Нийтлэл 04 сарын 29, 2015

Хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг багасгахад тань туслая

       Завгүй, цаг наргүй ажилладаг эцэг эхчүүд ухаалаг төхөөрөмжийн сайн талуудыг дурдаад, дурдаад дуусахгүй биз. Завгүй үед хүүхэд сатааруулах хамгийн шилдэг арга бол ухаалаг төхөөрөмж болжээ. Эдгээр нь хүүхдэд сонирхолтой байхын зэрэгцээ технологийн талаар ерөнхий мэдлэг өгөх тустай байдаг. Гэхдээ үүнийг яаж, хэр хугацаанд хэрэглэж буйгаас хамаарч гарах үр дагавар нь шалтгаална. Хэт их хэрэглээ нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаан гэхчлэн олон зүйлд сөрөг нөлөө үзүүлж, дээр дурдсан давуу талаас илүү үнэ цэнэтэй зүйлсийг нь чимээгүй "хулгайлсаар" байх болно. Тиймээс ч бид өмнө нь ухаалаг төхөөрөмжийн сөрөг нөлөөллийн тухай "Ухаалаг утас ухааны садаа" нийтлэлийг хүргэсэн. Харин энэ удаад хүүхдийнхээ ухаалаг утасны хэрэгцээг хэрхэн багасгаж болох талаар танд зөвлөж байна.

 

"Бүхнийг өөрөөсөө эхэлж, үлгэр жишээ бай" 

  • Өөрийгөө боловсруул. Цоо шинэ технологиуд шил дараалан гарч байна. Тиймээс аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйг ялгаж сурахын тулд олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Хүүхдийнхээ хэрэглэдэг сүүлийн үеийн аппликэйшн, телевизийн шоу, вэбсайт, компьютер тоглоомууд болон технологийн талаар мэдлэгтэй болоорой. Үүнийхээ дараа хүүхэддээ хэрэгтэйг нь зөвлөж, хэрэггүй зүйлсэд дэмий цагаа үрэхээс нь сэргийлж чадна.

 

  • Үлгэр жишээ байгаарай. Цагийг идэвхтэй өнгөрүүлэх, ухаалаг төхөөрөмжид цаг зарцуулахыг та өөрөө тэнцвэржүүлж чаддаггүй бол хүүхдээсээ ийм зүйл хүсээд ч нэмэргүй. Таны амьдралд эзэлж буй хувийг нь багасгаж, үүргийг нь халах хэрэгтэй. Үүний оронд дасгал хий, ном унш, найз нөхөд, гэр бүлдээ цаг гарга. Энэ бүхэн ямар чухал болохыг та л хүүхдэдээ харуулж чадна. Та ном уншвал тэд ч ном уншина, утсаа оролдоод л байвал тэд ч бас тэгнэ.

 

  • Ярилцаарай. Ухаалаг төхөөрөмжид зарцуулах цагийг багасгах дүрэмтэй болоорой. Ингэхдээ хүүхдийнхээ саналыг заавал харгалзаж үз. Мэдээж хүүхэд тань хангалттай ойлгох хэмжээний настай бол шүү дээ. Хүүхэд өөрөө дүрэм гаргаж, түүнийгээ дагах дуртай байдаг тул өөрийнхөө гаргасан дүрмийг баримтлах нь гарцаагүй. Мэдээж үүнээс өмнө яагаад үүнийг бага цагаар хэрэглэх ёстойг ойлгуулах нь чухал. 

 

  • Цагийн хуваарь гаргах нь чухал. Ингэснээр ямар ч зорилгогүй тоглоом тоглож суух цаг нь багасна. Өдөрт 2-3 цагийг өөрийнхөө дураар өнгөрөөх боломжийг олгоод нэг үзээрэй. Өдөрт бага цаг зарцуулснаар ухаалаг төхөөрөмжийг илүү үр ашигтай хэрэглэж, хариуцлагатай болж ирнэ. Түүнчлэн хичээл, номдоо анхаарч, бүтээлч байдал гэх мэт чухал чадваруудаа хөгжүүлэхэд гаргах цаг нь ихэснэ. 

 

  • Тогтмол хийдэг үүрэг даалгавартай болгох. Гэрийн ажил харахад амар боловч бүгдийг ганцаар хийх хэцүү шүү дээ. Өөртөө ч тусал, хүүхдэдээ ч тусал. Өдөрт тогтмол хийдэг нэг гэрийн ажилтай болгоорой. Гэхдээ гол нь хялбархан хийж чадах зүйлээс нь эхэл. Жоохон хүүхэд бол тоглоомоо хураах, хувцсаа эвхэхээс эхлүүл. Арай том бол ширээ засах, аяга таваг угаах, хог хаях, тоос соруулах, хог шүүрдэх ч байж болно. Хүүхдийнхээ зуршлыг өөрчилж илүү бүтээлч, үр дүнтэй ажилд сургаарай.

 

  • Тэднийг хүндэл. Тэдний юу хэлэхийг сонс. Дүрэм дагахыг анхааруулж, хатуу хахир зан гаргахаас илүү яагаад ухаалаг төхөөрөмж ашиглах цагаа багасгах хэрэгтэйг нь ойлгуулаарай. Ялангуяа өсвөр насныханд, найз нөхөдтэйгөө холбогдох, мэдээлэл авах гээд хэрэгцээ их бий шүү дээ. 

 

  • Ухаалаг төхөөрөмжгүй оройн хоол. Гэр бүлийн гишүүд  хоорондоо ярилцаж, ойлголцох хамгийн зөв үе бол оройн хоол. Тиймээс энэ мөчийг нураахгүйн тулд ухаалаг төхөөрөмжийг өөрсдөөсөө холдуулах хэрэгтэй. Ширээгээ тойрон суугаад өнөөдөр болсон муу, сайн ,хөгжилтэй, хөгтэй гээд бүхнийгээ ярилцаж, хүүхдэдээ халуун дулаан гэр бүл ямар байх ёстойг харуулаарай. 

 

  • Хөгжилтэй, илүү үр ашигтай зүйлсийг төлөвлөөрэй. Гэр бүлээрээ хамт хийж болох хөгжилтэй, сонирхолтой зүйлсийг төлөвлөөрэй. Гэр бүлээрээ өнгөрүүлэх цаг ихэссэнээр хүүхэд тань ухаалаг төхөөрөмжөөс илүү гэр бүлдээ хайртай болно. Хүн бүр дор бүрээ хийхийг хүсч буй зүйлсээ бичиж, амралтын өдрөөрөө хэрэгжүүлээрэй. 

 

  • Хүүхдүүдтэйгээ тогло. Хүүхэд чинь балчир бол хүүхэлдэй, машин гээд тоглодог бүхнээр нь хамт хөгжилд. Ухаалаг төхөөрөмжөөр тоглож эхлэхээс нь өмнө түүнтэй бодитоор тоглож сураарай.

 

Ухаалаг төхөөрөмжөөс хамааралтай болсон хүүхэд тэвчээргүй, хувиа бодсон, ууртай, түрэмгий болдог. Хэрэв эдгээр зан төлөв ажиглагдаж эхэлсэн л бол яаралтай хүүхдийнхээ хэрэглээг багасгах нь зөв. Тэдэнтэй ярилц. Хүүхэд эцэг эхийнхээ яриаг ойлгохуйц хангалттай ухаантай.

Сэтгэгдэл бичих

arrow icon