Нийтлэл 04 сарын 26, 2015

Л. Түдэв 'Оройгүй сүм' номын тэмдэглэл

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Номонд дурлагсдын холбооноос зохион байгуулсан номын "Шилдэг тэмдэглэл" уралдааны тэргүүн байранд орсон тэмдэглэлийг хүргэж байна. 

 

Л. Түдэв "Оройгүй сүм" номын тэмдэглэл

...Ашгүй өнөөдөр миний хэдэн хавтгай өглөгөө наддаа хүртээхээр шийдэж дээ. Буянтангууд, айдаа, буянтангууд минь! гэж сохор эр хэн нэгэн хүнд хандах мэтээр гэнэт чангаар
ярив. Хичнээн өндөр дуугаар юу гэж хэлэвч түүний үгийг сонсож, ойлгох амьтан Ингэн усны говьд байсангүй. Гэвч сохор эр өөрөө өөртэйгээ ярьж заншсан байжээ...Тулах таягаа үүлэн бор гэж нэрлэн хаа нэг "Давхиарай, үүлэн бор минь" гэж модон тулгуур таягандаа "ташуур өгөн, хурд нэмэх" тэр эрхэм сохор бөгөөд хөндлөнгийн хүний нүдэнд ганцаараа ярьдаг өвчтэй юм уу даа гэж ойлгогдохоор аж. Эзгүй говьд ганцаар орхигдсон тэрээр зэрлэг тэмээ - хавтгайн илүү сүү газарт гоожин тунаад ээдэмшиж хатаад, ээзгий шиг болсныг түүн идэж ходоодоо борлуулан амиа зогоох ба тэр хүнд яагаад "Бурхан" ийм "хувь тавилан" бэлдсэнийг зохиолыг дуусгахаас нааш үл мэднэ.

Зохиолч Филип Пуллмэн Хүүхдийг ном уншуулах хамгийн сайн арга бол түүнд

Энэ ном чиний насныханд зориулагдаагүй, хүчирхийлэл, аллага гэх мэт муухай юмс их гардаг. Би энэ номыг номын тавиурын хамгийн дээр тавьчихъя. Чи харин уншиж огт болохгүй шүү.

гэж хэлэх" хэмээн нэгэнтээ дурдсан байдаг. 13тай буюу одоогоос 3 жилийн өмнө ээжээсээ Ринченгийн " Их нүүдэл "-ийг унших уу? Түдэв гуайн "Оройгүй сүм"-ийг унших уу? гэж асуухад ээж минь "Миний охин ойлгох болоогүй." хэмээн хэлж билээ. Харин энэ хариулт 13-тай настай сониуч охиныг хичээлээ таслан номын санд суух үндэс болохыг хэн мэдлээ. 

 

 

Олны сонсож, винайг сахисан Чоймчиг гэлэнд үгээгүй ядуу малчны хүү Санж шавь орон буйгаар энэхүү Монголын уран зохиолын сор болсон бүтээл эхэлнэ. Бурханд барих тахилын идээ буюу балинг хамаг шимт зүйлээр хийдэг тул ээждээ аваачиж амсуулах юм шүү гэсэн бодол тээх тийм л хөвгүүн гэцэл хүртэн Лхас орж Далай ламд золгохоор Чоймчиг гэлэн буюу түүний багш, сайн эр Бөхмагнай, үр хүүхэд огт үл заяах хос мөн нүүр нь яранд баригдсан Өлзий гэх өвчтэй хятадтай, нийт зургуул аян замд гарна.

Замаараа олон хийдээр орох бөгөөд өргөл өргөн мөргөхдөө "Хамаг нүгэл минь ариуссан байх аа!" гэж шүтээний өрөөнөөс гарахдаа Өлзий хэлэхэд Чоймчиг гэлэн ихэд дургүйцэн "Нүгэл нь ариудсан хүн ч гэж байдаггүй байх аа" хэмээн уцаарлана. Зохиолын өрнөл хэсэгт Чоймчиг гэлэн хэлсэн үгээсээ буцах мэт нүглээ ариутгах гэж амьдаараа зулын гол болно гэж хэн ч төсөөлөхгүй. Буян хурааж эрдэмт лам нараас ном хүртэж, нүглээ нимгэлэх гэсэн энэ аялал адал явдлаар дүүрэн байлаа.

 

Сардаа нэг хүний амиар амьдрах 13-аар Далай ламтан сар болгоны 29-ний өдөр Далай ламын барцдыг гаргаж байна гэсэн утга доор энгийн нэгний алтан амийг таслана. Ард олны үйлдсэн нүгэл нүсэр зузаан гэж энэхүү "буянт" аллагыг тайлбарлана. Уулзах хүсэлдээ хөтлөгдөн хувь тавиландаа сайн сайхны буян өлзий горьдсон тэр олон мөргөлчид газар газраас цугларан ирсэн байх бөгөөд тэдний дунд баян чинээлэг хүн нэгээхэн ч үгүй байгааг ажиглан хараад Санж

“Баян хүн энэ насны жаргал, чинээлэг амьдралдаа цадвал эргэл мөргөл хийх нь ховор байдаг юм уу даа! Гэтэл хойт нас гэж юмны тухай санаа зовдоггүй хэрэг үү? Нэг бодоход зөв ч юм уу? Энэ л яваа насандаа жаргалтай байх нь эрхэм юмсан уу даа!”

гэж бодож явна.

Эгэл ардын барих өргөлийг мөнгөөр хэмжин их өргөл өргөсөн нь Далай багшаас адис аван, түүний шившлэгтэй сахиусыг зүүх эрх "худалдаж авдаг" бол өргөл өгөх чадалгүй ядуу нэгэн нь Далай ламтны суух өргөөний босгийг ч давах эрхгүй ажээ.

..."Далай ламтан миний зулайд гараа хүргэх үед л бие минь халуу оргиод их хөнгөрөөд л ямар нэг том хүнд чулуунаас салах шиг болсон. Архаг өвчин минь тонилоод өгөх шиг санагдсан. Одоо ч би илааршиж эхлэв бололтой!" гэж Өлзий урам зоригтой ярьж байтал баруун бөөрөөр нь зүү шивэх шиг хатгуулж бүх биений хөлс хүйт даан чийхрав. Гэвч Өлзий түүнийг мэдэгдэхгүйг хичээж биеэ барилаа...

Үр хүүхдийн заяа гуйх хосын залуу нь замдаа санамсаргүй байдлаар хадан хавцлаас нисэн амиа алдах нь Далай ламаас хишиг хүртэн, хувь заяагаа "даатгуулсан" нэгэнд бол огт байж болшгүй тохиолдол мэт санагдавч бэлэвсрэн үлдсэн түүний бүсгүйн хүзүүнд Далай ламын тарнидсан уяа байгаа тул ирээдүйдээ итгэлтэйгээр "Магад бид 2 заяаны хань биш байж болно" гэсэн бодол дүрсхийнэ.

 

Соц нийгмийн давалгаан дунд буюу 1980иад оны дунд намын идэвхтэн байсан Түдэв гуайн энэ романаас атеист үзэл нэвт шувт үнэртэнэ. Мухар сүсэг үү? Сүсэг бишрэл үү? Далай ламын хойд дүрийг тодруулна хэмээн энгийн хүний нүдээр бол таамгаар нас залуу бандийг сонгоод хүн бүр мөргөн, бурханы амьд дүр мэт шүтэх нь үнэндээ утгагүй мэт. Буян хэдий ч мөнгөөр хэмжигдэх нь өнөөгийн бизнесээс ялгаа юун. Ариун гэх тодотгол зүүсэн хүнд мөргөөд л, өргөл өргөөд л нүгэл нь нимгэрдэг бол мөн сайхан аа! Ном уншуулаад л "хойд дүр" нь хорвоод мэндлээд, зовлон нь хөнгөрөөд байдаг бол дээд тэнгэр буюу диваажин гээч нь энэ дэлхий байх ёстой бус уу?

 

Буддын шашны их хөлгөн ч бай, бага хөлгөн ч бай, аливаа сургаал нь гуулин бурхан, наамал зураг харан биширч насаар бага мэдлэг нимгэн ламын хувцаст хүүхдэд мөргөхдөө биш дотроосоо тэр "Бурхан" гээч эдийг хай л гэх цаад санаатай байдаг билээ. Хэн нэгний амандаа унших төвд судар сонсох үед нөгөө "дотор Бурхан" маань л сэтгэл санааг өргөх болохоос харь хэлний үгс бидний хувь заяанд нөлөөлөх нь юу л бол. Дан ганц Буддийн гэлтгүй Библи сургаалийн Люк 17:21т мөн

"Чи мэдэрч байна уу? Чиний дотор бурхан байдаг"

гэсэн эшлэл бий. Эртний шашин Зороастрт ч мөн дээд төрөл буюу доторх "Бурхан"аа сэрээх талаар номлосон нь буй. Теологи буюу шашны үндэслэл дээр ийн сургадаг бол философи дээр ч мөн Ницше "Заратустра ингэж хэлэв" номоороо сверх-человек буюу дээд хүн(зарим онолын номонд супер хүн гэх нь ч бий)-ийг бид өөрснөө бүтээх нь чухал гэж үзсэн байдаг. Тийм атал өөрөөсөө биш өрөөлөөс хувь төөргөө зуруулахыг хүсэх нь зөв үү, буруу юу?

Ердөө ганц удаа эмэгтэй хүнтэй ойртон түүнд сэтгэлтэй болсныгоо байж болшгүй нүгэл хэмээн Чоймчиг гэлэн өөрийгөө зулын гол болгох бөгөөд энэ хэсэг нь миний хувьд зохиолын эпилоги нь. Амь тасрах, ухаанаа алдах хүртлээ сэтгэлт бүсгүйгээ бодсоор байх тэрээр биеэрээ энэ нүглээ наминчлах хэдий ч сэтгэлээрээ наминчлаж огт чадсангүй. Хорьж болшгүй сэтгэлийг биеэрээ хаан амиа зориулах нь нүглээ наминчлах бүү хэл нүгэл нэмэн хураах мэт энэ хэсгийг миний бие хэд хэд уншин бодлогошрон суусан билээ.

Хуучны гэцэл хүртсэн хүү одоо номын оройд гарсан гэгдэх гавж цолтой хүн болжээ. Аав ээж нь түүнийг адис өгөхийг гуйхад тэрээр үл чадна. "Ариун" сүм доторх бузар булай, хов жив, атаархал бүхнээс болон эцэс сүүлдээ Санж хоёр нүдээ сохлуулан нөмрөх хувцасгүй эзгүй их говьд хаягдах үед нь шүтэж явсан бурхан, уншиж явсан маань нь хэрэг болсонгүй гэж үү?

 

А. Даваажаргал

 

Сэтгэгдэл бичих

    • М Ханд
    • 2020-03-11

    Энэ үйл явдал хувьсгалаас өмнөх юм уу хойно юм болов уу Улаан гал барс жил нь хэдэн он юм бол хэлээд өгөөч би дээр үед гучин хэдэн жилийн өмнө уншсан сайн ойлгоогүй байж одоо уншаад дуусах гэж байна

    • Fan
    • 2017-09-06

    Гайхалтай нийтлэл байна.

    • Seu
    • 2016-10-17

    Тэмдэглэлийг чинь уншаад л ' Оройгүй сүм ' номыг олж унших хүсэл төрж байна. Бидний түүх, соёлын нэгээхэн өв болж үлдсэн энэ том бүтээлийг өдийг хүртэл уншаагүй яваадаа өөрөөсөө ичиж, шилээ маажив. Олон хүмүүсийн амнаас номын нэрийг дурдахыг сонсож байсан ч гэлээ чиний бичсэн тэмдэглэл бол огт танихгүй, гадны хүний хүртэл унших сонирхолыг төрүүлэхээр их сайхан бичигджээ Данна.

    • Зочин
    • 2016-06-04

    үнэхээр сайхан ном, энэ номны миний хамгийн дуртай хэсэг нь Санж хамбатан Отгон хүүний гэрт шөнө борооноор очиж байгаа хэсэг яг тэр үеэс л гол баатар маань жинхэнэ хүний амьдрал гэдэг зүйлийн тухай бодож өөрийнхөө явах ёстой зам аль болох хар багаасаа хүсэж мөрөөдөж явсан зүйлийнхээ оргил буюу өөрийнхөө хүссэн зүйлийг авсан үедээ л үнэхээр миний авахыг хүссэн зүйл энэ мөн үү гэж бодсон бодол, хүсэв ч хясдаг хорвоогийн дүрэм хүмүүсийн амьдрал хэрхэн хэрэгжиж байгааг үнэхээр инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг бурханд мөргөвөл идгэрнэ гэж бодсон хүн дөнгөж мөргөж дуусаад үхчихдэг, хүүхэдтэй болох гэж насаараа хичээж хамаг л байдаг хөрөнгө мөнгөө юу байдгаа зарсан бүсгүй эцэст нь насаараа гоонь явах ёстой сахил санаваартай хүнээс хүүхэдтэй болчихдог гэхдээ ч бас бодох сурах зүйл ихтэй сайхан ном би уншиж дуусаад хэдэн өдөр л номны тухай бодлоосоо салж чадахгүйл явлаа. Энэ үнэхээр бодит хүний амьдрал бол мэдэхгүй юмаа энэ тухай хэлэлцэхэд миний мэдлэг хүрэхгүй байх гэж бодож байна

    • Уншигч
    • 2015-11-18

    Хэр үнэн түүхтэй бодит явдал юм бол доо л гэж бодогдож байсан. Хэрэв зохиолд гардаг бүх зүйл үнэн бол ай жинхэнэ мухар сүсэг гэдэг чинь л энэ юм гэж бодогдсон. Оройн дээд эрдмийг нь өвөрлөөд харих гэтэл аминд хүрэхээр завдах гэх мэт. Ер нь энэ номыг уншсаны дараа шашин шүтлэгт хандах хандлага илүү бодит болж эхэлсэн шүү.

arrow icon