оворын үйлдвэр байгуулахад дунджаар тооцоход 10 гаран сая ам.долларын өртөгтэй гэдэг. Гэтэл манай улс чинь ямаанууддаа 30 гаруй тэрбумыг бусад дөрвөн хошуу малаа нүд үзүүрлэн байж өгч чадсан
улс.
Энэ шударга бус байдалд нь гомдсон зарим нэг хонь, үхэрүүд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах сураг ч чих дэлсэж байсан. Үүнээс харахад манай улс санхүүгийн хувьд боломжтой, харин л технологийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх үеэс хоцрогдсон
байгаа болж таарч байна. Нөгөөтэйгүүр хардах эрхээ эдлээд хэлэхэд манай улсын үе үеийн зарим бодлого тодорхойлогчид, хэрэгжүүлэгч эрхэмүүд хэний бодлогоор ажиллаад байсан, байгаа нь бэ? гэж хардахад хүргэж байдаг. Мэдээж энэ нь улс төрийн агуулгатай гэхээсээ бус, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал боловч бас бодолцох хэрэгтэй байх аа...
Иймээс энэ хүндрэлтэй байдлыг шийдэх гарц бол:
Эдийн засгийн хүрээнд:
- Хөрөнгө оруулалтын зөв орчинг бүрдүүлэх, шударга бус өрсөлдөөний эсрэг шийдвэртэй тэмцэх, уул уурхайн салбарын гэнэтийн ашгийн татварын асуудлыг цэгцлэх, тухайн салбарын зөв зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэх нь цаашдын үр ашиг, үр дүн, үр дагавар шалтгаална.
- Төрийн үйл ажиллгаан дахь хөрөнгө оруулалтын хэрэгцээг зөв зохицуулах. Өөрөөрхэлбэл, төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зөв хийх, хатуу хянах шаардлагатай. Энэ нь улсын төсвийн болон цаашилбал ДНБ-ний их том орон зайг эзэлдэг атлаа үр дагавар, үр ашиг, нэмүү өртөгийг бүтээх талаасаа ямар байгааг бодолцох.
- Хүний нөөцийн бодлого, тэдний ур чадварыг ашиглах хэрэгтэй.
Товчхондоо Засгийн газрын хяналтаас гадуур болон Засгийн газрын алдаанаас хамаарч эрсэлүүд гарч байна.
Мөн гаднаас дотгош чиглэсэн эрсдэлүүд нь Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагаас ихээхэн хамааралтай байгаа, ялангуяа бараа бүтээгдэхүүний үнийн мөчлөг зэргээс үүдэлтэй гадаад худалдааны алдагдал, болон хөдөө аж ахуйн салбарт нөлөөлж буй экологийн тэнцвэрээс хамааралтай. Түүнчлэн эрсдэл нь төсвийн тогтворгүй байдал ба төсвийн хөрөнгийн популист зарцуулалт, алт, зэс зэрэг ашигт малтмалыг ашиглах эрмэлзэл төрснөөс үүдсэн үндэсний үйлдвэрлэлийн уналт, голланд өвчнөөс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, засаглалын сул дорой хэлбэрийг засамжлах шаардлагатай байна.
Зохицуулалтын алдаанаас үүдэн хөгжилд зогсонги байдал, үр дүнгүйдэл үүсэж буй үзэгдэл Монголын эдийн засагт харагдаж байна.
Зохицуулалтын эдгээр сул талууд нь дараах чиглэлээс үүдэлтэй:
- Монголын хөршүүдтэйгээ хийх худалдаа, ложистик зохион байгуулалтын асуудлууд,
- Хууль тогтоомж, норматив актууд тогтвортой бус, ойлгомжгүй,
- Салбар болгон хөгжлийн стратеги байхгүй,
- Байгалийн нөөцийн удирдлага, доройтолыг бууруулах бодлого хэрэгжүүлдэггүй явдал гэж тооцож болох болов уу.
Улс төрийн хүрээнд:
Иймд хөгжлийн асуудлыг одоогийн тогтолцооны трансформацийн асуудалтай уялдуулж үзэл баримтлал, бодлого боловсруулж, уян хатан шуурхай хэрэгжүүлэх, шилжилтийн үеийн элдэв зарцуулалтыг хурдан дуусгаж, цэглэхийн чухалыг онцлон тэмдэглэмээр байна. Тэгэхдээ энэ шилжилт хэр өгөөжтэйг дараах шалгуураар шалгадагыг санахад илүүдэхгүй биз ээ.
- цаг хугацааны хүчин зүйлс
- зардлын хүчин зүйлс
- хүлээн зөвшөөрөх байдал – акцептаци
- практик чадвар эдгээр болно.
Санжаагийн Баярыг юу хүлээж байна вэ?
Тэртээ ерээд оны сүүл үед Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Совд багш: “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэж алдарт үгээн хэлж байхад андуураагүй бол одоогийн цэцийн дарга Ж.Бямбадорж гуай бил үү, хэн нэг нөлөөтэй эрхэм “Цэцийн гишүүдийн дээр малгай бий” гэж хариу барьж байсан санагдана. Энэ агуулгаараа эрхэм Ерөнхий сайд маань цэргийн салбарын чадалтай стратегичээр ажиллаж, нэгэн цагт Стратегийн судалгааны хүрээлэнг толгойлж байсныг санахад илүүдэхгүй биз ээ. Энэ утгаараа ч цөөнхийн болоод эрх баригч, хамтрагч гэх нөхцөл байдалтай намыг болон гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдан зохион байгуулж, ялуулсан нь хэр сайн стратегич болохыг нотлож байдаг. Нөгөөтэйгүүр энэ эрхэмийн чадал чансааг мэддэг, мэдэрсэн хүмүүс яагаад ч юм дөлөөд байдаг юм болов уу гэж хөндлөнгөөс ажиглагдах нь бий. Гэхдээ тэдгээр нь айсандаа бус нийгмийн хэт хүлээлт тодорхойгүй үр дагавар дагуулахаас болгоомжилдог байж болох юм. Энэ нь нийгэм энэ хүнээс хэт их зүйл хүсэн хүлээдгийг хэлж байна л даа. Энэ үүднээс нь саяхан төрлөх намынх нь, урьд манай хийгүй ерөнхийлөгчийн имиж хувь хүнээс нь шалтгаалсан уу, эсхүл энэ стратегичээс шалтгаалсан уу гэдэг гаргалгаа ч байж болох.
Үнэн чанартаа энэ цаг хугацаанд Монгол Улс тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн эсэх маш эгзэгтэй, 1900 оны үеийнх шиг тун ээдрээтэй үед
ирээд байгаа. Энэ 5 жилд. Энэ үүднээсээ ч бас бус элдэв шалтгаануудыг тооцолгүй орхиод хэлэхэд хамтарсан засгийн газрын байгуулсан нь магадгүй монгол түмний хувь тохиолын шаардлага ч байж магад. Гэхдээ нөхцөл байдлыг хэт хөнгөнөөр тооцон магадлал дэвшүүлж байгааг ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, манай улс хоёр хөршийн нөлөөний алинд нь орох вэ гэдэг цаг хугацааны маш эгзэгтэй үед хүрч ирчээд байна. Тухайлбал ОХУ аль 90-ээд оноос манайд хандах хандлага бодлогоо сулруулж, дорнын бодлогод Монгол төдийлөн ашиглагдах асуудал хөндийрсөн цаг хугацааны ашигтай боломжийг үндсэндээ бид алдсан. Одоогоор төрийн тэргүүнээсээ эхлээд Москва маш их шуналтайгаар хамаг анхаарлаа манайд хандуулаад эхэлчлээ гэж зарим том стратегичид дүгнэх нь бий. Ийм байхад бидний хэдэн монгол яах юм бэ? Хэн монголыг захирах нь тэдний л хүсэл зоригийн асуудал болох боломж бүрдэж болох юм гэдэг. Мөн Бусад улсын дэмжлэгтэнгүүд газар авахгүй, одоо бүгд орос хэлээ эргээд сурцгаа гэх нь холгүй байж магад.
Иймээс энэ хоёр гүрний хүчний тэнцвэрийг хэрхэн барьж байх вэ гэдгийг мэдэх, хэрэгжүүлэх, хөгжил дэвшилд замнах замыг нээх чадвартан монгол төрд одоо цаг хугацаанд байгаа гэдэгт итгэхэд тун хэцүүхэн гэцгээж байна. Гэхдээ монголын заяа байна даа. Энэ алхамыг хэрэгжүүлж чадах үйлстэн энэ эрхэм ерөнхий сайд маань мөн байгаасай.
2008 оны арванхоёрдугаар сарын 24
Ийнхүү 5 жилийн өмнө бичиж байжээ. Мэдээж энэ нь С.Баяр гэх хувь хүний тухай бичээгүй улс орны хөгжил дэвшлийн талаарх өөрийнхөө бодож явдаг асуудлыг олны анхааралд хүргэх үүднээс уг хүний нэрийг ашигласан төдий.... Гэвч эргээд харахад С.Баяр бол зүгээр л байдаг новш байж.... түүхийн чухал үед ачаалал даах чадвартан байсангүй ээ.
2013 оны гуравдугаар сарын 18
Сэтгэгдэл бичих